| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2021/03343/И |
| Дугаар | 181/ШШ2022/01830 |
| Огноо | 2022-08-17 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2022/01830
| 2022 оны 08 сарын 17 өдөр | 181/ШШ2022/01830 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Цэрэннямд холбогдох,
12,500,000 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганпүрэв, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганпүрэв, өмгөөлөгч Ч.Баднайнямбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай '******* ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр МӨХ-н гишүүн, өмгөөлөгч Ц.Цэрэннямтай Хууль зүйн туслалцаа үзүүлэх 8/21 тоот гэрээг байгуулан хамтран ажиллахаар болж гэрээний төлбөрт 30,000,000 төгрөгийг төлсөн билээ. Гэвч өмгөөлөгч Ц.Цэрэнням нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй бүтэн жил гаруйн хугацаанд холбоо барилгүй алга болсон тул бид 2021 оны 08 дугаар сард олж уулзсан.
Ингээд 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 8/24 тоот Гэрээ цуцлах тухай баримт үйлдэн дээр дурдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг цуцалж, 25,000,000 төгрөгийг бидэнд буцаан төлөхөөр болсон.
Бидний тохиролцоо ёсоор Ц.Цэрэнням нь 25,000,000 төгрөгөөс 12,500,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төлж, үлдэх 12,500,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төлөхөөр тохирсон. Гэвч Ц.Цэрэнням нь эхний төлөлт болох 12,500,000 төгрөгийг буцаан төлсөн боловч 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төлөх ёстой 12,500,000 төгрөгийг төлөхгүй байгаа бөгөөд төлбөрөө төлөхийг шаардахад явдаг газраараа яв гэсэн тул ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд Ц.Цэрэннямаас 12,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 157 тоот Хүсэлтийн хариу өгөх тухай албан бичиг, Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 66 дугаар Маргаан үүсгэхээс татгалзах тухай захирамж, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №8/21 Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №8/21 Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хавсралт, 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №8/21 Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хавсралт, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №8/24 Гэрээ цуцлах тухай/Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ/-г шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Ц.Цэрэннямд холбогдуулан 12,500,000/арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ц.Цэрэннямд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Зохигчид 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр № 8/21 Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан болох нь № 8/21 Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр тогтоогдож байна.
№ 8/21 Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 1-ийн 1.1, 1.2 болон тус гэрээний хавсралтын 2-т зааснаар хариуцагч нь А.Үүрцайх, А.Тамир, Д.Гантулгад холбогдох асуудалд хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлэх, нэхэмжлэгч нь ажил үйлчилгээний урьдчилгаа хөлсөд 30,000,000/гучин сая/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь № 8/21 Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон түүний хавсралтаар тогтоогдож байна.
Зохигчид Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон түүний хавсралтад ажил үйлчилгээний үлдэгдэл хөлсний дүнг тусгаагүй болох нь № 8/21 Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон түүний хавсралтаар тогтоогдож байна.
№ 8/21 Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд зааснаар хариуцагч нь өмгөөллийн болон хууль зүйн туслалцаа үзүүлэх ажил, үйлчилгээг гүйцэтгэж, нэхэмжлэгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээний шинжтэй байх тул зохигчийн байгуулсан тус гэрээг Хөлсөөр ажиллах гэрээ/цаашид Хөлсөөр ажиллах гэрээ гэх/ гэж үзнэ.
Зохигчийн байгуулсан Хөлсөөр ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Хөлсөөр ажиллах гэрээний 1-ийн 1.1, 1.3-т зааснаар А.Үүрцайх, А.Тамир, Д.Гантулгад холбогдох хэрэгт шүүхийн эцсийн шийдвэр гарсан эсвэл хэрэг хэрэгсэхгүй болсонд тооцсон тогтоол гармагц гэрээний үүрэг бүрэн биелэгдсэнд тооцон гэрээний хугацаа дуусгавар болохоор заажээ.
Хариуцагч нь Хөлсөөр ажиллах гэрээнд заасан А.Үүрцайх, А.Тамир, Д.Гантулгад холбогдох хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөгчөөр оролцох үүргээ зохих ёсоор гүйцэтгэлгүй тус гэрээний үүргээ зөрчсөн болох нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан ... 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 26-ны өдрийн хооронд ар гэрийн шалтгааны улмаас гадаад улсад амьдарч байгаад ирсэн ... гэх тайлбар, 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн гэрээ цуцлах тухай хэлцэл, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн № 66 Маргаан үүсгэхээс татгалзах тухай захирамжаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал ... гэрээг цуцалж болно. гэж заасан.
Хариуцагч нь Хөлсөөр ажиллах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй тус гэрээний үүргээ зөрчсөн болох нь хариуцагч нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар зохигчид 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан болох нь 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Гэрээ цуцлах тухай хэлцлээр тогтоогдож байна.
2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Гэрээ цуцлах тухай хэлцэлд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас үзүүлсэн өмгөөллийн үйлчилгээний хөлсөд 5,000,000/таван сая/ төгрөгийг төлж, хариуцагч нь үлдэгдэл 25,000,000/30,000,000-5,000,000=25,000,000//хорин таван сая/ төгрөгийг хоёр хувааж буюу 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн дотор 12,500,000/арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дотор 12,500,000/арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн болох нь 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Гэрээ цуцлах тухай хэлцлээр тогтоогдож байна.
Хариуцагч нь 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн дотор төлөх 12,500,000/арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үлдэгдэл 12,500,000/арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг төлж барагдуулсан болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Хариуцагч нь нэхэмжлэгчид үлдэгдэл 12,500,000/арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь ... учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 12,500,000/арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 221 дугаар зүйлийн 221.3, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Цэрэннямаас нийт 12,500,000/арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 214,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 221 дугаар зүйлийн 221.3, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Цэрэннямаас нийт 12,500,000/арван хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цэрэннямаас улсын тэмдэгтийн хураамжид 214,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ