| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2022/01516/И |
| Дугаар | 102/ШШ2022/02295 |
| Огноо | 2022-06-16 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2022/02295
| 2022 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2022/02295 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “ЦГН” ХХК
Хариуцагч: “ММР” ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн биелэлтэд 12.456.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н
Гэрч Д.Э, Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ЦГН” ХХК, хариуцагч “ММР” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 12.456.750 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.
Нэхэмжлэгч “ЦГН” ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компанитай “ЦГН” ХХК 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Сэлбэг хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан, автомашины сэлбэг авч, сэлбэгийн үнэд 25.476.900 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд төлөхөөр тохиролцсон.
Гэтэл гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул хариуцагчаас үндсэн төлбөрт 8.304.500 төгрөг, алданги 4.152.250 төгрөг нийт 12.456.750 төгрөгийг нэхэмжилсэн.
Үүнээс шүүхэд хэрэг үүссэн байх хугацаанд хариуцагч үндсэн төлбөр 8.304.500 төгрөгийг төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад алданги 4.152.250 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид сэлбэг худалдаж авсан маргахгүй.
Тухайн үед “Ковид-19” гараад төлбөрөө бүрэн төлж чадаагүй.
Ингээд төлбөрөө нэхээд байхаар нь сэлбэгийг буцаан өгөх асуудал яригдаад шийдлийг нь хүлээсэн. Энэ талаар гэрч нар хэлсэн.
Шүүхэд хэрэг үүссэн байхад хоёр компанийн захирал нар хоорондоо ярилцаад нэхэмжлэгч “ЦГН” ХХК-ийн захирал танайх үндсэн 8.304.500 төгрөгийг төлвөл алдангиасаа манайх татгалзана гэж хэлсний дагуу компани мөнгийг төлсөн. Гэхдээ энэ талаар баримт үйлдээгүй итгэсэн.
Ингэж тохиролцоонд хүрч мөнгөө төлүүлж аваад алданги 4.152.250 төгрөг нэхэмжилж байгаа нь зохимжгүй байгаа тул зөвшөөрөхгүй.
Тэгээд ч биднийг алданги төлөх хэмжээнд хүргэсэн нь нэхэмжлэгч өөрөө.
Сэлбэгийг буцааж өгч, авахаар ярилцаад түүнийгээ авахгүй удаашруулж олон хоног хүлээлгээд сүүлдээ хугацаа хэтрүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт:
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.М олгосон “Итгэмжлэл”, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Сэлбэг хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, “ЦГН” ХХК болон “ММР” ХХК-уудын Улсын бүртгэлийн гэрчилгээ, “ЦГН” ХХК-ийн “Төлбөр төлөх тухай” Албан бичиг, Төлбөрийн жагсаалт
Хариуцагчаас хариу тайлбар, Г.З, З.Н нарт олгосон “Итгэмжлэл”, “ММР” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, харилцагчийн дансны хуулга
Хариуцагчийн хүсэлтээр Д.Э, Г.Б нарыг гэрчээр асуусан тэмдэглэл
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М “хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүнгээс үндсэн төлбөрийг төлсөн. Одоо гэрээний дагуух алдангийг нэхэмжилж байна” гэж тайлбарлав.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н “ Үндсэн төлбөрөө бүрэн төлсөн. Нэхэмжлэгч манай захиралтай яриад үндсэн мөнгөө төлвөл алдангиасаа татгалзана гэсэн байдаг. Гэтэл төлбөрөө төлсөн байхад алданги нэхэмжилж байгаа зөвшөөрөхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа илэрхийлж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “ЦГН” ХХК, хариуцагч “ММР” ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Сэлбэг хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, худалдагч автомашины сэлбэгийг нийлүүлж, худалдан авагч гэрээнд заасан үнийг төлөх нөхцөлтэйгээр, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл сэлбэгийн үнэд 25.476.900 төгрөгийг төлөхөөр харилцан тохиолцож гэрээ хийгдсэн болох нь зохигчдын тайлбар, бичгийн баримтаар тогтоогдож байна.
Гэрээний дагуу талууд автомашины сэлбэгийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн, гэрээнд заасан үндсэн төлбөрийг төлсөн талаар маргаагүй харин алданги төлөх эсэх талаар мэтгэлцэж байна.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.
Хуульд заасанчлан зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг хүлээж, гэрээний үүргийг биелүүлэхийг мөн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.
Бичгийн баримт, талуудын тайлбараас харахад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөр 8.304.500 төгрөгийг төлсөн талаар нэхэмжлэгч маргаагүй зөвшөөрсөн бөгөөд харин гэрээний үүрэг алданги 4.152.250 төгрөгийг төлөх, төлөхгүйн тухайд маргаж байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт худалдан авагч төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг худалдагч талд төлөхөөр тохиролцсон байх ба хариуцагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй талаар үгүйсгээгүй учраас төлөх үүрэгтэй байна.
Иймээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”,
232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан хэдий ч шүүх хэргийн нөхцөл байдал, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бичгийн баримтыг харгалзан, хариуцагчаас алданги 2.076.125 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214.258 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 10.380.625 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 181.040 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ММР” ХХК-аас 2.076.125 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ЦГН” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2.076.125 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214.258 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 181.040 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА