Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/01958

 

 

 

 

                       

2022 оны 05 сарын 24 өдөр Дугаар 102/ШШ2022/01958  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  Нэхэмжлэгч: Р.Б

           

Хариуцагч: ДЦС-4 ТӨХК-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1.778.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                    

           

Шүүх хуралдаанд оролцогчид:

  Нэхэмжлэгч Р.Б

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Р.Б, хариуцагч “ДЦС-4” ТӨХК-д холбогдуулан 1.778.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.

         

           Нэхэмжлэгч Р.Барсбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Миний бие “ДЦС-4” ТӨХК-ийн түлш дамжуулах цехэд сантехникийн хэсгийн мастераар 23 жил 03 сар ажиллаж байгаад өндөр насны тэтгэврийн эрх үүссэн тул 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн .... дугаартай Тушаалын дагуу ажлаас чөлөөлөгдсөн.

          Ингэхдээ “ДЦС-4” ТӨХК, ҮЭХорооны хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-ний 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу нэг удаагийн мөнгөн тэтгэмж 17.920.000 төгрөг, 3 сарын тэтгэмж 7.339.831 төгрөг нийт 23.481.391 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн “Төрийн” банкны дансаар шилжүүлснийг хүлээн авсан.

           Байгууллага энэхүү тэтгэмжийг олгохдоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн татвараас чөлөөлөх орлогод тооцсон зохицуулалтыг зөрчиж 10 хувийг суутган авсан нь үндэслэлгүй тул 1.778.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

          

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэгч Р.Б “ДЦС-4” ТӨХК-д 23 жил 03 сар ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн .... дугаартай Тушаалаар “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлаж, ажлаас чөлөөлсөн.

            Манай байгууллагын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-ний 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 17.920.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувийг тооцон авч, Монголын татварын албаны дансанд шилжүүлсэн учраас Баянгол дүүргийн Татварын хэлтсээс буцаан авах үндэслэлтэй байна.

          Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

           

Нэхэмжлэгчээс 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ..... дугаартай Тушаал, “Төрийн” банкны депозит дансны хуулга, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

 

Хариуцагчаас “ДЦС-4” ТӨХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Ч.Б олгосон “Итгэмжлэл”, Хариу тайлбар, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн .... дугаартай “ДЦС-4” ТӨХК-ийн “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох” Тушаал, Монголын татварын албаны Суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайланг өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

       

           Нэхэмжлэгч Р.Б “нэг удаагийн өндөр насны тэтгэвэрт гаргахад олгосон мөнгөн тэтгэмжээс үндэслэлгүйгээр хувь хүний орлогын албан татвар 10 хувь 1.778.000 төгрөгийг суутган авсан нь хууль зөрчсөн” гэж шаардах эрхээ тодорхойлж байна.

 

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б “татварын хэлтсээс мөнгийг нэхэмжлэх эрхтэй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

 

                        Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

         

            Нэхэмжлэгч Р.Б “ДЦС-4” ТӨХК-ийн түлш дамжуулах цехэд сантехникийн хэсгийн мастераар 23 жил 03 сар ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөр түүний ажил олгогчтой байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ” дуусгавар болж, ажлаас чөлөөлөгдөн, өндөр насны тэтгэвэрт гарсан талаар зохигчид маргахгүй байна.

 

          Ажил олгогч “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн .... дугаартай Тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн Р.Барсбаатарын “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцлаж, Эрчим хүчний салбарт ажилласан 23 жил 03 сард ногдох нэг удаагийн 17.920.000 төгрөгийн мөнгөн тэтгэмж олгохыг санхүү бүртгэлийн хэлтэст зөвшөөрч, ажил хүлээлцэхийг даалган шийдвэрлэж, дээрх тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварын 10 хувь болох 1.778.000 төгрөгийг суутган авсан нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

            Иймээс Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг албан татвараас чөлөөлөхөөр хуульчилсан  байх бөгөөд уг тэтгэмж хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгддөг болох нь зохигчдын тайлбар, бичгийн баримтаар нотлогдож, хариуцагчийг нэг удаагийн мөнгөн тэтгэмжээс суутгал авсан нь үндэслэлгүй, хуульд нийцээгүй байна гэж дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 43.400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

          115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ДЦС-4” ТӨХК-аас 1.778.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Барсбаатарт олгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.400 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 43.400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй

           

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АРИУНАА