| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2021/03632/И |
| Дугаар | 102/ШШ2022/01357 |
| Огноо | 2022-04-14 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2022/01357
| 2022 оны 04 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2022/01357 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, шүүгч Ж.Кульдана, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б
Хариуцагч: Ц.Х холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, худал мэдээллийг таслан зогсоолгож, тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х
Хариуцагч Ц.Х
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э
Гэрч П.О, Н.Б
Иргэдийн төлөөлөгч Б.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Б, хариуцагч Ц.Х холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, худал мэдээллийг таслан зогсоолгож, тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.
Нэхэмжлэгч Р.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа:.
Б.Б 2008-2012 онуудад Монголын чөлөөт бөхийн залуучуудын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, 2013-2016 онуудад Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан. 2017 оноос эхлэн чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
Энэ хугацаанд чөлөөт бөхийн тэмцээн уралдаанд тамирчдыг авч явах, дасгалжуулдаг байсан.
Монгол улсын гавьяат тамирчин П.О хувьд 2018 оны 09 дүгээр сард И нийслэл Ж хотноо зохион байгуулагдсан “Ж-2018” Азийн зуны спортын наадамд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 килограмм жинд оролцож алтан медаль авсан.
Уг тэмцээний үеэр авсан допингийн шинжилгээний хариу тэмцээний дараа эерэг гарсан. Үүнтэй холбоотойгоор П.О анхны дасгалжуулагч Ц.Х П.О допин илэрсэн үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгадаг.
Үүнийг удаа дараа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хүмүүст дамжуулж ярьсан. 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Ц.Х “Live TV” гэх сайтад 24 минутын ярилцлага өгсөн. Сэтгүүлч Ц.Хс “та гавьяат тамирчин П.О допингийн асуудалд Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Б буруутгаж, Б.Б хорлон сүйтгэх ажиллагаа гэж хэлдэг” гэх асуулт асуухад Ц.Х “П.О хувьд би Б.Б салаавч өгөөд хэлж байсан.
П.О бол чи хорлосон, чамаас өөр хэн ч хорлоогүй. Харин тухайн үйлдлийг хэнээр хийлгэсэн бэ? гэдгийг чинь мэдэхгүй байна гэж би өөрт нь хэлсэн.
Үүнтэй холбоотой надад нилээн хэдэн баримт бий” гэх ярилцлага өгсөн. Тухайн ярилцлага олон нийтэд хандалт авсан ба бичлэгийн 169.000 хүн үзсэн байсан. Үүнээс өмнө “....” телевизийн “Үнэн худлын дэнс” нэвтрүүлэгт оролцохдоо Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Б нэр заан ярьсан. Тэр нэвтрүүлгээр Ц.Х “Б.Б манай “Алдар” спорт хорооны тамирчдыг гадуурхдаг, удаа дараа хорлож байсан.
Эцэст нь допинг хэрэглэж олимпод оролцох боломжгүй болголоо гэж хэлсэн байсан.
Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Б.Б нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, худал мэдээллийг таслан зогсоолгож, тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь:
2013 оноос эхэлж П.О, дэлхийн аварга байсан н.Ц гэх тамирчдыг шигшээ багийн ахлах дасгалжуулагч байхдаа 2 удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулаагүй.
2014 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд Дэлхийн бөхийн үндэсний холбооны дүрмийг зөрчиж шүүгч н.Т Б.Б хуйвалдаж, П.О дахин барилдуулж П.О ялагдаад дэлхийн аваргаас хасуулж байсан.
2015 онд П.О өрсөлдөгч бөх ирээгүй тул Дэлхийн бөхийн үндэсний холбооны дүрмийн дагуу өрсөлдөгчийг хасаж, байр эзлэхгүй байсан.
Гэтэл Б.Б, н.Т хуйвалдаж шууд хасагдах ёстой байсан хүнийг 2 дугаар тойргоос барилдуулсан.
П.О 55 килограммын жинд барилдаж мөнгөн медаль авсан, нөгөө бөх Дэлхийн бөхийн холбооны дүрмийг зөрчиж, 58 килограммд барилдаад тэр жиндээ түрүүлсэн.
Дахин дэлхийн аваргад П.О явуулах гэтэл П.О тархи, толгойны өвчтэй, дэвжээн дээр үхвэл би яах юм бэ? гэж хэлээд П.О үлдээж байсан.
2016 онд болсон тэмцээнд П.О би өөрөө бэлдэж, 12 жил ялагдаагүй Япон улсын бөхийг ялж медаль авсан.
Тэр үед би Б.Б “чиний дэвжээн дээр үхнэ гэж байсан хүнийг аварга болголоо” гэж хэлсэн. Б.Б өөрөө шигшээ багийн тамирчин байхдаа 4-5 тэмцээнд ороод барилдах шаансгүй болсон байсан учир дэлхийн аваргад явж чадаагүй гэх зүйлийг өөрөө ярьдаг.
2016 онд П.О Улсын аваргад түрүүлсэн. н.Ц, н.Г нарыг бүгдийг хожсон. Гэтэл Азийн аваргад барилдаж олимпын эрхээ авч Монгол улсад тасархай байхад нь олимпын тэмцээнд явахын өмнөхөн нэг жинд нэг хүн дээр 8.000.000 төгрөг гаргаад 4 эмэгтэй тамирчин явуулсан.
Тухайн үед би Б.Б “чи яагаад дандаа “...” спорт хорооны тамирчдыг хорлож байдаг юм бэ? П.О 4 тэмцээнд Монголчуудаас илүү гарч өөрөө эрхээ аваад явж байхад нэг жинд 4 эмэгтэй хүүхдийг барилдуулж байгаа юм бэ” гэхэд “би дараагийн үеэ бэлдэх гэж байгаа юм” гэж хэлсэн.
Гэвч П.О н.Г чацуу, н.Ц 1 эгч, н.Ш П.О 2 насаар эгч.
Энэ тэгээд дараагийн үеэ бэлдэж байгаа явдал уу? Тэгээд би н.Ц, П.О нарт Б.Б та хоёрыг хооронд чинь алалцуулах гээд байна. Хүний нутагт очоод битгий хэрэлдээрэй гэж хэлсэн.
Б.Б П.О явуулахгүй, амжилт гаргуулахгүй гэж олон үйлдэл хийсэн 2017 онд нэхэмжлэгч шигшээ багийн ахлах дасгалжуулагч байхаа больж, Ерөнхий нарийн бичгийн дарга болсон.
2017 онд шигшээ баг бүрдүүлэх гэтэл “ХБ “бид шигшээ багт хичээллэхгүй, эх оронч санаачилга гаргаж шигшээ багаас гарья, оронд нь залуу хүмүүс ор” гэж хэлээд бид ярьж байгаад “П.О, н.Ц зэрэг эмэгтэй бөхчүүдээ шигшээ багт оруулахгүй, нэрээ татъя” гэхэд манай багийнхныг эх орон ч бус, чөлөөт бөхийг үймүүлэх гэж байна гэж хэлээд “...” спорт хорооны 7 бөхийг Азийн аваргад явуулаагүй. “....”-гийн тамирчдыг явуулсан.
Бид П.О аваад Хятад улс, ӨХ хужирт руу яваад бэлтгэл хийсэн. Ингээд 2017 онд Дэлхийн аваргад түрүүлсэн.
2017 оны 09 дүгээр сард дэлхийн аварга болсноос хойш допинг илэртэл П.О 6 удаа допингийн шинжилгээнд хамрагдаад илрээгүй ба Дэлхийн допингийн эсрэг төвийн байнгын хяналтад байсан.
Тухайлбал, П.О руу залгаад тэр газарт бэлэн байж бай гэж хэлээд шинжилгээ шалгалт авдаг байсан.
Ингэж шалгалт өгдөг байсан хүн допинг санаатай хэрэглэнэ гэж байхгүй. Азийн аварга 4 дүгээр сард К улсад болоход П.О гадаад улсын бүх бөхчүүдийг цэвэр ялж түрүүлсэн.
Шөнө 11 цаг хүртэл би цуг байж байгаад допингийн шинжилгээг өгөөд ирсэн. П.О болон түүний ивээн тэтгэгч Н.Б над руу нэг бичлэг явуулаад П.О Б.Б хорлосон нь үнэн байна.
Б.Б гадаадад нэг монгол хүний гэрт очиж архи уухдаа өөрөө хорлосон гэдгээ хэлсэн байна гэж хэлсэн.
П.О дэлхийн аваргын....оролцоход илэрсэн допинг Р.Б зохион байгуулж өгсөн гэж миний бие хардах эрхийнхээ дагуу хардаж хэлсэн.
Урьд нь би Б.Б өрөөнд орж багш нарын дэргэд Б.Б руу салаавч өгөөд “чи миний охиныг хорлосон үнэн, хэнээр хороо хийлгэснийг чинь би мэдэхгүй” гэж хэлсэн үнэн.
Сурвалжлагч надаас “та Б.Б хорлон сүйтгэсэн гэж хэлдэг” гэх асуухад би Б.Б хэлсэн үгээ сурвалжлагчид хэлсэн. Одоо ч би Б.Б П.О хорлосонд итгэлтэй байдаг.
Бид ярилцаад дараа жил допингийн асуудал дуусах учир хаяа гэж бодсон боловч Б.Б намайг шүүхэд өгсөн байсан тул Н.Б, П.О нар энэ харилцан бичсэн зурваст үзлэг хийлгээд бүх зүйлсийг нь илчилье гэж хэлсэн.
Би Б.Б нэр хүндийг гутаагаагүй бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд хууль бусаар томилогдсон хүн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримт
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б.Б олгосон “Итгэмжлэл”, 2 ширхэг CD-ний бичлэг, хариуцагч Ц.Х ярилцлага өгч байгаа гэрэл зураг
Хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхний хуулбар 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “....” сонин, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн Шүүх хуралдааны Тогтоол, 1 ширхэг хураагуур
Хариуцагчийн хүсэлтээр Монгол чөлөөт бөхийн холбооны дүрэм, нэхэмжлэгч Б.Б Монгол чөлөөт бөхийн холбооны Нарийн бичгийн даргын албан тушаалыг эрхэлдэг эсэхийг тодруулсан Албан бичиг, “...” сонины редакцаас ирүүлсэн “...” сонины 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар, гэрч П.О, Н.Б нарын мэдүүлэг, Монгол чөлөөт бөхийн холбооны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаартай Албан бичиг
Зохигчдын хүсэлтээр “Facebook”, “Youtube” сайтууд болон Ц.Х гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлүүдийг шүүх бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нэхэмжлэлийн шаардах эрхийн талаар “ нэхэмжлэлийн шаардлага Б.Б нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, худал мэдээллийг таслан зогсоолгож, тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах. Агуулгаар нь яривал Монгол улсын гавьяат тамирчин П.О Б.Б хорлосон буюу түүнд допинг хэрэглүүлсэн гэх агуулгатай. Үг зүйн хувьд чиний охиныг би хорлочихоод чамд юу гэж мөнгө олж өгч байдаг юм бэ? П.О би хорлочихоод чамд мөнгө олж өгөх ёстой юмуу? гэх үгээр илэрхийлж байгаа. Энэ мэдээллийг Б.Б хэлээгүй, ийм тайлбар өгөөгүй байхад олон нийтийн сүлжээнд чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргыг тамирчнаа хорлосон гэх мэдээлэл тараасан. Ц.Х хэлсэн үг худал учраас нэхэмжлэлийг гаргасан” гэж тайлбарлав.
Хариуцагч Ц.Х “П.О Азийн аваргад оролцоход илэрсэн допинг Р.Б зохион байгуулж өгсөн гэж миний бие хардах эрхийнхээ дагуу хардаж хэлсэн. Бас нэг хардах үндэслэл Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчийг Р.Б хийж байхдаа П.О талаар Дэлхийн допингийн төвд бичиг явуулаагүй ажлаа хийгээгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж татгалзлаа илэрхийлж байна.
Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.
1.Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, гүтгэлийг тараасан хэлбэр хэрэгслээр уучлалт гуйхыг даалгах шаардлагын тухайд:
Монгол улсын гавьяат тамирчин П.О 2018 оны 09 дүгээр сард И нийслэл Ж хотноо зохион байгуулсан “Ж -2018” Азийн зуны спортын 18 дугаар наадамд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 килограммын жинд оролцож алтан медалийн эзэн болж, тэмцээний дараа түүний допингийн шинжилгээний хариу “эерэг” гарсантай холбоотойгоор П.О дасгалжуулагч, хариуцагч Ц.Х, Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Б талаар 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “L.mn” сайтад өгсөн ярилцлагадаа “...П.О чи хорлосон шүү. Чамаас өөр хэн ч хорлоогүй. Харин хэнээр хийлгэсэн гэдгийг чинь би мэдэхгүй байна. Надад чи нэг удаа ” чиний охиныг би хорлочихоод юу гэж мөнгө олж өгч байдаг юм гэж хэлсэн” гэх нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч үгүйсгэж, үйл баримтыг нотлох баримтаар няцааж чадахгүй байна.
Түүнчлэн талуудын тайлбар, гэрч П.О “Ц.Х багш миний хувийн дасгалжуулагч. Б.Б шигшээ багийн дасгалжуулагч. Ц.Х багш “Б.Б багшийг П.О хорлосон” гэх үгтэй холбоотой маргаанд гэрчээр мэдүүлэг өгч байгаагаа ойлгож байна. Надад допинг өгсөн гэдгийг Б.Б өөрөө хэлээгүй боловч өөр хүнд хэлснийг гэрч Н.Б нотолно. Би Б.Б багш хорлосон гэж хэлээгүй. Одоогоор баттай хариу олоогүй. Ц.Х багш хардах эрхийнхээ хүрээнд хардсан”,
Гэрч Н.Б “2021 оны 08 дугаар сарын сүүлээр хуурамч хаягаас над руу “сайн уу ахаа” гэж бичихээр нь би “сүнстэй харьцдаггүй” гэж хэлэхэд “би өөрийнхөө үндсэн хаягаас бичье” гэж хэлсэн. Тэгээд Г овогтой Э гэх хүүхэд над руу “манай аав бид хоёр П.О шүтэн бишрэгч” гэж бичсэн. Надтай чат бичиж буй хүүхэд А улсад сурдаг. Надад “та хоёр хүнд хорлогдсон шүү” гэж хэлсэн. Би лавлаад асуухад “манай гэрт Б.Б хэдэн тамирчидтай халамцуу ирээд наргисан. Яриа нь дундаа П.О хорлосон талаар Б.Б “барын зулзагыг бага дээр нь дарах ёстой” гэж хэлсэн. Г.Э 11 сард Монгол улсад ирээд энэ асуудлыг ил болгоно гэж байсан боловч “Ковид-19” вирусийн халдвар аваад ирж чадаагүй. Энэ талаар Ц.Х хэлэхэд Ц.Х баталгаатай болоогүй асуудлаар хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Дараа нь шүүхэд ийм асуудал болоод байна гэхээр бид гэрчлэх гэж гэрчээр оролцож байна. Гэхдээ П.О хорлож байхыг нүдээрээ хараагүй” гэх мэдүүлэг, бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Б.Б П.О допингийн шинжилгээний хариу “эерэг” гарахад нөлөөлж, түүнийг хорлосон гэх үйлдэл баримтаар нотлогдоогүй, хариуцагч тухайн нөхцөл байдлыг зөв үнэлж, дүгнэхгүйгээр бусдын нэр хүндэд халдсан нь тогтоогдож байна.
Иймээс Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дугаар заалтад “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”,
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч Ц.Х, нэхэмжлэгчийн талаар худал мэдээлэл тарааж, уг нэвтрүүлэг ард иргэдэд хүрч, үзлэгийн тэмдэглэлээр бичлэг цааш “Facebook”, “Youtube” зэрэг сайтуудаар түгээгдэж, нийт 410.000 хүн үзэж, 231 хүн сэтгэгдэл бичсэн нь тогтоогдож, мэдээллээ бодит үнэнд нийцэж байгаа эсэх, үнэн зөв гэдгийг нотлож чадахгүй байх тул Б.Б нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээ тарсан хүрээ, хэлбэр зэргийг харгалзан, мэдээлэл тараасан хэлбэр хэрэгслээрээ дамжуулан няцаалт хийж, уучлалт гуйхыг эрх зөрчигчид даалгах нь зүйтэй байна.
2.Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээллийг таслан зогсоолгох шаардлагыг нэхэмжлэгч гаргасан боловч иргэний нэр төрийг сэргээж, хариуцагчид тараасан хэлбэрээр няцаахыг үүрэг болгох шаардлагыг шүүх шийдвэрлэж үүрэг болгосон тул шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд дээрх шаардлагыг нэхэмжлэлийн тусдаа шаардлага гэж дүгнэж үзээгүй болно.
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Б.О “Ц.Х өөрийн бодол хардалт харилцаанаас олон нийтэд нотлох баримт байхгүйгээр мэдээлэл тараасан байна” гэсэн дүгнэлт гаргасныг үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, худал мэдээлэл тараасан арга хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч Ц.Х үүрэг болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА
ШҮҮГЧИД Ж.КУЛЬДАНА
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ