Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0055

 

 

 

2023 01 16 128/ШШ2023/0055

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа би Тэнүүн гэрэл констракшн ХХК, Солар Повер Интернейшнл ХХК, Нарийн тээг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шайрийбуу шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тэнүүн гэрэл констракшн ХХК, Солар Повер Интернейшнл ХХК, Нарийн тээг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Болдоо овогтой Шайрийбуу миний бие нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Тэнүүн гэрэл констракшн ХХК, Солар Повер Интернейшнл ХХК, Нарийн тээг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 566 тоот тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 667 тоот тогтоолуудын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг нь хууль бус байсан болохыг тус тус тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;, 66 дугаар зүйлийн 66.1.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана. гэж тус тус заасан байна.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэгч Тэнүүнгэрэл констракшн ХХК-аас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 3 жил, Солар повер интернейшнл ХХК-аас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 3 жил, Нарантээг ХХК-аас 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 3 жилийн хугацаатай итгэмжлэлүүд тус тус олгогдсон байх бөгөөд итгэмжлэлүүдийн хугацаа дуусгавар болоогүй байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч нараас олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцжээ.

4.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар нэхэмжлэгч Тэнүүн гэрэл констракшн ХХК, Солар Повер Интернейшнл ХХК, Нарийн тээг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шайрийбууг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Тэнүүн гэрэл констракшн ХХК, Солар Повер Интернейшнл ХХК, Нарийн тээг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдох Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 566 тоот тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 667 тоот тогтоолуудын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг нь хууль бус байсан болохыг тус тус тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Хан-Уулд даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ Г.УРАНГУА