Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/087

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 201705000176 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Богд сумын төвд 2017 оны 05 сарын 16-ны өдөр архидан согтуурсан үедээ иргэн *******той хувийн таарамжгүй байдлаас марган улмаар хутгалаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                     /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

Баянхонгор аймгийн Богд сумын 6-р багийн төвд *******ын аав *******х хашаандаа блок цохьдог юм. Тэнд би ажилладаг юм. 2017 оны 05 сарын 16-ны өдөр тогны хязгаарлалт болоод ажил хийгдээгүй. Тэр орой би 2 найзтайгаа 1 шил архи уучаад ******* хашаанд байдаг сул гэрт ороод унтсан. Шөнийн 00:00 цаг өнгөрч байхад *******д хүмүүс хэрэлдээд байгаа чимээ гархаар нь босоод гараад ирсэн чинь ******* төрсөн хүү болох ******* архи уучихсан согтуу ээжтэйгээ маргаад байхаар нь би юу болоод байгаа юм бэ гээд *******ыг дагуулаад гэр рүү оруулсан. Тэгээд чи яагаад ээжийнхээ өмнөөс хэрэлдээд байгаа юм гээд барьж аваад 2 алгадаад доороо хийгээд дарсан. Бид 2 маргалдаад ноцолдож байтал миний баруун мөрний урд хэсэгт нэг хүнд юмаар цохих шиг болсон. Тэгэхээр нь тавьчихаад босоод харсан чинь цус гарч байхаар нь шууд гэрээс гараад цагдаа дээр очиж мэдэгдсэн. Тухайн үед юугаар хатгачихсаныг нь мэдээгүй. Сүүлд нь харсан чинь зуухны хажууд цементны ам задалдаг ногоон иштэй хутга байсан. Тэрүүгээр дүрчихсан байна лээ. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай дүү ******* надаас уучлалт гуйсан байгаа. Бид 2 эвлэрчихсэн байгаа. Миний хувьд цаашид энэ хэргийг шалгуулах шаардлага үгүй гэж үзэж байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 26-29/

Шүүгдэгч *******ын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн:

2017 оны 05 сарын 16-ны өдөр ажлаа тараад 2 найзтайгаа 0,5 литрийн архи хувааж уусан. Тэгээд найз нараасаа салаад гэр рүүгээ явж байхдаа дахиад нэг 0,5 литрийн архи аваад гол дээр очиж талыг нь уучихаад согтох гээд байхаар нь гэртээ очсон. Манай аав, ээж, дүү 3 гэртээ байсан. Ээж намайг архи уулаа гээд загнаад байхаар нь би аймаг явах гэсэн юм зардлын 10.000 төгрөг өгчих гэсэн чинь маргааш ав гэж хэлсэн. Ээжтэй маргалдаад байж байхад ээжийн төрсөн ах Цогоо ах хүрээд ирсэн. Тэгээд юу болоод ээжийнхээ урдаас хэрэлдээд байгаа юм гээд намайг хажуу гэр рүү дагуулаад орсон. Тэгээд 2 алгадаад газар унагаад намайг дарсан. Би та ч гэсэн өөрөө ажилаа хийхгүй гадуур тэнээд байгаа биздээ гээд хэрэлдэж байгаад босох гээд чадахгүй болхоор нь гараараа тэмтэрч байсан чинь нэг зүйл баригдсан юу байсныг нь мэдээгүй шууд аваад хатгачихсан. Цогоо ах чи намайг хутгалчихлаа ш дээ гээд босоод шууд гэрээс гараад явсан. Би босоод гартаа байгаа зүйлээ харсан чинь цементний ам задалдаг ногоон иштэй хутга байсныг тэр дор нь орхичихоод гэрээс гараад Ганбатынд очоод сууж байсан чинь араас цагдаа ирээд намайг авч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 43-48/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 сарын 19-ний өдрийн 233 дугаартай шинжээчийн: 1. *******гийн биед баруун бугалганд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 37/,

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-10/

-эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, гар зураглал /хх-ийн 11-12/

-согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 13/

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 20-21/

-Богд сумын 2-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49/

-*******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 50/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/

-хохирогч, шүүгдэгч нарын эвлэрсэн тухай баримт /хх-ийн 61/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 05 сарын 16-ны өдөр архидан согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Богд сумын төвд иргэн *******той хувийн таарамжгүй байдлаас марган улмаар хутгалаж биемахбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэг бүртгэлийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, гэм хор арилсан, хохирогч *******гийн бие бүрэн эдгэрсэн болох нь тэдний өгсөн мэдүүлэг, шүүхэд гаргасан хүсэлт, эвлэрсэн тухай хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20 см урттай цэнхэр өнгийн иштэй хутга 1 ширхэгийг устгаж, шүүгдэгч *******ын эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 06сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20 см урттай цэнхэр өнгийн иштэй хутгыг устгасугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 06 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                       

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ