| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0238/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/260 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/260
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Р.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Рын Ад холбогдох эрүүгийн 2538000850210 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г овогт Рын А,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.А нь Хөвсгөл аймгийн ********* сумын 1 дүгээр багийн “Бургалтайн нуруу” гэх газарт 2024 оны 11 дүгээр сарын эхээр ховор амьтан болох Хүрэн баавгай буюу ******* (******* 1758)-н зөвшөөрөлгүйгээр агнаж 12,450,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Р.А нь Хөвсгөл аймгийн ********* сумын 1 дүгээр багийн “Бургалтайн нуруу” гэх газарт 2024 оны 11 дүгээр сарын эхээр ховор амьтан болох Хүрэн баавгай буюу ******* (******* 1758)-н зөвшөөрөлгүйгээр агнасан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтуудын талаар:
Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 10-р хуудас)
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 12-15-р хуудас),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 16-17-р хуудас),
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 8 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол (хх-ийн 19-р хуудас),
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрий 2118 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгайн арьс шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн хүрэн баавгайн арьсны чихний хэсгээс бэхжүүлж авсан арчдасаас дарь тортгийн үлдэц элементүүд илэрч байгаа тул тухайн хүрэн баавгайг чихны хэсгээр буудаж агнасан байна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 50-р хуудас),
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрий 2119 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн шилтэй шингэн зүйл нь сээр нуруутан амьтны цөсний хүүдий болон цөсний шингэн байна. Тухайн цөсийг ямар амьтных болохыг тодорхойлох боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн шилтэй эд зүйл нь сээр нуруутан амьтны цөсний хүүдий, шингэн байна. Цөсний хүүдий болон шингэнийг ямар төрөл зүйлийг тодорхойлоогүй тул тухайн амьтны ховор, нэн ховор амьтны ангилал жагсаалтад багтсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 55-р хуудас),
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрий 2117 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн толгойтой амьтны арьс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн арьс махан идэштэн баг Carnivora баавгай овог-Ursidae, Хүрэн баавгай-******* (******* 1758)-н арьс, толгой байна. Их биеийн арьсны дотор талд 2.0x1 см, 2.0x1.5 см, 2.0x1 см хэмжээтэй 3 ширхэг нүх үүссэн байна. Хүрэн баавгай ******* (******* 1758) нь Монгол улсын засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1-р хавсралтын Ховор амьтны жагсаалт, Монгол улсын улаан номны ховор жагсаалтад багтсан болно. Агнагдсан цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Арьсанд хийсэн хэмжилтүүд болон төмсөгний уутанцартай байгаагаас үзэхэд нас бие гүйцсэн, эр бодгаль байна. Тухайн хүрэн баавгайн толгой хэсгийг рентген аппаратаар харахад чихний хэсэгт сумын дарийн үлдэгдэл байгаа тул галт зэвсэг ашигласан байх боломжтой... нэг бодгаль 12,450,000 төгрөгөөр үнэлсэн байна. Мөрдөгчийн дурдсаны дагуу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно гэсний дагуу тооцоолоход 12,450,000 төрөг х 2=24,900,000 төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 64-66-р хуудас),
Шүүгдэгч Р.Аийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг чиглээд ирэхээр нь над руу дайрахаас нь өмнө амжиж буудсан...Нэгэнт буудаад алчихсан болохоор баавгайн савар, доньд, арьс, толгойг нь авах санаа сэдэл төрөөд авсан...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Экологи эдийн засагт учирсан хохирлыг нөхөн төлнө...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн үеэс мэдсэн. Өөрөөр өмнө бол мэдээгүй байсан. Хүмүүсээс сонсоход Р.Аийг баавгай агнасан гэсэн зүйл ярьснаас мэдсэн. ********* сумын 1 дүгээр багт хамаарна. Манай сум улсын тусгай хамгаалалттай газар нутагт байхгүй учир хамаарахгүй. Шүүх буруутай этгээдээр экологи эдийн засгийн үнэлгээг төлүүлэх байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28-р хуудас),
Гэрч Л.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би гэртээ унтаж байхад утас дуугарахаар харсан чинь Б ах залгаж байхаар нь утсаа авсан чинь ахын дүү хоёулаа аймгийн төв Мөрөн сум орчихоод ирэх үү гэхээр нь ямар ажлаар явах гэж байгаа юм гэсэн чинь хүмүүстэй уулзах ажилтай байна. надтай хань болоод явчих гэхээр нь би зөвшөөрч гэрээсээ гарч С ахын дэлгүүр орж хоёр бэлэн хоол авч дэлгүүр дотор идээд буцаж гэртээ ирээд куртик, өмд, цүнх зэргээ аваад Б ах бид хоёр ********* сумаас өөрийнх нь машинтай хамт гарсан. Тэгээд Зүлэгтийн гүүрэн дээр байдаг дэлгүүр орж оо. сойз ус зэргийг аваад амнаас эвгүй үнэр үнэртээд байхаар нь шүдээ угаагаад байж байхад цагдаа нар ирж Б ахын машиныг шалгасан чинь арын багажнаас баавгайн толгой, савартай арьсны хамт гарч ирсэн. Тэгсэн Б ах цагдаа нарт үхрийн арьс гэж хэлсэн. Тэгээд би үхрийн арьс юм болов уу гэж бодоод харж байсан чинь баавгайн толгойтой арьс гарч ирсэнг цагдаа нар зургийг дараад аймгийн төвөес цагдаа нар дуудсан. Би баавгайн толгой арьс зэргийг ачиж явж байгааг мэдээгүй. Цагдаа нар шалгахад мэдсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 32-р хуудас),
Гэрч Я.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А гээд нутгийн залуу зүс таних залуутай таарахад А нь надад нэг баавгайн арьс толгойтой байгаа түүнийг зармаар байна танд таньж мэдэх худалдаж авах хүн амьтан байна уу гэж асуухад би надаас өмнө элдсэн чонын арьс худалдаж авч байсан. Мөн зүс таних /фэйсбүүкээр харьцаж байсан/ хүн байгаа гэж хэлсэн тэгэхэд А та тэгвэл наад хүнтэйгээ холбогдоод зарчихаач надад таних хүн байхгүй байна гэж хэлэхээр нь би тухайн үед болдог юм бол би тэрнээс хүнээс асууж өгье гэж ярилцаад салсан... 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатарын залуу над руу утсаар залгаад та ********* сумаасаа наад баавгайн арьс, толгойгоо аваад Хөвсгөл аймгийн Тариалан суманд хүрээд ир тэр хавьцаа уулзаж байгаад үзэж хараад нөгөө хужаа авахаар бол авна биз гэхээр нь би Аийн хөдөө байдаг гэрт нь тухайн өдрийнхөө орой нөгөө баавгайн арьс, толгой зэргийг аваад буцаж сумын төвдөө ирж гэртээ хоночихоод өнөөдөр Тариалан сум руу авч гарч ирээд Зүлэгтийн гүүрний орчимд байдаг зоогийн газрын гадаа цагдаад шалгагдсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-36-р хуудас),
Гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн ********* сумын *** дүгээр багийн “****” гэх газар улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй ойр тойронд байх газрууд хүртэл хамаарахгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 45-46-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Эрүүгийн 2538000850210 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Р.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Р.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч Р.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “.... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол...” гэж тодорхойлжээ.
Хүрэн баавгай нь ховор амьтны жагсаалтад орсон болох нь Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрий 2117 дугаартай: “...Хүрэн баавгай ******* (******* 1758) нь Монгол улсын засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1-р хавсралтын Ховор амьтны жагсаалт, Монгол улсын улаан номны ховор жагсаалтад багтсан болно...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 64-66-р хуудас)-ээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч Р.А нь Хөвсгөл аймгийн ********* сумын 1 дүгээр багийн “Бургалтайн нуруу” гэх газарт 2024 оны 11 дүгээр сарын эхээр ховор амьтан болох Хүрэн баавгайг зөвшөөрөлгүйгээр агнасан үйлдэл нийгэмд аюултай гэмт үйлдэл болох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Р.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсч, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Р.А нь тусгай зөвшөөрөлгүйгээр хүрэн баавгай агнасан гэм буруутай үйлдлийн улмаас 12,450,000 төгрөгийн шууд хохирол учирсан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т “амьтны аймагт учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу экологи эдийн засагт учруулсан хохирлыг хоёр дахин нэмэгдүүлж 24,900,000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрий 2117 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 64-66-р хуудас)-ээр тогтоогдсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.А нь шүүхийн хэлэлцүүлэгт экологи эдийн засагт учирсан хохирол 24,900,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Р.Аээс 24,900,000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Р.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Р.А эрүүгийн хариуцлагын талаар гаргасан тайлбартаа: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч Р.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 84-89-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Р.Аийг урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 88-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Р.Аийг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид хорих ял оногдуулах тухай санал дүгнэлтийг шүүх хүлээн хүлээн авах боломжгүй байна.
Учир нь шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт мал маллан амьдардаг зэрэг шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан түүнийг заавал нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Р.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн 2538000850210 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 486917 гол төмрийн дугаартай СКС маркийн галт зэвсэг 1 ширхэг, ака маркийн галт зэвсгийн 2 ширхэг сум зэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгалаа.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Рын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Рын Аийг 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Р.Аийг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Р.Ад хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Аээс 24,900,000 (хорин дөрвөн сая есөн зуун мянга) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
7. Эрүүгийн 2538000850210 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 486917 гол төмрийн дугаартай СКС маркийн галт зэвсэг 1 ширхэг, ака маркийн галт зэвсгийн 2 ширхэг сум зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгасугай.
8. Эрүүгийн 2538000850210 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР