| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0261/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/273 |
| Огноо | 2025-08-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дгийн Гт холбогдох эрүүгийн 2538000000313 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М овогт Дгийн Г,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь 2025 оны 06 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ********* сумын 2 дугаар багийн нутагт хохирогч Б.Аыг зодож улмаар эрүүл мэндэд нь баруун доод зовхинд цус хуралт, дээд уруулд шарх, баруун дээд 1 дүгээр үүдэн шүдэнд сулрал, бүсэлхийн Л2 нугалмайд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл (хх-ийн 66-р хуудас),
Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахмад М.Б-ийн 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 304 дугаартай: “...1. Б.Аын биед баруун доод зовхинд цус хуралт, дээд уруулд шарх, баруун дээд 1 дүгээр үүдэн шүдэнд сулрал, бүсэлхийн Л2 нугалмайд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаан үүсгэгджээ.
3. Б.Аын биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдов
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 36-37-р хуудас),
Шүүгдэгч Д.Гын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Аынд хүргүүлэхээр очсон чинь эхнэр нь цай чанаж өгөөд надад 1 шил архи задлаад бид хоёр хувааж уугаад байж байсан чинь яриа нийлэхгүй хоорондоо маргалдаад би нүүрэнд нь цохиж гэмтээсэн...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг
Хохирогч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 27-28-ны шилжих шөнө Хөвсгөл аймгийн ********* сумын Тоом 2 дугаар багийн нутаг Б гэх газарт гэртээ байж байхад нутгийн ах Г нь манай гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 6 дугаар сарын 27-ны өдөр 22 цаг өнгөрч байхад гэрт орж ирээд ах нь жоохон юм уучихлаа дүү нар ирээд цайллаганы юм байна уу гэхээр нь манай гэрт архи байхгүй болохоор хажуу айлаа нэг шил архи оруулж ирээд Г ахад хундгалж өгөөд хэсэг суусан. Г ах явган явж байсан учраас ахыгаа гэрт хүргээд өгөөч гэхээр нь би өөрийн мотоциклиороо хүргэж өгөхөөр Г ахыг аваад гэрээсээ гарсан. Замдаа Н гэх айлаар ороод хэсэг юм яриад сууж байхад үгийн зөрүүгүй миний нүүр хэсэг рүү гараараа цохиод мөн хөлөөр өшиглөхөөр нь би та яаж байгаа юм гэж асуухад чам шиг юм, юу гээд байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би Нийн гэрээс гарсан юм шиг байсан. Тухайн үеийг санахгүй гэнэт ухаан ортол Нийн гэрийн гадаа намайг нүүр ам руу цохиж зодсон. Н ах дундуур орж салгасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 9-10-р хуудас),
Гэрч Б.Шийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 28-ны өглөө би босоод үнээгээ саагаад байж байтал төрсөн дүү Аын эхнэр Г үнээний зэл дээр ирээд эгч минь манай нөхөр Б.Аыг нутгийн ах болох Д.Г нь Н ахынд зодоод нүүр амнаас нь цус гоожуулаад болохоо байлаа гэж надад Н ахын эхнэр Ө ирж хэлсэн. Тэрний дагуу би очоод нөхрөө авах гэтэл Н ах Аыг Гаас салгах гээд хүчрэхгүй байна. Мөн намайг очиход Г хутгалж ална шүү гээд айлгаад манай нөхөр Аыг явуулахгүй байна гэж надад Г ирж хэлсэн. Тэрний дараа шууд Аын байгаа газар руу явж очиход А гэртээ ирсэн нүүр ам цус болж хөхөрч няцарсан, мөн нүүр бөөр өвдөөд байна гэсэн. Мөн уруул нь няцарсан байдалтай байхаар нь сумын төв рүү дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16-р хуудас),
Гэрч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай нөхөр А нь хүргэж өгөхөөр өөрийнхөө мотоциклоор явсан тэгтэл гэртээ ирж хоноогүй. Би өглөө 7 цаг өнгөрч байхад үнээгээ саагаад сууж байхад манай ойролцоо байдаг Н ахын эхнэр Ө эгч машинтайгаа ирээд танай нөхрийг Г манай гэрийн гадаа зодоод Н ах чинь салгах гээд чадахгүй байна. Чи яваад оч гэхээр нь би Ө эгчийн машинд суугаад очиход Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу манай нөхөр Аыг нүүр амнаас нь цус гарсан байдалтай байж байхаар нь нөхрөө аваад явах гэтэл чамайг бас хутгалж ална гээд над руу агсраад байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18-р хуудас),
Гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр нутгийн хүмүүс болох Г, А нар өглөө 06 цаг болж байхад манай гэрт хоёулаа архи уусан согтуу орж ирээд архи байна уу гэж асуухаар нь 1 шил архи гаргаж өгсөн. А манайд орж ирэхдээ хүнд зодуулсан байдалтай хамраас нь цус гарсан байсан. Манай гэрт орж ирээд хоорондоо муудалцаж маргалдаад чирэлцээд гэрээс гараад гадаа Г нь Аыг түлхэж цохиж аваад байхаар нь манай эхнэр Өсөхбаяр машинаа унаад Аын эхнэрийг дуудахаар яваад эхнэрийг дуудаж ирсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-23-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Д.Г нь хохирогч Б.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна.
Хохирогч Б.Аын: “...Д.Гаас 500,000 төгрөг хүлээн авсан. 1,000,000 төгрөгийг 10 дугаар сараас урд өгөхөөр тохиролцсан...” гэх хүсэлт (хх-ийн 76-р хуудас) хэрэгт авагдсан, шүүгдэгч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ат учирсан хохирол 1,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Гаас 1,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ат олгох нь зүйтэй байна.
Хохирогч Б.А нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 274,560 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Г нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан 274,560 төгрөгийн хохирлыг төлсөн нь Голомт банкны 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн орлогын мэдүүүлгийн баримт (хх-ийн 74-р хуудас)-аар тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Г нь хүлээн зөвшөөрсөн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох тухай прокурорын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2538000000313 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Дгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Дгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Д.Гаас 1,000,000 (нэг сая) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ат олгосугай.
6. Эрүүгийн 2538000000313 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР