Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 182/2018/02894/И |
Дугаар | 210/МА2019/00370 |
Огноо | 2019-02-25 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2019/00370
Н.Аын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/02549 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Н.Аын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Г-т холбогдох,
Гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, хариуцагч Д.Г түүний өмгөөлөгч М.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Гт 17-57 УНА Howo Stever маркийн машинаа амаар гэрээ байгуулан түрээслүүлсэн. Төлбөрийг сард 10 000 000 төгрөг байхаар тохиролцож,тээврийн хэрэгслээ 2018.08.26-ны өдөр шилжүүлсэн. Машиныг хүлээлгэн өгөх үед уурхай ажиллаж эхлээгүй байсан ч удахгүй эхлэх учир сул зогссон ч хамаагүй, түрээсийн төлбөрийг бүрэн төлнө гэж хүлээн авсан. Гэрээний хугацаанд буюу 2018.09.22-ны өдөр дансаар 2 500 000 төгрөг, 10 дугаар сарын 10-ны өдөр бэлнээр 5 000 000 төгрөг авсан. Үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Д.Гтай амаар гэрээ хийснийг эксковаторын жолооч н.Батсайхан, уурхайн ажилчид гэрчилнэ. Иймд 2018.08.26-ны өдрөөс 2018.10.12-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 15 000 000 төгрөгийн хөлс гарсанаас төлөөгүй үлдэгдэл 7 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Аын машин нь шаардлага хангахгүй, стандартаас бага ачаа ачдаг байсан тул ажлаа зогсоохыг удаа дараа шаардсан. Уг машинаар 1-2 хоног шороо зөөсөн. Сул зогсолтын мөнгө болон ажилласан 1-2 хоногийн зардалд 8 сая төгрөг, мөн буцах түлш үнэ төлбөргүй хийж өгсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1-д заасны дагуу хариуцагч Д.Гаас эд хөрөнгө хөлсөлсний төлбөр 7 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Аад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 134 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Аад олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн боловч хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон үйл баримтыг гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдсоор байхад үнэлж үзээгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үйл баримтыг хариуцагч нотлох үүрэгтэй гэж үзсэн нь үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 -т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Д.Гт холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт хөлс 7 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-1, 46 хуудас/
Талуудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 45 хоногийн хугацаанд хариуцагч Д.Гын бичил уурхайд нэхэмжлэгчийн 17-57 УНА Howo Stever маркийн машиныг хөлсөөр ашиглуулахаар шилжүүлсэн, тээврийн хэрэгсэл 45 хоногийн хугацаанд уг уурхай дээр байсан,сарын хөлсийг 10 000 000 төгрөгөөр тохиролцсон,эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болсон,эд хөрөнгийг буцаан өгсөн зэрэг үйл баримт тогтоогджээ
Эд хөрөнгө ашигласны хөлсөнд хариуцагч 8 000 000 төгрөг төлсөн гэх боловч энэ талаар нотлох баримт гаргаагүй, харин нэхэмжлэгч 7 500 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрчээ. / хх-1 /
Хариуцагч нь гэрээгээр шилжүүлсэн тээврийн хэрэгсэл гэрээнд заасны дагуу ашиглах боломжгүй,ашиглалтын шаардлага хангахгүй байсан тул хөлс төлөхгүй гэж маргаж байна.
Зохигч Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээг байгуулсан байх бөгөөд эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой хөрөнгө буюу 17-57 УНА Howo Stever маркийн машиныг түр хугацаагаар шилжүүлсэн, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1-д зааснаар хөлслүүлэгч буюу нэхэмжлэгч нь хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүрэгтэй. Талуудын гэрээгээр тээврийн хэрэгсэл яг ямар шаардлагад нийцсэн байх ёстой, тухайлбал 20 м.куб даацтай байх ёстойг тохиролцсон гэдгээ хариуцагч нотлоогүй. Тэгээд ч тээврийн хэрэгслийн даац нь анх хүлээн авах үед мэдэх боломжтой үзүүлэлт юм.
Гэрээнд тусгай шаардлага тавьсан гэдгээ нотлоогүй, тээврийн хэрэгслийг хүлээгээд авчихсан нөхцөлд Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2-т зааснаар гэрээнд эд хөрөнгийн шинж чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Хариуцагчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн шилжүүлсэн тээврийн хэрэгсэл нь 14-15 м.куб даацтай тээврийн хэрэгсэл гэх бөгөөд уг тээврийн хэрэгслийг шороо зөөх зориулалтаар л хөлсөлсөн байна. Анхны гэрээний тохиролцоог нотлоогүй нөхцөлд гэрээний зүйлийг доголдолтой байсан гэж үзэх боломжгүй. Нэгэнт тээврийн хэрэгслийг хүлээн авч, өөрийн эзэмшил ашиглалтад 45 хоног байлгасны хувьд хариуцагч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэгтэй.Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1-д заасан хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах нөхцөл байдал тухайн хэрэгт үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй.Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4-д зааснаар эд хөрөнгийг дээрх хугацаанд ашиглаж чадаагүй бол эрсдлийг хөлслөгч өөрөө хүлээж,өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй юм.
Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрт “эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан,гэрээний зүйл нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хугацааны туршид уурхайн талбайд, хөлслөгчийн эзэмшил ашиглалтад байсан,хөлс төлбөрийг 10 000 000 төгрөгөөр тохиролцсон үйл баримтыг хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч, мөн гэрчмэдүүлэг өгсөн гэж дүгнэснээс бус хариуцагч нотлох үүрэгтэй гэж дүгнээгүй байна. Энэ талаар нотлох үүргийн хувиарлалтыг буруу хийсэн гэх хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй болжээ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/02549 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Ш.ОЮУНХАНДб