Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/088

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч В.Дэлгэрмаа,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201705000120 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

******* нь 2017 оны 03 сарын 03-ны өдрийн 09 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Буурал хайрхан дэлгүүрийн урдах асфальтан зам дээр *******гийн эзэмшлийн 25-29 УНП улсын дугаартай тоёото кровн маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 91-02 БНА улсын дугаартай эксель маркийн тээврийн хэрэгслийн жолооч болох хохирогч ******* хажуугаар өнгөрөхдөө шахлаа гэж үл ялих зүйлээр шалтаглан улмаар түүний машины хаалганы шилийг хагалж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдснээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлав: Үүнд:

Хохирогч С.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 03 сарын 03-ны өдрийн 09 цагийн үед такси үйлчилгээнд явж байгаад харих гээд 2 арван мянгатын голоор өгсдөг замаар 91-02 БНА улсын дугаартай эксель машинтай явж байхад 6-р багийн 9-р гудамжнаас хар өнгийн суудлын машин баруун талаас орж ирээд шахаад зам дээр зогсоосон. Би уг машинд шахагдаж Буурал хайрхан дэлгүүрийн урдах шороон талбай дээр машинаа зогсоосон. Машинаас буугаагүй байтал нэг залуу бууж ирээд наад хаалгаа онгойл гэж хэлсэн. Тэр үед би суудлын бүсээ тайлах гэж байсан. Тэгтэл шууд шил рүү гараараа цохиод хагалсан. Машины хаалганы шил хагалчихаад миний уруул руу шууд зангидсан гараараа нэг цохиод, зүүн талын хөхний дээд хэсэгт гараараа цохьсон. Би тэгэхээр нь машинаас буугаад дээрх залуутай барилцаж авсан. Тэр залуу цагдаагаа дууд гээд учир зүггүй зандараад байсан. Би уг залууг танихгүй юм байна лээ.

Миний дээд эрүүний үүдэн нэг шүд унасан. Тухайн үед хамар хавдсан байсан. Өмнө нь миний хамар мурийгаад эдгэсэн байсан. Одоо биед зовиурлаж байгаа зүйл алга гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагийн үед ******* ах утсаар яриад манайд хүрээд ирээч гэсэн. Тэднийд очиход Пүрэвдоржийг зодсон гэх хүмүүсийг олно явцгаая гэсэн. Тэгээд ******* ах машин жолоодоод Пүрэвдорж, Цогбадрах ах, Пүрэвдоржийн дүү Болорцэцэг бид нар гарцгаасан. 2 арван мянгатын голоор явах асфальтан зам руу нийлээд өгсөж байхад баруун хажуугаар эксель маркийн машин гэнэт орж ирсэн. Тэгсэн ******* ах энэ яаж яваад байна аа гээд тухайн машиныг шахаж зогсоогоод өөрөө машинаасаа буугаад жолоочынх нь хаалган дээр очсон. Хаалгаа онгойл гэж сонсогдсон. Нөгөө машины ах хаалгаа онгойлохгүй байгаа бололтой байсан. Тэгтэл ******* ах онгойлооч гээд гараараа хаалганы шилийг цохиж хагалаад жолоочийг нь цохиж авсан гэх мэдүүлэг /хх- ийн 15-16/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 сарын 07-ны өдрийн 118 дугаартай: 1. С.Батболдын биед хамарт мурийлт, 1 шүдний уналт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадвар, тогтонги алдалтыг 5 хувь алдагдуулсан байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/

Эд зүйлийн үнэлгээний комиссын 2017 оны 03 сарын 13-ны өдрийн: эксель маркийн тээврийн хэрэгслийн хаалганы шил 40.000 төгрөгийн үнэтэй гэх дүгнэлт /хх-ийн 33-34

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 сарын 07-ны өдрийн 118 дугаартай: 1. Хохирогч С.Батболдын биед учирсан зүүн дээд 1-р шүдний уналт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5 хувь нөлөөлнө гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40/

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2017 оны 03 сарын 03-ны өдөр байсан. Манай дүү Пүрэвдорж бусдад зодуулсан байсан. Тэгээд зодсон нөхдүүдийг хайгаад явж байсан. Дүүг зодсон асуудал, тэр хүмүүст нь уур хүрээд явж байх үед 2 арван мянгатын голоор өгсдөг зам руу гудамжнаас гарч ирж нийлээд өгсөөд явж байхад миний баруун гар талаар 91-02 БНА улсын дугаартай эксель маркийн машин ороод шахаад миний урд гарсан. Тэгэхээр нь зүүн талаар нь гүйцэт түрүүлж урдуур нь хааж зогссон.

Би машинаас буугаад жолоочийг хаалгаа онгойл гэсэн. Онгойлохгүй байхаар жолоочийн талын хаалганы шилийг гараараа цохиж хаглаад жолооч ахыг цохиж авсан. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. С.Батболд гуайг зодож танхайрч, машины шилийг нь хагалсандаа гэмшиж харамсаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 153 дугаар 153.1 дэх хэсэгт заасан ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 46-53/

баримт бичигт хуулбар хийж хуулбарлан авсан тэмдэглэл /хх-ийн 2-4/ эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 5-6/

хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 7-8/

эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 9/

Баянхонгор сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Чингэлтэй дүүргийн 6-р хорооны засаг даргын тодорхойлолт, *******ын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 54-59/

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 71-73/

хохирол нөхөн төлсөн талаарх баримт /хх-ийн 88, 93/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянхонгор аймгийн прокурорын газраас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 03 сарын 03-ны өдрийн 09 цагийн орчимд Баянхонгор сумын 3-р багийн нутаг дэвсгэрт 91-02 БНА улсын дугаартай эксель маркийн тээврийн хэрэгслийн жолооч болох хохирогч ******* хажуугаар өнгөрөхдөө шахлаа гэж үл ялих зүйлээр шалтаглан улмаар түүний машины хаалганы шилийг хагалж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй, шудрага ёсны зарчимд нийцнэ.

Танхайрах гэмт хэрэг нь тухайн танхайрч байгаа этгээдийн санаа зорилгоор үйлдэгдэхдээ хэд хэдэн зүйл, обектод нэг зэрэг халдаж болдог. Гэмт этгээд нэг цаг хугацаад хэд хэдэн хохирогчын эрх, эрх чөлөө, эд хөрөнгөд нь халдан довтолсон бол бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх болон танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Харин шүүгдэгч *******ын бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн танхайрах явцдаа хохирогчийн эзэмшлийн машины цонхны шилийг хагалсаныг танхайрах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл болох догшин авирласан гэж үзнэ.

Шүүгдэгч *******ын олон нийтийг илтэд үл хүндэтгэн ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон догшин авир гарган ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөж хүч хэрэглэн хохирогч С.Батболдын эрх чөлөө, биемахбодид нь халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, хохирогчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн цонхыг гараараа цохиж хагалсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролын мөн чанар, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, ял хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, хохирогчийн санал гомдолгүй, хэргийг хөнгөн шийдэж өгнө үү гэсэн хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн толгойн рентген зурагыг хохирогчид буцаан олгож, хохирогчийн унасан шүдийг устгаж шийдвэрлэв. Уг хэрэгт шүүгдэгч *******ын өмчлөлийн самсунг жи-7 маркийн гар утасыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар *******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан *******т хяналт тавихыг Нийслэлийн Чингилтэй дүүргийн цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг түүнд сануулсугай.

7.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн толгойн рентген зурагыг хохирогчид буцаан олгож, хохирогчийн унасан шүдийг утгасугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын өмчлөлийн самсунг жи-7 маркийн гар утасыг битүүмжилсэн 2017 оны 04 сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т хэрэглэсэн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ