Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/563

 

 

О.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхөө, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Ганбаатар,

иргэний нэхэмжлэгч Д.Ш,

шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/362 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Мийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1908043621347 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ө овгийн Оын М, 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт -оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 270 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1037 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

            Шүүгдэгч О.М нь:

            1. 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагааны 4-16 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Б” хүнсний дэлгүүрийн орлогын мөнгө болох 350.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

            2. 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагааны 4-16 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Б” хүнсний дэлгүүрт иргэн Л.Аийн эзэмшлийн “Redmi Note 5” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

            3. 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зайсан скуэр” худалдааны төвийн 2 давхарт байрлах “Эф Эм Трейд” ХХК-ийн хувцасны дэлгүүрээс худалдагч Б.Ааас мөнгийг нь интернет банкаар шилжүүлсэн гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, Итали Улсын 234.000 төгрөгийн үнэ бүхий пүүзэн гутлыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан,

            4. 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” салоноор үйлчлүүлж, үйлчилгээний төлбөр 230.000 төгрөгийг мобайл банк ашиглан дансаар шилжүүлчихлээ гэж бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Б” салонд 230.000 төгрөгийн хохирол учруулсан,

            5. 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жетро” супермаркетын “Смарт” худалдааны төвөөс “iPhone 11 Pro Max” загварын гар утсыг худалдан авна, төлбөрийг мобайл банк ашиглан дансаар шилжүүлчихлээ гэж бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Н.Өд 4.180.000 төгрөгийн хохирол учруулсан,

            6. 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оч” худалдааны төвийн 203 дугаартай лангуунд Б.Мгийн “iPhone 11 Pro” загварын гар утсыг “бэлэн мөнгөөр нь худалдан авъя, дансаа өгчих” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “iPhone 11 Pro” загварын гар утсыг авч 3.350.000 төгрөгийн хохирол учруулсан,

            7. 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төвд “мөнгөө дансаар шилжүүлчихлээ” хэмээн хохирогч М.Нг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 155.000 төгрөгийн бараа авч залилсан,

            8. 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Цийн эзэмшлийн “Nikon Coolpix 700” загварын зургийн аппаратыг 700.000 төгрөг шилжүүлсэн мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, уг зургийн аппаратыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч 874.997 төгрөгийн хохирол учруулсан,

            9. 2019 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 30 дугаар байрны 96 тоотод оршин суух Я.Дгийн “iPhone 7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 811.000 төгрөгийн хохирол учруулсан,

            10. 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 30 дугаар байрны 96 тоотод оршин суух Я.Дгийн итгэмжлэн хариуцуулсан “Canon 70D” загварын зургийн аппаратыг завшиж, 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан,

            11. 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Тэди төв”-ийн 2 дугаар давхарт худалдаа эрхэлж байсан иргэн Б.Огаас “iPhone 11 Pro Max” загварын гар утсыг “мөнгийг нь мобайл банкаар шилжүүлсэн” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан авч, 3.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө овогт Оын Мийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч О.Мийг тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мт Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих хүнд ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих хөнгөн ялуудыг нэмж нэгтгэн нийт ялыг 4 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 5 сарын хугацаагаар хорих ялд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1037 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 6 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мт оногдуулсан 4 жил 6 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мийн цагдан хоригдсон 44 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мээс 14.470.997 төгрөг гаргуулж хохирогч Б.Э /-/-т 950.000 төгрөг, хохирогч Н.Н /-/-Д 155.000 төгрөг, хохирогч Э.Ц /-/-Т 874.997 төгрөг, хохирогч Я.Д /-/-Д 1.831.000 төгрөг, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ө /-/-Д 230.000 төгрөг, хохирогч Н.Ө /-/-Д 4.180.000 төгрөг, хохирогч Б.М /-/-Д 3.350.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ш /-/-д 2.900.000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч О.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг биеэр эдэлж байгаад 1 сар 29 хоног дутуу байхад нэмэлт хэргээрээ дахин шүүх хурлаар орж ял нэмүүлсэн. Миний бие тус шүүх хуралдаанд нэмэлт мөрдөн байцаалтын шатанд байгаа нэгтгэгдээгүй байгаа гэдгээ хэлсэн боловч, нотлох баримт байхгүй гэсэн үндэслэлээр нэгтгэгдээгүй үлдсэн. Иймд миний эрх зүйн байдал дордож, удаа дараа шүүх хуралдаанд орж дахин давтан гэмт хэрэгт үйлдсэн гэж үзэн миний биеэр эдлэх ялыг 4 жил 6 сар 29 хоног болсон. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Зан байдлаа засч, дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Миний биеэр эдлэх ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Мийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...О.Мийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Д.Ш “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 1, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдож, ял шийтгүүлсэн. Түүний үйлдсэн хэрэг нь мөрдөн байцаалтын явцад хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн холбогдсон хэргүүдэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.М нь:

1. 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагааны 4-16 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Б” хүнсний дэлгүүрийн орлогын мөнгө болох 350.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2. 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагааны 4-16 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Б” хүнсний дэлгүүрт иргэн Л.Бийн эзэмшлийн “Redmi Note 5” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зайсан скуэр” худалдааны төвийн 2 давхарт байрлах “Эф Эм Трейд” ХХК-ийн хувцасны дэлгүүрээс худалдагч Б.Ааас мөнгийг нь интернет банкаар шилжүүлсэн гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, Итали Улсын 234.000 төгрөгийн үнэ бүхий пүүзэн гутлыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан,

4. 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” салоноор үйлчлүүлж, үйлчилгээний төлбөр 230.000 төгрөгийг мобайл банк ашиглан дансаар шилжүүлчихлээ гэж бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Б” салонд 230.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жетро” супермаркетын “Смарт” худалдааны төвөөс “iPhone 11 Pro Max” загварын гар утсыг худалдан авна, төлбөрийг мобайл банк ашиглан дансаар шилжүүлчихлээ гэж бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн Н.Өд 4.180.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оч” худалдааны төвийн 203 дугаартай лангуунд Б.Мгийн “iPhone 11 Pro” загварын гар утсыг “бэлэн мөнгөөр нь худалдан авъя, дансаа өгчих” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “iPhone 11 Pro” загварын гар утсыг авч 3.350.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төвд “мөнгөө дансаар шилжүүлчихлээ” хэмээн хохирогч М.Нг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 155.000 төгрөгийн бараа авч залилсан,

8. 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Цийн эзэмшлийн “Nikon Coolpix 700” загварын зургийн аппаратыг 700.000 төгрөг шилжүүлсэн мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, уг зургийн аппаратыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч 874.997 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2019 оны 8 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 30 дугаар байрны 96 тоотод оршин суух Я.Дгийн “iPhone 7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 811.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 30 дугаар байрны 96 тоотод оршин суух Я.Дгийн итгэмжлэн хариуцуулсан “Canon 70D” загварын зургийн аппаратыг завшиж, 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Тэди төв”-ийн 2 дугаар давхарт худалдаа эрхэлж байсан иргэн Б.Огаас “iPhone 11 Pro Max” загварын гар утсыг “мөнгийг нь мобайл банкаар шилжүүлсэн” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан авч, 3.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Э /1хх 32-33/, Б.А /1хх 77-78/, Х.Ө /1хх 128-129, 132/, Н.Ө /1хх 173-177/, Б.М /1хх 241/, М.Н /2хх 22-23/, Э.Ц /2хх 76-77/, Я.Д /2хх 119-120/, Б.О /2хх 160/, иргэний нэхэмжлэгч Д.Ш /2хх 163-164/, гэрч Л.Б /1хх 40/, Л.А/1хх 38/, Б.А /1хх 83/, Б.Ө /1хх 243/, А.А /2хх 169/, С.Д /2хх 170/ нарын болон О.Мийн яллагдагч /1хх 57, 107, 204, 2хх 52, 103, 193/-аар өгсөн мэдүүлгүүд,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 44/,Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 93-94,192-193, 249, 2хх 80, 125, 172-173/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 20-22, 117-119/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 23-25, 160-163, 2хх 35-36, 68-70, 112-114/, эд зүйл хураан авсан тухай, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд/1хх 71-72/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч О.Мийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч О.Мийн “Б” хүнсний дэлгүүрийн ээлжийн худалдагчид хэлэлгүйгээр кассад байсан дэлгүүрийн орлогын 350.000 төгрөгийг нууцаар халаасандаа хийж авсан, хохирогч Я.Дгийн “iPhone 7 Plus” загварын гар утсыг унтаж байхад нь авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хохирогч Л.Бийн эхнэртэйгээ яриулахаар өгсөн “Redmi Note 5” загварын гар утсыг авч зугтаасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Байгал бюти” гоо сайхны салон болон хохирогч Б.А, Н.Ө, М.Н, Э.Ц, Б.М, Б.О нарыг хуурч, “төлбөрийг нь интернет болон мобайл банкаар шилжүүлсэн” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, тус тус тэдний бараа бүтээгдэхүүнийг залилан авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хохирогч Я.Дгээс “Canon 70D” загварын зургийн аппаратыг нь авч яваад эргүүлэн өгөөгүй үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгох эрхгүй тул шүүгдэгч О.Мийн “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд нэмэлт мөрдөн байцаалтын шатанд байгаа нэгтгэгдээгүй байгаа гэдгээ хэлсэн үйлдлийг нэгтгээгүйгээс миний эрх зүйн байдал дордож, удаа дараа шүүх хуралдаанд орж дахин давтан гэмт хэрэгт үйлдсэн гэж миний биеэр эдлэх ялыг 4 жил 6 сар 29 хоног болсон. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, зан байдлаа засч, дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Миний биеэр эдлэх ялыг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Мт оногдуулсан ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн арга, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд нь тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор оногдуулсан зүйн үндэслэлтэй байна.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэсэнтэй нийжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Мийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/362 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Мийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                       

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                                       Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ