| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0265/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/281 |
| Огноо | 2025-08-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/281
2025 08 13 2025/ШЦТ/…...
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Хохирогч Д.О,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч А.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аийн Жид холбогдох эрүүгийн 2538000000276 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш овогт Аийн Ж,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Ж нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах баярын талбай дээрээс хохирогч Д.Оийн Dell i5 маркийн нотебүүк нэг ширхэг, 1,800,000 төгрөг, бэлэн 70,000 төгрөг, цүнх 40,000 төгрөг, иргэний үнэмлэх 63,300 төгрөг, хүүхдийн Д витамин 2 хайрцаг 44,000 төгрөг, хаан банкны багш виза карт 30,000 төгрөг, Хаан банкны данснаас нийт 15 удаагийн гүйлгээгээр 324,500 төгрөгийн зарлага гаргасан зэрэг эд зүйлсий хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч А.Ж нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах баярын талбай дээрээс хохирогч Д.Оийн Dell i5 маркийн нотебүүк нэг ширхэг, 1,800,000 төгрөг, бэлэн 70,000 төгрөг, цүнх 40,000 төгрөг, иргэний үнэмлэх 63,300 төгрөг, хүүхдийн Д витамин 2 хайрцаг 44,000 төгрөг, хаан банкны багш виза карт 30,000 төгрөг, Хаан банкны данснаас нийт 15 удаагийн гүйлгээгээр 324,500 төгрөгийн зарлага гаргасан зэрэг эд зүйлсий хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтуудын талаар:
Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4-р хуудас),
Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 5-6-р хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7-14-р хуудас),
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 15-16-р хуудас),
Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №ТХҮ-925-12394 дугаартай: “...Бидэнд ирүүлсэн мэдээлэл, өөрсдийн судалгааны үндсэн дээр дээрх эд зүйлийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 06 дугаар сарын байдлаар 1,977,300 төгрөгөөр тогтоов...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 52-55-р хуудас)
Шүүгдэгч А.Жийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр судалгааны ажил хийгээд баярын талбай дээр байсан. Тухайн өдөр салхитай байсан учир гадны хүн байгаагүй. Асрын дор надтай хамт хоёр багш нотебүүк, өөр бусад зүйлээ шахаад тавьсан байсан. Тэгтэл гэнэт пижигжээд нэг хүн буугаад ирсэн. Тухайн үедээ юм бодоогүй. Ажлаа дуусаад 10 минутын дотор очоод үзэхэд миний нотебүүк алга болсон байсан. Цүнхэнд бэлэн мөнгө байсан. Тэгээд голын эргийн байрны дэлгүүрээс орж асуухад тэр дэлгүүрт орж бэлэн мөнгөөр худалдан авалт хийгээд гарсан гэсэн. Тэгээд 14 цаг 10 минутад цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр буюу пүрэв гаригт манай сургууль болох “********” ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн бие бялдрын судалгаа авах гэж баярын талбай руу би М, О гэх багш нарын хамт явсан. Судалгаанд 1 дүгээр ангийн 14 хүүхэд эцэг эхийн хамт байсан. Тэр үед баярын талбайн дотор байдаг бөхийн асрын дээд талын хоёр давхраас улаан малгайтай, женсен өмдтэй, урт хар хромон гуталтай, саарал өнгийн цахилгаантай цамцтай бор царайтай архи уусан шинжтэй залуу чимээ гаргаж бууж ирсэн. Би согтуу хүн байна гэж байгаа байдлыг анзаарч орхисон...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28-р хуудас),
Гэрч Ө.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 30-ны орой 21 цаг 40 минутад манай дэлгүүр болох Мөрөн сумын 14 дүгээр баг 03-01 тоотод байрлах ******* нэртэй хүнсний дэлгүүрт улаан малгайтай женсен өмдтэй, хар өнгийн түрүүтэй хромон гуталтай цахилгаантай саарал цамцтай архи үнэртүүлсэн бага зэргийн согтолттой өмнөх өдрүүдэд уусан шинжтэй залуу орж ирээд карт уншуулж бараа авсан. Авсан бараа нь 0.75 литрийн Чингис архи 1 ширхэг, хиам 1 годгорыг, 1 ширхэг ундаа авсныг нь санаж байна. тухайн барааг авахад чип нь уншигдаж байсан учир пин код нэхээгүй. Тэгээд тэр залуу гарч яваад 1 минут хүрэхгүй буцаж орж ирээд 100,000 төгрөг уншуулсан. Карт уншуулахад пик код нэхсэн ба тэр залууд би пин код нь хэд вэ гэхэд 0000 гэж хэлсэн. Тухайн үед тэр залуугийн хэлсэн код буруу байсан. Тэгээд тухайн карт нь блоклох гээд байхаар нь үнэн зөв хэлэхгүй бол бол блоклоод уншихгүй гэжхэлсэн. Тэгтэл хэдэн цифр хэлээд санахгүй байна гээд мөнгө бага багаар уншуулж байгаад шимтгэл болох 2000 төгрөг нэмж авсан. Уншуулахдаа 30,000 төгрөгөөр хоёр удаа 42,000 төгрөгөөр нэг удаа уншуулсан. Тэр залуу манай тэр хавиар буюу Мөрөн сумын 14 дүгээр багт байдаггүй хөдөөний хүн шиг харагдаж байсан. Мөн махан хоол унд байна уу гэж асууж байсан. Тэгэхээр нь би олон хоног хоолгүй явж дээ гэж бодсон. ...улаан малгайтай женсен өмд, хар өнгийн түрүүтэй хромон гутал, цахилгаантай саарал цамцтай буюу манай дэлгүүрт орж ирсэн хувцастайгаа байвал хараад би шууд танина...” гэх мэдүүлэг (хх-ийн 31-32-р хуудас),
Гэрч Л.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр буюу тог тасардаг өдөр манайд Ж 12 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд удалгүй Хараа нэртэй архи, манай хүүхдэд 1 ширхэгундаа мөн өөртөө 1 том ундаа барьсаар ирсэн. Тэгээд архиа ууж байгаад тухайн өдрийнхөө 20 цаг болж байхад яваад дахиж манайд ирээгүй. Ж хромон хар гутал, женсен өмд, саарал цамцтай явж байсан. Ж манай найз залуугийн төрсөн ах нь гэсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-36-р хуудас),
Гэрч Ө.Өийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 22 цаг 08 минутад ******** нэртэй Мөрөн сумын 14 дүгээр багт байрлах манай дэлгүүрт намайг зогсож байхад улаан малгайтай, женсен өмдтэй, хар өнгийн түрүүтэй хромон гуталтай, саарал өнгийн цамцтай 20 гаран насны залуу орж ирсэн. Тэр залуу зайрмаг, банана, архи, 2 хайрцаг тамхи зэрэг эд зүйлс худалдан авсан. Барааг худалдан авах үедээ нэг нэгээр нь авч тооцоог бэлэн мөнгө болон цэнхэр өнгийн картаар уншуулжхийсэн. Манай дэлгүүрээс гарах үед тэр залуугийн өмдний халааснаас бэлэн 10,000 төгрөг болон 20,000 төгрөг унаад байсан ба нэлээн их мөнгө харагдсан. Тэр залуу надаас гарахдаа танай энд такси байдаггүй юм уу гэж асуугаад гарсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 39-40-р хуудас),
Гэрч Г.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зан аашийн хувьд элдэв муухай ааш зангүй. Архинд л жаахан дуртай. Би нөхрийгөө ийм хэрэгт холбогдох хүн гэж бодохгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 42-р хуудас),
Гэрч А.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөлийн нэгдсэн зар дээр манай дүүгийн зургийг тавиад энэ хүнийг хайж байна гэсэн мэдээлэл оруулаад дугаар тавьсан байхаар нь дугаар луу нь залгаад манай дүү байгаа юм юу болсон юм бол гэж асуухад тухайн хүнийг хайж байгаа юм гээд салгасан юм. Тэгээд би 14-р хороонд дүүгийндээ очиход Ж байсан ба чамайг фэйсбүүк дээр тавьсан байна гэхэд би хүний карт олоод уншуулсан юм гэж надад хэлсэн. Тэгтэл удалгүй Цагдаа над руу залгаад Жийн эгч үү цагдаа дээр ирээд уулзчих гэхээр нь очиж уулзсан юм... чи нөүтбүүк авсан юм уу гэхэд үгүй гэж байсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 45-46-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.Ж нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах баярын талбай дээрээс хохирогч Д.Оийн Dell i5 маркийн нотебүүк нэг ширхэг, 1,800,000 төгрөг, бэлэн 70,000 төгрөг, цүнх 40,000 төгрөг, иргэний үнэмлэх 63,300 төгрөг, хүүхдийн Д витамин 2 хайрцаг 44,000 төгрөг, хаан банкны багш виза карт 30,000 төгрөг, Хаан банкны данснаас нийт 15 удаагийн гүйлгээгээр 324,500 төгрөгийн зарлага гаргасан зэрэг эд зүйлсий хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах үйл баримт нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Эрүүгийн 2538000000276 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Гэм буруугийн талаарх талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Ж нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах баярын талбай дээрээс хохирогч Д.Оийн Dell i5 маркийн нотебүүк нэг ширхэг, 1,800,000 төгрөг, бэлэн 70,000 төгрөг, цүнх 40,000 төгрөг, иргэний үнэмлэх 63,300 төгрөг, хүүхдийн Д витамин 2 хайрцаг 44,000 төгрөг, хаан банкны багш виза карт 30,000 төгрөг, Хаан банкны данснаас нийт 15 удаагийн гүйлгээгээр 324,500 төгрөгийн зарлага гаргасан зэрэг эд зүйлсий хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Шүүгдэгч А.Ж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч А.Ж нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах баярын талбай дээрээс хохирогч Д.Оийн Dell i5 маркийн нотебүүк нэг ширхэг, 1,800,000 төгрөг, бэлэн 70,000 төгрөг, цүнх 40,000 төгрөг, иргэний үнэмлэх 63,300 төгрөг, хүүхдийн Д витамин 2 хайрцаг 44,000 төгрөг, хаан банкны багш виза карт 30,000 төгрөг, Хаан банкны данснаас нийт 15 удаагийн гүйлгээгээр 324,500 төгрөгийн зарлага гаргасан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..." гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт уг эрхийг тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Жийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах баярын талбай дээрээс хохирогч Д.Оийн Dell i5 маркийн нотебүүк нэг ширхэг, бэлэн 70,000 төгрөг, цүнх, иргэний үнэмлэх, хүүхдийн Д витамин 2 хайрцаг, хаан банкны багш виза карт, Хаан банкны данснаас нийт 15 удаагийн гүйлгээгээр 324,500 төгрөгийн зарлага гаргасан гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт үндэслэлтэй, зүйлчлэлийн хувьд тохирч байна гэж үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахайн санаа зорилго, хохирогчийн зүгээс өөрийн эд хөрөнгөө ил задгай үлдээсэн эрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч А.Ж нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршгийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний.... эд хөрөнгөд... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан ба шүүгдэгч А.Ж нь хохирогч Д.Оэд 2,371,800 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүгдэгч А.Ж нь хохирогч Д.Оийн хохирлыг бэлнээр төлж барагдуулсан болох нь мөнгө хүлээн авч, хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.Жийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Жид Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэв.
Хохирогч Д.О шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах санал байхгүй...” гэв.
Шүүгдэгч А.Жид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 72-74-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч А.Ж нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 74-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч А.Ж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулах тухай санал дүгнэлтийг шүүх хүлээн хүлээн авах боломжгүй байна.
Учир нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн шинж, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж түүнд заавал зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2538000000276 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт хавсарган ирүүлсэн СD нэг ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээхийг шүүгчийн туслахад дуулгасугай.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Жид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Аийн Жийг Эрүүгийн хуулийн тусгай анийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Аийн Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 (хоёр зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жид оногдуулсан 280 (хоёр зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Хэрэгт хавсарган ирүүлсэн СD нэг ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд дуулгасугай.
6. Эрүүгийн 2538000000276 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Жид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР