| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 143/2020/00356/И |
| Дугаар | 144/ШШ2022/00057 |
| Огноо | 2022-04-01 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 144/ШШ2022/00057
2022 04 01 144/ШШ2022/00057
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Даваанаран даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод 2-р баг, Дэнжийн 11-11 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Отгоны Мөнхцэцэг /РД:НЮ67122301/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 2-р баг, Билгэх баруун суу 7-р гудамжны 1 тоот хаягт оршин суух, Шарнууд овогт Төмөртогоогийн Батхуяг /РД:ЦБ74070291/-т холбогдох,
Автомашины төлбөрт 15.000.000 төгрөг, нүүрс тээвэрлэлтийн ашигт 4.000.000 төгрөг, шүүхэд ирж, очих замын болон буудлын зардалд 297.453 төгрөг, машины засварт суутгасан төлбөрт 1.525.000 төгрөг, нийт 20.822.453 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 02 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Базардорж, түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэвэгмэд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Мөнхцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
М.Батхуяг бид хоёр харилцан ярилцан 2018 оны 12 дугаар сарын 20-ийн үеэр Шланз маркийн машиныг хоёр талаасаа 30.000.000 төгрөгийг тус тус гаргаж нийт 60.000.000 төгрөгөөр худалдан авсан.
Би 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийн Хаан банкны 5721626341 тоот данснаас Т.Батхуягийн Хаан банкны 5585589988 тоот данс руу 14.700.000 төгрөгийг машины үнэ гэж, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Т.Батхуягийн Хаан банкны 5585589988 тоот данс руу өөрийн хаан банкны 5723004702 тоот данснаас 500.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн хаан банкны 5721626341 тоот данснаас Т.Батхуягийн Хаан банкны 5585589988 тоот данс руу 10.200.000 төгрөг машины үнэ гэж, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өөрийн Хаан банкны 5721626341 тоот данснаас Должинжавын гэх анх машин зарсан хүний 5225250799 тоот данс руу 1.900.000 төгрөг, Цог гэх хүний нэрээр, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өөрийн Хаан банкны 5723004702 тоот данснаас Должинжавын гэх анх машин зарсан хүний 5225250799 тоот данс руу 2.100.000 төгрөгийг Цог гэх хүний нэрээр тус тус шилжүүлсэн.
Т.Батхуяг дээрх машинаа зарах талаар хэлэхэд би зөвшөөрсөн. Т.Батхуяг надад машинаа зараад урьдчилгаанд 25.000.000 төгрөг авсан, 15.000.000 төгрөгийг нь чамд өгье чи банкныхаа өрийг дар гээд Т.Батхуяг 2019 оны 10 дугаар сарын 15-ний өдөр миний хаан банкны 5723004702 тоот данс руу машин зарсан урьдчилгаа болох 15.000.000 төгрөг явуулахаас машинаа зассан материалын үнийг суутгаад 13.475.000 төгрөгийг өөрийнхөө хаан банкны 5099008805 тоот данснаас хад руу шилжүүлсэн. Өөрөө 10.000.000 төгрөгийг нь авсан гэсэн. Тухайн үед надад хэлэх дээ 2, 3 сарын дотор үлдэгдэл 15.000.000 төгрөгөө шаардаж байгаад чамд гаргуулж өгнө гэж хэлж байсан. Түүнээс 60.000.000 төгрөгөөс хямдруулж зарсан гэж огт хэлээгүй.
Иймд Т.Батхуягаас машины үлдэгдэл мөнгө болох 15.000.000 төгрөгийг гаргуулах,
Т.Батхуяг дээрх машиныг 2018 оны 12 дугаар сарын 21-нд худалдаж авснаас хойш 2019 оны 01, 02 дугаар саруудад уг машинаар тээвэрлэгдэж явсан ба тухайн саруудад олсон ашгаас 01-р сарын ашгийг бүтэн надтай хуваахгүйгээр машинаа засахад зарцуулж байсан. Бид гэрээ хэлцэл хийж олсон ашгаа 50, 50 хувиар хувааж авахаар тохиролцоогүй ч амаар тохиролцож тээвэрлэлтээс олсон ашгаа тэнцүү хувааж авч байсан. Тухайлбал: 2019.03.16-ны өдөр 1.600.000 төгрөг, 2019.03.26-ны өдөр тээврийн хөлс гэж 1.050.000 төгрөг, 2019.03.05 өдөр тээврийн хөлс гэж 1.250.000 төгрөг миний дээрх хаан банкны 5723004702 тоот данс руу Батхуягийн 5099008805 данснаас 2019.05.21-ний өдөр тээврийн хөлс гэж 502.000 төгрөг, 2019.05.21-ний өдөр тээврийн хөлс гэж 50.000 төгрөг, миний дээрх хаан банкны 5723004702 тоот данс руу Батхуягийн 5099008805 данснаас 2019.05.06-ны өдөр тээврийн хөлс гэж 1.500.00 төгрөг, 2019.05.21-ний өдөр тээврийн хөлс гэж 50.000 төгрөг миний дээрх хаан банкны 572300702 тоот данс руу Батхуягийн 5099008805 данснаас 2019.06.17-ны өдөр тээвэр хөлсөө амаар тохиролцон авч байсан.
Энэ нь бид хоёр дундаа авсан машины тээврийн хөлсөө амаар тохиролцон авч өгч байсан гэдэг нь нотлогдох болно. 2019 оны 07 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сарын дунд үе хүртэлх хугацаанд тээвэрлэлтэд явсан байгаа надад огт өгөөгүй учир энэ хугацааны тээврийн хөлсний ашиг 50 хувь болох 4.000.000 төгрөг гаргуулах,
Замын зардалд 297.453 төгрөг, машины засварт суутгасан төлбөрт 1.525.000 төгрөг, нийт 20.822.453 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Базардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.Батхуяг холбогдуулан гаргасан О.Мөнхцэцэгийн нэхэмжлэлийг бүрэн дэмжиж оролцож байна. Өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа нэхэмжлэлийн нийт дүн 20,822,453 төгрөгийг Т.Батхуягаас гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа.
О.Мөнхцэцэг, Т.Батхуяг гэх 2 хүний хувьд хэрэгт авагдсан гуравдагч этгээд буюу Эрдэнэцогоор дамжуулж танилцсан байдаг. Энэ хоёр танилцаад дундаасаа хувь тэнцүү мөнгө гаргаад хамтарч ажиллая, нүүрс тээврийн шланз маркийн машиныг тус бүр 30,000,000 төгрөгөөр аваад нүүрс тээвэрт явсан ашгаа тэнцүү хувааж авъя гэж талууд тохиролцсон. Нэхэмжлэгч О.Мөнхцэцэгийн хувьд Т.Батхуягт 4 удаагийн үйлдлээр 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 14,700,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 10,200,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 1,900,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 2,100,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг машины үнэ гэж Т.Батхуяг руу шилжүүлсэн.
Талууд 60,000,000 төгрөгөөр 98-68 ӨМҮ улсын дугаартай шланз маркийн автомашиныг авч нүүрс тээвэрт явуулаад 2019 оны 01 сараас 2019 оны 10 сар хүртэл хамтарч ажилласан. Хамтарч ажиллах хугацаанд тодорхой хэмжээний нүүрс тээвэрт явж, тодорхой ашгийг олсон, ашгаасаа тодорхой хэмжээний сарын олсон орлогыг тэнцүү хувааж О.Мөнхцэцэгийн данс руу буцааж шилжүүлсэн байдаг.
2019 оны 10 сард тухайн машин нүүрс тээвэрт явах боломжгүй болоод нүүрс тээврийн ханш бууснаас болоод ашиггүй буюу алдагдалтай ажиллаж эхэлсэн. Тийм учраас О.Мөнхцэцэг алдагдалтай байна, ийм учраас тухайн машиныг зарж борлуулъя, өөрийнхөө оруулсан 30,000,000 төгрөгийг гаргаж авъя гэж Т.Батхуягт санал болгосон, Т.Батхуяг ч энэ саналыг хүлээн зөвшөөрсөн.
О.Мөнхцэцэг гэх хүн 30,000,000 төгрөгийг Т.Батхуяг руу шилжүүлэхдээ өөрийн найзынхаа хашаа байшинг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалаад 30,000,000 төгрөг аваад Т.Батхуяг руу шилжүүлсэн. О.Мөнхцэцэг банк бус санхүүгийн газарт 30,000,000 төгрөгийн хүүгээ төлөөд явж байсан. Ингээд талууд машинаа зарахаар болоод машиныг Т.Батхуяг зарж борлуулахдаа анх авсан 60,000,000 төгрөгөөс үнийг нь буулгахгүйгээр зарж борлуулна. Тэгээд 60,000,000 төгрөгөө талууд 30,000,000 төгрөгөөр тус бүр хувааж авъя гэдэг байдлаар хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон. Т.Батхуяг машиныг 60,000,000 төгрөгөөр зарсан. Зараад урьдчилгаа буюу 25,000,000 төгрөгийг хүнээс аваад түүнээс 15,000,000 төгрөгийг О.Мөнхцэцэгийн данс руу шилжүүлсэн, 15,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ тухайн машиныг засахад 1,525,000 төгрөгийн засварын ажил гарсан, энэ мөнгийг нь хасаад 13,475,000 төгрөгийг О.Мөнхцэцэгийн данс руу 2019 оны 10 сарын 25-ны өдөр шилжүүлсэн байдаг. Үлдэгдэл мөнгө яасан талаар асуухад мөнгө орж ирэхгүй байна. Машин буцаагдах зүйл яригдаад байна гээд хугацаа аваад байдаг. Ингээд мөнгийг шилжүүлээгүй өнөөдрийг хүртэл хүрсэн.
Ийм учраас хамтран ажиллах гэрээгээр тохиролцсон машиныг зарж борлуулсны хөлс буюу 15,000,000 төгрөгийг хариуцагч Т.Батхуягаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2019 оны 07 сараас 2019 оны 09 сар хүртэлх хугацааны тээврийн ашиг гэж 4,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Т.Батхуягийн хувьд тухайн машин хувьцаа эзэмшдэг компани буюу “Эхэн сухайт” ХХК-ийн нэр дээр явж байсан. Тухайн машин нүүрс тээвэрт явахад заавал хуулийн этгээд дээр явах шаардлага үүсдэг, тийм учраас Т.Батхуягийн өөрийнх нь “Эхэн сухайт” ХХК дээр явсан. 2019 оны 07 сараас 2019 оны 09 сар хүртэлх хугацаанд Т.Батхуяг О.Мөнхцэцэгт тээвэрт яваагүй, нүүрсний ханш унасан, ийм учраас тээвэрт яваагүй учраас ашиг байхгүй байна гэдэг утгаар тайлбарлаад тухайн саруудын нүүрс тээврийн ашгийг шилжүүлээгүй байдаг.
Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тухайн талуудын авсан машин 2019 оны 07 сараас 2019 оны 09 сар хүртэлх хугацаанд 6 удаагийн рейс хийсэн байгаа. Тэгэхээр энэ машин тухайн саруудад нүүрс тээвэрт яваад тодорхой хэмжээний ашиг олсон байгаа. Тэгэхээр энэ ашгийг шилжүүлээгүй нь гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй гэж үзээд тухайн ашгийг дунджилж бодоод 4,000,000 төгрөгийг Т.Батхуягаас ашгаа гаргуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа.
Мөн 1,525,000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ бол анх нэхэмжлэл дээр ярьсан 15,000,000 төгрөг шилжүүлэхдээ 1,525,000 төгрөгийг засварын мөнгийг хасаад шилжүүллээ гэж хэлдэг. Гэтэл өнөөдөр хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ямар засвар хийсэн, юу зассан, ямар сэлбэг авсан юм гэсэн баримт байдаггүй. Тийм учраас 1,525,000 төгрөгийг Т.Батхуягаас нэхэмжилж байгаа.
Мөн 297,453 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ бол О.Мөнхцэцэг гэх хүн Т.Батхуяг өөрийнхөө гэрээг цуцалснаас мөнгө шилжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас О.Мөнхцэцэг Өмнөговь аймаг руу 2-3 удаа ирж очсон. Тухайн үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирж очих зардал, хоол хүнс, буудлын мөнгөний зардал тус тус гарсан. Энэ зардал нь 297,453 төгрөг болсон. Энэ мөнгөө Т.Батхуягаас гаргуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Т.Батхуягаас нийт 20,822,453 төгрөгийг гаргуулж О.Мөнхцэцэгт олгуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж хууль зүйн дүгнэлтээ хэлье. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлага түүнийг үндэслэж байгаа нотлох баримтуудаа хууль зүйн талаас нь бүгдийг нь нотолсон гэж үзэж байна. 30,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Үүнээс 13,475,000 төгрөг орж ирсэн. Үүнийхээ зөрүүг нэхэмжилж байгаа. Мөн рейс хийсэн ашиг 4,000,000 төгрөг дээр хэлэх тайлбар байхгүй. Тээврийн зардлын хувьд нэхэмжлэгч баримтуудаа хавсаргаад өгсөн учраас түүнийг дэмжиж байна.
Эхний шаардлагын хувьд хариуцагч тал О.Мөнхцэцэгтэй тохиролцоогүй, мөн 37,000,000 төгрөгөөр тээврийн хэрэгслийг нь үнэлсэн учраас зөрүүг нь өгнө гэж ярьж байна. Хэрвээ О.Мөнхцэцэгтэй тохиролцоогүй Эрдэнэцогтой тохиролцсон бол түүнийгээ нотлох ёстой. Өөрийнх нь хэлээд байгаа зүйл бол Эрдэнэцог худал тайлбар гаргасан гэдэг. Эрдэнэцог гуравдагч этгээдээр татагдаад хэрвээ Эрдэнэцог мөнгө авах эрхтэй хүн байсан бол тийм тайлбар хэлэхгүй нь ойлгомжтой. Шүүхэд хэргийн оролцогч үнэн зөв тайлбар гаргаж өгсөн. Мөн хариуцагч тал татгалзлаа нотолсон зүйл байхгүй. Эсрэгээрээ татгалзлаа нотлоод байгаа үндэслэл нь үгүйсгэгдсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан. О.Мөнхцэцэгээс бүх мөнгөнүүд орж ирсэн. О.Мөнхцэцэг Должинжав болон Батхуяг нарын данс руу мөнгө шилжүүлсэн. Тус бүр 30,000,000 төгрөг нийлүүлээд машин авсан гэдэг нь тогтоогдож байгаа. Тэгээд авсан машинаараа үйл ажиллагаа явуулаад ашиг олсон нь тогтоогдож байгаа. Мөнгийг Т.Батхуяг О.Мөнхцэцэг рүү шилжүүлсэн. Яагаад Эрдэнэцогтой тохиролцсон юм бол Эрдэнэцог руу мөнгийг шилжүүлэхгүй, О.Мөнхцэцэг рүү мөнгийг шилжүүлээд байгаа юм бэ, тэгэхээр О.Мөнхцэцэгтэй хамтран ажилласан юм байна. Тус бүр 30,000,000 төгрөг нийлүүлээд машин авсан байна. Тэгээд ашиг олох боломжгүй болсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаагаар Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар үлдэх хөрөнгийн жагсаалт үйлдэж талуудад хуваарилна гэж яриад байгаа. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл нь зарагдаад мөнгө нь орж ирээд 25,000,000 төгрөг орж ирсэн гэдгийг өнөөдөр хариуцагчийн төлөөлөгч арай өөрөөр яриад байх шиг байна. Өмнөх шүүх хуралдаанд хариуцагч машиныг зараад 25,000,000 төгрөгийн урьдчилгаа аваад 15,000,000 төгрөгийг өгсөн. Тухайн тээврийн хэрэгсэл одоо байхгүй учраас үлдэх хөрөнгө байхгүй. О.Мөнхцэцэгийн хувьд оруулсан мөнгөнийхөө зөрүүг авъя гэж байгаа. Тэрнээс биш илүү нэхсэн зүйл байхгүй, оруулсан мөнгөний зөрүү 15,000,000 төгрөг байгаа. Энэ мөнгийг гаргуулж өгнө үү гэсэн тайлбартай байна.
Мөн 2 дахь татгалзлаа тайлбарлахдаа 2022 онд үнэлсэн үнэлгээгээр тайлбарлаж байна. 2021 онд зарсан машин өнөөдөр ямар үнэ ханштай байх нь өнөөдөр тэр машин Т.Батхуягт байж байгаад дундын өмч хөрөнгийг хуваах гээд маргаж байсан бол ярьж байгаа нь зөв, машиныг үнэлж байгаад хуваана. Өнөөдөр зарсан машиныг үнэлээд хуваана гэдэг нь ямар ойлголт байх юм бэ, 2021 онд зарсан машинд 2022 оны машины үнэлгээ ямар хамааралтай юм бэ, үнэлгээний тайланд тусгай зөвшөөрлийг хавсаргах шаардлагагүй гэж хэлэх шиг боллоо. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1 дэх хэсэгт үнэлгээний тайланд заавал тусгай зөвшөөрөлд хавсаргагддаг. Тэгэхээр тусгай зөвшөөрөлгүй үнэлгээчний хийж байгаа үнэлгээний тайланг нарийн мэргэжлийн шинжээч гаргана. Нарийн мэргэжлийн хүн гэдгийг нь тусгай зөвшөөрлөөрөө 3 жилээр сунгагдаад явж байдаг. Тэгэхээр үүнийг нарийн мэргэжлийн үнэлгээчин гаргасан үүнийг шүүх нотлох баримтаар үнэлэх нь баримт мөн үү, угаасаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар үнэлэгдэхгүй. Нотлох баримтын шаардлага хангагдахгүй баримт байгаа. Тэгэхээр энэ үнэлгээний тайлангаар татгалзлаа нотолж 3,500,000 төгрөг өгнө гэж байгаа тайлбар нь өөрөө нотлогдохгүй байна.
Тийм учраас О.Мөнхцэцэгийн зүгээс зөрүү мөнгөө авъя гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ бол ойлгомжтой нэхэмжлэлийн шаардлага байгаа. Тэгэхээр энэ мөнгөн дүнгүүдийг Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээний дагуу ажиллаж байгаад машинаа зарахаар тохиролцоод зарсан. Тэр зөрүү мөнгөө нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжилж байгаа. Үүнийг шүүх хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч талаас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүх хуралдаанд оролцож байгаа. Уг маргаан 2020 оноос эхлэлтэй 2 жил үргэлжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, яагаад хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ тайлбарлахдаа О.Мөнхцэцэг гэх хүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй гэж тайлбарладаг. Эрдэнэцогт гэх хүнийг гуравдагч этгээдээр тогтоогоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хүсэлт гаргасан. Эрдэнэцогт нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа би Т.Батхуягтай зүс таних найзууд О.Мөнхцэцэг бид хоёр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Машин нь жолоочгүй байсан гэсэн үндэслэлгүй худал тайлбар гаргасан. Ингээд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлахдаа машин худалдаж авсан мөнгөний үлдэгдэл 15,000,000 төгрөг гэж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа 30,000,000 төгрөгийг Т.Батхуяг авсан гэж тайлбарлаж байна. 30,000,000 төгрөгийг Т.Батхуяг О.Мөнхцэцэгээс аваагүй. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн дансны хуулга болон өмнөх шийдвэрүүд дээр 25,400,000 төгрөгийг өгсөн байна гэдэг нь хангалттай нотлогдож байгаа. Шүүх хуралдаан дээр 30,000,000 төгрөг гэж яриад байгаа нь үндэслэлгүй байна. 4,000,000 төгрөгийг Должинжав гэх хүн өгсөн юм шиг байна. 25,400,000 төгрөг Т.Батхуягийн дансанд орсонд нь манай зүгээс маргадаггүй. Буцааж 13,475,000 төгрөгийг О.Мөнхцэцэгийн данс руу шилжүүлсэн. Энэ нь хавтаст хэргийн хүрээнд авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн 30,000,000 төгрөг өгсөн гэсэн тайлбар үндэслэлгүй.
Нэмэгдүүлсэн шаардлагаа 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр машины засварт суутгагдсан 1,525,000 төгрөг, мөн ирж очсон зардал, буудлын төлбөр 297,453 төгрөг, 2019 оны 07 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд 6 удаагийн рейс хийсэн тээврийн ашгийн 4,000,000 төгрөгийг тус тус гаргуулна гэж байна. Тээврийн ашгийн 4,000,000 төгрөгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Уг шийдвэрүүд хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа.
297,453 төгрөгийг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагын хувьд үндэслэлгүй. Хэрвээ нэхэмжлэгч Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний явцад үүссэн хохирол нэхэмжлээд байгаа. Өмнөговь аймаг руу ирж очих буудал, шатахууны зардлыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлоод байгаа Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт зааснаар хохирол гэж үзэх үндэслэлгүй. Тийм учраас 297,453 төгрөгийг зөвшөөрөхгүй.
Машины засварын 1,525,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 15,000,000 төгрөгийг сүүлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад давж заалдах шатны шүүхээс буцах үед нэхэмжлэгчийн зүгээс шинжээчийн дүгнэлт гаргаж өгсөн. Өмнө нь шүүхэд шинжээчийн дүгнэлт гаргаж өгнө үү гэж хүсэлт гаргасан боловч шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Чиргүүл нь 6,000,000 төгрөг, толгой нь 31,000,000 төгрөгийг үнэлгээтэй гэж гарсан. Нийтдээ 37,000,000 төгрөг болсон байна. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж үзээд байгаа. Хариуцагчийн талаас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрвээ Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа бол хамтран ажиллах гэрээ дуусгавар болох нөхцөл, талуудын гаргасан хураамжийг хэрхэн шийдвэрлэх талаар хуульд тодорхой зааж өгсөн. Жишээ нь Иргэний хуулийн 480 дүгээр зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна. Хуульд хураамжийг буцаан олгох талаар зохицуулагдаагүй. Үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж хөрөнгийг хуваарилах талаар ярьж байгаа. Хэрвээ Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт зааснаар О.Мөнхцэцэг, Т.Батхуяг нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж үзэх юм бол тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө нь шланз машин болж байгаа. Уг автомашин 37,000,000 төгрөгийн үнэлгээтэй. Т.Батхуягийн зүгээс 13,475,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийтэд нь тооцох юм бол 37,000,000 төгрөгөөс 13,475,000 төгрөгийг хасаад 37,000,000 төгрөгийг 50 хувилж хасаад 3,500,000 төгрөг дээр нэхэмжлэгч талтай эвлэрэх боломжтой. 3,500,000 төгрөгийн үүрэг гүйцэтгэх боломжтой гэж үзэж байгаа. Эдгээр тайлбар үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр татгалзлын талаар тайлбарласан байгаа. Анхан шатны шүүхийн 2 шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2 магадлал гарсан. Харамсалтай нь Эрдэнэцог нь шүүхэд худал тайлбар гаргаад байгаа болохоор хариуцагч татгалзлынхаа үндэслэлийг өөрчлөөд хэрвээ та нар Иргэний хуулийн 479, 480 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноос үүдэх хууль зүйн үр дагавраа тайлбарлаж татгалзлаа үндэслэж байгаа. Сая шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар гэрээ дуусгавар болсон гэсэн. Тэгвэл гэрээ дуусгавар болсон юм бол гэрээ дуусгавар болсноос үндэслэлтэй хууль зүйн үр дагавар нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3, 480.4 дэх хэсэгт зааснаар тайлбарлагдах ёстой байх. 37,000,000 төгрөгийн үнэтэй шланз машины 13,475,000 төгрөгийг төлсөн юм бол 50 хувиар хоёр тал эзэмшсэн гэдэг талууд маргадаггүй. 4,000,000 төгрөгийг Должинжав гэх хүнд шилжүүлсэн. 50 хувиар дундаа өмчилж байгаа юм бол 13,475,000 төгрөгийг манай зүгээс өгсөн. Одоо 3,500,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэсэн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна гэв.
Гуравдагч этгээд Д.Эрдэнэцог шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие Т.Батхуягтай зүс таних найзууд, Т.Батхуяг, О.Мөнхцэцэг нар нь хамтарч шланз маркийн машиныг 2 талаасаа 30, 30 сая төгрөгийг нийлүүлж, хамтран ажиллахаар тохиролцсон. Тавантолгой цагаан хад хооронд нүүрс тээвэр хийж түүнээс олсон ашгийг тэнцүү хувааж авахаар тохиролцсон. Уг машиныг хамтран ажиллаж байх хугацаанд миний бие жолоочийн үүрэг гүйцэтгэж тухайн тээвэрт явсан тээврийн хөлсийг Т.Батхуягийн данс руу шилжүүлдэг байсан. Т.Батхуяг тээврийн хөлс болох 50 хувь О.Мөнхцэцэг рүү шилжүүлж байсан.
2020 оны 07 дугаар сарын 10-аар ажил зогсоод нүүрс тээвэр ашиггүй болоод зогссон.
Тэгээд манай эхнэр О.Мөнхцэцэг, Т.Батхуяг хоёр машин зарахаар болсон тул би Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед автомашиныг авахад миний талаас мөнгө гаргаагүй, О.Мөнхцэцэг найзынхаа хашаа байшинг банканд тавьж 30 сая төгрөгийг Т.Батхуягт шилжүүлсэн. Миний зүгээс Т.Батхуягаас нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.
Нэхэмжлэгч талаас: “Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн 2020.08.04-ний өдрийн GSR-20-B/222 дугаартай албан бичиг, зардлын баримтууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хавтас хэргийн 7-18, 29, 50-54, 65-66/-ыг зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүгчийн захирамжаар “Эхэн сухайт” ХХК-ийн татварын тайлан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа зэргийг зохих байгууллагаас нь гаргуулсан байна. /хавтас хэргийн 45-46, 61-63, 161, 162-166/
Хариуцагч талаас: “шүүхэд 2020.07.16-ны өдөр гаргасан хариу тайлбар, Ц.Бямбажавын зээлийн дансны хуулга, Т.Батхуягийн ХААН банкны депозит дансны хуулга, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 36, 38 дугаартай үнэлгээний тайлан зэрэг баримтыг гаргаж өгсөн. /хавтас хэргийн 25, 218-219, 220-223, 224, 2 дахь хавтас хэргийн 23-27 дахь тал/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Мөнхцэцэг нь хариуцагч Т.Батхуягт холбогдуулан автомашины төлбөрт 15.000.000 төгрөг, нүүрс тээвэрлэлтийн ашигт 4.000.000 төгрөг, шүүхэд ирж, очих замын болон буудлын зардалд 297.453 төгрөг, машины засварт суутгасан төлбөрт 1.525.000 төгрөг, нийт 20.822.453 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь “...талууд дундаасаа хувь тэнцүү мөнгө гаргаад хамтарч ажиллая, нүүрс тээврийн шланз маркийн машиныг тус бүр 30.000.000 төгрөгөөр аваад нүүрс тээвэрт явсан ашгаа тэнцүү хувааж авъя гэж талууд тохиролцож, 30.000.000 төгрөгийг Т.Батхуягт шилжүүлсэн...2019 оны 10 сард тухайн машин нүүрс тээвэрт явах боломжгүй болоод нүүрс тээврийн ханш бууснаас болоод ашиггүй буюу алдагдалтай ажиллаж эхэлсэн учраас тухайн машиныг зарж борлуулъя, өөрийнхөө оруулсан 30.000.000 төгрөгийг гаргаж авъя гэж Т.Батхуягт санал болгосон, Т.Батхуяг ч энэ саналыг хүлээн зөвшөөрсөн...машин зарсан мөнгөнөөс 15,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ тухайн машиныг засахад 1.525.000 төгрөгийн засварын ажил гарсан, энэ мөнгийг нь хасаад 13.475.000 төгрөгийг авсан...үлдэх машины төлбөрт 15.000.000 төгрөгийг...2019 оны 07 сараас 2019 оны 09 сарын дунд үе хүртэлх хугацааны тээврийн ашиг гэж 4,000,000 төгрөгийг.... шүүхэд ирж, очих замын болон буудлын зардалд 297.453 төгрөгийг...машинд засвар хийсэн болох нь нотлогдохгүй байх тул үндэслэлгүй машины засварт суутгасан төлбөрт 1.525.000 төгрөг, нийт 20.822.453 төгрөгийг хариуцагч Т.Батхуягаас гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.
Хариуцагч нь “...О.Мөнхцэцэг гэх хүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй...30,000,000 төгрөгийг Т.Батхуяг О.Мөнхцэцэгээс аваагүй... Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт зааснаар О.Мөнхцэцэг, Т.Батхуяг нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж үзэх юм бол тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө нь шланз машин болж байгаа... Иргэний хуулийн 480 дүгээр зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна. Хуульд хураамжийг буцаан олгох талаар зохицуулагдаагүй...хөрөнгө болох шланз машины чиргүүл нь 6,000,000 төгрөг, толгой нь 31,000,000 төгрөг, нийт 37,000,000 төгрөгийн үнэлгээтэй. Т.Батхуягийн зүгээс 37.000.000 төгрөгийн тавин хувь болох 18.500.000 төгрөгөөс 13,475,000 төгрөгийг шилжүүлсэн, засварт 1.525.000 төгрөгийг зарцуулсан учир үлдэх 3,500,000 төгрөг дээр нэхэмжлэгч талтай эвлэрэх боломжтой...” гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргаж байна.
Талууд 2018 оны 12 дугаар сарын 20-ны үед 98-69 ӨМҮ улсын дугаартай Шланз маркийн автомашиныг иргэн Должинжав гэх хүнээс нүүрс тээвэрт явуулах зорилгоор худалдан авсан, нэхэмжлэгч О.Мөнхцэцэг нь хариуцагч Т.Батхуягийн нэр дээрх ХААН банкны 5585589988 тоот данс руу нийт 25.400.000 төгрөг, Должинжав гэх хүний данс руу 4.000.000 төгрөг шилжүүлж, улмаар Т.Батхуяг нь нийт 13.475.000 төгрөгийг О.Мөнхцэцэгт буцаан өгсөн нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож, зохигчид энэ тал дээр маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар дээрх үйл баримтуудыг тогтоогдсон гэж үзнэ.
Хариуцагч тал нь “...О.Мөнхцэцэг гэх хүнтэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй...” гэж маргаж байх боловч 98-69 ӨМҮ улсын дугаартай шланз маркийн автомашины үнэ болон засварын талаар ярилцаж, мөнгийг О.Мөнхцэцэгээс хүлээн авч, тодорхой тээвэрлэлтийн ашгийг буцаан шилжүүлж, түүнчлэн автомашины худалдсан үнийн зарим хэсгийг шилжүүлж байсан үйл баримт талуудын тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д заасан нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч О.Мөнхцэцэг, хариуцагч Т.Батхуяг нарын хооронд 2018 оны 12 дугаар сард 98-69 ӨМҮ улсын дугаартай Шланз маркийн автомашиныг дундаасаа хөрөнгө гарган 60.000.000 төгрөгөөр худалдан авч, нүүрс тээвэрт явуулж ашиг олох зорилгоор хамтарсан нь талуудын хооронд 2018 оны 12 дугаар сард Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээгээр 2 буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүргийг хүлээхээр зохицуулсан гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.
Нэхэмжлэгч О.Мөнхцэцэг нь хамтын үйл ажиллагаанд зориулж нүүрс тээвэрт явуулах 98-69 ӨМҮ улсын дугаартай шланз маркийн автомашины үнэнд нийт 29.400.000 төгрөг /Т.Батхуягийн дансанд 2018.12.21-нд 14.700.000 төгрөг, 2019.01.14-нд 500.000 төгрөг, 2019.01.25-нд 10.200.000 төгрөг, машин худалдсан Должинжавын дансанд 2019.03.06-нд 1.900.000 төгрөг, 2019.03.06-нд 2.100.000 төгрөг/ шилжүүлсэнийг гэрээнд оруулсан хураамж гэж тодорхойлж болох юм.
Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4-т “дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байхаар заасан ба талуудын мөнгөө нийлүүлж худалдан авсан 98-69 ӨМҮ улсын дугаартай шланз маркийн автомашин нь талуудын дундаа өмчлөх хөрөнгө болсон байна.
Талууд дундаа өмчлөх хөрөнгөө авсан үнээрээ буцаан зарахаар, оруулсан мөнгөө буцаан авахаар харилцан тохиролцож, Т.Батхуяг нь 2019.10.15-ны өдөр 13.475.000 төгрөгийг О.Мөнхцэцэгийн данс руу шилжүүлсэн болох нь ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байгаагаас дүгнэхэд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2-т зааснаар талууд шийдвэрлэж, 2019 оны 10 дугаар сард хамтран ажиллах гэрээг дуусгавар болгожээ. /хавтас хэргийн 65 дахь тал/
Иймд нэхэмжлэгч нь хамтын үйл ажиллагаанд зориулж оруулсан хураамж буюу шланз автомашины үнэнд өгсөн мөнгөө гаргуулахаар нэхэмжилсэнийг буруутгах боломжгүй байна.
Хариуцагч талаас Иргэний хуулийн 480 дүгээр зүйлийн 480.3-т зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна. “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022.01.29-ний өдрийн 38 дугаартай үнэлгээний тайлангаар чиргүүл нь 6.000.000 төгрөг, 36 дугаартай үнэлгээний тайлангаар толгой нь 31.000.000 төгрөг, нийт 37.000.000 төгрөг, түүний тавин хувь нь 18.500.000 төгрөг, үүнээс 13.475.000 төгрөгийг төлсөн, засварт 1.525.000 төгрөгийг зарцуулсан, үлдэх 3.500.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгч болно” гэж тайлбарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 480 дүгээр зүйлийн 480.3-т зааснаар талуудад жагсаалт үйлдэж, хуваарилах хөрөнгө байхгүй, 2019 оны 10 дугаар сард гэрээ дуусгавар болох үед Т.Батхуяг нь шланз автомашиныг бусдад худалдсан гэж машины үнийн тодорхой хувийг буцаан өгч байсан, мөн одоо бусдын өмчлөл /М.Болор-Эрдэнэ, Жи Эс Би Капитал ББСБ/-ийн зүйлийн үнэлгээг “Хас үнэлгээ” ХХК-иар хийлгэсэн, үнэлгээний дагуу төлбөрийг хуваах боломжтой гэх тайлбар үндэслэлгүй байна. /2 дахь хавтас хэргийн 23-27 дахь тал/
Нэхэмжлэгч нь машины засварт суутгасан гэх төлбөрт 1.525.000 төгрөгийг нэхэмжилсэн ба Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцахаар заасан хэдий ч 98-69 ӨМҮ улсын дугаартай шланз автомашинд засвар үйлчилгээ хийлгэж зардал гаргасан болохоо хариуцагч нь нотолгооны үүргийн зарчмын хувьд бичгийн нотлох баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн үндэслэлгүйгээр автомашины засварт суутгасан төлбөр гэж 1.525.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Батхуягаас автомашины төлбөрт 14.400.000 төгрөг, машины засварт суутгасан төлбөрт 1.525.000 төгрөг, нийт 15.925.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Мөнхцэцэгт олгохоор шийдвэрлэлээ
Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцахаар заасан ба 2019 оны 07 сараас 2019 оны 09 сарын дунд үе хүртэлх хугацааны нүүрс тээвэрлэлтийн ашиг гэж 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжилсэн ба дээрх хугацаанд 98-69 ӨМҮ улсын дугаартай шланз маркийн автомашин нь нийт 6 рейс нүүрс тээвэрлэлт хийсэн болох нь “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн 2020.08.04-ний өдрийн GSR-20-B/222 дугаартай албан бичгээр тогтоогдож байгаа хэдий ч 6 рейс нүүрс тээвэрлэлтэд хэчнээн хэмжээний ашиг олсоныг нэхэмжлэгч нь нотолгооны үүргийн зарчмын хувьд бичгийн нотлох баримтаар нотлоогүй, шүүхэд ирж, очих замын болон буудлын зардалд 297.453 төгрөгийг хохирол гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас нийт 4.297.453 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч тал “...О.Мөнхцэцэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, Д.Эрдэнэцог гэх хүнтэй гэрээ байгуулсан” гэх боловч хариуцагч Т.Батхуягийн хүсэлтээр шүүх 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 143/ШЗ2021/00430 дугаартай захирамж гаргаж, иргэний хэрэгт Д.Эрдэнэцогийг гуравдагч этгээдээр оролцуулсан ба тэрээр “... Тэгээд манай эхнэр О.Мөнхцэцэг, Т.Батхуяг хоёр машин зарахаар болсон тул би Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед автомашиныг авахад миний талаас мөнгө гаргаагүй, О.Мөнхцэцэг найзынхаа хашаа байшинг банканд тавьж 30 сая төгрөгийг Т.Батхуягт шилжүүлсэн. Миний зүгээс Т.Батхуягаас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбарыг гаргасан учир О.Мөнхцэцэг, Т.Батхуяг нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, харин Т.Батхуяг, Д.Эрдэнэцог нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. /хавтас хэргийн 210-212 дахь тал/
Гуравдагч этгээд Д.Эрдэнэцог нь “...шүүх хуралдаанд оролцох боломжгүй эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг бичгээр шүүхэд ирүүлж, шүүх хуралдаанд оролцоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх зохигч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “...хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” эрхийг бүрэн хангасан ба шүүхийн хэлэлцүүлэгт талууд “энэ эрх бүрэн хангагдсан, хэргийн материалтайгаа бүрэн дүүрэн танилцсан” талаар тайлбарласан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 301.873 төгрөг /252.950+9.573+39.350/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Батхуягаас улсын тэмдэгтийн хураамжид 237.575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Мөнхцэцэгт олгохоор тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Батхуягаас нийт 15.925.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Мөнхцэцэгт олгосугай.
2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4.897.453 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 301.873 төгрөг /252.950+9.573+39.350/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Батхуягаас улсын тэмдэгтийн хураамжид 237.575 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Мөнхцэцэгт олгосугай.
4. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 144/ШЗ2021/00184 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН