Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 144/ШШ2022/00076

 

 

2022           05             18                                                      144/ШШ2022/00076                                

 

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 200/19, “Жем Трейд” ХХК-ийн байранд байрлах, “Жем Трейд” ХХК /РД:2822067/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цэций-Уулын 1-404 тоот хаягт байрлах, “Шандаст Шанх” ХХК /РД:3613984/-д холбогдох,

 

Зээлээр нийлүүлсэн барааны төлбөрт 15.798.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Жем Трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Жавхлан /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Шандаст Шанх” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Норжинбадам /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар У.Гантулга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жем Трейд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Жавхлан гаргасан тайлбартаа:

Хариуцагч “Шандаст шанх” ХХК нь нэхэмжлэгч “Жем трейд” ХХК-ийн үйлдвэрлэлийн бараа болох ус, ундаа, архи, пиво нэрийн бүтээгдэхүүнийг 2020 оноос хойш хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлээр худалдан авч зарж борлуулан ашиг олдог байсан.

Талууд хамтын ажиллагааны хүрээнд бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах худалдан авах харилцааг үүсгэдэг байсан ба хариуцагч 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 9.541.260 төгрөгийн бараа, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 6.733.300 төгрөгийн бараа тус тус зээлээр татан авч өмнөх зээлээр авсан барааны үлдэгдэлтэй нийт 19.476.260 төгрөгийн тооцоотой болсон. Хариуцагчтай хамтран ажиллах хүрээндээ нэхэмжлэгч тал дээрх нийт тооцооноос хариуцагчийн 2021 оны 03 дугаар сард татан авсан 9.541.260 төгрөгийн барааны төлбөрөөс 3 хувийн хөнгөлөлт үзүүлж, 286.300 төгрөг хассан.

Хариуцагч нь үлдэгдэл төлбөрөөс 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 3.189.960 төгрөгийг нэхэмжлэгч талд төлж, мөн нэхэмжлэгч дахин үлдэгдэл төлбөрөөс 2021 оны 4 сарын 6.733.300 төгрөгийн татан авалтаас 3 хувийн хөнгөлөлтийг үзүүлснээр хариуцагчийн төлбөрийн үлдэгдэл 15.798.000 төгрөг байна.

Нэхэмжлэгч “Жем трейд” ХХК-с дээрхи төлбөрийг төлж барагдуулах тал дээр хамтын ажиллагааг удаа дараа санал болгож, хугацаа тохирон төлж барагдуулахыг албан тоотоор шаардсан боловч хариуцагч төлбөрийг төлөлгүй бидний хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байна.

Хариуцагч “Шандаст шанх” ХХК-аас зээлээр нийлүүлсэн барааны төлбөрийн үлдэгдэл 15.798.000 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.

Захиалсан бараа бүтээгдэхүүнийг 1-2 хоногийн дотор хүргэж өгч, хүлээлцсэн баримтад гарын үсэг зуруулж байсан. Хариуцагч компаниас  2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 14.000.000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 4,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 3.189.960 төгрөгийг тус тус төлсөн гэв.

 

Хариуцагч “Шандаст Шанх” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Норжинбадам шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь “Жем трейд” ХХК-иас бараа бүтээгдэхүүнийг сарын эхэнд зээлээр авч сарын сүүлд авсан зээлээ бүрэн төлж барагдуулж, олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн.

Гэвч 2021 оны  хавраас зээлийн барааны мөнгийг төлсөн байтал авсан зээлээс хасагдахгүй, анхны зээлийн дүн гарч ирж байсан учир юу болов, хаана, ямар алдаа гарсныг тодруулахаар лавлахад тухайн үед ажиллаж байсан нягтлан ажлаасаа гарсан гэсэн хариулт өгсөн. Танайх дансаа шалга гэж хэлтэл та дансаа шалгаад баримтаа явуул зэрэг төвөгтэй чирэгдэлтэй хариулт өгч байсан.

Сүүлийн хоёр удаагийн барааг Нэргүй, Минжинсор гэх хүмүүс авсан байна. Нэргүй, Минжинсор хоёр нь манай дэлгүүрт ажилладаг ажилчид мөн бөгөөд Минжинсор нь жирэмсний амралт авсан, Нэргүй нь 2 сарын өмнө ажлаасаа гарсан.

Нэргүй бол манай нөгөө дэлгүүрийн касс байж 4 давхарт ирсэн барааг аваад гарын үсэг зурсныг ойлгохгүй байна. Түүнээс энэ талаар тодруулах гэхээр хайгаад олдохгүй байна. Би нэхэмжлэгч компанийг тухайн барааг хүлээлгэн өгсөн гээд манай ажилчидаар гарын үсгийг нөхөөд зуруулсан байх гэж хардаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын тооцоонд зөрүү байгаа учраас зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 9.541.260 төгрөгийн бараа авсан, өмнөх үлдэгдэл тооцоогоо хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр бол утсаар бараа захиалсан, манайхаас барааг хүлээн авсан талаар надад мэдэгдээгүй, мөн барааг манай нөгөө салбар дэлгүүрийн Нэргүй авсан гэж баримтад гарын үсэг зурсан байна. Иймээс 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 6.733.300 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайхаас 14.000.000 төгрөг, 4.000.000 төгрөг, үлдэгдлээ тэгшитгээд 3.189.960 төгрөгийг тус тус төлсөн гэв.

 

Нэхэмжлэгч “Жем Трейд” ХХК-иас: “Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 230073 дугаартай, 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 230062 дугаартай зарлагын баримт, хариуцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09/22 дугаартай “шаардлага хүргүүлэх тухай” албан тоот, “Жем Трейд” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ” зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. /хавтас хэргийн 3, 5-9 дахь тал/

 

Хариуцагч “Шандаст Шанх” ХХК-иас: “2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хариу тайлбар, “Шандаст Шанх” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар бичгээр ирүүлсэн” болно. /хавтас хэргийн 13, 17-21 дэх тал/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жем Трейд” ХХК нь хариуцагч “Шандаст Шанх” ХХК-д холбогдуулан зээлээр нийлүүлсэн барааны төлбөрт 15.798.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч “Жем Трейд” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 9.541.260 төгрөгийн бараа, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 6.733.300 төгрөгийн бараа тус тус зээлээр татан авч, өмнөх зээлээр авсан барааны үлдэгдэлтэй нийт 19.476.260 төгрөгийн тооцоотой болсон...үлдэгдэл 15.798.000 төгрөгийг төлөөгүй тул үүнийг нэхэмжилнэ” гэж тодорхойлсон.

 

Хариуцагч “Шандаст Шанх” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг “...Нэхэмжлэлийн шаардлагаас 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 9.541.260 төгрөгийн бараа авсан, өмнөх үлдэгдэл тооцоогоо хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр бол утсаар бараа бүтээгдэхүүн захиалсан, манайхаас барааг хүлээн авсан талаар надад мэдэгдээгүй, мөн барааг манай нөгөө салбар дэлгүүрийн Нэргүй авсан гэж баримтад гарын үсэг зурсан байна. Иймээс 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 6.733.300 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайхаас 14.000.000 төгрөг, 4.000.000 төгрөг, үлдэгдлээ тэгшитгээд 3.189.960 төгрөгийг тус тус төлсөн...нэхэмжлэлийн шаардлагын тооцоонд зөрүү байгаа учраас зөвшөөрөхгүй” гэж маргасан.

 

Нэхэмжлэгч “Жем трейд” ХХК-ийн үйлдвэрлэлийн бараа болох ус, ундаа, архи, пиво зэрэг нэрийн бүтээгдэхүүнийг 2020 оноос хойш зээлээр хариуцагч “Шандаст Шанх” ХХК нь худалдан авч, өөрийн “Хишиг” нэртэй дэлгүүрээр худалдан борлуулдаг байсан тал дээр шүүхийн хэлэлцүүлэгт талууд маргаангүй, талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдсан гэх боловч хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй болно.

 

Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар эд хөрөнгийг шилжүүлснээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4-т зааснаар Зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

 

Гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор худалдагч нь худалдан авагчаас зээлээр худалдсан бараа бүтээгдэхүүний үнийг шаардах эрхтэй юм.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч нь харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээнээс 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 6.733.300 төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээн авсныг зөвшөөрөхгүй, бусад 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 21.639.700 төгрөгийн үлдэгдэлтэй, 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 9.541.260 төгрөгийн бараа авсан, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 14.000.000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 4.000.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 10-ны 3.189.960 төгрөгийг төлсөнд маргаагүй болно. /хавтас хэргийн 7 дахь тал/

 

Шүүх хариуцагчийн маргаж буй 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 6.733.300 төгрөгийн бараа бүтээгдэхүүний тухайд дүгнэлт хийж үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Норжинбадам нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр бараа бүтээгдэхүүнийг утсаар захиалсан, барааг хүлээн авсан н.Нэргүй гэх хүн нь “Шандаст шанх” ХХК-ийн ажилтан мөн боловч ажлаасаа гарсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг, харин 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр захиалсан барааг манай дэлгүүрээс хүлээн авсан талаар өөрт нь мэдэгдээгүй, дэлгүүрт тухайн бараа байгаа эсэхийг мэдэхгүй гэж байгаа боловч маргаж байгаа үйл баримтаа нотолсон баримтыг хавтас хэрэгт гаргаж өгөөгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал нь татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй боловч татгалзлын үндэслэлээ нотолсон бичгийн нотлох баримтыг гаргаж өгөөгүй ба нотолгооны үүргийн зарчмын хувьд захиалсан бараа бүтээгдэхүүнээ хүлээн аваагүй болохоо нотлох үүрэгтэй болно.

 

Нэхэмжлэгч тал нь “2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зарлагын 230073 дугаартай баримтаар жагсаалтад дурдсан бараа бүтээгдэхүүнийг түгээгч Б.Үйтүмэн гэх хүнээс Нэргүй гэх хүнд хүлээлгэн өгсөн гэх баримтыг нотлох баримтаар нэхэмжлэлд хавсарган гаргаж өгсөн” ба үүнийг няцаасан баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй.

 

Иймд шүүхээс Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4-т зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 15.798.000 төгрөгийг хариуцагч “Шандаст Шанх” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч “Жем трейд” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Тооцооллыг харуулбал: эхний үлдэгдэл 21.639.700 /2021.03.08-ны өдрийн байдлаар хариуцагч маргаагүй/ төгрөг +зээлээр захиалсан барааны үнэ 9.541.260 /2021.03.08-ны өдөр/ төгрөг +зээлээр захиалсан барааны үнэ 6.733.300 төгрөг /2021.04.07-ны өдөр/ -хөнгөлөлт 438.000 /2 сарын татан авалтын/ төгрөг -хөнгөлөлт 286.300 /3 сарын татан авалтын/ төгрөг -хөнгөлөлт 202.000 /4 сарын татан авалтын/ төгрөг -хариуцагчийн төлсөн төлбөр 14.000.000 /2021.03.10-ны өдөр/ төгрөг -4.000.000 /2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр/ төгрөг -3.189.960 /2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр/ төгрөг =үлдэгдэл 15.798.000 төгрөг болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Шандаст Шанх” ХХК-иас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 15.798.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Жем трейд” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Жем Трейд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236.940 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Шандаст шанх” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 236.940 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Жем Трейд” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ДАВААНАРАН