Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2021/00031/И |
Дугаар | 144/ШШ2022/00060 |
Огноо | 2022-04-12 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 144/ШШ2022/00060
2022 04 12 144/ШШ2022/00060
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7-р хороо, 116-25 тоот “Говийн шигтгээ” ХХК /РД:5458048/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Манлай сум, 1-р баг, Өехий асартайд оршин байрлах “Асартайн говь” ХХК /РД:3623084/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 448,542,960 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 430.712.776,5 төгрөгийн нэмэгдүүлсэн шаардлагатай нийт 879.255.735,6 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Мөнхчимэг /цахимаар/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөр /цахимаар/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэвэгмэд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Говийн шигтгээ” ХХК нь Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 448.552.960 төгрөг, 430.712.735,5 төгрөгийн нэмэгдүүлсэн шаардлагатай нийт 879.255.735,6 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч “Говийн Шигтгээ” ХХК нь шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлдээ: “...“Асартайн говь” ХХК болон “Говийн Шигтгээ” ХХК нар нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Г/101 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ”-г байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. “Говийн Шигтгээ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж Орон нутгийн өмчит “Тавантолгой ХК-ийн нүүрсний аман дээр байрлах өөрийн колонкоор дамжуулан “Асартайн говь” ХХК-д дизель түлшийг гэрээний хавсралтад заасан үнээр нийлүүлж байсан. Хамтран ажиллах хугацаанд гэрээгээр тохирсон нөхцөлийн дагуу дизель түлшний үнэ зарим сард хугацаа хэтэрч төлөгдөж байсан тухай хугацаа хэтрэлт болгонд захирал П.Нямцогт, гүйцэтгэх захирал П.Баасанцогт нарт утасдан мэдэгддэг байсан. 2020 оны эхээр “Асартайн говь” ХХК нь үйл ажиллагаа явуулахгүй болж “Говийн Шигтгээ” ХХК-ийн колонкоос дизель түлш авахаа зогсоосон.
Үүний дараагаар төлбөрийн нийт үлдэгдэл болон алдангийг гэрээний дагуу тооцоолон хариуцагч талд мэдэгдсэн. Захирал П.Нямцогт, түүний эхнэр Золоод гүйцэтгэх захирал П.Баасанцогтод албан бичиг, тоотоор мэдэгдэж байсан. Гүйцэтгэх захирал П.Баасанцогт, захирал П.Нямцогт нар тухайн үед төлбөрийг алдангитай нь удаахгүй барагдуулна, хүнээс авах мөнгөн авлагаа авахаараа бүгдийг нь төлж барагдуулна, зам ангиас санхүүжилт орохоор төлнө гэж, утсаар болон е-майл-ээр хариу болон бичгээр албан тоот хүргүүлж байсан боловч одоог хүртэл гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ гүйцэтгэлгүй “Говийн Шигтгээ” ХХК-д асар их хэмжээний хохирол учраад байгаа болно.
Одоогоор нийт дизель түлшний үндсэн үнэ 299,028,640 төгрөг, алданги 149,514,320 төгрөг нийт 448,542,960 төгрөгийн төлбөрийг “Асартайн говь” ХХК нь гэрээний дагуу төлөх үүрэгтэй.
Иймд 448,542,960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
2. 2022 оны 03 сарын 23-ны өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: “…Хариуцагч талаас нийтдээ 1,696,020,500 төгрөгийн төлбөр төлсөн ба үүнээс үндсэн төлбөрт 1,353,878,199 төгрөгийг, гэрээний алдангид 342,142,301 төгрөгийн үндсэн өрийн үлдэгдэлтэй байсан ч хариуцагч талаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзэж, хариуцагч талд боломж олгож, нэмж зээлээр түлш олгож, үндсэн өрийг 299,028,640 төгрөг болгон бууруулж, алдангийн хамт 448,542,980 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл хариуцагч тал уг нэхэмжлэлийн үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрдөг ч алдангийг ямар ч үндэслэлгүй шалтгаанаар төлөхгүй гэж маргалдан элдэв шалтаг тоочин шүүх хуралдааныг олон удаа хойшлуулж өдийг хүрсэн ба тус шүүхэд бид 2021 оны 02 дугаар сарын 22-ний өдөр нэхэмжлэл гаргаснаас хойш бүтэн 1 жил 1 сарын хугацаа өнгөрсөн байна. Манай тал үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүртэл маш их хэмжээний ашигт ажиллагааны боломжоо алдаж, маш их хэмжээний хохирлыг өөртөө хүлээн байж олгосон боломжийг үл хүндэлж, ёс зүйгүй хандаж, төлөхөөр тохиролцсон хугацаандаа төлбөрөөс санаатайгаар зайлсхийх, шийдвэрлэх цаг хугацааг удаашруулж ингэснээр бидний санхүүгийн хохирол нэмэгдсээр байгаа болно. Тиймээс нэхэмжлэгч “Говийн шигтгээ” ХХК-ийн зүгээс талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3, 5.1 дэх заалтын дагуу гэрээг дүгнэн тооцож үзэхэд зээлээр нийлүүлсэн түлшний төлбөрт 586,170,491 төгрөгийн үндсэн өрийн үлдэгдэлтэй байгааг алданги 293,085,245,5 төгрөг, нийт 879,255,735,6 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 430,712,776,5 төгрөгөөр нэмэгдүүлэн нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Мөнхчимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 02 сарын 22-ний өдөр “Асартайн говь” ХХК-д холбогдуулан нийт үндсэн өрийн үлдэгдэл 299,028,640 төгрөг, хуульд заасан хэмжээгээр алдангийг тооцоод 448,542,960 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Манай талаас гэрээг яаж дүгнэсэн бэ гэхээр гэрээний 5.2 дугаар зүйлд заасан зээлээр худалдан борлуулах гэрээнд заасны дагуу гэрээг дүгнэлгүйгээр боломжийг олгоод бүтэн 2 жил гаруйн хугацаанд хүү алданги тооцолгүйгээр 2021 оны 02 сарын 22-ний өдөр нэхэмжлэл гаргасан байсан. Гэтэл шүүх шийдвэрлэхдээ манай нэхэмжлэлийг хангаад захирамж гарахад хариуцагч тал үндсэн үнийн өрийн үлдэгдлийг ч хүлээн зөвшөөрөхгүй бид нарын олгож байгаа боломжийг ч хүлээн зөвшөөрөхгүйгээр дахин давж заалдах гомдол гарган бидэнд өчнөөн олон хүндрэлийг үүсгээд байгаа. Үүнээс үүдээд маш их цаг хугацаа өнгөрөөд санхүүгийн өчнөөн олон асуудал үүссэн. Анх ирүүлсэн саналынх нь дагуу бид нар гэрээний хүү, алданги огт тооцолгүйгээр зөвхөн ирүүлсэн саналынх нь дагуу шийдээд нэхэмжлэл үүсгэсэн байсан. Гэтэл өчнөөн цаг хугацаа алдаад байгаа учраас нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж байгаа. Тэгээд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байгааг хүснэгтээр дэлгэрэнгүй өгсөн байгаа. 2019 оны 01 сараас 5 сар хүртэл огт хүү, алданги тооцохгүйгээр явж байсан бол 2019 оны 01 сарын 02-ний өдрөөс эхлээд манайхаас зээлээр түлш худалдан авсан хугацаанаас нь эхлээд гэрээгээ дүгнээд хүү, алданги тооцсон дүнгээр төлсөн төлбөр нь үндсэн өр лүгээ болон гэрээнийхээ тухайн сард төлөгдөх ёстой дүнгээр нь хүү алдангидаа төлөгдөөд үлдсэн төлбөр нь үндсэн төлбөрөөс хасагдах журмаар тооцоолол хийгээд нэхэмжлэлтэйгээ хамт задаргааг нь хавсаргасан байгаа” гэв.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Энхтөр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч “Говийн шигтгээ” ХХК болон хариуцагч “Асартайн говь” ХХК-ийн хооронд 2018 оны 11 сарын 15-ний өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулагдсан. Энэ гэрээ нь хүчин төгөлдөр байдлын хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Талууд үүнийг хүлээн зөвшөөрдөг. Тухайн гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан гэрээний шинжийг бүрэн хангадаг. Энэ гэрээнийхээ дагуу нэхэмжлэгч талаас зээлээр түлш нийлүүлдэг. Нийт түлш нь 861,044 литр түлш энэ түлшний нийт үнэ нь 1,940,048,690 төгрөгийн үнэлгээтэй түлшийг зээлээр нийлүүлсэн байдаг. Үүнээс хариуцагч талаас нийтдээ 1,696,020,500 төгрөгийг түлшний төлбөрт суутгаж төлсөн байдаг. Анх нэхэмжлэл гаргахдаа тухайн түлшнийхээ төлбөрийг тухайн сарынхаа 25-ний өдрөөр тасалбар болгоод дараа сарынхаа 15-ний дотор төлж барагдуулна. 15-ний өдрөөс хойш хугацаа хэтрэх юм бол алданги тооцно гэж заасан байдаг. Хариуцагч талаас энэ хугацааг анх гэрээ байгуулснаас хойш дараа сараас эхлээд гэрээний хугацааг зөрчөөд алданги тооцсон байдаг. Гэхдээ алданги тооцохгүйгээр өмнөх үндсэн нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл хариуцагч үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй сүүлдээ алданги ч төлөхгүй гэж маргадаг учраас гэрээнийхээ дагуу алданги тооцоод нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлсэн байдаг. Нийтдээ 430,712,776 төгрөгөөр нэмэгдүүлж үндсэн төлбөрт нь 586,170,491 төгрөгийн үндсэн төлбөртэй байна гэж тооцож гаргаж ирсэн. Үүний алданги нь 293,085,245 төгрөгийг алдангид бодоод нийтдээ 879,255,735 төгрөгийг хариуцагчаас гаргуулъя гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь хэрэгт авагдсан зарлагын падаанууд, алданги тооцох болсон тооцооллыг хавтаст хэрэгт ерөнхий байдлаар алдангиа сар сараар нь гаргаж хавсаргасан байдаг. Тэгэхээр энэ үнийн дүн маргаангүй таарч байгаа гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, гэрээнд алданги тооцохоор зааж өгсөн. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар алданги тооцохоор гэрээндээ заасан учраас хуулийн шаардлага хангагдаж байгаа. Тийм учраас үндсэн төлбөр төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцож нэхэмжилж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна. гэжээ
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төмөр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Говийн шигтгээ ХХК-ийн 2020 оны 3 сарын 20-ний өдөр манай компани руу илгээсэн албан бичиг байгаа. Энэ албан бичигт үндсэн өрийн төлбөр 299,028,640 төгрөг, алданги 149,514,320 төгрөгийг 3 сарын 25-ний дотор барагдуулна гэсэн албан хүсэлт байдаг. Тэр хүсэлтдээ алдангиа 1,5 дахин буюу үндсэн өрийн үлдэгдлийг 1,5 дахин нэмэгдүүлэх нь хууль зөрчсөн гэж үзсэн учраас манай компани 4 сарын 22-ийн өдөр “Говийн шигтгээ” ХХК руу саналаа явуулсан байдаг. Үндсэн өрийн төлбөр 299,028,640 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тэгээд алдангийг 150,971,360 төгрөгөөр тооцоод нийт 450,000,000 төгрөгийн өр төлбөрийг барагдуулъя. Хэрвээ энэ хүсэлтийг хүлээн зөвшөөрч байвал тооцоо нийлүүлэн баталгаажуулж гэрээгээ баталгаажуулъя гэдэг хүсэлтийг манайхаас илгээсэн байдаг. Энэ хүсэлтийг зөвшөөрч байгаа, зөвшөөрөхгүй байгаа нь мэдэгдэхгүй албан бичгээр ямар нэгэн хариу тайлбар ирээгүй. Тэгээд манай компани 2020 оны 7 сарын 29-ний өдөр Мөнхчимэгийн данс руу 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ мөнгийг хаанаас юунаас хасагдсан нь тодорхойгүй байна. Үндсэн өрнөөс хасагдсан юм уу гэхээр үгүй. Манай 450,000,000 төгрөгийн саналыг хүлээн зөвшөөрсөн юм уу гэхээр үгүй. Тэгэхээр 450,000,000 төгрөгийн саналыг зөвшөөрсөн бол төлсөн 50,000,000 төгрөг чинь хасагдаад 400,000,000 төгрөг болоод алданги нэхэмжлэх шаардлагагүй тохиролцох боломж үүсэж байна. Гэтэл үүнийг ойлгохгүй байна” гэв.
Нэхэмжлэгчээс Говийн шигтгээ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Говийн шигтгээ ХХК, Асартайн говь ХХК-ийн хооронд 2018 оны 11 сарын 15-ны өдөр байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ” 1-р хх-ийн 5-7-р хуудас/, Асартайн говь ХХК-аас Говийн шигтгээ ХХК-д 2020 оны 09 сарын 19-ний өдөр ирүүлсэн албан тоот/1-р хх-ийн 8-р хуудас/, Тооцооны үлдэгдлийн баталгаа/1-р хх-ийн 9-12-р хуудас/, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай/ 2-р хх-ийн 39-51-р хуудас/,
Хариуцагчийн зүгээс 2021 оны 06 сарын 02-ны өдрийн 035/21 дугаартай хариу тайлбар гаргах тухай албан бичиг/1-р хх-ийн 119-р хуудас/, 2020 оны 04 сарын 22-ны өдрийн 83 дугаартай Говийн шигтгээ ХХК-д хүсэлт гаргах тухай албан бичиг/1-р хх-ийн 14-р хуудас/,
Шүүхийн зүгээс 2021 оны 03 сарын 03-ны өдрийн 144/ШЗ2021/00117 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар Асартайн говь ХХК-ийн ХААН банк, Голомт банк, Капитрон банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Чингис Хаан банканд эзэмшдэг харилцах болон хадгаламжийн дансны хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 448.542.960 төгрөгийн хэмжээгээр зогсоосон байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь “Говийн шигтгээ” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч “Асартайн говь” ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулж, зээлээр олгох бүтээгдэхүүний нийт үнийн дээд хэмжээ 600,000,000 /зургаан зуун сая/ төгрөг, тухайн сардаа худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг тухайн сарын 25-ны өдрөөр тасалбар болгон тооцоо нийлж дараа сарын 15-ны өдөр багтаан төлнө, нийлүүлэх дизель түлшийг литр тус бүр нь 2580 /хоёр мянга таван зуун ная/-н төгрөгөөр 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал нийлүүлэхээр тохирсон /хх-ийн 5-7 дугаар хуудас/ гэрээний үүргээ биелүүлээгүй учраас Иргэний хуулийн 262, 263 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй гэж тодорхойлсон.
Хариуцагч Асартайн говь ХХК нь манай зээлээр худалдан авсан дизель түлшний үндсэн төлбөр 299.028.640 төгрөг байгаа үнэн болно. Харин алданги төлбөрийг 150.971.360 төгрөг болгон бууруулж үндсэн төлбөртэйгөө нийт 450.000.000 төгрөгийг төлөх боломжтой гэж тайлбар ирүүлсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2018 оны 11 сарын 15-ны өдөр №Г/101 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээг”-г бичгээр байгуулжээ. / 1-р хх-ийн 5-7-р хуудас/
Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нар гэрээний талаар хэн аль нь маргаагүй болно.
Уг гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, 263 дугаар зүйлийн 263.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ.” гэж зохицуулсан хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.
Зохигчид газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үндсэн төлбөрт 299,028,640 төгрөгийн өртэй талаар хэн аль нь маргаагүй болно.
Талууд газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний 5.1-д “Худалдан авагч нь энэхүү гэрээний 2.3-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож хоног тутам алданги тооцно.” гэж тохиролцсон байна. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги” төлөх зохицуулалттай нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Говийн шигтгээ ХХК, Асартайн говь ХХК –ийн хооронд байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 263.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан байна гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар, Говийн шигтгээ ХХК-аас Асартайн говь ХХК-д 2020 оны 03 сарын 20-ны өдөр хүргүүлсэн “Албан мэдэгдэл” гэсэн агуулга бүхий 20/07 дугаартай албан бичиг, Асартай говь ХХК-аас Говийн шигтгээ ХХК-д 2020 оны 04 сарын 22-ны өдөр 83 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичиг зэрэг нотлох баримтаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсанаар талууд гэрээний үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх тул гэрээ цуцлагдсанаас хойших үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх тул гэрээ цуцалснаас хойших хугацааны гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй байна гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалснаар цуцалсан цагаас эхлэн үүргийн харилцаа дуусгавар болох тул талууд нэгнийхээ өмнө гэрээний дагуу хүлээх үүрэггүй болох юм.
Иймд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн 430.712.77.,5 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Харин шүүх дээр дурдсан үйл баримтыг нэгтгэн дүгнээд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Асартайн говь” ХХК-аас газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүрэгт 448,542,960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Говийн шигтгээ” ХХК-д олгох зүйтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч Говийн шигтгээ ХХК-ийн хүсэлтээр улсын тэмдэгтийн төлөхийг шүүхийн шийдвэр гартал хойшлуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Говийн шигтгээ ХХК-аас 2.400.664,8 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Асартай говь ХХК-аас 2.400.664.8 төгрөг гаргуулж Говийн шигтгээ ХХК-д олгох нь зүйтэй.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 сарын 03-ны өдрийн 144/ШЗ2021/00117 дугаартай шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Асартайн говь” ХХК-аас газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүрэгт 448,542,960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Говийн шигтгээ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Говийн шигтгээ” ХХК-ийн нэмэгдүүлсэн 430.712.776,5 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Говийн шигтгээ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2.400.664,8 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч “Асартайн говь” ХХК-аас 2,400,664.8 /хоёр сая дөрвөн зуун мянга зургаан зуун жаран дөрвөн төгрөг найман мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Говийн шигтгээ” ХХК-д олгосугай.
4. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хэвээр байхыг дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА