Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 856

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00856

 

 

 

Д.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00697 дугаар шийдвэртэй  Д.Ц-ын нэхэмжлэлтэй Б.Г, П.Ё нарт холбогдох, хариуцагч П.Ё-аас ковшны үнэ 15 000 000 төгрөг буцаан гаргуулах, хариуцагч Б.Г-оос ковшны үлдэгдэл төлбөр 13 000 000 төгрөг, алданги 6 500 000 төгрөг, нийт 19 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ZL50 маркын ковш ачих үеийн зардал 350 000 төгрөг, зогсоолын төлбөр 360 000 төгрөг, оношилгоо татвар 292 500 төгрөг, засвар үйлчилгээний төлбөр 21 510 000 төгрөг, нийт 22 512 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э , хариуцагч Б.Г , хариуцагч П.Ё-ийн өмгөөлөгч Ч.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б.Г той Зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг нийт 3 хувь үйлдэн, нотариатаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээний 2.2, 2.3-т 2007 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл буюу 5 сарын хугацаатай зээлийг хүүгүй төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Б.Г-оос зээлийн төлбөрийг удаа дараа шаардсан боловч ямар нэг арга хэмжээ авдаггүй. Иймд гэрээний үүрэгт заасан 28 000 000 төгрөг, алданги 14 000 000 төгрөг, нийт 42 000 000 төгрөгийг Б.Г-оос гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээний дагуу бодитоор 28 000 000 төгрөг олгоогүй ба дараах үндэслэлээр зээлийн гэрээг Б.Г ын зөвшөөрснөөр байгуулсан. Нэхэмжлэгч Д.Ц нь 2015 оны 5 дугаар сард иргэн П.Ё-аас 74-22 УБ улсын дугаартай ковшийг 30 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 15 000 000 төгрөгийг урьдчилгаанд өгөхөөр болж 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөгийг П.Ё-ын “Хаан банк” ХХК-ийн 5033128777 тоот дансанд шилжүүлж, 2015 ны 5 дугаар сарын 18-ны өдөр өөрийн хаан банкны 5946271731 тоот данснаас 12 000 000 төгрөгийг бэлнээр авч П.Ё-д өгсөн. Үлдэгдэл 15 000 000 төгрөгийг хайрга олборлож өгөхөөр ямар нэгэн хугацаагүй тохиролцсон.

Уг ковшийг авснаас хойш Шувуун фабрикт ордтой “ДЭ ” ХХК-ийн хайргыг олборлох байсан боловч хайрга нь чанарын шаардлага хангахгүй гэсэн шалтгааны улмаас үйл ажиллагаа явуулаагүй ба тэр жилдээ “ДЭ ” ХХК-ийн талбайд өнжсөн. 2016 оны 8 дугаар сарын эхээр Б.Г  уг ковшийг 30 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож Б.Г нь 15 000 000 төгрөгийг Б.Ц-д , 15 000 000 төгрөгийг П.Ё-д тус тус өгөхөөр тохиролцсон ба энэ тухай П.Ё , Б.Г  эхнэрийн хамт, Д.Ц нар уулзаж тохиролцсон. Б.Г  нь уг ковшийг өөрийн Шувуун фабрик дахь “БО ” ХХК-ийн карьер дээр мөн Шарын голын алтны уурхайд тус тус ажиллуулж байсан. Энэ хугацаанд удаа дараа мөнгөө нэхэж байсан боловч өгөөгүй. Мөн Б.Г  нь Д.Ц-аас өмнө нь буюу 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр XGMA.951.3 ковшийг 35 000 000 төгрөгөөр худалдан авч гэрээ байгуулан зарсан ба 10 000 000 төгрөгийг урьдчилгаанд төлж, үлдэгдэл 25 000 000 төгрөг төлөх дутуу байснаас Д.Ц нь 12 000 000 төгрөгийн хайргыг БЧО  ХХК-ийн талбайгаас ашигласан ба үлдэгдэл 13 000 000 төгрөг авах дутуу байсан.

Дээрх худалдсан хоёр ковшны үлдэгдэл төлбөр болох 74-22 УБ улсын дугаартай ковшийн үлдэгдэл төлбөр 15 000 000 төгрөг, XGMA.951.3 ковшийн үлдэгдэл төлбөр 13 000 000 төгрөг, нийт  28 000 000 төгрөгийг төлөх нэмэлт хугацаа тогтоон 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Д.Ц , Б.Г  нар тохиролцон Зээлийн гэрээ байгуулж хугацаандаа үүргээ биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр тохиролцсон. П.Ё  нь ковшны төлбөрөө нэхэмжилж 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Ц-ыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан. Түүний дараа 2017 оны 10 дугаар сард Б.Г  ковшийг авч ачиж хот руу оруулж явах замд 22-ын товчоонд П.Ё  таарч ковшийг Б.Г-оос авч явсан. Б.Г  өөрөө төлбөрт өгөх мөнгөө хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ хэлбэрээр нэмэлт хугацаа тогтоон төлөхөөр тохиролцон зээлийн гэрээ байгуулсан.

Б.Г ын гаргасан тайлбарт дурдсан экскаватор нь уг зээлийн гэрээнд ямар ч хамааралгүй ба Б.Г  нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр уг экскаваторыг гал алдаж шатаасан ба уг хэрэг маргаан цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа болно. Дээрх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ П.Ё ыг хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Хариуцагч П.Ё  нь өөрийн худалдсан 74-22 УБ улсын дугаартай ковшоо буцааж авч худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзсан тул урьдчилгаанд төлсөн 15 000 000 төгрөгийг гаргуулж. хариуцагч Б.Г-оос XGMA.951.3 ковшны үлдэгдэл төлбөр 13 000 000 төгрөгийг гэрээгээр алданги төлөхийг хүлээн зөвшөөрсний дагуу 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги 6 500 000 төгрөг, нийт 19 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г  шүүхэд гаргасан тайлбартаа:  Д.Ц-аас 28 000 000 төгрөг зээлж аваагүй учраас түүнд мөнгийг өгөх үндэслэлгүй. Учир нь 2016 оны 8 дугаар сарын эхээр Д.Ц-аас ZL50 маркийн ковшийг 15 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч ковшийг нь авч Шувуун фабрикийн “БО ” ХХК-ийн карьер дээр ажиллуулахаар аваачсан боловч тэр ковш нь эвдэрч ажиллаж болохгүй байсан тул 2017 оны 10 дугаар сард буцааж өгсөн. Уг ковш Д.Ц-ын ковш биш өөр хүний ковш байсан тул тэр хүн нь Д.Ц-аас ковшоо авсан. 2016 оны 8 дугаар сард “ЖӨ ” ХХК-ийн захирал н.Б-аас  Д.Ц ар зуучлуулж экскаватор худалдаж авахаар тохирч дээрх ковш, экскаватор хоёрын барьцаанд Д.Ц зээлийн гэрээ гэгчийг хийлгэж гарын үсэг зуруулсан. Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллаж байхад экскаватор нь гал алдсанаас болж шатсаныг Д.Ц сэлбэгэнд өгөхөөр авсан. Д.Ц бид хоёр нийлж ЖӨ  компанийн захиралд үлдэгдэл мөнгийг өгөхөөр тохирсон. 2014 онд Д.Ц-аас XGMA.951.3 ковшийг 35 000 000 төгрөгөөр худалдан авч төлбөрт нь 10 000 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл төлбөрт нь 2 газрыг хайрга олборлуулахаар өгч төлбөр тооцоо дууссан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч П.Ё  шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 5 дугаар сард 74-22 УБ улсын дугаартай ковшийг Д.Ц д 30 000 000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед Д.Ц бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл хүлээн авч өөрөөр нь унаж явсан. Худалдан авч байхдаа урьдчилгаа болгон 15 000 000 төгрөгийг өгч, үлдэгдэл 15 000 000 төгрөгийг 14 хоногийн дотор төлж барагдуулна. Хоёр сарын дотор төлбөрөө төлж барагдуулахгүй бол урьдчилгаа болгон өгсөн 15 000 000 төгрөгийг түрээсийн мөнгө болгон тооцож ковш буцаан өгөхөөр тохирсон. Тохирсон хугацаа 2015 оны 7 дугаар сард дуусгаад ярихад ямар ч ажил хийгээгүй боломж олгооч, энэ жилдээ багтаан үлдэгдэл төлбөрөө төлж дуусгана гэж гуйсан. Түүнээс хойш огт холбогдохгүй байсан.

 Д.Ц нь 2016 оны 8 дугаар сард “...Б.Г  гэдэг хүнтэй хамт ирж ковшоо энэ хүнд 1 сарын 15 000 000 төгрөгөөр түрээсэлж байгаа. Надад 2 сарын дотор үлдэгдэл 15 000 000 төгрөгийг төлж барагдуулна” гэж хэлээд явсан. 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Д.Ц д холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байхгүй гээд нэхэмжлэл буцсан. Үүнээс хойш төлбөрөө төлөхгүй явсаар 2017 оны 10 дугаар сард 74-22 УБ ковш нь 22-ын товчоонд эвдэрсэн байсныг би өөрөө машин хөлсөлж ачиж авч явсан. Үүнээс хойш нэг удаа Д.Ц нь утсаар ярьж Б.Г  намайг хуурсан би Б.Г ыг шүүхэд өгч байгаа Б.Г-оос чиний мөнгийг гаргаж өгнө гэж хэлсэн. Одоог хүртэл төлбөр тооцоо хийгдээгүй байгаа. Гурван жилийн дотор Д.Ц нь огт ажил хийгээгүй гэдэгт итгэхгүй байна. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч П.Ё  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Ц нь миний 2015 оны 5 дугаар сард 74-22 УБ улсын дугаартай ZL50 маркын ковшийг 30 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 15 000 000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн боловч 2017 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул 22-ын товчооны тэнд ковш эвдэрсэн байхад нь очиж ачиж авсан. Иймээс нэхэмжлэгч Д.Ц-аас ковш ачих үеийн траллер, краны зардал 350 000 төгрөг, зогсоолын мөнгө 360 000 төгрөг, оношилгоо татвар 292 500 төгрөг, засвар үйлчилгээний төлбөр 21 510 000 төгрөг, нийт 22 512 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э  сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Д.Ц нь 74-22 УБ улсын дугаартай ZL50 маркын ковшийг анх П.Ё-аас авахдаа хүлээж авсан акт гэж байдаггүй. Сөрөг нэхэмжлэлд дурдсан эвдрэл гэмтэл нь хэзээ үүссэн болох нь тодорхойгүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Ё-аас 15 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц д олгож,

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ц-ын хариуцагч Б.Г од холбогдуулан гаргасан XGMA.951.3 ковшийн үлдэгдэл төлбөр 13 000 000 төгрөг, алданги 6 500 000 төгрөг, нийт 19 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Ё-ын нэхэмжлэгч Д.Ц д холбогдуулан гаргасан 74-22 УБ улсын дугаартай ZL50 маркын ковшийг буцаан авах үедээ гаргасан ачих үеийн траллер, краны зардал 350 000 төгрөг, зогсоолын мөнгө 360 000 төгрөг, оношилгоо татвар 292 500 төгрөг, засвар үйлчилгээний төлбөр 21 510 000 төгрөг, нийт 22 512 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлэхээс татгалзаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ц-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ё-аас улсын тэмдэгтийн хураамжид 232 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц д олгож, хариуцагч П.Ё-аас улсын тэмдэгтийн хураамжид Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот дансанд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тушаасан 236 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тушаасан 125 390 төгрөгийг тус тус буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч П.Ё  давж заалдах гомдолдоо: Д.Ц нь 2015 оны 5 дугаар сард иргэн П.Ё-аас 74-22 УБ улсын дугаартай ковшийг 3 жилийн хугацаанд ашигласан, уг ковшийг одоо огт ашиглах боломжгүй болсон тул авсан 15 000 000 төгрөгөө П.Ё  нь түрээсэндээ суутган авсан 2016 оны 8 дугаар сарын эхээр Д.Ц нь Б.Г од уг ковшийг түрээсэлж 15 000 000 төгрөг гаргуулж өгнө гэсэн боловч П.Ё-ын ковшийг Ганболдод давхар түрээсэлж худалдан ашиглаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Б.Г ыг танихгүй, Д.Ц олдохгүй алга болсон учраас машинаа олж авсан, сөрөг нэхэмжлэлийг зохигчдод гардуулсан атлаа сүүлд хурал дээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. 2017 оны 9 дүгээр сард Д.Ц д холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаяг дээрээ байдаггүй шалтгаанаар буцсан. Шүүхээс Д.Ц-ыг энэ хаягаар нь хайж, мэдэгдэл явуулсан. Тэрээр энэ хаяг дээрээ одоо ч байгаа нь энэ шүүх хурлаар тогтоогдсон. Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан боловч иргэний хэрэг гээд шүүхэд  гомдол гаргасан. 2017 оны 10 дугаар сарын үед Эмээлтийн замд шөнө 22 цагийн үед эвдэрсэн байхад нь таарч ковшийг авсан. Д.Ц ковшийг худалдан авах биш түрээсээр авсан гэтэл түрээсийнхээ мөнгийг төлөхгүй алга болж, ковшоо танихгүй хүнээс олж авсан, гэтэл шүүх намайг худалдсан гэж түрээсийн мөнгө гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Д.Ц-аас дансаар хийсэн 3 000 000 төгрөгөөс өөр мөнгө орж ирээгүй. Хүний хөрөнгийг түрээсэлж байсан атлаа өөрийн хөрөнгө шиг цааш нь давхар түрээсэлж, худалдсан асуудалд шүүх дүгнэлт өгөөгүй. Д.Ц бид хоёрын хооронд ковшийг худалдсан асуудал байхгүй, ковшийн өмчлөгч нь одоог хүртэл П.Ё   хэвээр байгаа, Д.Ц руу шилжээгүй. Гэтэл Б.Г од худалдсан байсан. Эцэс сүүлд нь би түрээсийн мөнгө ч үгүй, ковш ч байхгүй эвдэрсэн машинтай үлдсэн. Д.Ц миний ковшийг 3 жил Б.Г од түрээслэн мөнгө авч ашигласан атлаа надаас бас дахин мөнгө нэхсэн. Шүүх учрыг нь ололгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй ба хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч маргаанд хамаарах хэрэглэвэл зохих хуулийн зарим зохицуулалтыг зөв оновчтой хэрэглээгүй, дүгнэлт хийж чадаагүй, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул залруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Б.Г, П.Ё нарт холбогдуулан П.Ё-аас ковшны үнэ 15 000 000 төгрөг буцаан гаргуулах,  Б.Г-оос ковшны үлдэгдэл төлбөр 13 000 000 төгрөг, алданги 6 500 000 төгрөг, нийт 19 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч,  П.Ё  ZL50 маркын ковш ачсан зардал 350 000 төгрөг, зогсоолын төлбөр 360 000 төгрөг, оношилгоо татвар 292 500 төгрөг, засвар үйлчилгээний төлбөр 21 510 000 төгрөг, нийт 22 512 500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 Д.Ц нь 2015 оны 5 дугаар сард П.Ё-аас 74-22 УБ улсын дугаартай ковшийг 30 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 15 000 000 төгрөгийг урьдчилгаанд төлж, ковшийг хүлээн авсан, төлбөрийн үлдэгдэл 15 000 000 төгрөгийг төлөөгүйгээс 2017 оны 10 дугаар сард 74-22 УБ улсын дугаартай ковшоо буцаан авсан үйл баримт тогтоогдсон байна.

Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Худалдан авагч дээрх гэрээний үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу биелүүлээгүй, үлдэгдэл төлбөр 15 000 000 төгрөгийг төлөөгүй учир худалдагч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй гэж шүүх дүгнэсэн нь зөв болно.

Нэгэнт хуульд зааснаар гэрээний нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаах журамтай. Гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зохицуулсан ба анхан шатны шүүх энэ талаар  дүгнээгүй  орхигдуулсан нь учир дутагдалтай болжээ.

Хариуцагч П.Ё  нь гэрээнээс татгалзан шилжүүлсэн хөрөнгө болох 74-22 УБ улсын дугаартай ковшоо буцаан авсан тул Д.Ц-аас шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг  буцаан өгөх үүрэгтэй. Иймээс хариуцагч П.Ё-аас 15 000 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Худалдах худалдан авах гэрээний үүргийн дагуу урьдчилан төлөгдсөн 15 000 000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцогдох ёстой гэх хариуцагчийн тайлбар, гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон тохиолдолд үүрэг дуусгавар болохоор Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.3-т заасан. Уг тохиолдолд үүрэг солиход эрх зүйн үр дагавар өөр болох тул энэ талаар талууд тохиролцох шаардлагатай бөгөөд түрээсийн гэрээний зүйл, түрээсийн хөлс төлөх журам, түрээслэгч, түрээслүүлэгчийн эрх, үүрэг, хариуцлагын талаар талууд харилцан тохиролцсон бичгийн гэрээ байгуулаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Д.Ц нь XGMA.951.3 ковшийг “БЧО ” ХХК-д худалдсан болох нь хэргийн 20-22 дугаар талд авагдсан 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдсон. Уг гэрээний дагуу хариуцагч Б.Г  нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмнө ковшийн үнийг төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх боломжгүй бөгөөд түүнээс 19 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Түүнчлэн, анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Сөрөг нэхэмжлэлээр хариуцагч нэхэмжлэгчид хандан шаардлага гаргах учиртай. Хэдийгээр уг нэхэмжлэлийг нэхэмжлэгчид хандан гаргасан байгаа ч зохигчдын тайлбараас үзвэл тухайн шаардлагатай холбоотой маргаанд хариуцагч Б.Г  оролцсон, сөрөг нэхэмжлэлээр хариуцагч хариуцагчид хандан шаардлага гаргах, шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй. Энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Мөн шүүх хариуцагчийн тухайн нэхэмжлэлийг дахин гаргах эрхийг нээлттэй орхижээ. Иймээс хариуцагчийн “сөрөг нэхэмжлэлийг зохигчдод гардуулсан атлаа хэрэгсэхгүй болгосон” гэх гомдлыг хангах боломжгүй юм.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийн зохих зүйл заалтыг хэрэглээгүй байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримталсан өөрчлөлт оруулах, хууль хэрэглээний алдааг залруулах нь зөв болно.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00697 дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “112 дугаар зүйлийн 112.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1” гэж  өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлсөн хариуцагч П.Ё-ын 232 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

                

                               ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Б.НАРМАНДАХ