Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/093

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл, 

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,     

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Хүдэр баяжуулах цех дээр 2017 оны 05 сарын 16-ны өдөр 20 цагийн үед архидан согтуурсан үедээ иргэн *******гийн эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                  /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

2017 оны 05 сарын 16-ны өдөр 20 цагийн үед Хүдэр баяжуулах цех дээр очсон.  Идэрээ ах цех рүү орчоод хүрээд ирнэ гээд явсан. Тэгээд гуанзгы үүдэнд машинд сууж байхад  ******* Жамъяншарав 2 орж ирээд намайг мөрлөөд гарсан гээд хэрүүл нэхэж согтуу дайраад байсан. Би чамайг мөрлөөгүй, машинаасаа ч буугаагүй гэхэд ******* буугаад ир гээд машинаас чирж гаргасан. Тэгээд Жамъяншарав боож бариж аваад хэрүүл нэхэж байхад ******* хавсарч унагаад нүүрэн дундуур 2 удаа цохиод авсан. Тэгээд хэрүүл хийгээд барилцаж аваад байж байхад эхнэр ирж салгасан. Миний хамар амнаас цус гарч нэг шүд унасан байсан. Миний нүүрэн дундуур гараараа 2 удаа цохиж авсан. Хамар амнаас цус гарч хүзүү эрээн болж 1 шүд унасан. Надад эмчилгээний мөнгө 400.000 төгрөг өгсөн. Санал гомдол байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

Гэрч *******ын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: 

2017 оны 05 сарын 16-ны өдрийн 20 цагийн үед Хүдэр баяжуулах цех дээр гуанзны гадаа байж байхад Батнасан намайг мөрлөөд гарсан. Тэгээд Идэрээ ахын машин байхаар нь уулзах гээд орсон. Араас Батнасан орж ирсэн. Би согтуу байсан учир хэрүүл нэхэж маргасан. ******* хоёуулаа уулзая гээд Батнасанг дагуулаад машинаас гарсан. Би бас араас нь гараад маргалдаад зогсож байхад ******* Батнасанг хавсарч унагаад нүүр рүү нь цохиж авсан. Тэгсэн нэг хүүхэн ирж салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Гэрч *******гийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: 

Хүдэр баяжуулах цехийн гуанз руу явж байтал 2 залуу зөрсөн. Нэг залуу нь Батнасантай мэндлээд Жамъяншарав гэх залуу мөрлөөд гарсан. Тэгээд хоорондоо маргалдаад байсан. Бид нар яах ч үгүй ээ. Та цайны газар ороод байж бай гээд машин руу орсон. Удалгүй маргалдаад байхаар нь очтол бие биенээ заамдаж авсан байсан. Батнасангийн нүүр ам  цус болсон, шүд нь унасан байсан. Батнасан ******* гэх залуу намайг хавсарч унагаад нүүр рүү 2 удаа цохиж гэмтээсэн. Би зүгээр байсан гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Шүүгдэгч *******ын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: 

2017 оны 05 сарын 16-ны өдөр аймгаас Жамъяншарав, Малиг гэх 2 залуутай Хүдэр баяжуулах цех рүү гарсан. Замдаа 0,5 граммтай архи Жамъяншаравтай хувааж уугаад цех дээр ирсэн. Архи ууж байгаад гуанзны үүдэнд байсан саарал өнгийн машин байхаар нь харсан чинь Идэрээ ахын машин  байсан. Тэгээд машинд ороход Батнасан гэх залуу байсан. Жамъяншарав тэр 2 маргалдаад байсан. 10 жил шоронд суусан энэ тэр гээд байхаар нь би Батнасан ахыг гараад ир уулзаа байна гэж хэлээд машинаас гаргаж ирсэн. Жамъяншарав заамдаад авахаар нь би хажуугаар нь ороод хавсарч унагаад гараараа нүүрэнд нь 2 удаа цохьсон. Тэгээд байж байхад авгай нь ирж салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 сарын 17-ны өдрийн 230 дугаартай шинжээчийн: 1. *******гийн биед дээд зүүн 1-р шүдний булгарал, хүзүү, эрүүнд зулгаралт, буйл, цээж, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Нэг шүдний булгарал гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна гэх дүгнэлт /хх-ийн 29-30/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-17/

-Шүдний эмч ийн болон Баянхонгор нэгдсэн эмнэлэгийн ЯТТ-ийн тодорхойлолт /хх-ийн 27-28/

-*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/

-Баянхонгор сумын 2-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 44/

-хохирогч, шүүгдэгч нарын эвлэрсэн тухай баримт /хх-ийн 50/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Хүдэр баяжуулах цех дээр 2017 оны 05 сарын 16-ны өдөр 20 цагийн үед архидан согтуурсан үедээ иргэн *******гийн эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Хэрэг бүртгэлийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.  

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, гэм хор арилсан, хохирогч *******гийн бие бүрэн эдгэрсэн болох нь тэдний өгсөн мэдүүлэг, шүүхэд гаргасан хүсэлт, эвлэрсэн тухай хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч *******ын эзэмшлийн самсунг маркийн зурагтыг битүүмжилсэн 2017 оны 06 сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.   

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн самсунг маркийн гар утасыг битүүмжилсэн 2017 оны 06 сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх  бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                       

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ