| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2022/00105/И |
| Дугаар | 144/ШШ2022/00107 |
| Огноо | 2022-06-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 144/ШШ2022/00107
2022 06 29 144/ШШ2022/00107
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв, Хөөвөр 1-3 тоот хаягт байрлах, “Голомт банк” ХХК /РД:2075377/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь, Ханбогд, 2-р баг, Гавилууд Гоёот 21-1 тоот хаягт оршин суух, Хахандаг овогт Сэмбэнгийн Цэвэгмэд /РД:КЮ91072433/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 18 559 807.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Улсболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Янжмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхтуг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хахандаг овогт Сэмбэнгийн Цэвэгмэд /КЮ91072433/ нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ5245109699 тоот зээлийн гэрээгээр 18,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18%-ийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай авч ашигласан болно.
Хахандаг овогт Сэмбэнгийн Цэвэгмэд /КЮ91072433/ нь ЗГ5245109699 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй нийт 233 хоногийн хугацаа хэтрүүлж зээлийн гэрээг ноцтой зөрчсөөр байна.
Иймд Хахандаг овогт Сэмбэнгийн Цэвэгмэд /КЮ91072433/ нь зээлийн гэрээгээ биелүүлэхийг “Голомт банк” ХХК нь зээл, зээлийн төлбөрийг төлөхийг шаардсан “Шаардлага биелүүлэх”-г зээлдэгчид хүлээлгэж өгч, мөн амаар болон утсаар зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна.
ЗГ5245109699 тоот зээлийн гэрээний төлбөр 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар:
Үндсэн төлбөр 16,372,558,73 төгрөг, хүүний төлбөр 1,888,851,98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,895.40 төгрөг, нийт 18,310,306.11 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Янжмаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Сэмбэн овогтой Цэвэгмэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Банзрагч овогтой Янжмаа миний бие “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй 18 559 807.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл хүлээн авлаа. Энэхүү нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрч байна. С.Цэвэгмэд нь Ханбогд сумын тээвэр ложистик компанид ажиллаж байгаад 2020 оны 10 сард Улаанбаатар хотод 2021 оны 11 сараас барилгын туслах ажилчнаар 2022 оны 01 сараас 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байсан боловч цалин өгөөгүйн улмаас зээл төлөлт хийгээгүй байна. Одоо Өмнөговь аймагт “Гүний ус” ХК-д 6 сараас 650,000 төгрөгийн тогтвортой цалинтай ажилд орсон. Цаашид төлөгдөх төлбөрийн үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд миний бие нь давхар төлөлт хийх боломжтой. 18 559 807.64 төгрөгийн зээлийн төлбөрийг сар бүр 650,000 төгрөгөөр 3 жилийн хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
Жич: Миний бие Тэгш Дүүрэн Төгөлдөр хувийн эмнэлэгт сувилагчаар ажилладаг” гэжээ
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Голомт банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №734 дугаартай тушаал, “Голомт банк” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №10/274 дугаартай итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ5245109699 тоот зээл болон барьцааны гэрээ, зээл хүсэгчийн иргэний өргөдлийн маягт, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ5245109699 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, нөхцөл өөрчлөх маягт, хариуцагч С.Цэвэгмэдийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн дансны хуулга, иргэний үнэмлэхийн мэдээлэл, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч С.Цэвэгмэдэд холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 16 372 558.73 төгрөг, хүү 1 888 851.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48 895.40 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 249 501.53 төгрөг нийт 18 559 807.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Манай хүү нь эрхэлсэн тодорхой ажилгүй болсон учир зээлийг хугацаандаа төлж чадаагүй, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, улсын тэмдэгтийн хураамж болох 18 559 807.64 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа, маргах зүйл байхгүй. Зөвхөн зээл төлөхийг 3 жилийн хугацаанд төлөхөөр тогтоож өгнө үү. Энэ талаар шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан байгаа” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Хариуцагч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гэрээний үүргийн зөрчлөө арилгаагүй, арилгах алхам ч хийгээгүй, 3 жилийн хугацаанд төлөх боломжгүй. 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлбөл эвлэрэх боломжтой талаар санал хэлсэн. Түүнээс 3 жилийн хугацааг “Голомт банк” ХХК-аас зөвшөөрөөгүй эвлэрэх боломжгүй” гэв.
Зохигчид эвлэрэх боломжгүй гэсэн тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Хариуцагч Сэмбэнгийн Цэвэгмэд /КЮ91072433/ нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ5245109699 тоот зээлийн гэрээгээр 18,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18%-ийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээл авсан болох нь зохигчийн тайлбар, Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, зээлийн дансны хуулга гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ болон зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 451 дүгээр зүйлд заасан бичгээр хийж, талууд гарын үсэг зурж баталгаажуулах хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хариуцагч С.Цэвэгмэдийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгааг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Янжмаа нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч талаас ирүүлсэн зээл эргэн төлөлтийн график, зээлийн дансны хуулга болон талуудын тайлбараар нотлогдож байна.
Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дээрх заалтууд болон Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно...” мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зээлийн үндсэн төлбөрт 16 372 558.73 төгрөг, хүү 1 888 851.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48 895.40 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 249 501.53 төгрөг нийт 18 559 807.64 төгрөгийг хариуцагч С.Цэвэгмэдээс гаргуулж, нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249 501.53 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Цэвэгмэдээс 249 501.53 төгрөгийг гаргуулан “Голомт банк” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Цэвэгмэдээс зээлийн гэрээний үүрэгт 18 310 306.11 төгрөгийг гаргуулж “Голомт банк” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249 501.53 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Цэвэгмэдээс 249 501.53 төгрөгийг гаргуулан “Голомт банк” ХХК-д олгосугай.
3. Шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрсний дараа зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА