Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 144/ШШ2022/00127

 

 

 

 

 

 

 

 

 

  2022         08            30                                                         144/ШШ2022/00127

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум 3-р баг Голомт банкны Өмнөговь бизнес төвийн байранд байрлах, “Голомт банк” ХХК /РД:2075377/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Өгөөмөр 4-р баг, Цэций хороолол 1-14 тоот хаягт оршин суух, Паалан овогт Энхбаярын Идэрсайхан /РД:ИЗ78120635/,

 

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Өгөөмөр 4-р баг, Цэций хороолол 1-14 тоот хаягт оршин суух, Алаг адуут овогт Баатарсүрэнгийн Тунгалагтуяа /РД:МХ78112321/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 15,706,457.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Мөнхтуяа /цахимаар/,

Хариуцагч: Э.Идэрсайхан,

Хариуцагч: Б.Тунгалагтуяа /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Э.Идэрсайхан, Б.Тунгалагтуяа нар нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Голомт банк” ХХК-тай ЗГ5215103463 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 27,6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлж авсан. Мөн Э.Идэрсайхан, Б.Тунгалагтуяа нар нь Голомт банкинд дахин хүсэлт гаргасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЗГ5215103463 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж нэмж 9,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр авч, үндсэн зээлийн үлдэгдлийг 17,497,674 төгрөг болгосон байна. Зээлдэгч Э.Идэрсайхан нь цалингийн зээл авах үедээ Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг “Энержи ресурс” ХХК-нд 6 дахь жилдээ засварын механикчаар ажиллаж байсан.

Зээлдэгч Э.Идэрсайхан, Б.Тунгалагтуяа нар нь зээл болон барьцааны гэрээний 2.4 дэх заалт буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлээ төлөх үүргээ 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн зөрчиж, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 853 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл хаах дүнгээр үндсэн зээлийн үлдэгдэл 10,745,482.71 төгрөг, хүү 4,647,391.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 313,583.11 төгрөг, нийт зээл хаах дүнгээр 15,706,457.69 төгрөг болсон байна. Банкны зүгээс зээлдэгч Э.Идэрсайхан, Б.Тунгалагтуяа нартай удаа дараа холбогдож, уулзаж зээлээ төлөх талаар сануулж хэлсэн боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрсэн. Э.Идэрсайхан, Б.Тунгалагтуяа нартай 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ЗГ5215103463 дугаартай зээл болон барьцааны гэрээний хугацаа 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дууссан.

Иймд ЗГ5215103463 зээлийн гэрээ, ЗГ5215103463Б нэмэлт өөрчлөлтийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 10,745,482.71 төгрөг, хүү 4,647,391.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 313,583.11 төгрөг, нийт зээл хаах дүнгээр 15,706,457.69 төгрөгийг үүргийн гүйцэтгэлийн тэнцүү хэмжээгээр буюу Э.Идэрсайханаас 7,853,228.84 төгрөг, Б.Тунгалагтуяагаас 7,853,228.84 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч Э.Идэрсайхан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний хувьд Голомт банкнаас зээл авсан нь үнэн. 2019 оны намар миний бие эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарсан. 2020 оны 01 дүгээр сард хөдөлмөрийн чадвараа алдсан гэх шалтгаанаар 50 хувийн групп тогтоолгосон. Эхнэр гэх Б.Тунгалагтуяа бид хоёрт албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Тухайн үед харилцан тохиролцож, хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Бид 2 зээлээ төлөхөөр олон удаа санал тавьж байсан. Б.Тунгалагтуяа “Миний цалин дээр нэмээд нэг зээл болгочих” гэж удаа дараа санал тавьж байсан. Тухайн үед “Нэг зээл болгож болно” гэхээр нь Улаанбаатар хотоос Цогтцэций суманд ирээд уулзахад “Нэг зээл болгох боломжгүй юм байна” гэж хэлээд буцааж байсан. Б.Тунгалагтуяа Цогтцэций суманд ажиллаж байхдаа “Өөрийн цалингийн зээл дээр нэмээд нэг зээл болгоод Э.Идэрсайханы зээлийг төлье” гэж олон удаа хэлж байсан. Бид нарт албан бичгээр нэг ч удаа санал тавьж байгаагүй. Утсаар 2,3 удаа ярьж байсан” гэв.

 

Хариуцагч Б.Тунгалагтуяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Би Ганхуяг захиралтай 2 удаа очиж уулзаж байсан. Фэйсбүүкээр “ирж уулзана уу” гээд тавьсан байсан. Цалингийн зээл дээр уг зээлийг нэмээд өг гэж би удаа дараа хэлж байсан. Зээлийн гэрээ байгуулахад даатгуулсан. Ямар учиртай даатгал байсныг уншуулаагүй, “Ажлын цаг дууслаа, гэртээ хариад танилцчих” гээд даатгалын мөнгийг нь суутгаад нарын үсэг зуруулсан. Би тэр даатгалыг судалж өгөөч гэж хэлэхэд эдийн засагч нь “Хаана ч байгаа даатгал юм, тэрийг олох гэж цаг хугацаа орно”  гээд олж өгөөгүй. Уг даатгалыг судалж өгөөч, зээлийг нэгтгээд өгөөч гэж эдийн  засагчтай нь 3 удаа очиж уулзаж, утсаар байнгын холбоотой байсан. Төлөхийг хүсэхгүй байна гэж хэлээгүй” гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, Э.Идэрсайханы банканд гаргасан өргөдөл, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, цалингийн зээл хүсэгч иргэдийн өргөдлийн маягт, Өмнөговь аймаг Цогтцэций сум 4 дүгээр багийн засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №1710 дугаартай тодорхойлолт, Э.Идэрсайхан, Б.Тунгалагтуяа нарын2009 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №12 дугаартай гэрлэлтийн бүртгэл, зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт, улсын бүртгэлийн гэрчилгээ, Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаал, итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагч Э.Идэрсайхан, Б.Тунгалагтуяа нарын хариу тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч Э.Идэрсайхан, Б.Тунгалагтуяа  нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 10,745,482.71 төгрөг, хүү 4,647,391.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 313,583.11 төгрөг, нийт 15.706.457.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч  Э.Идэрсайхан /ИЗ78120635/, Б.Тунгалагтуяа /МХ78112321/ нар нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ5215103463 тоот зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 27,6%-ийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЗГ5215103463 дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж 9,000,000 төгрөгийн зээлийг 18%-ийн хүүтэйгээр авч, үндсэн зээлийн үлдэгдэл 17,497,674 төгрөгийн зээл авсан болох нь зохигчийн тайлбар, Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, зээлийн дансны хуулга гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ болон зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 451 дүгээр зүйлд заасан бичгээр хийж, талууд гарын үсэг зурж баталгаажуулах хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Хариуцагч Э.Идэрсайхан, Б.Тунгалагтуяа нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч талаас ирүүлсэн зээл эргэн төлөлтийн график, зээлийн дансны хуулга болон талуудын тайлбараар нотлогдож байна.

Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дээрх заалтууд болон Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно...” мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн зээлийн төлбөрт 10,745,482.71 төгрөг, хүү 4,647,391.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 313,583.11 төгрөг, нийт 15.706.457.69 төгрөгийг хариуцагч Э.Идэрсайхан, Б.Тунгалагтуяа нараас гаргуулж, нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,482.28 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Идэрсайхан, Б.Тунгалагтуяа нараас 236,482.28 төгрөгийг гаргуулан “Голомт банк” ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,  453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Идэрсайхан, Б.Тунгалагтуяа нараас зээлийн гэрээний үүрэгт 15.706.457.69 төгрөгийг гаргуулж “Голомт банк” ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,482.28 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Идэрсайхан, Б.Тунгалагтуяа нараас 236,482.28 төгрөгийг гаргуулан “Голомт банк” ХХК-д олгосугай.

 

3. Шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрсний дараа  зохигчид  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТТУЛГА