| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2022/00348/И |
| Дугаар | 103/ШШ2022/00379 |
| Огноо | 2022-09-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2022/00379
| 2022 оны 09 сарын 01 өдөр | Дугаар 103/ШШ2022/00379
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Багануур дүүргин 3 дугаар хороо, Уурхайн нийтийн байрны 110 тоотод оршин суух, Барнууд овгийн Сүрэнжавын Дуламрагчаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 23 дугаар гудамжны 04 тоотод оршин суух, Цоохор овгийн Гомбын Дагвасүрэнд холбогдох
зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 3,654,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.Дуламрагчаа,
Хариуцагч Г.Дагвасүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Дуламрагчаа шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Г.Дагвасүрэнтэй зээлийн гэрээ байгуулан бүгд 560,000 төгрөгийг сар бүрийн 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хүү болон алданги бодуулж төлнө гэж өөрөө зөвшөөрсөн учраас өгсөн. Миний хувьд уучлалт үзүүлж эвлэрье гэхэд зөвшөөрөхгүй байгаа учраас 3,654,000 төгрөгөө бүтнээр нь нэхэмжилнэ. Яагаад гэвэл надад 560,000 төгрөг өгнө гээд өөрийнх нь гарын үсэгтэй гэрээ байна. Энэ ингэж давардаг байхгүй юу. Би энэ хүнд өртэй юм шиг л хашаа барих гэсэн юм, банз аваад ирлээ, шургааг аваад ирлээ гэж нэхсээр байгаад 560,000 төгрөг надаас авсан. Би за яах вэ дээ гэж бодоод 260,000 төгрөг болгосон юм. Надад 50,000 төгрөг өгсөн гэж байх шиг байна. Энэ бол худлаа. Энэ хүн бол ерөөсөө ийм замарсан нөхөр байгаа юм. Намайг өдий болтол ингэж их хохироочихоод ийм зүйл яриад байж байгаа нь дэндүү хэнэггүй нөхөр гэдгийг нь харуулж байгаа юм. Энэ хүн надаас 560,000 төгрөг цувуулаад авсан. Энэ өөрөө надаас хэдэн төгрөг, хэзээ яаж авснаа тэмдэглэсэн зүйл байдаг л байлгүй. Би өдий насны хүн байж хүнийг гүтгэхгүй шүү дээ. Шүүх байгууллагын өмнө энэ хүн худлаа ярьж байгаа гэдэг нь андашгүй харагдаж байгаа биз дээ. Иймд үндсэн зээл 560.000 төгрөг, хүү 1,232,000 төгрөг, алданги хоногийн 0,5 хувиар тооцож 665,000 төгрөг нийт 3,654,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Дагвасүрэн шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Би С.Дуламрагчаа гуайгаас нийт 260,000 төгрөг авсан. Гэхдээ би бүтнээр нь шууд аваагүй Эхлээд 200,000 төгрөг, 50,000 төгрөг, 20,000 төгрөг, 50,000 төгрөг авсан. Уг нь С.Дуламрагчаа гуай гэр нь ойрхон байхад өөрт нь туслаад өгвөл зээлээсээ хасна гэж хэлж байсан юм. Би энэ авсан мөнгөнөөсөө хүү гэж 50,000 төгрөг хасуулсан. Уг нь 260,000 төгрөг авсан, үүнийхээ хүү, алдангитай нийлүүлээд 560,000 төгрөг болгож өгнө гэж тохирсон юм. Авсан бүх мөнгөө оруулаад хүүг нь нэмээд 560,000 төгрөг болсон юм. С.Дуламрагчаа гуайн гэрт бүх баримтууд нь байх л ёстой доо. Надад мөнгө өгөх бүртээ гарын үсэг зуруулдаг байсан. Өөрт бол баримт алга байна. Алдангийг төлнө гэж тохирсон нь үнэн, гэхдээ 0,5 хувь гэхээр арай өндөр байна. Багасгах боломж байхгүй юм болов уу гэж хэлмээр байна. Гэхдээ шүүхээс ямар ч шийдвэр гарсан би хүлээн зөвшөөрч маргахгүй гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, хариуцагч Г.Дагвасүрэнгийн мөнгө хүлээн авсан талаар гар бичмэл 2 ширхэгийг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагчаас хариу тайлбарыг ирүүлсэн болно.
/хх-ийн 3,6,7 дугаар хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Дуламрагчаагийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч С.Дуламрагчаа нь хариуцагч Г.Дагвасүрэнд холбогдуулан үндсэн зээл 560,000 төгрөг түүний хүү сарын 10 хувиар тооцож 22 сарын хүү 1,232,000 төгрөг, хоногийн 0,5 хувиар тооцож 238 хоногийн алданги 665,000 төгрөг нийт 3,654,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч нь нийт 260,000 төгрөгийг авсан бөгөөд хүү, алданги нийлээд 560,000 төгрөг төлнө гэж тохирсон, төлөөгүй тохиолдолд алданги төлөхийг зөвшөөрсөн, гэхдээ алдангийн хэмжээ 0,5 хувиар тооцох нь өндөр байна гэж маргасан болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч нийт 260,000 төгрөг зээлсэн гэж, нэхэмжлэгч 560,000 төгрөг зээлсэн гэж тус тус тайлбар өгч байгаа бөгөөд зээлийн үнийн дүн болон төлөх алдангийн хэмжээний талаар талууд маргаантай байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр байгуулна 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус хуульчилжээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн миний бие Г.Дагвасүрэн нь Дуламрагчаа гуайгаас 2020.09.01-ний өдөр 200,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2020.10.01-ний өдөр төлж барагдуулна. Нийт 500,000 төгрөгийг 2020.10.01-ний дотор хүү болох 80,000 төгрөгийг хамт 2020.09.20-ны дотор төлж барагдуулна. Хугацаа хэтэрвэл алданги бодуулна. Мөнгөн төлбөрийн нэхэмжлэлийг 560,000 төгрөгөөр тооцно, мөнгө хүлээн авсан Дагвасүрэн, С.Дуламрагчаа гэж гарын үсэг зурсан нотлох баримтыг талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ гэж үзэх үндэслэлтэй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.
Мөн уг гэрээг давхар нотолсон 2021.03.23-ны өдөр гэх огноотой, бүх мөнгө 560,000 төгрөг болов, 2021.03-р сараас 06 дугаар сард бүх зээлээ төлнө гэж талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан баримтыг үнэлж хариуцагчийн төлөх зээлийн хэмжээг 560,000 төгрөгөөр тооцож, алданги төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул өдрийн 0,5 хувиар тооцон үндсэн зээлийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 280,000 төгрөг нийт 840,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн зүгээс 22 сарын хүү 1,232,000 төгрөгийг нэхэмжилсэн хэдий ч талуудын хооронд байгуулсан гэрээнд 200,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн талаар тусгагдсан, нийт төлөх 560,000 төгрөгт энэ 1 сарын хүү орсон, өөр хүүгийн талаар тусгагдсан зүйлгүй байх тул зээлийн хүү 1,232,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.
Хариуцагч Г.Давгасүрэн нь 260,000 төгрөг зээлсэн гэсэн тайлбарыг өгсөн ч өөрийн шаардлага татгалзлаа баримтаар нотлоогүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримт мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг талуудын гарын үсэг зурагдсан, тухайн үеийн хүсэл зоригийг илэрхийлсэн байх тул тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 73,414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Дагвасүрэнгээс 840,000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн 24,713 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Дуламрагчаад олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Цоохор овгийн Гомбын Дагвасүрэнгээс үндсэн зээл 560,000 төгрөг, алданги 280,000 төгрөг нийт 840,000 /найман зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Барнууд овгийн Сүрэнжавын Дуламрагчаад олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,814,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Дагвасүрэнгээс 24,713 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Дуламрагчаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА