Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2022/02926

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Сэлэнгэ, ... тоотод оршин суух, регистр ..., Г... овогт Ө....гийн Э...,

Хариуцагч:Баянгол дүүргийн ...тоотод оршин суух, регистр ..., Х... овогт С...ын Э...,

Хариуцагч:Баянгол дүүргийн .... тоотод бүртгэлтэй боловч тус дүүргийн ... тоотод оршин суух, регистр ..., Б... овогт О...ын Г...,

Нэхэмжлэлийн шаардлага:2 533 300 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаан:Хариуцагч С.Э..., О.Г..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

/Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Э... нь С.Э..., О.Г... нарт холбогдуулан гар утас болон компьютерийн үнэ 2 533 300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

С.Э..., О.Г... нар 2021 оны 12 дугаар сарын 17-нд миний Samsung galaxy А32 утасыг ломбардад тавиулан ломбардын өмч болгон алдсан, энэ утасны үнэ 500 000 төгрөг,

2022 оны 1 дүгээр сарын 10-нд төв вокзал дээр орой 20 цагт уулзсан, 20 цагийн вагонд суухдаа машинаас нь буухдаа LG q9 маркийн утсаа мартсан, дараа нь уулзахад эгч барьж байгаа гэсэн боловч өгөөгүй, энэ утасны үнэ 1 500 000 төгрөг,

2022 оны 2 дугаар сарын 13-нд О.Г...ос hp i5 компьютерийг 750 000 төгрөгөөр худалдаж авсан, 2022 оны 2 дугаар сарын 25-нд энэ компьютерийг гуйж ломбардад тавиулсан, авч чадаагүй, энэ компьютерийн үнэ 1 500 000 төгрөг,

2022 оны 1 дүгээр сарын 14-нд О.Г...ос зарах утас байна уу гэхэд чиний ломбардад алдсан утасны чинь мөнгийг хасаад iphone 11 pro аваарай гэсэн,

Иймд компьютер, А32, LG q9 маркийн утаснуудын үнэ 2 533 300 төгрөгийг С.Э..., О.Г... нараас гаргуулна гэв.

Хариуцагч С.Э..., О.Г... нар хариу тайлбартаа:Би Э...т 1 800 000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон, тэрнээс 350 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 1 450 000 төгрөгийг 9 дүгээр сарын 20-ны өдрийн дотор барагдуулна, Э...тай аман гэрээ хийж 1 800 000 төгрөг гэж тохиролцсон, чат болон гэрч байгаа, 2 200 000  төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч С.Э... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр Ө.Э...аас хуучин утсыг авсан бөгөөд түр эгчдээ бариулсан.Тэди болон бусад гар утас худалдаалдаг газраас утасны үнийг лавлахад 150 000 төгрөг гэж байсан.Нэхэмжлэгч өөрөө ч 150 000 төгрөгийн утас, 120 000 төгрөгөөр зарж өгөөч гэж надад хэлж байсан  гэв.

Хариуцагч О.Г... шүүх хуралдаанд тайлбардахдаа:Хариуцагч О.Г...:Самсунг маркийн утсыг нэхэмжлэгч бид 2 цуг ломбардад тавьж, С.Э..., нэхэмжлэгч бид 3 мөнгийг хувааж авсан.Уг 350 000 төгрөгийг би төлнө.Компьютерыг С.Э... бид 2 барьцаалан зээлдүүлэх газар тавьсан бөгөөд буцааж авч чадаагүй.Хариуцагч С.Э... бид хоёр 500 000 төгрөгийг хувааж төлөх боломжтой гэв.

Нэхэмжлэгчээс:Иргэний үнэмлэхний хуулбар, өөрийнхөө ХААН банкны дансны хуулгыг шүүхэд өсгөн, хариуцагч нараас шүүхэд баримт гаргаж өгөөгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

            Ө.Э...ын нэхэмжлэлээс 1 033 300 төгрөгийг хангаж, 1 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

Миний Samsung galaxy А32 утасыг ломбардад тавиулан алдсан энэ утасны үнэ 500 000 төгрөг, LG q9 маркийн утасны үнэ 1 500 000 төгрөг, hp i5 компьютерийн  1 500 000 төгрөг, нийт 2 533 300 төгрөгийг С.Э..., О.Г... нараас гаргуулна.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:

Samsung galaxy А32 утасны үнэ 350 000 төгрөг, LG q9 маркийн утасны үнэ 150 000 төгрөг, hp i5 компьютерийн 533 300 төгрөг, нийт 1 033 300 төгрөгийг өгнө, бусдыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нарын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс Samsung galaxy А32 утас, LG q9 маркийн утас, hp i5 компьютерий зэргийг худалдан авсан боловч үнийг нь бүрэн хэмжээгээр төлж барагдуулаагүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Гэвч нэхэмжлэгч нь тухайн гар утаснууд болон компьютерийн үнийн үлдэгдэлд 2 533 300 төгрөгийг хариуцагч нараас шаардаж байгаа боловч энэхүү гар утаснууд болон компьютерийг хаанаас, хэдэн төгрөгөөр, хэзээ худалдан авсан тухайгаа баримтаар нотлоогүй байна.

Мөн дээрх гар утаснууд болон компьютерийн үнэлгээг эрх бүхий байгууллагаар тогтоолгож, хариуцагч нараас шаардаж байгаа үнэлгээг баримтаар нотлоогүй байх тул хариуцагч нарын зөвшөөрсөн хэмжээгээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч нараас 1 033 300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 1 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэстэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 483 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 29 349 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан С.Э..., О.Г... нараас 1 033 300 /нэг сая гучин гурван мянга гурван зуун/ төгрөг гаргуулан Ө.Э...т олгож, нэхэмжлэлээс үлдсэн 1 500 000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 483 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 29 349 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            З.ДОРЖНАМЖИН