| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2022/00714/И |
| Дугаар | 102/ШШ2022/02991 |
| Огноо | 2022-09-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2022/02991
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:...тоотод байрлах, регистр ..., С... ХХК,
Хариуцагч:... тоотод байрлах, регистр ..., Г... ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага:Гэрээний үүрэгт 29 782 500 төгрөг гаргуулах,
Гэрээнээс учирсан хохиролд 37 177 141 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А..., М.З..., хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Г..., итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
С... ХХК нь Г... ХХК-тай ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 2-ний өдөр ... тоот Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан.Уг гэрээгээр гүйцэтгэгч болох С... ХХК нь Д... аймгийн Б.. сум дахь Г... ХХК-ийн уурхайн талбайд байрлах жонш баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж, нэг сарын төлбөр 19 855 000 төгрөг байхаар тохиролцсон. С... ХХК нь гэрээнд заасан ажил үйлчилгээг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал буюу 1 сарын хугацаанд үзүүлсэн боловч Г... ХХК нь ажлын хөлс болох 19 855 000 төгрөгийг төлөхгүй байна.Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т "Захиалагч нь төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгээс 0.5 хувийн алдангийг гүйцэтгэгч талд төлнө” гэж заасан.Гэрээнд заасан үүргийн үнийн дүн 19 855 000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх хугацааны алданги 9 927 500 төгрөг, нийт 29 782 500 төгрөгийг гаргуулна гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Г... ХХК болон С... ХХК-ийн хооронд 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 6 сарын хугацаатай Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан.С... ХХК-ийн ажилтнууд нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Г... ХХК-ийн үйлдвэр дээр ирж ажилласан боловч Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.1-т заасан ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд баяжуулах үйлдвэрийн ажилтнуудыг зохион байгуулах, сургах, удирдлагаар хангах зэрэг ажлыг хийгээгүй.
Мөн С... ХХК-ийн ажилтнууд нь ажилласан хугацаандаа технологийн алдаа гаргаж хаягдлын өтгөрүүлэгчийг дүүргэх, дизель генераторын түлшний банкны шланкыг эвдэх, эргэлтийн усан сангийн түвшинг хэтрүүлэх, тэжээлийн бункерыг гацаах, автомат хамгаалалтын цахилгааны горимын алдаа гаргах, баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг удаа дараа эвдэх зэрэг алдаа дутагдал гаргаж, мэдлэг туршлагагүйн улмаас Г... ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн болгож чадаагүй.Түүнчлэн С... ХХК-ийн ажилтнуудын буруутай, ажил үүргээ гүйцэтгээгүйгээс болж Г... ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн өтгөрүүлэгч төхөөрөмжийн гол эвдэрч үйлдвэрийн ажил 2 сар гаруй хугацаанд бүрэн зогссон ба С... ХХК-ийн удирдлагуудад хандсан боловч тэд ажлаа орхиж явсан учраас тухайн тоног төхөөрөмжийг БНХАУ-аас 18.000.000 төгрөгөөр худалдан авсан.
Мөн С... ХХК нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй, тухайн үед Г... ХХК-ийн үйлдвэр дээр ажиллаж байсан Д.Х..., Х.Т..., Г.М..., Г.Д..., Б.Т.... гэх ажилтнууд нь өдөр тутмын ажил үүргээ мэддэггүй, ажлын туршлагагүй, үйлдвэрийн төхөөрөмжтэй харьцаж, ажиллуулж үзээгүй байсан нь ажлаа анх хийж эхэлсэн л бидэнд мэдэгдсэн учраас бид С... ХХК-ийн удирдлагуудаас тусгай зөвшөөрөл болон ажиллаж байсан ажилтнуудын мэргэжлийн үнэмлэхийг нэхсэн боловч бидэнд гаргаж өгөөгүй ба тухайн үед ажиллаж байсан ажилтнуудыг сольж өөр ажилтнуудыг ажиллуулна гэж бидэнд мэдэгдэж байсан тул С... ХХК-ийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.
Хариуцагчаас талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс учирсан хохиролд 37 177 141 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ:
Г... ХХК болон С... ХХК-ийн хооронд 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 6 сарын хугацаатай Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан, гэрээний 2.1-т заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 1-т зааснаар нэхэмжилж байна.С... ХХК-ийн ажилтнууд нь Г... ХХК-ийн Шинэ усны уурхайн үйлдвэрт ажиллаж байхдаа 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хаягдлын өтгөрүүлэгч тоног төхөөрөмжийн голыг эвдсэн, үүний улмаас үйлдвэр бүрэн зогссон.Бид өтгөрүүлэгч голыг БНХАУ-аас 6150 юань буюу тухайн үеийн ханшаар 2 515 350 төгрөгөөр худалдаж авсан.Мөн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд С... ХХК-ийн ажилтнуудын зөвлөх үйлчилгээ үзүүлж гаргасан баяжмал нь чанарын шаардлага хангаагүй.Энэ хугацаанд тосны хүчил 594,4 литр буюу 3 181 360 төгрөг, шингэн шил 1239 литр буюу 3 063 150 төгрөг, техникийн сода 1303,3 кг буюу 3 613 600 төгрөг, Полиакриламид 30,7 кг буюу 368 400 төгрөг, ган бөмбөлгийн элэгдэл 1041,67 кг буюу 2 098 094 төгрөг, шуудай 54 ширхэг буюу 1 080 000 төгрөг, хүдэр 40 хувийн агууламжтай 149,1 тонн буюу 21 257 187 төгрөг болно.Иймд С... ХХК-ийн ажилтнуудын буруутай үйл ажиллагааны улмаас Г... ХХК-д учирсан хохирлын нийт 37 177 141 төгрөгийг гаргуулна, Б..., С...., Б.., М..., М..., Г..., Г..., Ш...., А... нарыг гэрчээр оролцуулах хүсэлтээсээ татгалзаж байна гэв.
Нэхэмжлэгч хариу тайлбартаа:Сөрөг нэхэмжлэлд 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хаягдлын өтгөрүүлэгч тоног төхөөрөмжийн голыг С... ХХК-ийн ажилтнуудын хэн, ямар шалтгааны улмаас эвдэлсэн нь тодорхойгүй, аливаа нотолгооны хэрэгслээр нотлогдохгүй байна.Хариуцагч Г... ХХК-аас гаргаж өгсөн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Хурлын тэмдэглэлд тухайн хуралд оролцсон хүмүүсийн гарын үсэг байхгүй тул уг хурлын тэмдэглэл нь хэрэгт нотлох баримтын ач холбогдолгүй байна.Хэрвээ тоног төхөөрөмж эвдэрч, үйлдвэрийн ашиглалтад доголдол үүссэн бол Гэрээний 4.1.2 болон 5.2.4-т заасны дагуу Г... ХХК-ийн шаардлагаар талуудын ижил тооны төлөөллөөс бүрдсэн мэргэжлийн комиссыг хамтран байгуулж буруутай талыг олонхын саналаар тогтоож акт үйлдсэний үндсэн дээр бодит хохирлыг тогтоох ёстой байсан.Гэвч Г... ХХК-аас ямар нэгэн тийм санал, шаардлага гараагүй тул уг эвдрэлийг С... ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэх үндэслэлгүй байна.Мөн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ... тоот Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу С... ХХК нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэрээт ажлыг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд үүнээс өмнө тухайн үйлдвэр нь дөнгөж баригдаж дууссан, техник төхөөрөмжүүдийг удаан хугацаанд асааж, ажиллуулаагүй, үйлдвэрийн технологийн жигдрүүлэлт хийгдээгүй байсан.Ийм нөхцөлд чанарын шаардлага хангасан баяжмал гаргах зорилгоор үйлдвэрийн технологийн тохиргоо жигдрүүлэлтийн ажил тухайн үед явагдаж эхлээд байсан.Өөрөөр хэлбэл ажил эхлэх үеэр баяжмалын өтгөрүүлэгчид байсан хуучин, үлдэгдэл материалыг зайлуулах, цэвэрлэх ажиллагаа хийгдсэн, баяжмалын чанарыг Г... ХХК-ийн лабораторийн үр дүнд үндэслэн тохиргоо хийж байсан ба чанарын шаардлага хангасан баяжмал гаргаагүй гэдэг нь огт үндэслэлгүй юм. Мөн Гэрээний талууд нь жонш баяжуулах үйлдвэрийн тохиргоо, жигдрүүлэлтийг хийж, хэвийн үйл ажиллагаанд оруулахад нийт 6 сарын хугацаа шаардлагатай болохыг харилцан тохиролцсон бөгөөд үүнийг гэрээний 2.3-т зааснаас харж болно.Гэтэл Г... ХХК нь ажлын төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж ажил гүйцэтгэх хугацаа 1 сараас дээш хугацаагаар үргэлжлээгүй болно.Сөрөг нэхэмжлэлд 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд баяжмал гаргахад шаардлагатай бүтээгдэхүүний үнийн дүнг нэхэмжилсэн байна.Гэвч гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.5-т захиалагч нь гүйцэтгэгч талын ажиллагаатай холбоотой хариуцаж, хангах зардлыг зааж өгсөн бөгөөд үүнд “ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа материал, багаж хэрэгслийн зардал”-ыг тусгасан байна.Гэрээний 4.2.4-т захиалагч нь үйлдвэрийн үйл ажиллагааг тасалдуулахгүй тогтмол явуулах нөхцөл боломжоор хангах үүрэгтэй байхаар заасан байна.Дээр дурдсан гэрээний заалтуудаас харахад баяжмал гаргахад ашигласан бараа материалыг захиалагч буюу Г... ХХК хариуцах ёстой байх тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс:Нэхэмжлэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зохигч талуудын хооронд 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ, .... дугаартай нэхэмжлэх зэрэг баримтуудыг шүүхэд өгсөн.
Хариуцагчаас:Хариуцагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хурлын тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Талуудын хүсэлтээр гэрч Д.Х..., Г.Б..., А.Б... нарын асуусан тэмдэглэл, үзлэгийн тэмдэглэл, гэрч Б.Т.., Х.Т..., Г.Б... нарыг асуусан тэмдэглэл зэрэг баримтуудыг /хх 33-40, 41-104, 110-112, шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
С... ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Г... ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Гэрээнд заасан ажил үйлчилгээг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал буюу 1 сарын хугацаанд үзүүлсэн.
Г... ХХК-аас ажлын хөлс болох 19 855 000 төгрөгийг, гэрээнд зааснаар алданги 9 927 500 төгрөг, нийт 29 782 500 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
-Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:Зөвлөх үйлчилгээг хангалтгүй хийсэн, ажлаа тайлагнаагүй, үйлдвэрийн ажилтнуудыг зохион байгуулах, сургах, удирдлагаар хангах ажлыг хийгээгүй, хаягдлын өтгөрүүлэгч тоног төхөөрөмжийн голыг эвдсэн, манай байгууллагын үйл ажиллагаа доголдсон гэж тайлбарласан.
-Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ-С... ХХК-ийн ажилтнууд хаягдлын өтгөрүүлэгч тоног төхөөрөмжийн голыг эвдсэн, үүний улмаас үйлдвэр бүрэн зогссон, өтгөрүүлэгч голыг БНХАУ-аас 6150 юань буюу тухайн үеийн ханшаар 2 515 350 төгрөгөөр худалдаж авсан.
Мөн С... ХХК-ийн ажилтнууд тосны хүчил 594,4 литр буюу 3 181 360 төгрөг, шингэн шил 1239 литр буюу 3 063 150 төгрөг, техникийн сода 1303,3 кг буюу 3 613 600 төгрөг, полиакриламид 30,7 кг буюу 368 400 төгрөг, ган бөмбөлгийн элэгдэл 1041,67 кг буюу 2 098 094 төгрөг, шуудай 54 ширхэг буюу 1 080 000 төгрөг, хүдэр 40 хувийн агууламжтай 149,1 тонн буюу 21 257 187 төгрөгийн материалыг зарцуулсан тул нийт 37 177 141 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
-Нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар комисс томилж, акт үйлдээгүй, манайд ажилчид эвдсэн болох нь нотлогдоогүй, гэрээнд зааснаар түүхий эдийг хариуцагч байгууллага хангах ёстой, гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигч талуудын хооронд 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ, .... дугаартай нэхэмжлэх, хурлын тэмдэглэл, үзлэгийн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчийн хооронд 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “Зөвлөх үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулагдсан байна.
Талуудын маргааны зүйл нь зөвлөх үйлчилгээний үзүүлсний нэг сарын төлбөрийг, алдангийн хамт авна гэснийг хариуцагч эс зөвшөөрч, ажлаа тайлагнаагүй, үйлдвэрийн ажилтнуудыг зохион байгуулах, сургах, удирдлагаар хангах ажлыг хийгээгүй, хаягдлын өтгөрүүлэгч тоног төхөөрөмжийн голыг эвдсэн, манай байгууллагын үйл ажиллагаа доголдсон гэж тайлбарласан.
С... ХХК-ийн ажилчид тэнд очиж ажиллаагүй гэж маргаагүй, харин С... ХХК-ийн ажилчид тэнд ажиллахдаа манай байгууллагад хохирол учруулсан гэж маргаж байна.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
С... ХХК нь гэрээний дагуу Д... аймгийн Б... суманд байрлах Г... ХХК-ийн уурхайн жонш баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 1 сарын хугацаанд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн болох нь гэрчүүдийн мэдүүлэг, талуудын тайлбараар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллагын ажилчид Г... ХХК-ийн уурхайн жонш баяжуулах үйлдвэрт очиж 1 сарын хугацаанд ажилласан, баяжмал гаргасан гэж зохигчид тайлбарлаж байх боловч ажлаа тайлагнаагүй, үйлдвэрийн ажилтнуудыг зохион байгуулах, сургах, удирдлагаар хангах ажлыг хийгээгүй гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдоогүй байна.
Нэхэмжлэгч нь талуудын хооронд хийгдсэн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар нэг сарын төлбөрийг алдангийн хамт шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын ажилчид нь Г... ХХК-ийн уурхайн жонш баяжуулах үйлдвэрт ажиллаж байх хугацаандаа хаягдлын өтгөрүүлэгч тоног төхөөрөмжийн голыг эвдсэн, хариуцагч байгууллага нь тухайн голыг 2 515 350 төгрөгөөр худалдаж авсан болох нь нотлогдохгүй байна.
Талуудын хооронд хийгдсэн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.5-т захиалагч нь гүйцэтгэгч талын үйл ажиллагаатай холбоотой буюу ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа материал, багаж хэрэгслийн зардлыг хариуцаж, хангах үүрэгтэй гэж тохиролцсон байх тул үйл ажиллагаанд зарцуулсан гэх материалын зардлыг хариуцагч байгууллага шаардах эрхгүй байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч байгууллагын ажилчид нь нэг сар ажиллах хугацаандаа тосны хүчил 594,4 литр, шингэн шил 1239 литр, техникийн сода 1303,3 кг, полиакриламид 30,7 кг, ган бөмбөлгийн элэгдэл 1041,67 кг, шуудай 54 ширхгийг зарцуулсан болох нь баримтаар нотлогдохгүй байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй боловч үүрэг гүйцэтгэгч нь үүргээ зөрчсөн, улмаар хохирол учирсан гэх нөхцөл байдал нь баримтаар нотлогдоогүй байна.
Дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагын төлсөн 306 863 төгрөг, хариуцагч байгууллагын төлсөн 343 825 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 306 863 төгрөг гаргуулах нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан Г... ХХК-аас 29 782 500 /хорин есөн сая долоон зуун наян хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан С... ХХК-д олгож, Г... ХХК-ийн 37 177 141 /гучин долоон сая нэг зуун далан долоон мянга нэг зуун дөчин нэгэн/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч байгууллагын төлсөн 306 863 төгрөг, хариуцагч байгууллагын төлсөн 343 825 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 306 863 төгрөг гаргуулах нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН