| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2022/01377/И |
| Дугаар | 102/ШШ2022/02945 |
| Огноо | 2022-09-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2022/02945
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:... тоотод оршин суух, регистр ..., Д... овогт Д...ийн Д.Б...,
Хариуцагч:... байрлах, регистр ..., Б... ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага:56 м.кв үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Д.Б..., өмгөөлөгч Ц.Б..., хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Э..., өмгөөлөгч О.М..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б... нь Б... ХХК-д холбогдуулан ... байрлах, 56 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, уг талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Би 2005 оноос гэр ахуйн тавилгын үйлдвэрлэл, худалдааны бизнес эрхэлж байсан бөгөөд бизнесийн үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Б... ХХК-тай харилцан тохиролцож, тухайн үедээ шинээр баригдаж байсан, .... байрны Б1 давхрын 470.05 м.кв үйлчилгээний талбайгаас 56 м.кв талбайг захиалж, 1 м.кв-ын үнийг 1.500.000 төгрөгөөр тооцож, нийт 84 сая төгрөгөөр худалдан авахаар болсон.
Би 2012 оны 5 дугаар 31-ний өдөр Б... ХХК-ийн захирал Д.П...-д үл хөдлөх эд хөрөнгийн үнийн 60 сая төгрөгийг урьдчилгаа болгож бэлнээр өгөхөд Д.П... нь манай Б... ХХК нь Х... ХХК-д ажлын хөлс төлөх ёстой юм, наад мөнгөө манай компанийн нэрээр очоод тушаачих гэж хэлээд Б... ХХК-ний зарлагын баримт үйлдэж өгсөн, би өөрийн биеэр Х... ХХК дээр нягтлан бодогч А... гэх эмэгтэйд орлогын баримт үйлдэн 60 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн.
Тухайн барилга ашиглалтад орж манай дэлгүүр өөрийн худалдан авсан талбайд нүүж орсны дараа буюу 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр би гэрээний үлдэгдэл төлбөр болох 24 сая төгрөгийг өөрийн биеэр Б... ХХК дээр очиж бэлнээр орлогын баримт үйлдэн тушаасан.
Барилга ашиглалтад орсон 2014 оноос хойш 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл тухайн үйлчилгээний талбайд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байсан.Энэ хугацаанд Б... ХХК нь эхлээд үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй байна, дараа нь болохоор бүтэн талбайгаар үл хөдлөхийн гэрчилгээ гарсан, эндээс танайхыг салгаж гэрчилгээг гаргаж өгнө гэдэг байсан.
Гэтэл 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр намайг ажилдаа ирэхэд манай дэлгүүрийн цоожийг сольж, орох аргагүй болсон.Би уг талбайн үнэ болох 84 сая төгрөгийг бүрэн төлчихсөн учраас 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “тус үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба улмаар иргэний хэрэг үүсэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан боловч Б... ХХК нь төлбөрийн үлдэгдэл болох 24 сая төгрөгийн баримтыг намайг хуурамчаар үйлдэж, шүүхэд гаргаж өгсөн гэж Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өгч шалгуулсан.
Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Дээрх хэрэг бүртгэлтийн хэргийг 2018 оны 9 дүгээр сараас хойш 3 жил гаруйн хугацаанд шалгаж, Б... ХХК-ийн гомдлоор дахин дахин сэргээн шалгаж хугацаа алдсан.Дээрх хугацаанд хяналтын прокурорын 4 удаагийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн ба одоо прокурорын тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэл арилсан тул дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Нэгэнт би тухайн үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг бүрэн төлж, гэрээний үүргээ биелүүлсэн тул ... байрны Б1 давхрын зүүн хэсэгт байрлах, 56 м.кв талбайн өмчлөгчөөр намайг тогтоож, уг талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагч Б... ХХК-д даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбартаа:Д.Б...оос шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь эрхийг хүлээн зөвшөөрүүлэх буюу Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасан агуулгаар гаргасан байна.
Б... ХХК болон Х... ХХК нар нь М...-ийн захиалгаар .... байрлах орон сууцны зориулалттай 12 давхар барилгыг барихаар 2012 оны 5 дугаар сарын 3-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын ажлыг хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгсөн.
Б... ХХК-иас Д.Б...той 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Захиалгын гэрээ” огт байгуулаагүй бөгөөд Д.Б... нь манай компанийн захиалгаар Х... ХХК-ийн барьж гүйцэтгэж байсан барилгын Б1 давхрын 470.05 м.кв авто зогсоолын зориулалттай талбайгаас 56 м.кв талбайг захиалсан, компанид үнийг төлсөн зүйл огт байхгүй.
|
|
М Э... 2012 оны 5 дугаар сард Б... ХХК-д менежерээр ажиллаж байсан ба энэ үед нэхэмжлэгч Д.Б... бид хоёр гэр бүл /эхнэр, нөхөр/ байсан ба М...-ийн захиалгатай орон сууцны барилгын суурь зоорийн давхрын угсралтын ажил барилгын зурагт заагдсаны дагуу хийгдэж байсан юм.
Энэ үед Б... ХХК-иас барилгын зургаараа авто зогсоолын зориулалттай зоорийн давхрыг үйлчилгээний талбай гэж иргэнээс захиалга авах нь байтугай захиалагч М...-ийн ажилчдаас орон сууцны захиалга авч захиалгын гэрээ байгуулаагүй, захиалга авч эхлэх ч боломжгүй, барилга угсралтын ажил дөнгөж суурь, зоорийн давхрын ажил хийгдэж байсан тул Д.Б...той гэрээний харилцаанд орох боломжгүй.
Б... ХХК-иас Х... ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн хөлсөнд төлөх ёстой байсан 60 000 000 төгрөгийг тухайн үед М.Э... Х... ХХК-д тушааж, мөнгө төлсөн баримтад гарын үсэг зурах ёстой байсан боловч уг мөнгийг Д.Б...д өгч явуулан ажил гүйцэтгэгчид төлүүлсэн.Тус баримт нь Б... ХХК-иас Х... ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилга угсралтын ажлын хөлсөнд төлөгдсөн тус хоёр байгууллагын орлого, зарлагын баримтаар нотлогдохоос гадна тооцоо нийлсэн актаар давхар нотлогдоно.
Би Д.Б...д холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оноос хандаж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаж байсан ба Д.Б... нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхээр шийдвэрлүүлж байсан.Ингэхдээ Б... ХХК-ийг гэр бүлийн компани гэж тайлбарлан хувьцаа, эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжилсэн.
Д.Б... бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа Н...ХХК-ийг үүсгэн байгуулж тавилгын үйлдвэрлэл, угсралтын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг учраас 2014 онд Б... ХХК-ийн захирал Д.П...д тавилгын үйлдвэрлэл эрхэлдэг талаараа хэлж зоорийн давхрын 56 м.кв талбайд түр тавилгаа байрлуулж худалдан борлуулах санал тавьсныг Д.П... хүлээн зөвшөөрснөөр тавилгаа түр байрлуулан худалдан борлуулахаар болсон.
Дээрх гэр бүлийн маргааны талаар бид харилцан тохиролцож 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулсан бөгөөд ингэхдээ уг гэрээний 3.2-3.6-д нэрлэн заасан эд хөрөнгийг Д.Б...д шилжүүлэн өгөх, 4 дүгээр зүйлд зааснаар Д.Б... нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаантай холбоотой шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ бусад шаардлагаас бүхэлд нь татгалзаж, цаашид аливаа эд хөрөнгийн өмчлөлийн талаар дахин маргахгүй гэдгээ илэрхийлж гэрээ байгуулсныг шүүх баталж шийдвэрлэсэн.
Манай компаниас Х... ХХК-д Ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн хөлсөнд төлөх ёстой байсан 60 000 000 төгрөгийг тухайн үед менежерээр ажиллаж байсан М.Э... Х... ХХК-д тушааж, мөнгө төлсөн баримтад гарын үсэг зурах ёстой байсан боловч би уг мөнгийг Д.Б...д өгч явуулан ажил гүйцэтгэгчид төлүүлсэн. Х... ХХК-д мөнгө тушаасан баримтад Д.Б... гарын үсэг зурсан байсныг өмнөх шүүхийн ажиллагааны шатанд олж мэдээд Цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан.
Д.Б... дээрх баримтад гарын үсэг зурснаа ашиглан өөрөө “Б...” ХХК-д захиалгын гэрээний дагуу урьдчилгаа төлбөр төлсөн болгон ашиглаж үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгохоор гаргаж байгаа үйлдэл нь төөрөгдөлд оруулж байна.
Энэхүү 60 000 000 төгрөг тушаасан баримтаар Б... ХХК-иас Х... ХХК-д ажлын хөлс төлсөн болох нь нотлогдох бөгөөд Д.Б... нь манай компанид урьдчилгаа төлж байгаагүй.
Нэхэмжлэгч тал манай компанитай “Захиалгын гэрээ” байгуулан 56 м.кв талбайг худалдаж авахаар амаар, бичгээр тохиролцсон зүйл байхгүй бөгөөд захиалагч Д.Б...оос манай компанид кассаар болон бэлнээр нэхэмжлэлд дурдсан 60.000.000 төгрөг, үлдэгдэл гэх 24.000.000 төгрөгийг төлж байсан зүйл огт байхгүй.
Нөгөө талаар бид хоорондоо ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй ба маргаж буй талбайн м.кв-ын үнийг тохиролцсон зүйл байхгүй байхад үнэ тохиролцсон мэтээр хууль бус нэхэмжлэлийг Д.Б... шүүхэд гаргасан гэж үзэж байна.
Мөн тэрээр нэхэмжлэлдээ "...тухайн барилга ашиглалтад орж манай дэлгүүр өөрийн худалдан авсан талбайд нүүж орсны дараа буюу 2014.08.04-ний өдөр би гэрээний үлдэгдэл төлбөр болох 24 сая төгрөгийг өөрийн биеэр Б... ХХК дээр очиж бэлнээр орлогын баримт үйлдэн тушаасан...гэсэн тайлбар нь илтэд үндэслэл муутай байх ба компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэн нотлох баримт болгон ашиглаж байгаа үйлдэл нь хууль бус бөгөөд энэ асуудлыг манай компанийн зүгээс 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Б... дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл гарган шалгуулсан бөгөөд уг баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоогдсон боловч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч талын өмчлөгчөөр тогтоолгохыг хүсэж буй Б1 давхар /зоорийн давхар/ нь анхнаасаа барилгын зургаараа “...авто зогсоолын зориулалттай...” байсан бөгөөд манай компани нь талбайн зориулалтыг нь өөрчилж үйлчилгээний талбай болгон өөрчилсөн болно.Өөрөөр хэлбэл, Улсын комисст 2014 онд хүлээлгэн өгөхдөө авто гараашийн зориулалтаар хүлээлгэн өгсөн ба Улсын комисс ажилласны дараа зориулалтыг нь өөрчилсөн юм.
Эрхийг хүлээн зөвшөөрүүлэх буюу өмчлөх эрх гэрээ, хэлцлийн үндсэн дээр болон хуульд заасан дагуу үүсдэг бөгөөд нэхэмжлэгч Д.Б... нь 56 м.кв талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл нь эдгээр хоёр аргын аль алинаар нь үүсэхгүй байна.
Маргаж буй 56 м.кв талбай нь одоо Б... ХХК-ний нэр дээр өмчлөх эрх нь бүртгэлтэй байгаа ба манай компани уг талбайн ашиглалтын зардал болох цахилгаан, халаалт, халуун хүйтэн усны төлбөрийг төлж ирсэн.Нэхэмжлэлд дурдсан шиг үнэхээр уг талбай нь Д.Б...ын өмчлөлийн талбай бол тэрээр өөрөө цахилгаан, халаалт, усны төлбөрийг нэг ч удаа төлж байгаагүй юм.
Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт: “...талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол жанхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ...” гэж заасан байх ба бид харилцан тохиролцож захиалгын гэрээ байгуулаагүй, Д.Б... нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ гэж мөнгө төлөөгүй тул түүнд өмчлөх эрх үүсээгүй байх тул 56 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг түүний нэр дээр гаргуулахыг даалгах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Д.Б...ын манай компанид холбогдуулан гаргасан ... байрны Б-1 давхрын зүүн хэсэгт байрлах 56 м.кв талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, уг талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Д.Б...ын нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагч Б... ХХК-д даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс:Иргэний үнэмлэхийн хуулбар, 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, мөн өдрийн зарлагын ордер, 2014 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн кассын орлогын ордер, 56 м.кв талбайн гэрэл зураг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн ... дүгээр дүгнэлт, Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” ... дүгээр тогтоол, мөн прокурорын 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” ... дүгээр тогтоол, мөн прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” ... дүгээр тогтоол, мөн прокурорын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” ... дүгээр тогтоол, мөн прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” ... дүгээр тогтоол, мөн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 12, 2021 оны 12 дугаар сарын 13, 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “Хариу мэдэгдэх хуудас”, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, нэхэмжлэгчийн Х.. банкны дансны хуулга, К... ХХК-ийн Д.Б...той 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, зээл төлөлтийн бүртгэлүүд, бэлэн мөнгөний зарлагын баримтууд, Б... ХХК-ийн захирлын 2016 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн М.Э...ыг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлсэн ... дугаартай албан бичиг, Х... ХХК-иас шүүхэд ирүүлсэн баримт, тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн ... дүгээр баримтыг шүүхэд өгсөн./хх 7-8, 9-10, 11-16, 17, 18-21, 22-26, 27-35, 36-39, 40-44, 45-46, 89, 138-151,
Хариуцагчаас:Б... ХХК, Х... ХХК-ийн хооронд 2012 оны 5 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, “Б... ХХК, Б.Б... нарын хооронд 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд Д.Б...ын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар шийдвэр, “Х...” ХХК-ийн ”Б...” ХХК-тай хийсэн тооцооны үлдэгдлийн баталгаа, М...-ийн ажилчдын орон сууцны барилга угсралтын ажлын санхүүжилтийн баримт, Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” ... дүгээр тогтоол, хариуцагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Барилгын ажилд хяналт тавих ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, Техникийн комисс бүрдүүлэх тухай 2013 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн ... дугаар албан бичиг, Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлийг баталгаажуулсан баримтууд, Цутгамал төмөр бетон бүтээцийг арматурласан акт, Цутгамал бетон, төмөр бүтээцийн ажил гүйцэтгэсэн актууд, Барилгын ажлын явцад зохиогчийн дүгнэлтийн тайлан, Барилгын хөгжлийн төвийн зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт, техникийн нөхцөл, барилгын явцын гэрэл зургууд, барилгын болон суурийн схем зургийг шүүхэд өгсөн./хх 57-58, 59-60, 62-64, 65-67, 68, 69, 70-74, 75-77, 92-133,
Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч О.А..., М.Б.... нарыг асуусан тэмдэглэл бүхий баримтуудыг /хх-155-163/ шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:
Б... ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр харилцан тохиролцож, шинээр баригдаж байсан, .... байрны Б1 давхрын 470.05 м.кв үйлчилгээний талбайгаас 56 м.кв талбайг захиалж, 1 м.кв-ын үнийг 1.500.000 төгрөгөөр тооцож, нийт 84 сая төгрөгөөр худалдан авахаар болсон.
Би 2012 оны 5 дугаар 31-ний өдөр Б... ХХК-ны захирал Д.П...д үл хөдлөх эд хөрөнгийн үнийн 60 сая төгрөгийг урьдчилгаа өгөхөд Д.П...гийн хэлснээр Х... ХХК дээр нягтлан бодогч А...т орлогын баримт үйлдэн 60 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн.
Дараа нь 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр би гэрээний үлдэгдэл төлбөр болох 24 сая төгрөгийг өөрийн биеэр Б... ХХК дээр очиж бэлнээр орлогын баримт үйлдэж тушаасан.
Иймд ... байрны Б1 давхрын зүүн хэсэгт байрлах, 56 м.кв талбайн өмчлөгчөөр намайг тогтоож, уг талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагч “Б...” ХХК- д даалгаж өгнө үү гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:
Б... ХХК-иас Д.Б...той 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Захиалгын гэрээ байгуулаагүй, Д.Б... нь манай компанийн захиалгаар Х... ХХК-ийн барьж гүйцэтгэж байсан барилгын Б1 давхрын авто зогсоолын зориулалттай талбайгаас 56 м.кв талбайг захиалсан, компанид үнийг төлсөн зүйл байхгүй.
|
|
Б... ХХК-д М.Э...ыг 2012 оны 5 дугаар сард менежерээр ажиллаж байхад Д.Б... бид хоёр гэр бүл байсан.
Б... ХХК-иас Х... ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн хөлсөнд төлөх ёстой байсан 60 000 000 төгрөгийг Д.Б...д өгч явуулан ажил гүйцэтгэгчид төлүүлсэн.
Д.Б...ын Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 онд гаргасан гэр бүлийн маргаанд эд хөрөнгийн талаар бид харилцан тохиролцож 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулсныг шүүх баталж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нь манай компанитай “Захиалгын гэрээ” байгуулан 56 м.кв талбайг худалдаж авахаар амаар, бичгээр тохиролцоогүй, Д.Б... манай компанид кассаар болон бэлнээр 60.000.000 төгрөг болон 24.000.000 төгрөгийг төлөөгүй.
Нэхэмжлэгчийн 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гэрээний үлдэгдэл гэх 24 000 000 төгрөгийн баримтыг 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгуулсан, уг баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн болно.
Иймд ... дугаар байрны Б-1 давхрын зүүн хэсэгт байрлах 56 м квадрат талбайн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, уг талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Д.Б...ын нэр дээр гаргуулж өгөхийг Б... ХХК-д даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, мөн өдрийн зарлагын ордер, 2014 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн кассын орлогын ордер, 56 м.кв талбайн гэрэл зураг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн ... дүгээр дүгнэлт, Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” .... дүгээр тогтоол, мөн прокурорын 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” ... дүгээр тогтоол, мөн прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” ... дүгээр тогтоол, мөн прокурорын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” ... дүгээр тогтоол, мөн прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” .. дүгээр тогтоол, мөн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 12, 2021 оны 12 дугаар сарын 13, 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “Хариу мэдэгдэх хуудас”, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, нэхэмжлэгчийн Х... банкны дансны хуулга, К... ХХК-ийн Д.Б...той 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, зээл төлөлтийн бүртгэлүүд, бэлэн мөнгөний зарлагын баримтууд, Б... ХХК-ийн захирлын 2016 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн М.Э...ыг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлсэн ... дугаартай албан бичиг, Х... ХХК-иас шүүхэд ирүүлсэн баримт, тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн ... дүгээр баримт, Б... ХХК, Х... ХХК-ийн хооронд 2012 оны 5 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, Б... ХХК, Б.Б.. нарын хооронд 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээ, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд Д.Б...ын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар шийдвэр, Х... ХХК-ийн Б... ХХК-тай хийсэн тооцооны үлдэгдлийн баталгаа, М...-ийн ажилчдын орон сууцны барилга угсралтын ажлын санхүүжилтийн баримт зэрэг нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
... байрны Б1 давхарт байрлах, 470,05 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт Б... ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн ... дүгээр баримтаар нотлогдож байна.
Дээрх ... байрны Б1 давхарт байрлалтай, 470,05 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 56 м.кв талбайг нэхэмжлэгч нь 84 000 000 төгрөгөөр худалдан авахаар Б... ХХК-тай тохиролцсон, зохигчдын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Х... ХХК-д Б... ХХК-иас 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ажлын хөлс утгатайгаар тушаасан 60 000 000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын болон зарлагын ордерын баримтыг Д.Б...оос Б... ХХК-д төлсөн гэрээний үүрэг гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч 60 000 000 төгрөгийн эх үүсвэрийг 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр К... ХХК-иас зээлж авсан гэж тайлбарлаж байх боловч А... ХХК-иас гарсан зарлагын 60 000 000 төгрөг нь Х... ХХК-д орлогдсон болохыг нотолсон санхүүгийн анхан шатны орлого, зарлагын болон санхүүгийн дэмжих баримтгүй байна.
Мөн Д.Б...оос талбайн үлдэгдэл утгатай 24 000 000 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 4-ны өдрийн огноотой, Б... ХХК-ийн санхүүгийн тэмдэгийн дардастай, кассын орлогын ордерыг “Б...” ХХК-иас худалдан авсан 56 м.кв талбайн үлдэгдэл үнэ гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн болох нь нотлогдож, тогтоогдоогүй байхад тухайн хөрөнгийг үнийг төлсөн байна гэж үзэх боломжгүй байна.
Мөн Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар талуудын хооронд хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлсэн тухай баримтгүй байна.
Нөгөө талаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар шийдвэрээр Д.Б...ын нэхэмжлэлтэй М.Э...т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагатай хэргийг шийдвэрлэхдээ Б... ХХК болон Н... ХХК-ийн нэр дээр байгаа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийн ногдох хэсгээс бүхэлд нь татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж шийдвэрлэсэн байна.
Үүнээс үзэхэд 2017 оны 2 дугаар сард Б... ХХК-ийн нэр дээр байгаа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүд нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байсан учраас талууд эвлэрсэн үйл баримтыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.
Иймд тухайн үед гэр бүлийн гишүүн байсан Д.Б... нь өөрийнхөө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс 56 м.кв талбайг худалдан авсан байх боломжгүй юм.
Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” ... дүгээр тогтоолд “...М.Б...ийг 24 000 000 төгрөгийн орлогын баримтыг хуурамчаар үйлдсэн эсэх, Д.Б...ыг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг орлогын баримтыг хуурамч болохыг мэдсээр байж гаргаж өгсөн эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон” гэжээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг төлөх байтал 648 150 төгрөг төлж, 507 750 төгрөгийг илүү төлсөн байгааг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар буцаан олгож, үлдсэн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан ... дугаар байрны Б1 давхрын зүүн хэсэгт байрлах, 56 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, уг талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагч байгууллагад даалгах тухай Д.Б...ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 648 150 төгрөгөөс 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 507 750 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан Д.Б...д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН