Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0098

 

 

 

2023 01 27 128/ШШ2023/0098

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа би Н.Гантулгын нэхэмжлэлтэй, Хил хамгаалах ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.Гантулгаас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Н.Гантулгыг Хүний нөөцийн хэлтсийн мэдэлд шилжүүлэх тухай 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн Б/1785 тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Н.Гантулгаар үүрэгт ажлыг нь гүйцэтгүүлэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, Хилийн 0146 дугаар ангийн Заставын даргын албан тушаалд ажиллуулахыг даалгах, дээрх илт хууль бус захиргааны актын үр дагавар болох Н.Гантулгын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хил хамгаалах ерөнхий газар олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх шийдвэрийг гаргуулах гэжээ.

1.1.Нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Миний бие 1995-1999 онд Хилийн цэргийн дээд сургуулийг Хилийн албаны ажилтан, хуульч мэргэжлээр төгсөж, Хилийн цэргийн удирдах газрын даргын 1999 оны 07 сарын 06-ны өдрийн 552 дугаар тушаалаар Хилийн 0168 дугаар ангид томилогдож 2008 он хүртэл тус ангид Заставын орлогчоос Хилийн албаны дарга хүртэл, Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2014 оны 03 сарын 17-ны өдрийн Б/206 тоот тушаалаар хилийн 0287 дугаар ангид томилогдон Штабын орлогч, бэлэн байдлын ахлах офицер, шуурхай жижүүрээр 2018 он хүртэл ажиллаж байгаад Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2018 оны 06 сарын 04-ний өдрийн Б/586 тоот тушаалаар хилийн 0146 дугаар ангид Заставын даргаар томилогдон ажиллаж байсан. Намайг 2020 оны 11 сарын 30-нд "Ерөнхий газраас ажлыг нь хүлээлцүүл" гэсэн гэж хилийн 0146 дугаар анги дээр нь дуудаж, үүрэгт ажлыг нь хүлээлцүүлсэн. Ажил хүлээлцэхэд Н.Гантулгад ямар нэгэн тушаал огт танилцуулж, гардуулаагүй, "хүний нөөцийн мэдэлд шилжүүлсэн" гэж хэлсэн байдаг. Би "хүний нөөцийн мэдэлд шилжүүлсэн" гэдгийг цалингаа аваад түр хугацаанд ажлаасаа чөлөө авдаг практик байдаг учир энэ утгаар ойлгож байсан ч Хүний нөөцийн мэдэлд байсан гэх хугацаанд цалин хөлсийг огт олгоогүй, ажлын байраар ч хангаагүй. Б.Батсайханы гомдлоор шалгагдаж байсан хэрэг маргаан Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/48 тоот шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж дууссан. Батсайхан нь өш хонзонгийн сэдэлтэйгээр эхнэр Г.Цэрэндуламтай үгсэн тохиролцож санаатай төрийн болон албаны нууцад хамаарах баримт мэдээлэл хулгайлж хууль бусаар олж авсан, цуглуулсан гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон.

1.2.Маргаан бүхий захиргааны акт болох ХХЕГ-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/1785 тоот тушаалд "Монгол Улсын Хилийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.3. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. Тагнуулын ерөнхий газрын 2020 оны 14 дүгээр албан шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд "Хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хилийн 0146 дугаар ангид заставын дарга, дэд хурандаа Намжилдоржийн Гантулгыг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Хүний нөөцийн хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй" гэжээ.

1.3.Тушаалыг Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Цэргийн жинхэнэ алба хаагчийг албан ажлын шаардлага, эсхүл эрүүл мэндийн байдал, өөрийн хүсэлтийг харгалзан өөр албан тушаалд шилжүүлэн томилж болно" гэж заасныг үндэслэн гаргажээ. Гэвч өөр ажилд шилжүүлээгүй байгууллагаас нь зөвхөн "чи хүний нөөцийн мэдэл байгаа" л гэж хэлж байсан. Чамайг халаагүй. Хүний нөөцийн мэдэлд байгаа гэдэг.

1.4.2020 оны 12 дугаар сарын 01 ний өдрөөс одоог хүртэл өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулаагүй, албан тушаалыг түдгэлзүүлэх шүүхийн шийдвэр гараагүй. чөлөө олголоо гэж хэлээгүй, Заставын даргын ажил үүргийг ч гүйцэтгүүлээгүй, ажлаас чөлөөлөөгүй, ажилгүй байсан хугацааны тэтгэмж цалин хөлс ч олгоогүй ямар ч тодорхой үндэслэлгүйгээр ийнхүү үүрэгт ажлыг хүлээлцүүлж авсан. Үүнээс болж би ажил үүргээ гүйцэтгээгүй, цалин хөлс аваагүй хохирсноос гадна цэргийн бүрэн тэтгэвэр авах ажилласан жилийн нөхцөлийг хангах боломжгүй болоод байна.

1.5.Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т "Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно" гэсэн зарчим бий. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэнийг ч шалгагдаж байгаа гэсэн үндэслэлээр эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчиж болохгүй. Хилийн цэргийн байгууллагад 15 жил ажилласан, төрийн тусгай албан хаагч намайг ямар нэг тушаал танилцуулж, гардуулалгүйгээр ажлыг хүлээлцүүлснээ, түүний гэм буруутай эсэх нь шүүхээс тогтоогдох хүртэл тохирох ажлын байраар хангаагүйгээ эсхүл цалин хөлс, тэтгэмж огт олгоогүйгээ, түүний эрх зүйн байдлыг дордуулсан "хүний нөөцийн хэлтсийн мэдэлд шилжүүлэх" гэсэн нь ямар утгатай эсэх талаар, хууль ёсны үндэслэлээ ХХЕГазар огт тайлбарлаагүй. Миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ХХЕГ-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/1785 тоот тушаалыг илт хууль бус захиргааны акт мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа үндэслэл нь Захиргааны акт нь 3ЕХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.3-т хууль зүйн үндэслэлтэй байх, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар агуулга нь ойлгомжтой, тодорхой байх шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл Тушаалын тогтоох хэсэгт Хуулийн байгууллагад шалгагдаж байгаа Хилийн 0146 дугаар ангид заставын дарга, дэд хурандаа Намжилдоржийн Гантулгыг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Хүний нөөцийн хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй" гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47 1.6 47.1.7-д зааснаар илт хууль бус захиргааны акт байх бөгөөд утга агуулгын илэрхий алдаатай буюу олон салаа утгатай, ойлгомжгүй, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүйн дээр анхнаасаа энэ тушаалыг гаргаж нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслээгүй.

1.6.Өөрөөр хэлбэл "Хуулийн байгууллагад шалгагдаж байгаа тул ... хүний нөөцийн мэдэлд шилжүүлэх гэсэн утга агуулга нь түүнийг хуулийн байгууллагад шалгагдаж байгаа учраас ажлаас чөлөөлөх, халах, түдгэлзүүлэх, өөр ажлын байранд сэлгэн ажиллуулах, эсхүл шилжүүлэн томилох, чөлөө олгохын алин болох нь ойлгомжгүй, үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх эсхүл үргэлжлүүлэн ажиллах нь тодорхойгүй, түүний эрх зүйн байдал нь хүний нөөцийн хэлтсийн мэдэлд байх гэдэг нь ямар статустай нь байх нь ч тодорхой биш, улмаар цалин хөлсөө авах эсэх нь ч ойлгомжгүй болсон.

1.7.Төрийн албаны тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль зэрэг холбогдох хуулиудад "Хүний нөөцийн хэлтсийн мэдэлд шилжүүлэх" гэсэн ойлголт, зохицуулалт байхгүй. Иймээс Хил хамгаалах ерөнхий газрын даргын энэхүү тушаалыг бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй буюу мэдэлд шилжүүлэх" гэсэн нь яахыг ойлгох нь тодорхойгүй, миний эрх зүйн байдлыг маш их дордуулсан. Мөн захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1д заасны дагуу захиргааны байгууллага өөрийн санаачилгаар "Хүний нөөцийн хэлтсийн мэдэлд шилжүүлэх тухай" захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлэх, миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй.

1.8.Нөгөө талаас уг тушаалыг захиргааны байгууллага засах боломжгүй утга агуулгын илэрхий алдаатай байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байдаг. Мөн уг тушаалыг гаргахдаа: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан хуульд үндэслэх зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмуудыг захиргааны акт гаргах бодит нөхцөл байдлыг тогтоох талаар мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасныг. мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан "захиргааны актыг гаргахын өмнө хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд тайлбар санал гаргах боломжийг олгож сонсох ажиллагаа явуулах" гэснийг, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 434-т заасан "захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдэх үүрэг"-ийг Төрийн албаны тухай хуулийн 62.1.1-д заасныг тус тус зөрчсөн. Хил хамгаалах байгууллагын дэд хурандаа цолтой офицер Н.Гантулга миний бие Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасны дагуу төрийн тусгай албан хаагч мөн болохын хувьд уг хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй гэж үзэж байна.

1.9.Гэтэл Хилийн цэргийн байгууллагад 15 жил биечлэн ажилласан, ажилласан жил 24 жил болж тооцогдоод байсан, тэтгэвэрт гарахад 1 жилийн хугацаа дутуу байсан төрийн тусгай албан хаагч намайг ийнхүү "хэрэгт шалгагдаж байгаа тул хуний нөөцийн хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй" гэсэн хуульд заагаагүй үндэслэлээр, Тагнуулын байгууллагын албан бичгийг үндэслэн утга агуулгын илэрхий алдаатай илт хууль бусаар ажлыг нь хүлээлцүүлж хохироосонд гомдолтой байна. Хэрвээ эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан үндэслэлээр үүрэгт ажлыг түдгэлзүүлэх тохиолдолд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ Биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг мөн зүйлийн 3т зааснаар шуух авах зохицуулалттай. Гэтэл шүүхээс Н.Гантулгыг албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх тухай шийдвэр огт гараагүй. Гэтэл хэрхэн биелүүлэх нь ойлгомжгүй, утга агуулгын илэрхий алдаатай тушаал гарснаас болж миний эрх хууль ёсны ашиг сонирхол нь ийнхүү хохирч байна. Би хувийн байдлын хувьд 1-12 насны 3 бага насны хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Эхнэрийн сарын цалин хөлс болох 900,000 төгрөгөөс өөр орлогогүй амьдарч байна. Хуульд заасан журмын дагуу Төрийн албаны зөвлөлд урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж 2022 оны 10 сарын 07-ны өдрийн 01/1982 тоот албан бичгээр хариуг хүлээн авсан. Төрийн албаны зөвлөл уг маргаан бүхий актыг илт хууль бус болох нөхцөлд тогтоогдохгүй байна гэсэн хэрнээ тогтоогдохгүй үндэслэлээ тайлбарлаагүйгээс гадна Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасныг үндэслэн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4т Эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэж заасан. Мөн надад маргаан бүхий актыг ХХЕГ огт гардуулж өгөөгүй. Хил хамгаалах ерөнхий газраас 2022 оны 09 сарын 12-ны өдрийн хуулбар үнэн дардастай тушаалын хуулбарыг хүсэлт гаргаж байж 2022 оны 09 сарын 20ны өдөр хүлээн авсан болно ЭХШХШтХуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйг дурдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

2.Нэхэмжлэгч Н.Гантулга шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Н.Гантулга миний бие Хил хамгаалах ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаасаа бүхэлд нь татгалзаж байх тул хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. Эрх үүрэг тайлбарласан баримтад гарын үсэг зурсан болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         1.Н.Гантулгаас Хил хамгаалах ерөнхий газарт холбогдуулан Н.Гантулгыг Хүний нөөцийн хэлтсийн мэдэлд шилжүүлэх тухай 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн Б/1785 тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Н.Гантулгаар үүрэгт ажлыг нь гүйцэтгүүлэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, Хилийн 0146 дугаар ангийн Заставын даргын албан тушаалд ажиллуулахыг даалгах, дээрх илт хууль бус захиргааны актын үр дагавар болох Н.Гантулгын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хил хамгаалах ерөнхий газар олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх шийдвэрийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;, 66 дугаар зүйлийн 66.1.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана. гэж тус тус заасан байна.

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар нэхэмжлэгч Н.Гантулгыг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Гантулгын Хил хамгаалах ерөнхий газарт холбогдуулан гаргасан Н.Гантулгыг Хүний нөөцийн хэлтсийн мэдэлд шилжүүлэх тухай 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн Б/1785 тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Н.Гантулгаар үүрэгт ажлыг нь гүйцэтгүүлэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, Хилийн 0146 дугаар ангийн Заставын даргын албан тушаалд ажиллуулахыг даалгах, дээрх илт хууль бус захиргааны актын үр дагавар болох Н.Гантулгын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хил хамгаалах ерөнхий газар олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх шийдвэрийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Хан-Уулд даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

й

ШҮҮГЧ Г.УРАНГУА