Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/094

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 201705000190 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Үйлдсэн хэргийн талаар:

Баянхонгор аймгийн Жинст сумын 5-р багт иргэн Р.Баттогтохын гэрт 2017 оны 06 сарын 05-ны өглөө 06-07 цагийн үед ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бэр эгч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар эрх чөлөөнд халдаж *******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

... би *******ын төрсөн ахтай 2008 онд гэр бүл болж 2 хүүхэд төрүүлэн одоог хүртэл амьдарч байна. ******* бид хоёрын хооронд хэрүүл маргаан болж улмаар биедээ гэмтэл авсан үнэн. 2017 оны 06 сарын 05-ны шөнө 06 цагийн үед хашааны хаалга дуугархад нь өндийгөөд хархад ******* хашаа даваад орж ирж байгаа харагдсан. Тэгээд нөхөртөө хэлхэд босч хаалга тайлж өгөөд тэд нар том өрөөнд орж юм яриад нэгнээсээ уучлалт гуйгаад байсан. Удалгүй Баттогтох *******ыг за одоо гэртээ орж амар ах нь ойлголоо бид нар чинь төрсөн ах дүү шүү дээ гээд гэрт нь оруулж өгнө гээд гарсан. Баттогтох орж ирээд орлуугаа хэвтэх гэж байтал ******* орж ирээд унталгын өрөөнд орж ирээд Болороо чамтай би юм ярья босоод ир гэж хэлээд миний хөнжлөөс татсан. Тэгэхээр нь чамтай юу яридаг юм. Хүүхэд айчлаа болиоч чи муу яах гээд байгаа юм гэж хэлээд түлхээд гэрээс гар одоо болохоор та нар нэгнийдээ орж гардаг болоо юу? Хүн амраахгүй согтуугаар гэр оронд орж ирээд хүн дээрэлхээд байгаа юмуу хаашаа юм гэж хэлсэн. Тэгсэн ******* намайг пизда минь чи юу гээд байгаа юм. Ярих гэж орж ирж байхад, 2 жил танайд орж ирээгүй байж байгаад орж ирэхэд чи юу яриад байгаа пизда вэ гэж надруу дайрсан. Тэгэхээр нь би урдаас нь түлхээд гэрийн үүдний хаалгаар түлхэгдэж байгаад ******* үүдэнд газарт унасан. Тэгсэнээ яадаг хүүхэн бэ гэж хэлээд намайг гараараа нэг удаа зүүн шанаа руу нэг удаа хүчтэй алгадсан. Тэгэхээр нь уур хүрээд гэрийн үүдний цонхны тавцан дээр байсан гинжээр нурууруу нь 2 ороолгоод авсан. Тэр үед манай нөхөр *******ыг болиоч гээд хориод бариад авсан байсан. Манай нөхөр бид хоёрыг салгах гэж байхад *******ыг 2-3 удаа алгадаад авхад миний нүүр рүү жижиг хайргатай шороо хүчтэй цацсан. Тэгсэн миний толгой орчмоос цус гараад тэгээд би орилоод цагдаа дуудаач гэж орилсон. Тэгээд салсан. Гэрт ороод харсан чинь зүүн гарын тохой, духнаас цус гарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/

Шүүгдэгч *******ын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн:

... 2017 оны 06 сарын 04-нтий өдөр миний төрсөн өдөр байсан. Тухайн өдөр манай суманд 8 сумыг хамарсан сургалт болоод ажилтай байж байгаад 00:00 цаг өнгөрсөн байхад Отгонбатынд орсон. Тэгээд тэнд миний төрсөн өдөр гэдгийг яриад яахуу гээд өдөр нь авсан байсан 2 шил Болор архиа би машинаас авч уусан. Отгонбатынхаас гараад явж байгаад Амарамгалангийнхаар орж юм ярьж сууж байгаад Амраагаар хүргүүлж гэртээ ирсэн. *******хан сууж байгаад буцаж гараад өөрийн төрсөн ах Р.Баттогтохынд орсон. Манай 2 хамар хашаанд байдаг юм. Тэгээд Амарамгалан намайг ахынд оруулж өгөөд гэррүүгээ явсан. Ахтай юм яриад сэтгэл хөөрөөд ахад уйлж суусан. Ах намайг гэрт оруулж өгөхөөр хамт гарсан. Гадаа ойр зуурын юм яриж байгаад ах гэр рүүгээ амарлаа гээд орсон юм. Тэгэхээр нь удалгүй араас нь орж эхнэр Болортунгалагтай маргалдаж асуудал болсон байсан. Бид 2 маргалдаад гэрийн гадаа үүдэнд гарч ирээд би Болортунгалагийг гэрийн гадаа нэг удаа зүүн хацар шанаа орчимд нь алагдсан, урдаас нь газраас шороо самарч цацсан. Тэгээд салсан гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 266 дугаартай шинжээчийн: 1. *******ийн биед дух, зүүн тохойнд шарх, зүүн хацар, зүүн бугалга, тохойнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 32-33/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 16-17/

-эмчийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 34-35/

-Богд сумын 2-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49/

-*******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 49/

-Жинст сумын 5-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 57-58/

-Жинст сумын ЗДТГ-ийн тодорхойлолт /хх-ийн 59/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/

-хохирогч, шүүгдэгч нарын эвлэрсэн тухай хүсэлт /хх-ийн 66/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Жинст сумын 5-р багт 2017 оны 06 сарын 05-ны өглөө 06-07 цагийн үед бэр эгч *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, түүний биемахбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэг бүртгэлийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, гэм хор арилсан, хохирогч *******ийн бие бүрэн эдгэрсэн болох нь тэдний өгсөн мэдүүлэг, шүүхэд гаргасан хүсэлт, эвлэрсэн тухай хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч *******ын эзэмшлийн Жинст сумын 5-1-1-9 тоотод байрлах 70 мкв талбайтай 1 давхар 3 өрөө бүхий ү-0313000047 дугаарын гэрчилгээтэй хувийн сууцыг битүүмжилсэн 2017 оны 06 сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн Жинст сумын 5-1-1-9 тоотод байрлах 70 мкв талбайтай 1 давхар 3 өрөө бүхий ү-0313000047 дугаарын гэрчилгээтэй хувийн сууцыг битүүмжилсэн 2017 оны 06 сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                       

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ