Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2022/02422

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Т ХХК

Хариуцагч: С.Д

Хариуцагч: Г.Г

Зээлийн гэрээний үүрэгт 63 852 577.78 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, хариуцагч С.Д, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч С.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 63 852 577.78 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжилж үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

С.Д, хамтран зээлдэгч Г.Г нар нь 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 103500569817 дугаар зээлийн гэрээгээр 30 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай, 2020 оны 04 сарын 24-ний өдрийн 103500577866 дугаар зээлийн гэрээгээр 25 000 000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлсэн. Зээлдүүлэгч Т ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлдэгч С.Д-ийн .....дугаар данс руу 2020 оны 03 сарын 26-ны өдөр 30 000 000 төгрөг, 2020 оны 04 сарын 27-ны өдөр 25 000 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Зээлдэгч нар нь 2021 оны 10 сарын 30-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээл, хүү төлөхөө больсон. Банкнаас зээлэгч нарт зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж банкийг хохироож байна. 2022 оны 03 сарын 28-ний өдрийн байдлаар 103500569817 дугаар зээлийн гэрээний үндсэн зээл 27 165 596.44 төгрөг, хүү 9 159 708 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 128 743.52 төгрөг нийт 36 686 981.34 төгрөг, 103500577866 зээлийн гэрээний үндсэн зээл 22 142 560.06 төгрөг, хүү 4 938 694.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84 342.28 төгрөг нийт 27 165 596.44 болсон. Иймд хариуцагч нараас 2 зээлийн гэрээний төлбөр 63 852 577.78 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн 103500569817 дугаар барьцааны гэрээний дагуу улсын бүртгэлийн ... дугаартай, Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... тоот хаягт байршилтай ... м.кв талбайтай, хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн ... дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 380 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэл хангуулах хүсэлтэй. Г.Г-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул 63 852 577.78 төгрөгийг хариуцагч С.Д-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие 2020 оны 03 сарын 25-ны өдөр Т ХХК-с 30 000 000 төгрөг зээлж, банк нь шимтгэл 1 хувь 300 000 төгрөг суутгаад 29 700 000 төгрөг надад өгсөн. Гэрээний дагуу 2020 оны 04 сарын 27-ны өдөр 917 000 төгрөг, 2020 оны 05 сарын 25-ны өдөр 956 000 төгрөг, 2020 оны 06 сарын 29-ний өдөр 955 820 төгрөг, 2020 оны 07 сарын 28-ны өдөр 959 900 төгрөг, 2020 оны 08 сарын 31-ний өдөр 955 000 төгрөг, 2020 оны 09 сарын 30-ны өдөр 960 000 төгрөг, 2020 оны 10 сарын 29-ний өдөр 955 000 төгрөг, 2021 оны 10 сарын 30-ны өдөр 299 000 төгрөг нийт 6 957 720 төгрөг төлсөн. Мөн 2020 оны 04 сарын 24-ний өдөр 25 000 000 төгрөг зээлснээс банк шимтгэл 1 хувийг суутгаад 24 750 000 төгрөг өгсөн. Үүнээс 2020 оны 05 сарын 20-ны өдөр 810 000 төгрөг, 2020 оны 06 сарын 22-ны өдөр 849 500 төгрөг, 2020 оны 07 сарын 21-ний өдөр 849 800 төгрөг, 2020 оны 08 сарын 31-ний өдөр 851 000 төгрөг, 2020 оны 09 сарын 28-ны өдөр 853 000 төгрөг, 2020 оны 10 сарын 22-ны өдөр 851 800 төгрөг, 2021 оны 03 сарын 03-ны өдөр 899 000 төгрөг, 2021 оны 10 сарын 30-ны өдөр 300 000 төгрөг нийт 6 261 100 төгрөг төлсөн. Монгол Улсад 2020 оны 11 сарын 11-ний өдрөөс эхлэн ковид-19 цар тахалтай холбоотойгоор бүх нийтийн хөл хорионд орсноор хүмүүс ажил, орлогогүй болж, эмийн сан маань ашиггүй ажиллаж, сарын түрээсээ арай гэж төлөх болж, зээлээ хуваарийн дагуу эргэн төлөх боломжгүй болсон. Цар тахалтай холбоотойгоор давагдашгүй хүчин зүйл бий болсон тул 2020 оны 11 сарын 11-ний өдрөөс 2021 оны 05 сарын 10-ны өдөр хүртэлх 06 сарын хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж, зээлийн төлбөрийг сарын 300 000 төгрөгөөс доошгүй хэмжээгээр үргэлжлүүлэн төлөхөөр шийдвэрлэж өгнө үү. Эхлээд үндсэн зээл, дараа нь хүү, сүүлд нь нэмэгдүүлсэн хүү төлөх Иргэний хуулийн зохицуулалтыг Төрийн банк зөрчиж байсныг харгалзан үзнэ үү гэв.

Нэхэмжлэгч нь Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбар, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 103500577866 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 103500577866 дугаар барьцааны гэрээ, 103500569817 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 103500569817 дугаар барьцааны гэрээ, барьцаалбар, С.Д-ийн өмчлөх эрхийн ... дугаар гэрчилгээ, С.Д-ийн зээлийн дансны харилцагчийн хуулга, хүү тооцооллын хүснэгт, С.Д-ийн Төрийн банк ХХК-д гаргасан тайлбар /хэргийн 10-33 тал/

Хариуцагч нь харилцах дансны харилцагчийн хуулга /хэргийн 81-82 тал/ тус тус бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Д-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 63 852 577.78 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: хариуцагч зээлийн гэрээний үүрэг зөрчсөн тул, гэрээг цуцалж үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж,

Хариуцагч татгалзлаа дэмжиж: зээл авсан нь үнэн боловч Ковид-19 цар тахлаас үйл ажиллагаа зогсож, ашиг орлогогүй болсон, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.

Зээлдүүлэгч Т ХХК, зээлдэгч С.Д нар нь 2020 оны 03 сарын 25-ны өдөр 30 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай харилцан тохиролцож 103500569817 дугаар зээлийн гэрээ, 2020 оны 04 сарын 24-ний өдөр 25 000 000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай харилцан тохиролцож 103500577866 дугаар зээлийн гэрээ тус тус байгуулсан. /хэргийн 14-16, 19-22 тал/

Барьцаалагч Т ХХК, барьцаалуулагч С.Д нар нь 2020 оны 03 сарын 25, 2020 оны 04 сарын 27-ны өдөр эд хогшил, бараа материал, тоног төхөөрөмж болон С.Д-ийн өмчлөлийн гэрчилгээний .... дугаартай, улсын бүртгэлийн ... дугаартай, Сонгинохайрхан дүүргийн ...хороо, хангайн .... тоот хаягт байршилтай 35 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах гэрчилгээний 0..... дугаартай, нэгж талбарын .... дугаартай, улсын бүртгэлийн ....дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 380 м.кв талбайтай газрыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах барьцааны гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлжээ. /хэргийн 17-19, 22-24 тал/

Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцааг зохицуулсан. Хуулийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэг тус тус хүлээдэг. 103500569817, 103500577866 дугаар зээлийн гэрээгээр Т ХХК нь нийт 55 000 000 төгрөгийг зээлийн хүү тохирч С.Д-д шилжүүлсэн, С.Д нь мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээсэн, энэ тухай маргаагүй тул тэдгээрийн хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Зээлийн гэрээнүүдийн 3.2.4-т нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцохоор заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийг зөрчөөгүй, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д зааснаар хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө барьцааны зүйл болох бөгөөд барьцааны гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж, барьцаалуулагч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд зааснаар гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцаалуулагчаас тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах талаар заасан. Өөрөөр хэлбэл Т нь барьцааны гэрээг бичгээр байгуулж, хувийн сууц, газрыг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн ба С.Д нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол түүнээс барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнээс нь шаардах эрхтэй.    

Хариуцагч нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас үйл ажиллагаа зогссон үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн зарим хэсгийг төлөхөөс чөлөөлүүлэх тайлбар гаргаж, энэ тухай банканд өргөдөл гаргасан, банк шийдвэрлээгүй гэх боловч үүнийг нотлох баримт хэрэгт өгөөгүй, өргөдөл гаргасан нь нэхэмжлэгчийн тайлбараар няцаагдсан. Түүнчлэн Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын 2019 оны 06 сарын 10-ны өдрийн А-155/134 дүгээр хамтарсан тушаалаар баталсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам-аар зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хойшлуулах, чөлөөлөх тухай харилцааг зохицуулаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч С.Д-аас 103500569817 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 27 398 530.13 төгрөг, хүү 9 159 708 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 128 743.52 төгрөг нийт 36 686 981.34 төгрөг, 103500577866 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 22 142 560.06 төгрөг, хүү 4 938 694.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84 342.28 төгрөг нийт 27 165 596.44 төгрөг бүгд 63 852 577.78 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Г-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Г.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 635 162.88 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 635 162.88 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С.Д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох өмчлөлийн гэрчилгээний ... дугаартай, улсын бүртгэлийн ... дугаартай, Сонгинохайрхан дүүргийн ...хороо, хангайн ...тоот хаягт байршилтай 35 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах гэрчилгээний ... дугаартай, нэгж талбарын 1.... дугаартай, улсын бүртгэлийн ...дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 380 м.кв талбайтай газрыг албадан худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч С.Д-аас 103500569817 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 27 398 530.13 төгрөг, хүү 9 159 708 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 128 743.52 төгрөг, нийт 36 686 981.34 төгрөг, 103500577866 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 22 142 560.06 төгрөг, хүү 4 938 694.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84 342.28 төгрөг нийт 27 165 596.44 төгрөг, бүгд 63 852 577.78 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С.Д нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох С.Д-гийн өмчлөлийн гэрчилгээний ....6 дугаартай, улсын бүртгэлийн ... дугаартай, Сонгинохайрхан дүүргийн ... хороо, хангайн ... тоот хаягт байршилтай 35 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах гэрчилгээний 0... дугаартай, нэгж талбарын ... дугаартай, улсын бүртгэлийн ....дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 380 м.кв талбайтай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Г.Г-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 635 162.88 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Д-аас 635 162.88 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР