2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1531

 

 

 

 

 

 

 

 

2025       06          05                                    2025/ШЦТ/1531

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Г.Ихбаяр,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Жаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ******** овогт Б-ны Ат яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2409 03175 2132 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ******* дүүргийн *** дугаар хороо, сургуулийн 8 гудамжны 104 тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, ******** дүүргийн **** дугаар хороо, ********* тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,

********* овогт Б-ны А /регистрийн дугаар: **********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ********* дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЖЭ дэлгүүрийн урд хохирогч У.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр, дагз хэсэг рүү нь гараараа цохих, өшиглөж унагах зэргээр зодож, түүний эрүүл мэндэд нь хуйханд няцарсан шарх, цээжинд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт, цус хуралт, баруун сарвууны алга, зүүн дал, нуруу бүсэлхий, хоёр тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2409 03175 2132 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 57-59-р хуудас/,

Хохирогч У.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-20, 24-26, 28-р хуудас/,

Гэрч Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-36-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын ахлах шинжээч эмч Ц.Бадралын мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 12685 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-63-р хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 53-56-р хуудас/,

Хохирогч У.Бын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон талаарх баримт /хх-ийн 67-р хуудас/,

Хохирогч У.Бын эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний талаарх баримт /хх-ийн 75-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-82-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Г.Ихбаяр: “... шүүгдэгч Б.А нь 2024 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө **** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЖЭ дэлгүүрийн урд хохирогч У.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр, дагз хэсэг рүү нь гараараа цохих, өшиглөж унагах зэргээр зодож, түүний эрүүл мэндэд нь хуйханд няцарсан шарх, цээжинд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт, цус хуралт, баруун сарвууны алга, зүүн дал, нуруу бүсэлхий, хоёр тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” дүгнэлтийг.

 

Шүүгдэгч Б.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “... гэм буруугийн талаар маргахгүй ...” гэх тайлбар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Түүнд оногдуулах ял шийтгэлийг  хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна. Хохирогчийг мэргэжлийн шинжилгээний байгууллагаад сэтгэцэд учирсан хор уршигийг тогтоолгосны дараа хохирогч У.Бын сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөрдөгчийн магадлагаагаар хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох боломжгүй. Хохирогч сэтгэл санааны хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй. Хохирогч У.Бт ямар хэмжээний сэтгэл санааны хохирол учирсан эсэхийг гэдгийг мэдэхгүй байна. Мэргэжлийн байгууллагаар сэтгэл санааны хохирлыг хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй байна. Хохирогчийн хувьд цагдаагийн байгууллагад өөрт учирсан хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй. Иймд хохирогчийн биед болон сэтгэцэд учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйгээр зааж өгөхийг хүсэж байна...” тайлбар, дүгнэлтийг гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох:

 

Хохирогч У.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 22-ны 00 цагийн үед өөрийн найз Оын хамт ******** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ЖЭ дэлгүүрээс 2 пиво, 2 сөжү авч байтал ардаас хоёр залуу ирчхээд түрүүлээд тооцоогоо хийнэ гэхээр нь бид хоёр түрүүлж авсан учраас тооцоогоо хийчхээд явмаар байна гэтэл бид хоёрыг өлбийсөн хоёр хачин пиздаа эндээс зайл гэж тухайн 2 хоёр залуу хэлхээр нь би хариуд нь миний дүү харьж амар гэтэл тус хоёр залуу гараад үзчихье гэсэн тэгээд тухайн газраас гартал замын хажуу талд зогсож байсан приус-30 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслээс 2 нэмж хоёр залуу гарч ирээд 4 үүлээ болоод ЖЭдэлгүүрээс гарч ирсэн хүзүүн дээр шивээстэй байсан залуу намайг баруун гараараа миний эрүү хэсэг рүү 2-3 удаа цохисон тэгээд би хойшоо савж унасан. Тэгээд босож ирэхэд тухайн приус-30 маркийн машины жолооч болох хар цамцтай залуу ирээд миний нүүр лүү бас 1 удаа цохиод цээж хэсэг рүү хөлөөрөө жийсэн тэгээд би хойшоо унасан, намайг газарт уначихсан байхад тэр залуу миний дух хэсэг рүү 1 удаа дэвссэн юм. Тэгэх үед миний толгойны ард хэсэгт хагарсан юм. Манай найзыг тэд нар бас нийлээд 3 талаас нь өшиглөөд зодож байсан. Тэгээд тэр залуучууд машиндаа суугаад яваад өгсөн... зодуулах үед биеийн дээд хэсгээрээ хувцасгүй, цагаан, цайвар өнгийн женсин өмдтэй, баруун гар хэсэгтээ шивээстэй, дунд зэргийн өндөртэй залуу ирээд миний цээжний хэсэгт өшиглөөд би толгой, дагз хэсгээрээ цементэн дээр савж унаад, тухайн унаснаас болоод миний толгой хүчтэй өвдсөн. Тухайн үед унаснаас болоод үүссэн байх гэж бодож байна. Мөн тухайн залуу намайг газарт унасан байхад цээжний хэсэгт хоёр удаа цохисон. Тухайн залууд цохиулснаас болоод миний цээж хэсэгт хөхөрч, цус хурсан. Мөн нуруу хэсгээрээ унаж, хоёр гараараа газарт тулж унасан учраас миний гар, бугалга, гарын алга, бүсэлхий болон хоёр тохойд зулгаралт үүссэн байх гэж бодож байна... Би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгоно. Би зодуулсны улмаас гэрээр эмчилгээ хийлгэсэн. Надад хэрэгт хавсаргах баримт байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 22 өдөр 23 цагийн орчимд тухайн буудлаасаа гараад ойролцоо байрлах ЖЭдэлгүүр ороод архи нэмж авах гээд кассан дээр зогсож байтал дунд зэргийн нуруутай, 20 гаран насны 2 залуу урдуур дайраад байхаар нь хэдэн үг хэлтэл хэрүүл маргаан болоод гараад уулзъя гээд тухайн залуучууд дэлгүүрт ундаагаа бичүүлээд, бид хоёр мөн авсан зүйлсээ бичүүлээд тухайн хоёр залуутай, дэлгүүрийн гадна гартал ягаан, цагаан өнгийн хүрэм өмссөн залуу нь эргэж хараад манай найз Быг цохиод газарт унагаахаар нь би хажуугаас нь тухайн залууг нь цохиод бид хоёр хоорондоо зодолдсон. Нөгөө залуу нь дээгүүрээ өмсөж явсан цамцаа тайлаад манай найз Быг нүүр лүү нь цохиод, өшиглөөд газарт унагаад эргэж над дээр ирээд миний нүүр хэсэгт мөн цохисон. Тухайн залуучууд 4 үүлээ явж байсан. Дэлгүүрийн гадна талд төв зам дагуу Приус-30 маркийн, машинтай явж байсан. Ямар өнгийн машин байсныг нь сайн санахгүй байна. Тухайн дөрвөн залуугийн хоёр нь бид хоёртой зодолдоод байх шиг байсан. Тэгээд тухайн залуучууд машиндаа суугаад яваад өгөхөөр нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,

Шинжээч эмч Ц.Бадралын “...Дагзны хуйханд няцарсан шарх гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь дан, дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэгт тогтоогдохгүй. Дагзны хуйханд үүссэн гэмтэл нь тухайн хэсэг газарт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохигдох, унах зэрэг аль алинд нь үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 12685 дугаартай “У.Бын биед дагзны хуйханд няцарсан шарх, цээжинд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт, цус хуралт, баруун сарвууны алга, зүүн дал, нуруу, бүсэлхий, хоёр тохойд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар:

 

Б.А нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ******* дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЖЭдэлгүүрийн урд хохирогч У.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр, дагз хэсэг рүү нь гараараа цохих, өшиглөж унагах зэргээр зодож, түүний эрүүл мэндэд нь хуйханд няцарсан шарх, цээжинд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт, цус хуралт, баруун сарвууны алга, зүүн дал, нуруу бүсэлхий, хоёр тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь хүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч Б.А нь хохирогч У.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний биед халдан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Б.Аыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Тодруулбал, шүүгдэгч Б.А нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн болно.

 

Иймд Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.Б нь хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж, хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.Аыг хохирогчид төлөх төлбөргүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Бын сэтгэцэд гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр хор уршиг учирсан эсэхэд баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон тул тэрээр иргэний журмаар сэтгэцэд учирсан хор уршигийн талаарх баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэхэд хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзлээ.

 

            Мөн хохирогч У.Б нь гэмт хэргийн улмаас хийлгэсэн, хийлгэх эмчилгээний баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс буюу шүүгдэгч Б.Ааас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж,

“Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй.” гэж заасан.

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч У.Б нь энэ хэргийн улмаас тусламж үйлчилгээ авсан 49,920 төгрөгийг шүүгдэгч Б.А нь Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болохыг дурдав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “... Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэх дүгнэлтийг,

           

Шүүгдэгч Б.А эрүүгийн хариуцлагын талаар: “... хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх агуулга бүхий дүгнэлт, тайлбарыг гаргасан.

 

Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Д.Жаргал эрүүгийн  хариуцлагын талаар: “...Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийнх 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял санал болгож байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд 1 настай хүүхэдтэй, эхнэр нь жирэмсэн учраас торгох ял оногдуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Иймд нийтэд тустай ажил хийлгэх ялыг хамгийн багаар тооцож өгнө үү...” гэх дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

            Шүүгдэгч Б.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас зорчих эрх хязгаарлах ялыг сонгон оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Б.А нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/1530 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн шийдвэр болон шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, ялуудыг тусад нь биелүүлэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзсэн болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг “СиДи”-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

                                                                                                

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** овогт Б-ны Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг гурав /3/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч У.Б нь гэмт хэргийн улмаас эмчилгээ хийлгэсэн болон цаашид гарах эмчилгээний баримтаа, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх баримтаа тус тус бүрдүүлэн гэм буруутай этгээдээс буюу шүүгдэгч Б.Ааас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг “СиДи”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, Эрүүл мэндийн даатгалын санд 49,920 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОТГОНБААТАР