Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2022/02336

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ц.М

Хариуцагч: Ж ХХК 

Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөр 109 000 000 төгрөгийг Ж ХХК-ийн нэрийн өмнөөс Т ХХК-д Ц.М төлсөн болохыг тогтоож, 109 000 000 төгрөгийг Ж ХХК-аас гаргуулан Ц.М-т олгох тухай хэргийг хянан хэлцэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн төлөөлөгч Ү.Б, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.М нь Ж ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөр 109 000 000 төгрөгийг Ж ХХК-ийн нэрийн өмнөөс Т ХХК-д Ц.М төлсөн болохыг тогтоож, 109 000 000 төгрөгийг Ж ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Миний бие 2012 оны 04 сард Ж ХХК-ийн захирал Ч.Ү нь Баянгол дүүргийн ...хорооны нутаг дэвсгэрт өөрийн компанийн эзэмшил газар дээр хамтарч орон сууц барья, чи хөрөнгө оруулалт хийчих, би одоогоор санхүүгийн боломжгүй байна гэх санал тавьсны дагуу хамтран ажиллахаар амаар тохиролцсон. Энэ дагуу би хөрсний шинжилгээ хийлгэж, барилга барьж болох эсэх талаар 2 200 000 төгрөгөөр дүгнэлт гаргуулахад, барилга барьж болно гэсэн дүгнэлт гарсан бөгөөд барилгын зураг төслийг Т ХХК-аар гүйцэтгүүлж, зураг төслийн үнэ 109 000 000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр бэлнээр болон мөнгө хүлээлгэж өгсөн баримт үйлдэж шилжүүлсэн. Т ХХК нь зураг төслийн үнэ 139 121 444 төгрөг болно гэсэн бөгөөд үлдэх 30 000 000 төгрөгийг дараа нь төлөх нөхцөлтэйгөөр зураг төслийг гаргуулан авч, Ч.Ү-д хүлээлгэн өгсөн. Ч.Ү нь миний барилгын зураг төсөлд оруулсан мөнгийг хүлээн зөвшөөрч, 2015 оны 05 сарын 28-ны өдөр "Ж ХХК-ийн кадастрын зурагт байгаа 15х20 хэмжээтэй, зоорьтой 4 давхар үйлчилгээний барилгыг иргэн Ц.М-ыг барихад татгалзах зүйлгүй, уг барилгыг ашиглалтад ороход барилгыг газрын хамт шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн байдаг. "Ж ХХК-ийн захирал Ч.Ү нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул цагдаад өргөдөл гаргасан. Өргөдлийг шалгаад гэрчүүдийн мэдүүлэг, нотлох баримтаар зураг төслийн үнэ 109 000 000 төгрөгийг "Ж ХХК-ийн нэрийн өмнөөс Т ХХК-д Ц.М төлснийг тогтоосон. Ж ХХК нь хамтран ажиллах аман гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, зураг төслийн төлбөр 109 000 000 төгрөгийг Ж ХХК-ийн өмнөөс Т ХХК-д Ц.М төлсөн болохыг тогтоож, 109 000 000 төгрөгийг Ж ХХК-аас гаргуулж өгнө үү. Анхан болон давж заалдах шатны шүүх өмнө хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл буруу гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноос бус үйл баримтын хувьд тогтоогдсон гэж дүгнэсэн. Т ХХК-аар Ж ХХК-ийн өмнөөс Ц.М мөнгийг төлж хийлгэсэн барилгын зураг төсөл нь Н.А гэх хүнд шилжсэн. Н.А нь н.М-тай биш н.Б-той гэрээ хийж тухайн газарт байгаа барилгыг барьж дуусгахаар зураг төсөл авсныг гэрч Д.П-ийн мэдүүлэг нотолж байна гэв.

Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ хэргийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 16-ны өдрийн 938 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 сарын 29-ний өдрийн 1575 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь "Ж ХХК-тай холбоотой асуудлыг тусдаа гэж яриад байна, гэтэл өмнөх хэрэгт хамтран хариуцагчаар "Ж ХХК-ийг цугт нь татаж, хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон магадлал байдаг, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нь Т ХХК-ийн 2012 оны 07 сарын 25, 2012 оны 11 сарын 27-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, "Ж ХХК-ийн 2015 оны 05 сарын 28-ны өдрийн 45 дугаар тодорхойлолт, Т ХХК-ийн 2012 оны 08 сарын 11-ний өдрийн 12/08 дугаар барилгын зураг төслийн үнийн санал, нэхэмжлэл, зураг төслийн төлбөр гэх баримт, /хэргийн 5-11 тал/

Хариуцагч нь улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 16-ны өдрийн 102/ШШ2021/01938 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 сарын 29-ний өдрийн 1575 дугаар магадлал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 сарын 03-ны өдрийн 1-123/4130 дугаар албан бичиг, 123 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 03 сарын 03-ны өдрийн Хөрөнгийн эрх сэргээх тухай 123/04 дүгээр тогтоол, /хэргийн 25, 33-39, 58-59 тал/

Шүүх нь тодорхойлолт, Н.А, Д.П нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл тус тус бүрдүүлсэн. /хэргийн 67-72 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.М-ын нэхэмжлэлтэй, Ж ХХК-д холбогдох хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөр 109 000 000 төгрөгийг Ж ХХК-ийн нэрийн өмнөөс Т ХХК-д Ц.М төлсөн болохыг тогтоож, 109 000 000 төгрөгийг Ж ХХК-аас гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: хариуцагч Ж ХХК-тай амаар байгуулсан барилга барих хамтран ажиллах гэрээний дагуу барилгын зураг төслийн үнэ 109 000 000 төгрөгийг гуравдагч этгээд Т ХХК-д төлсөн боловч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, 109 000 000 төгрөг гаргуулна гэж,

Хариуцагч татгалзалаа дэмжиж: энэ маргааныг өмнө нь шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн төгөлдөр болсон гэж тус тайлбарлажээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

Т ХХК-аас 2012 оны 08 сарын 11-ний өдөр Ж ХХК-д ирүүлсэн 12/08 дугаар Барилгын зураг төслийн үнийн санал гэх баримтаар үйлчилгээтэй орон сууцны 13 давхар барилгын зураг төслийн үнэ 139 121 444 төгрөг гэж дурджээ. /хэргийн 8 тал/

Т ХХК-ийн 2012 оны 07 сарын 25-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар мөнгө тушаагч Ж ХХК нь зургийн үнэ 15 000 000 төгрөг, 2012 оны 11 сарын 27-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар мөнгө тушаагч Ж ХХК нь зургийн үнэ 20 000 000 төгрөг тус тус тушаасан. /хэргийн 5-6 тал/

Зураг төслийн төлбөр гэх баримтуудаар Ж ХХК-ийн орон сууцны барилгын зураг төслийн үнэ нийт 74 000 000 төгрөгийг Ц.М-аас Д.П-д хүлээлгэн өгжээ. /хэргийн 10-11 тал/

"Ж ХХК-ийн 2015 оны 05 сарын 28-ны өдрийн 45 дугаар тодорхойлолтод манай компанийн кадастрын зурагт байгаа 15х20 хэмжээтэй зоорьтой 4 давхар үйлчилгээний барилгыг иргэн Ц.М-ыг барихыг татгалзах зүйлгүй бөгөөд ашиглалтад ороход үл хөдлөх болон тус барилгын газрын хамт шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж дурдсан. /хэргийн 7 тал/

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 16-ны өдрийн 102/ШШ2021/01938 дугаар шийдвэрээр Ц.М-ын нэхэмжлэлтэй Ч.Ү, "Ж ХХК-д холбогдох 111 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. /хэргийн 37-39 тал/

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 сарын 29-ний өдрийн 1575 дугаар магалдалаар "Ж ХХК-аас 2 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.М-т олгож, үлдэх 109 000 000 төгрөг болон Ч.Ү-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. /хэргийн 33-36 тал/

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад нь 2018 оны 06 сарын 19-ний өдөр Д.П-оос, 2018 оны 09 сарын 07-ны өдөр Н.А-ээс тус тус гэрчийн мэдүүлэг авжээ. /хэргийн 68-72 тал/

Иргэний хуулийн 476-480 дугаар зүйлээр хамтран ажиллах гэрээний харилцааг зохицуулсан.

Хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээгээр хоёр ба түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээх бөгөөд талуудын хооронд орон сууцны зориулалттай барилга барьж ашиг олох болон тодорхой зорилго хэрэгжүүлэх үүрэг үүссэн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл талууд хэн аль нь ашиг олох зорилготой байсан хэдий ч барилга барих, харилцан хураамж төлөх, хураамжийн хэмжээг тодорхойлох, эрх, үүргээ хуваарилах, үйл ажиллагааны зардал, олох ашиг, алдагдлыг хариуцах хариуцлагын талаар тохиролцсон гэх хангалттай үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Түүнчлэн хамтран ажиллах гэрээ нь оролцогчдын хураамж, хамтын үйл ажиллагаанаас бүрдэх ба хураамж нь талуудаас хамтын үйл ажиллагаанд зориулж байгаа хөрөнгө бөгөөд нэхэмжлэгч Ц.М 109 000 000 төгрөгийг хураамж, хохирол, эсхүл өөрт ногдох хувь гэж шаардаж буй нь тодорхой бус байна. Тодруулбал талууд хамтран ажиллах гэрээний гол нөхцөлийн талаар тохироогүй, өөрөөр хэлбэл, хэн, хэдэн төгрөгийн хураамж төлөх буюу хөрөнгө оруулалт хийх, хамтын үйл ажиллагаагааг хэн нь ямар үүрэгтэйгээр яаж явуулах, ашиг, алдагдлыг хэрхэн хуваарилах талаар тодорхой тохиролцоогүй, тохиролцсон гэдгээ нэхэмжлэгч нь нотлоогүй, хэрэгт ийм баримт цуглараагүй. Нэхэмжлэгч нь гэрээний төлбөр 109 000 000 төгрөгийг Ж ХХК-ийн нэрийн өмнөөс Т ХХК-д Ц.М төлсөн болохыг тогтоох шаардлага гаргасан бөгөөд шаардлагаа дэмжсэн тайлбар, түүнийг нотлох баримтыг гаргаж өгөөгүй нь нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй гэх үндэстэй.

Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ц.М-ын нэхэмжлэлтэй Ж ХХК-д холбогдох хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөр 109 000 000 төгрөгийг Ж ХХК-ийн нэрийн өмнөөс Т ХХК-д Ц.М төлсөн болохыг тогтоож, 109 000 000 төгрөгийг Ж ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 773 150 /702 950 + 70 200/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2-д зааснаар Ц.М-ын нэхэмжлэлтэй Ж ХХК-д холбогдох хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөр 109 000 000 төгрөгийг Ж ХХК-ийн нэрийн өмнөөс Т ХХК-д Ц.М төлсөн болохыг тогтоож, 109 000 000 төгрөгийг Ж ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 773 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР