| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2021/03554/И |
| Дугаар | 184/ШШ2022/02263 |
| Огноо | 2022-07-04 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 184/ШШ2022/02263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Н.Д
Нэхэмжлэгч: Д.П
Хариуцагч: НШШГГ
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Бид өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан Х ХХК-ийн хамт Үндэсний хөрөнгө оруулалтын банк-наас зээл авсан бөгөөд өмчлөх эрхийн ... дугаартай Баянгол дүүргийн ...хороо, ... тоот хаягт байрлах, 38.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ... тоот хаягт байршилтай 390 м.кв талбайтай хувийн сууц, граж, 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 24-ний өдрийн шүүгчийн захирамжаар Х ХХК болон нэхэмжлэгч Д.П нараас 193 964 113 төгрөгийг гаргуулан Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгуулж, төлбөр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч, шинжээч томилон, хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж, 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж тус тус заажээ. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч Д.П-д шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй, тэрээр өөр этгээдээс энэ талаар мэдсэн бөгөөд талууд буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч өөрийн хөрөнгийг хамгаалах гомдлын шаардлагаа шууд шүүхэд хандаж гаргах талаар хуульчилжээ. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 70 018 907 төгрөг гэдэг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд зах зээлийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн бодит байдалд нийцээгүй үнэлгээ юм.
Нэхэмжлэгч Н.Д-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, ... хороо, ...тоот хаягт байршилтай 390 м.кв хувийн сууц, 700 м.кв талбайтай газрын хамт 116 630 670 төгрөгөөр үнэлэхдээ худгийг үнэлгээнд тооцоогүй, зах зээлийн үнэлгээнээс бага тогтоосон. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-д Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заасан учир худаг нь газрын үндсэн бүрдэл хэсэг юм. Өөрөөр хэлбэл тухайн худгийг бий болгоход өмчлөгчийн зүгээс тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан бөгөөд үүнийг эд хөрөнгөд оруулж үнэлээгүй нь хуулийн дээрх зохицуулалттай нийцэхгүй. Хэрэв тухайн хөрөнгийн үнэлгээгээр эд хөрөнгийг худалдан борлуулах тохиолдолд энэ нь өмчлөгчийн эрхийг зөрчсөн үйлдэл болох юм. Иймд нэхэмжлэгч Д.П, Н.Д нарын өмчлөлийн Баянгол дүүргийн ...хороо, ...тоот хаягт байршилтай орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, .. хороо, ... тоот хаягт байршилтай, 390 м.кв хувийн сууц болон 700 м.кв талбайтай газрыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 30-ны өдрийн 1389 дүгээр захирамжаар Х ХХК, Д.П нараас 194 563 100 төгрөгийг гаргуулж Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгохоор шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгч Х ХХК-ний захирал Н.Д, төлбөр төлөгч Ц.П нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй ба үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээчээр эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай Баянгол дүүргийн ... хороо, ... тоот, 38.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 70 018 907 төгрөгөөр, улсын бүртгэлийн ...дугаартай Сонгинохайрхан дүүргийн ... хороо, ...тоот 71.5 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 59 564 648 төгрөгөөр, улсын бүртгэлийн ... дугаартай Сонгинохайрхан дүүргийн ... хороо ...тоот 128 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 65 882 752 төгрөгөөр тус тус үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн байна.
Улсын бүртгэлийн ... дугаартай Сонгинохайрхан дүүргийн ... хороо ... тоот 390 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг хамт хураасан ажиллагаа болон шинжээч томилсон тогтоолыг 2021 оны 10 сарын 12-ны өдрийн 10/135 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хэсэгчлэн хүчингүй болгосон. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэмэмжлэлч Х ХХК-ний захирал Н.Д, Д.П нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч нь 2021 оны 10 сарын 18-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, 2021 оны 10 сарын 07-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, /хэргийн 7-9 тал/
Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн №18270420 дугаар хувийн хэрэг, /хэргийн 22-46 тал/
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолууд, /хэргийн 162-167 тал/
Шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 сарын 12-ны өдрийн 10/135 дугаар тогтоол, С ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн ... тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Н.Д-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, ... хороо, ... тоот хаягт байрлах, хувийн сууц, газрыг үнэлсэн үнэлгээний тайлан тус тус бүрдүүлсэн. /хэргийн 68-89, 100-128, 144-160 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Д, Д.П нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ дэмжиж: хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хуульд зааснаар мэдэгдээгүй, хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэж,
Хариуцагч татгалзлаа дэмжиж: үл хөдлөх хөрөнгө хураах ажиллагаа, шинжээч томилсон тогтоолыг Ахлах шийдвэр гүйцэтгэгч хэсэгчлэн хүчингүй болгосон бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариуцагчийн тайлбарыг дэмжиж: Ахлах шийдвэх гүйцэтгэгчийн тогтоолоор хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж тус тус тайлбарлажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 сарын 26-ны өдрийн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Х ХХК, хариуцагч Д.П нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 193 961 113.14 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангах тухай иргэний хэрэгт хариуцагч Х ХХК, хариуцагч Д.П нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2017 оны 12 сарын 31-ний өдрийн дотор 193 961 113.14 төгрөгийг төлөх, төлөөгүй тохиолдолд:
Д.Г-ын өмчлөлийн СХД-ийн ... хороо, ... тоот хаягт байршилтай 71,5 м.кв талбайтай хувийн сууц, ...,
Д.Г-ын өмчлөлийн СХД-ийн ... хороо, ...тоот хаягт байршилтай 128 м.кв талбайтай хувийн сууц, ...,
Д.П-ын өмчлөлийн БГД-ийн ... хороо, ...тоот хаягт байршилтай, 38.8 м.кв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгө ...
Д.П-ын СХД-ийн ... хороо, ...тоот хаягт байршилтай 0.07 га газар эзэмших эрх,
Д.Г-ын СХД-ийн ... хороо, ... тоот хаягт байршилтай 0.07 га газар эзэмших эрх, ,
Н.Д-ийн СХД-ийн ... хороо, ... тоот хаягт байршилтай 0.07 га газар эзэмших эрх,
Н.Д-ийн өмчлөлийн агуулахын зориулалттай СХД-ийн ... хороо, ... тоот хаягт байршилтай 390 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, ... зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрч харилцан харилцан тохиролцсон зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хэргийн 23-25 тал/
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 сарын 30-ны өдрийн 150 дугаар гүйцэтгэх хуудсаар:
Д.Г-ын өмчлөлийн СХД-ийн ... хороо, ... тоот хаягт байршилтай 71,5 м.кв талбайтай хувийн сууц,
Д.Г-ын өмчлөлийн СХД-ийн ... хороо, ... тоот хаягт байршилтай 128 м.кв талбайтай хувийн сууц,
Д.П-ын өмчлөлийн БГД-ийн ... хороо, ...тоот хаягт байршилтай, 38.8 м.кв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгө
Д.П-ын СХД-ийн ...хороо, ...тоот хаягт байршилтай 0.07 га газар эзэмших эрх,
Д.Г-ын СХД-ийн ... хороо, ... тоот хаягт байршилтай 0.07 га газар эзэмших эрх,
Н.Д-ийн СХД-ийн .. хороо, ... тоот хаягт байршилтай 0.07 га газар эзэмших эрх,
Н.Д-ийн өмчлөлийн агуулахын зориулалттай СХД-ийн ... хороо, ... тоот хаягт байршилтай 390 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, ... зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт олгосон. /хэргийн 23 тал/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 133 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 05 сарын 28-ны өдрийн 18270420/13, 18270420/14 дүгээр тогтоолоор СХД-ийн .. хороо, ... тоот хаягт байршилтай 71,5 м.кв талбайтай хувийн сууц, ... дугаартай 128 м.кв хувийн сууц, тус хаягт байрлах ... дугаартай тус бүр 700 м.кв талбайтай газар, Баянгол дүүргийн .... хороо, ... тоот хаягт байршилтай, 38.8 м.кв талбайтай, ... дугаартай, 2 өрөө орон сууц тус тус хураажээ. /хэргийн 26-29 тал/
Төлбөр төлөгч Х ХХК-ийн захирал Н.Д, иргэн Н.Д, иргэн Д.П, гуравдагч этгээд Д.Г, Ү ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар үнэлгээчнээр үнэлгээ тогтоох хүсэлт гаргасан. /хэргийн 30-34 тал/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 133 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 06 сарын 10-ны өдрийн 197 дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор Баянгол дүүргийн ... хороо, ...тоот хаягт байршилтай, 38.8 м.кв талбайтай, ...дугаартай, 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн ...хороо ...тоот хаягт байршилтай 71,5 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн ... хороо ... тоот хаягт байршилтай, ... дугаартай, 128 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн... хороо, ... тоот хаягт байршилтай, ... дугаартай, 390 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн ... хороо ... тоот нийт 2100 м.кв талбайтай газрын үнэлгээ тогтоох шинжээчээр Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг томилжээ. /хэргийн 35-36 тал/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тасгийн дарга бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 06 сарын 26-ны өдрийн 4/15028, 4/15029, 4/15030, 4/15031 дүгээр мэдэгдлээр Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Д.П, Н.Д, Д.Г нарт хөрөнгө үнэлсэн тухай мэдэгдэл хүргүүлж, захирал Н.Д-т хөрөнгийн үнэлгээг танилцуулж, тэмдэглэл хөтөлсөн. /хэргийн 40-44 тал/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 сарын 12-ны өдрийн 10/135 дугаар Тогтоол хүчингүй болгох тухай тогтоолоор ... эд хөрөнгө хураах тухай 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 18270420/13 тоот тогтоолын нэгж талбарын ... дугаартай 700 м.кв талбайтай газрыг хураасан ажиллагааг, шинжээч томилох тухай 2019 оны 06 сарын 10-ны өдрийн 197 тоот тогтоолын эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын ... дугаарт бүртгэлтэй газарт үнэлгээ тогтоосон ажиллагааг тус тус хэсэгчлэн хүчингүйд тооцжээ. /хэргийн 68 тал/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болохоор заасан. Хэргийн 44 дүгээр тал дахь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нэхэмжлэгч Н.Д, Д.Пунцагдулам нарыг гэр бүлийн гишүүн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нарт 2019 оны 06 сарын 26-ны өдөр шинжээчийн хөрөнгийн үнэлгээг мэдэгдсэн тул нэхэмжлэгч Д.П-ын үнэлгээ мэдэгдээгүй гэх тайлбар үндэслэлгүй. Хуульд 7 хоногийн дотор гомдол гаргаж болохоор заасан атал 2021 оны 10 сарын 19-ний өдөр буюу 2 жил 4 сар гаран хугацааны дараа шүүхэд гомдол гаргасан нь хууль зөрчжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2.1-т зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй. 2021 оны 10 сарын 12-ны өдрийн 10/135 дугаар тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй эд хөрөнгө, нэгж талбарын 1... дугаарт бүртгэлтэй газарт үнэлгээ тогтоосон ажиллагааг тус тус хүчингүйд тооцсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан СХД ... хороо ... тоот хаягт байршилтай 390 м.кв хувийн сууцыг 700 м.кв талбайтай газрыг үнэлэх шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгосноор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлт хүчин төгөлдөр бус болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Н.Д, Д.П нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх үндэстэй. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Ашид билгүүн ХХК-ийг хөрөнгийн үнэлгээний шинжээчээр томилсон бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул шинжээчийн зардал 600 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 100900005014 дүгээр дансанд олгуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Н.Д, Д.П нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар хариуцагч Н.Д, Д.П нараас Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн зардал 600 000 төгрөг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгосугай.
4.Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 сарын 26-ны өдрийн 184/ШЗ2021/12224 дүгээр захирамж нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдэхийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР