| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2022/02126/И |
| Дугаар | 101/ШШ2022/03710 |
| Огноо | 2022-09-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2022/03710
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******,*******, Өөрийн байранд байрлах К******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******,*******,******* тоот хаягт оршин суух З холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 57,034,947 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсайхан, нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Э.Зэсэн, Б.С нар нь тус банктай 2018 оны 8 сарын 27-ны өдөр №3012-2018/80 тоот зээлийн гэрээ байгуулан 47,250,000 төгрөгийг орон сууцны зээл авах зориулалтаар жилийн 20.40 хувийн хүүтэй0 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд 2018 оны 8 сарын 27-ны өдрийн 3012-2018/80-1 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр доорх эд хөрөнгийг нэхэмжлэгчид барьцаалсан болно. Үүнд:
Зээлдэгч нар өөрсдийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн *******,*******,, тоот хаягт байршилтай 30мкв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөрөх хөрөнгийг барьцаалсан.
Зээлдэгч нар өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 727,108.43 төгрөг, үндсэн хүү 23,431,672.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,763.37 төгрөг буюу нийт 24,187,544.68 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Зээл төлөлтийн дэлгэрэнгүй задаргааг нэхэмжлэлд хавсаргасан зээлийн тооцооллыг тусгасан.
Нэхэмжлэгч нь зээлдэгч нарын хүсэлтийн дагуу 2020 оны 6 сарын 10-ны өдөр зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулсан. Тус гэрээгээр талууд зээлийн үлдэгдэл болох 46,522,891.57 төгрөгийн зээлийн хугацааг 2033 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатайгаар сунгасан.
Дээрх нэмэлт гэрээг үндэслэн талууд 2020 оны 6 сарын 10-ны өдөр №3012-202/56-1 тоот, 3012-2018/80-1 тоот зээлийн барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн
Зээлдэгч нар нь 2021 оны 9 сарын 30-аас хойш өнөөдрийг хүртэл зээлийн гэрээгээр төлбөр төлөх үүргээ огт биелүүлээгүй бөгөөд манай зүгээс удаа дараа гэрээний үүргээ биелүүлэх болон цуцлах талаар албан бичгээр мэдэгдэж байсан.
Хариуцагчийн тухайд зээлийн гэрээний үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгчээс нэхэмжилж байгаа.
Хуульд зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчид хамтран үүрэг гүйцэтгэгч нараас болон хэн нэгнээс нь нэхэмжлэх эрх нь байгаа тул бид хамтран үүрэг гүйцэтгэгч Э.Зэсэнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан.
Зээлдэгч Б.Сын хувьд хаана оршин сууж байгаа газар нь тодорхойгүй, Өмнөговь аймагт байдаг гээд олддоггүй.
Хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан нэхэмжлэл гаргаж байгаа.
Иймд зээлийн үлдэгдэл төлбөр 46,522,892 төгрөг, зээлийн хүү 10,484,420 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,636 төгрөг нийт 57,034,947 төгрөгийг гаргуулж өгнө үү, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Зэсэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч тал яагаад зөвхөн Э.Зэсэнд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна.
Үндсэн зээлдэгч нь Б.С байхад надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй байна.
Энэ мөнгө Б.Сын дансанд орсон. Миний дансанд мөнгө ороогүй. Энэ мөнгөөр орон сууц худалдаж авсан. Зээлийн хэмжээ, хүүгийн төлбөр дээр маргах зүйл байхгүй. Энэ зээлийн гэрээг цуцлаж, нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Гуравдагч этгээд Б.С нь орон сууц худалдан авах зорилгоор К*******тай 2018 оны 8 сарын 27-ны өдөр №3012-2018/80 тоот зээлийн гэрээ, 3012-2018/80-1 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, тус гэрээний хамтран зээлдэгчээр Э.Зэсэн нь оролцсон. Дээрх зээлийн гэрээний дагуу гуравдагч этгээд Б.С, хариуцагч Э.Зэсэн нар нь 47,250,000 төгрөгийн зээл авч үндсэн зээлдээ 727,108 төгрөгийг зээлийн хүүнд 23,431,672 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 28,763 төгрөгийг нийтдээ зээл болон хүүгийн төлбөрт 24,187,544 төгрөгийг төлж явсан боловч Монгол улсад ковид-19 цар тахал тархаж, хил гаалиар бараа тээвэрлэх ажил зогссонтой холбоотой Б.Сын ажиллаж байсан тээвэр зуучийн Би Э ХХК нь алдагдалд орж ажилтнуудаа цомхтголоор ажлаас нь чөлөөлөхөд Б.С ч мөн ажлаасаа чөлөөлөгдөж цалин орлогогүй болсон. Энэ нөхцөл байдлаа К*******инд мэдэгдэж, зээлийн гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлж чадахгүй болж зээл болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтээ гаргаж, банк зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Гэвч олон сараар ажилгүй орлогогүй байсан учир гуравдагч этгээд Б.С, хариуцагч Э.Зэсэн нар нь зээлийн хүүгийн төлбөрийг төлж чадаагүй.
Гуравдагч этгээд Б.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагыг зөвшөөрч, харин зээл болон хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 57,034,947 төгрөгийг сар бүр 1,188,228 төгрөгөөр хуваан 4 жилийн хугацаанд төлж барагдуулах саналтай байсан боловч шүүх хуралдаан дээр байр суурь маань өөрчлөгдсөн.
Энэ мөнгө хэний дансанд орсон нь тодорхойгүй байна. Мөн зээлийг хугацаанаас нь өмнө цуцалж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс К******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууцны зээлийн хүсэлт, Б.С, Э.Зэсэн нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, орон сууцны зээлийн хүсэлт, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 3012-2018/80 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлд оруулах тухай нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, Барьцаалбарт өөрчлөлт оруулах гэрээ, К*******наас зээлдэгч Б.Ст хүргүүлсэн 2020 оны 8 сарын 11-ний өдрийн мэдэгдэл, 2021 оны 2 сарын 04-ний өдрийн 21/14 тоот мэдэгдэл, зээлдэгч Б.Сын гаргасан хүсэлт, 2021 оны 9 сарын 15-ны өдрийн мэдэгдэл, 2022 оны 2 сарын 16-ны өдрийн 5/23 тоот албан тоот, зээл хүүгийн тооцоолол зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитрон ХХК-иас хариуцагч Э.Зэсэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 57,034,947 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг 2018 оны 8 сарын 27-ны өдрийн 3012-2018/80 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 8 сарын 27-ны өдрийн 3012-2018/80-1 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний үүрэгт хариуцагч Э.Зэсэнгээс үндсэн зээлийн үлдэгдэл 46,522,892 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,484,420 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,636 төгрөг, нийт 57,034,947 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч Э.Зэсэнгээс зээлийг үндсэн үүрэг гүйцэтгэгч авсан. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан баримтаар К******* ХХК болон Б.С, Э.Зэсэн нар 2018 оны 8 сарын 27-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 47,250,000 төгрөгийг жилийн 20,40 хувийн хүүтэй,0 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 15-22 дугаар тал/
Дээрх зээлийн болон барьцааны гэрээний хугацаанд өөрчлөлт оруулж 2020 оны 6 сарын 10-ны өдөр Зээлийн болон барьцааны гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулсан. /хх-ийн 27-31 дүгээр тал/
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк зэлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, зорилго зэргээс үзэхэд тэдгээрийн хооронд эрх бүхий хуулийн этгээд зээл олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч Э.Зэсэн нь зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээн аваагүй гэж маргаж байх хэдий ч зээл хүссэн өргөдөл, анкет, зээл эргэн төлөлтийн байдал, зээлийн гэрээгээр авсан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудаар хариуцагч Э. Зэсэнд зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байсан, уг зээлийг орон сууц худалдан авах зориулалтын дагуу авч тухайн орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзэх үйл баримт тогтоогдож байх тул зээлдэгч гэж үзэхээр байна. /хх-ийн 9-12, 23-25 дугаар тал/
Мөн хариуцагчаас зөвхөн хамтран үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч хариуцагч Э.Зэсэн, Б.С нар нь хамтран үүрэг гүйцэтгэгч нар байна.
Тодруулбал, энэ хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн, хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн 242.2-д Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж зааснаас гадна 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус зааснаар зээлдэгч нар нь тухайн зээлийн гэрээгээр нэхэмжлэгчийн өмнө хамтран үүрэг гүйцэтгэгч болсон ба нэхэмжлэгч нь зээлийг тэдгээрийн хэн аль нэгнээс эсхүл тэдгээрээс бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэгчээс хамтран үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
Хариуцагчаас урт хугацаатай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийг шаардаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж заасан.
Зохигчдын байгуулсан гэрээний хугацаа урт хугацаатай буюу3 сарын хугацаатай бөгөөд зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2021 оны 9 сарын 30-ны өдрөөс хойш төлөөгүй буюу зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 1 жилийн хугацаагаар хэтрүүлсэн зөрчил гаргасан байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан.
Мөн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.
Хэрэгт авагдсан К*******ны 2020 оны 8 сарын 11-ний өдрийн мэдэгдэл, 2021 оны 2 сарын 04-ний өдрийн 21/14 тоот мэдэгдэл, зээлдэгч Б.Сын гаргасан хүсэлт, 2021 оны 9 сарын 15-ны өдрийн мэдэгдэл, 2022 оны 2 сарын 16-ны өдрийн 5/23 тоот мэдэгдэл зэрэг албан бичгүүдээр нэхэмжлэгчийн зүгээс үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг хэд хэдэн удаа тогтоосон гэж үзэхээр байна. /хх-ийн 32-38 дугаар тал/
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь үндэслэлтэй байна.
Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг болон 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч талаас гэрээг цуцалж, гэрээний үлдэгдэл төлбөр, хүүний төлбөр болон нэмэгдүүлсэн хүүг гэрээний заасан үндэслэл, тооцооллоор шаардаж байгаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон 57,034,947 төгрөгийг Э.Зэсэнгээс гаргуулах нь зүйтэй байна.
Талууд зээлийн гэрээ байгуулах үедээ барьцааны зүйлээр Баянзүрх дүүрэг, *******,*******,, тоотод байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалахаар тусгаж, гэрээ байгуулсан байна. /х.х-ийн 19-22 дугаар тал/
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн дугаар гэрчилгээтэй тус үл хөдлөх хөрөнгө нь Э.Зэсэн, Б.С нарын өмчлөлд байна. /хх-ийн 23 дугаар тал/
2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн барьцааны гэрээ, 2020 оны 6 сарын 10-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ нь талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан хуульд заасан зохих шаардлагыг хангасан Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.
Барьцааны гэрээний дагуу шаардах эрхийг барьцаалагч буюу К******* шаардах эрхтэй бөгөөд тус шаардах эрх нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д, Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй., түүнчлэн 41.2-т, Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй. гэсэн зохицуулалтуудаар тодорхойлогдож байна.
Иймд барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах шаардлагыг барьцаалуулагч буюу зээлдэгч талуудаас шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Зэсэнгээс зээлийн гэрээний төлбөрт 57,034,947 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К******* ХХК-д олгож, тус үүргийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, *******,*******,, тоот хаяг байршилтай 30 м.кв талбайтай, хоёр өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 513,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Зэсэнгээс 513,325 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К******* ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА