Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/482

 

 

 

 

 

 

    2021           5              19                                       2021/ДШМ/482                                               

                                                                                                            

Н.З холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Н.З-ын өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2021/ШЗ/754 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 22 дугаартай эсэргүүцлээр Н.З холбогдох эрүүгийн 2010004470330 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.          

Барга овогт Н.З, 1971 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 455 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Шүүгдэгч Н.Знь 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн 99713534 дугаарын утаснаас иргэн Л.Н99111250 дугаарын утас руу, мөн олон нийтийн цахим сүлжээ болох өөрийн I love 29 хаягаас твиттер, фейсбүүк орчинд олон нийтийн өмнө болон хувийн чатаар 2.200.000 төгрөг өгөхийг шаардаж, өөрт нь болон гэр бүлийн гишүүдийг “өлгийтэй нялхаас нь өтгөс буурал хүртэл амийг нь тасална, бүгдийнх нь толгойд сум зоогоод, гэртэй нь дэлбэлээд кино цаашаа шүү, тиймээс л хаа хаанаа анхаараад, шорондоо хийх болбол тэндээс оргож ч юм уу амьд гарахааргүй гүйцээх л хэрэгтэй”, “хэрэв би шоронгоос нь цусаар уйлаад ч болтугай хошногдуулж байгаад ч гэсэн амьд мэнд тэнхэлтэй гараад ирэх юм бол эднийг гэр бүлээр нь эдэнд үйлчилсэн хошного цагдаа, прокурор, хошного шүүгч, хошного өмгөөлөгч гээд бүгдийг нь хүйс тэмтэрнэ.”, “хэчнээн буу зэвсэгтэй хамгаалагч дагалдаад нэмэргүй, би эрх биш бүгдийг нь тооцоолохтойгоо, тэглээ ч үхсэн амьтан биеэ зольж довтолно гэдгийг сана, эсвэл магадгүй алсын зайнаас ч юм өрнөж магадгүй.” гэх мэтээр айлган сүрдүүлж, 2.200.000 төгрөг авахаар шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.З үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: үүх Н.З сэтгэцийн байдлыг тодруулахаар Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй томилж, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 130 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийг ирүүлжээ. Тус дүгнэлтээр шүүгдэгч Н.Знь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж үнэн зөв мэдүүлэг өгөх, шүүхээс түүнийг эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тохиолдолд эрүүгийн хариуцлага, түүний үр дагавар болон ялын зорилгыг ойлгон ухамсарлах чадваргүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй хэмээн дүгнэсэн байна. Үүнтэй холбоотой шүүгдэгч Н.З хувийн байдлыг тогтоох, өөрөөр хэлбэл эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч этгээд байдаг эсэхийг тогтоох зайлшгүй шаардлагатай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад сэтгэцийн эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг мөрдөгч, прокурор хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно гэж хуульчилжээ. Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй, дээрх дурдсан шалгавал зохих тодорхой асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүгдэгч Н.З холбогдох эрүүгийн 20100 047 0330 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” үндэслэлээр прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв. Хэргийг прокурорт хүргүүлэх хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Нурьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох болон хохирогчийн гэр болон ажлын байранд очихыг хориглох, хохирогчтой уулзахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шинжээчийн дүгнэлтээр Н.З эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай гэж дүгнэсэн тул түүнийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн клиникийн эмчийн хяналтад байлгах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

Прокурор Х.Эрдэнэтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй байх тул хүлээн авах боломжгүй байна. Хэрэгт цугларсан хохирогч Н.Нинжжамцын "... Ннь 2019 оны 4 дүгээр сараас эхлэн Твитер цахим орчинд МНВ гэсэн манай байгууллагын логотойгоор жиргэж эхэлсэн байдаг, манай байгууллага нь Монгол улсын олон нийтийн радио телевизийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд логоний хувьд оюуны өмчийн эрхтэй байдаг. Гэтэл Нтвитер орчинд манай логог профайл зураг болгон ашиглаж манай байгууллагын үйл ажиллагааны эсрэг жиргэж эхэлсэн. Тухайн үед би энэ талаар мэдээд тэгээд түүний жиргээний доор энэ хууль бус үйл ажиллагаагаа зогсоо гэдэг шаардлага тавьсан. Тэгсэн чинь Нминий твитер хаягны хувийн чатаар над руу хандаж тухайн хаягийг 250.000 төгрөгөөр худалдаж ав гэдэг шаардлага тавьсан. Мэдээж би түүний энэ саналыг хүлээн зөвшөөрөөгүй, мөн тухайн хуурамч хаягны нууц үг болон нэвтрэх нэрийг Зууннастаас огт аваагүй. Гэтэл Нгэж хүн намайг өөртэй нь тохиролцсон гэж үзээд надаас 250.000 төгрөгийг нэхэж эхэлсэн бөгөөд намайг болон миний гэр бүлийн гишүүдийг бүгдийг нь хүйс тэмтэрнэ, зүйл дуусгана гэсэн утгатай үг өгүүлбэрээр хувийн чат болон цахим сүлжээнд заналхийлэх болсон. ...” гэсэн мэдүүлэг /хх 152-154/, хохирогч Л.Нгар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 147-150/, яллагдагч Н.З 99713534 дугаарын утаснаас иргэн Л.Н99111250 дугаарын утас руу, мэн олон нийтийн цахим сүлжээ болох өөрийн 11_07е29 твигер хаягнаас твитер, фейсбүүк рүү явуулж байсан жиргээнүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-6-149/, яллагдагч Н.З “...Миний хувьд Нинжжамц гэдэг хүн миний аккаунт хаягийг залилж авчихаад төлбөр тооцоогоо хийгээгүйгээс болоод би заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн. Үүнийхээ хариуцлагыг шүүхээр орж ял авсан. Тухайн үед би өөрийнхөө хийсэн буруу үйлдэлд хариуцлагаа хүлээсэн боловч Нинжжамц гэдэг хүн надад гэм хор учруулчхаад ямар ч хариуцлага хүлээхгүй хожиж үлдсэн учраас би түүнд тэр хариуцлагыг сануулж 2019 оны 10 дугаар сараас эхэлж надад учруулсан хор хохирлын хувьд нэхэмжлэл гаргасан. Миний нэхэмжилж байгаа зүйл бол миний аккаунтыг авсан 200.000 төгрөг, мөн үүнээс үүдэж ажилгүй байх хугацааны цалин нийт 6 сарын ажлын хөлс, олох байсан орлого болох 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. Гэтэл Нинжжамц миний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй цагдаад хандсан. Одоо би түүнээс мөнгө нэхэмжлэхгүй, харин Нинжжамц надад учруулсан гэмт үйлдэлдээ хариуцлагаа өөр байдлаар хүлээнэ. Би түүнд хувиараа хариуцлага хүлээлгэнэ. Тэр нь ямар хариуцлага байх нь миний асуудал. ...” гэсэн мэдүүлэг/хх 189- 190/ зэргээр шүүгдэгч Н.Знь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байгаа.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Н.З сэтгэцийн байдлыг тогтоолгохоор 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулахад сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлт гарсан. Иймд мөрдөгч болон прокурор түүний хувьд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох шаардлагагүй байсан. Хэрэгт авагдсан шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг болон хорооны засаг даргын тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлгээр Н.Знь 50 настай, ганцаараа Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Арьс ширний 80-9-2 тоот байрыг түрээслэн амьдардаг болох нь тогтоогдсон байгаа. Шүүхийн шатанд шүүгч санаачилгаараа 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулахад шүүгдэгч Л.Нсэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай гэж дүгнэлт гарсан байхад шүүх асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг мөрдөгч, прокурор томилох ёстой энэ ажиллагааг хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” гэж үзэж хэргийг буцаасан нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хууль ёсны төлөөлөгчийг тогтоохтой холбоотой маргааныг шүүх, прокурор шийдвэрлэнэ” гэж заасан. Н Зууннастын хувьд хууль ёсны төлөөлөгчөөр томилуулах этгээд байхгүй. Харин шүүх өөрөө тухайн этгээдийн оршин сууж байгаа газрын Засаг захиргааны нэгжийг томилох бүрэн боломжтой, энэ эрх нь шүүхэд хуулиар олгогдсон, Шуүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэж байна. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд Н.З холбогдох хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 754 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Н.З өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбаргүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд Н.З холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж  үндэслэлтэй болжээ.

Прокуророос Л.Н2019 оны 10 дугаар сараас 2020 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн 99713534 дугаарын утаснаас иргэн Л.Н99111250 дугаарын утас руу, мөн олон нийтийн цахим сүлжээ болох өөрийн I love 29 хаягаас твиттер, фейсбүүк орчинд олон нийтийн өмнө болон хувийн чатаар 2.200.000 төгрөг өгөхийг шаардаж, өөрт нь болон гэр бүлийн гишүүдийг “өлгийтэй нялхаас нь өтгөс буурал хүртэл амийг нь тасална, бүгдийнх нь толгойд сум зоогоод, гэртэй нь дэлбэлээд кино цаашаа шүү, тиймээс л хаа хаанаа анхаараад, шорондоо хийх болбол тэндээс оргож ч юм уу амьд гарахааргүй гүйцээх л хэрэгтэй”, “хэрэв би шоронгоос нь цусаар уйлаад ч болтугай хошногдуулж байгаад ч гэсэн амьд мэнд тэнхэлтэй гараад ирэх юм бол эднийг гэр бүлээр нь эдэнд үйлчилсэн хошного цагдаа, прокурор, хошного шүүгч, хошного өмгөөлөгч гээд бүгдийг нь хүйс тэмтэрнэ.”, “хэчнээн буу зэвсэгтэй хамгаалагч дагалдаад нэмэргүй, би эрх биш бүгдийг нь тооцоолохтойгоо, тэглээ ч үхсэн амьтан биеэ зольж довтолно гэдгийг сана, эсвэл магадгүй алсын зайнаас ч юм өрнөж магадгүй.” гэх мэтээр айлган сүрдүүлж, 2.200.000 төгрөг авахаар шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт буй баримтыг үзэхэд Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 3 сарын 23-ны өдрийн 308 дугаар дүгнэлтээр  “ ... Н нь шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 3 сарын 23-ны өдрийн 308 дугаар дүгнэлтээр  сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай, өөрийн үйлдлийг ухамсарлан мэдүүлэх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэж гарчээ.

Иймээс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1265 дугаартай магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байх тул хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах шаардлагагүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн  шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Гэвч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн захирамжаар Н.З сэтгэцийн байдлыг дахин тодруулахаар Сэтгэцийн Эрүүл мэндийн төвийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй томилжээ.

Үүний дагуу шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 130 дугаартай “...Н.Знь Ds:F22.0 байнга дэмийрэх эмгэг” хэмээн сэтгэцийн эмгэгтэй байна. Уг эмгэгийн эхний үе шатанд үнэлсэн бодол санаа хэмээх буруу сэтгэлгээ үүсдэг. Улмаар үүнээс хойш хэдэн жилийн дараа буюу эмгэгийн эд үе шат руу шилжихэд хэт үнэлсэн бодлууд нь системчилсэн шинэчлэлийн болон зохион бүтээхийн дэмийрэл илэрч байна. Н.Знь хэрэг ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж үнэн зөв мэдүүлэг өгөх, шүүхээс түүнийг эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тохиолдолд эрүүгийн хариуцлага, түүний үр дагавар болон ялын зорилгыг ойлгон ухамсарлах чадваргүй байна. Н.Знь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна. Н.З эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай байна. ...” гэсэн дүгнэлт гарсан байна. /2хх 69-77/,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдлын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцно” гэж,

мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж тус тус заажээ.

Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тохиолдол нь тухайн хүн гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо ч сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулах шинжтэй байхыг шаардана.

Шүүгдэгч Н.З нь гэмт хэрэг үйлдэх үедээ Ds:F22.0 байнга дэмийрэх эмгэг” хэмээн сэтгэцийн эмгэгийн улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг эргэлзээгүй тогтоосны эцэст түүний гэм бурууд дүгнэлт хийж, цаашид түүнд үүссэн сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулахааргүй бол  эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх талаарх хууль зүйн дүгнэлтийг прокурор хийх нь хуульд нийцнэ.

Иймд  хэргийг прокурорт буцаахаар шийдсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Х.Эрдэнэтуяагийн 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 22 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2021/ШЗ/754 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Х.Эрдэнэтуяагийн 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 22 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

                          ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ

 

                          ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

 

                          ШҮҮГЧ                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ