Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 43

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж мөн шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанд:

               Улсын яллагч                           А.Энхтуяа

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                 Д.Даваасүрэн

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо нарыг оролцуулав.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан “давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Боржигон овогт  Лхагвасүрэнгийн Энхнаадамд холбогдох 201618000352 дугаартай Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 26-нд Сэлэнгэ  аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, хамтран амьдрагчЭ.Сарантуяа, охин Анударь нарын хамт Сэлэнгэ  аймгийн Зүүнбүрэн сум 2 дугаар баг, Бэлчир гэх газар оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 2006 оны 04 сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 61 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт 100 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, 2006 оны 06 сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, 2006 оны 06 сарын 23-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4-р зүйлийн  4.1-д зааснаар өршөөгдсөн, 2007 оны 06 сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 06  дугаар сарын 19-ний өдөр 433 дугаар шүүгчийн захирамжаар 7 сар 14 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэт зааснаар 10жил 01 хоногийн  хорих ялаар шийтгүүлэн, 2012 оны 02 сарын 13-ны өдөр 30 дугаар шүүгчийн захирамжаар уил 7 сар 13 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Энхнаадам /РД:ГИ-85112614/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Энхнаадам нь ялтай байх хугацаандаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн 4 дүгээр хэсэг 256 тоотод оршин суух иргэн Б.Байлаугийн хашаанд байсан мөн сумын иргэн Д.Машсайханы эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “ИЖ-8” маркийн 05-46 СЭЗ улсын дугаартай мотоциклийг хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: 

1.Шүүгдэгч Л.Энхнаадамын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “....2016 оны 11 сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд бичиг баримт хөөцөлдөх гэж ирсэн. Ирчихээд аав руугаа залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь аавтай суусан эгч рүү залгаад асуусан чинь аавыг байхгүй байна гэсэн. Тэгэхээр нь өдөр очиж хоол иднэ шүү гэсэн чинь би одоо хоол хийж байна. Хүрээд ир. Ирэхдээ нэг шил архи аваад ир гэсэн. Тэгэхээр нь нэг шил архи  авч очоод хоол идчихээд захиргаа руу яваад орой ирсэн чинь аав, тэр эгч 2 байхгүй байсан. Тэгэхээр нь хашаанд нь байсан мотоциклийг түрээд Ганболд гээд ахын амбаарт хийсэн байсан. Гэтэл маргааш нь аавтай суусан эгч залгаад “чи аавынхаа мотоциклийг авч явсан юм уу?” гэхэд нь тийм гэж хэлээд гурилын үйлдвэрийн ард байдаг айлд тавьчихаад явсан ....” гэх мэдүүлэг

 2.Хохирогч Д.Машсайханы 2017 оны 02 сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Миний хувьд 2016 оны 05 сард урьд өмнө хамт амьдарч байсан талийгаач Янжинсүрэнгийн дагавар хүү болох Лхагвасүрэнгийн Энхтайван гэдэг залуугаас улбар шар өнгийн 05-46 СЭЗ улсын дугаартай мотоциклийг 600.000 төгрөгөөр худалдан авсан. Худалдан авах үедээ би Энхтайванд бэлэн 500.000 төгрөг өгсөн. Үүнээс одоо 100.000 төгрөг дутуу байгаа. Тэр мөнгийг нь удахгүй өгнө. Янжинсүрэн 2010 онд нас барсан. Үүнээс хойш би ганцаараа амьдарч байгаад 2013 оны 3 сард Байлау гэдэг хүнтэй хамт амьдарч байгаа юм. Би мотоциклийг 2016 оны 05 сараас 10 сар хүртэл унаж байгаад цуг амьдарч байсан Байлаугийн гэрийн гадна цагаан өнгийн шуудайгаар хучаад орхисон. Улаанбаатар хотод дүүгийнхээ гэрээр байж байхад 2016 оны 11сарын 30-наас 12 сарын 01-нд шилжих шөнө мотоциклийг чинь хулгайд алдчихлаа гэж Байлау утсаар ярьсан. Би цагдаад хэлээд хурдан шийдвэрлэ гэсэн. Ингээд хэсэг хугацааны дараа мотоциклийг олсон гэж ярьсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/

3.Гэрч Б.Байлаугийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .....2016 оны 11 дүгээр сарын 30-ны орой 22 цагийн орчим би гэртээ ирсэн. Ирэхэд манай хүүхдүүд Саранзаяа /15 настай/, Одбаяр /10 настай/ нар нь гэртээ байж байсан. Саранзаяа надад “Энхнаадам ах сая ирээд явлаа, таныг асууж байна лээ” гэж надад хэлж байсан. Тэгээд бид нар унтацгаагаад маргааш өглөө нь буюу 2016 оны 12 сарын 01-ний өглөө 08 цагийн орчим Одбаярыг сургуульд нь хүргэж өгөхөөр гэрээсээ гарсан. Буцаад гэртээ 09 цаг өнгөрч байхад ирэхэд манай гэрийн үүдний амбаарыг түшүүлээд тавьчихсан байсан мотоцикль алга байсан. Тэгэхээр нь би нөхрийн ах Машбат руу залгаад “та манай мотоциклийг авсан уу? гэж асуухад Машбат аваагүй гэж байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тэгээд миний сэжиглэж байсан Энхнаадам мотоциклийг авсан байсан...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/

4.Гэрч Д.Оюунчимэгийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.....2016 оны 11 сарын 30-ны орой 22 цагийн орчимд Л.Энхнаадам ганцаараа манай хашаанд улбар шар өнгийн банктай мотоцикль түрээд ороод ирсэн. Би тухайн үед шөлтэй хоол идээд сууж байсан. Манай гэрт манай нөхөр Ганболд байсан. Тэгээд Энхнаадам манайд хоол идсэн. Тэгээд нэг тамхи татчихаад надад “аниа энэ момоциклийг танайд орхичихъё, маргааш өглөө авъя” гэхээр нь би тэг гэж хэлсэн юм. Тэгээд Энхнаадам манайхаас явган явчихсан юм.....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 12 дугаар хуудас/

5. Гэрч Б.Ганболдын 2017 оны 01 дүгээр  сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.....2016 оны 11 дүгээр сарын 30-ны орой 22 цагийн орчимд Л.Энхнаадам манай хашаанд мотоцикль түрээд ороод ирсэн. Би хашааны хаалга дуугараад нохой хуцаад байхаар нь гартал улбар шар өнгийн банктай БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль манай байшингийн гадаа тавиад өөрөө манай гэрт орж ирсэн. Тухайн үед манай хөгшин Д.Оюунчимэг бид хоёр хоолоо идэх гэж байсан учир Энхнаадам бид хоёртой хамт хоол идсэн. Тэгж байх зуур нь би “энэ юун мотоцикль юм бэ? гэж асуухад Л.Энхнаадам “энэ миний мотоцикль юм, гинж нь тасарчихсан юм, маргааш ирж авъя” гэж хэлсэн. Тэгээд манай гэрт нэг ширхэг тамхи татчихаад гараад явсан. Мотоцикль  нь манай байшингийн цонхны дор хоносон. Ингээд 12 сарын 02-ны өглөө манай бэр Ариунжаргал эхнэрт Баялаг эгч мотоцикль хулгайд алдчихлаа. Энхнаадам аваад явчихсан юм шиг байна гэж ярьж хэлж байна гэсэн. Ингээд тэр өдөр Баялаг цагдаагийн хүмүүстэй ирээд мотоциклийг аваад явсан ....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 13, 69 дүгээр хуудас/

6.Гэрч А.Ариунжаргалын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... 2016 оны 12 сарын 02-ны өдөр гэрээсээ гараад явж байсан чинь гудамжинд Баялаг /Байлау/ эгчтэй таараад тэгсэн “манай гэрийн хашаанаас мотоцикль хулгайд алдчихлаа. Энхнаадам авчихлаа гэж ярьж байхаар нь урьд өдөр нь би хадамын гэрээр ороод гарах үед нэг шар мотоцикль харагдсан. Ингээд би энэ талаар Баялаг эгчид хэлж ярьсан чинь Өө тэгвэл яг тэр мотоцикль мөн байна, очиж авахаас гээд явсан. Энэ талаар би өөрийн хадам ээжид наад мотоцикль чинь хулгайн мотоцикль байна. Баялаг эгч гудамжинд хайгаад явж байна гэж би өөрөө очиж хэлсэн....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 65 дугаар хуудас/

7.Гэрч Л.Энхтайваны 2017 оны 01 сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... 2016 оны 05 сарын сүүлээр Машсайхан гэдэг хүнд зарчихсан. Машсайхан 600.000 төгрөгөөр худалдаж авна гээд бэлэн 500.000 төгрөг өгч, одоо 100.000 төгрөг аваагүй байгаа. Тээврийн хэрэгслийг албан ёсоор шилжүүлээгүй, энэ мотоциклийг Машсайханы эзэмшлийн мотоцикль гэж үзэж болно.... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/

8.Гэрч Д.Оюунчимэгийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн”... 2016 оны 11 сарын 30-ны орой 22 цагийн орчимд Л.Энхнаадам ганцаараа манай хашаанд улбар шар өнгийн банктай мотоцикль түрээд ороод ирсэн. Би тухайн үед шөлтэй хоол идээд сууж байсан. Манай гэрт манай нөхөр Ганболд байсан. Тэгээд Энхнаадам манайд хоол идсэн. Тэгээд нэг тамхи татчихаад надад “аниа энэ мотоциклийг танайд орхичихъё, маргааш өглөө авъя” гэхээр нь би тэг гэж хэлсэн юм. Тэгээд Энхнаадам манайхаас явган явчихсан юм. Ингээд 20 минутын дараа бие засах гээд гартал цонхны дор нэг мотоцикль түшүүлээд тавьчихсан байсан. Тэгээд хэд хоног өнгөрсний дараа манай бэр Ариунжаргал надад Баялаг эгч мотоцикль хулгайд алдчихлаа. Энхнаадам авсан юм шиг байна гэж ярьж байна лээ гэхээр нь  манай гэрт Энхнаадам мотоцикль үлдээсэн байгаа гэж хэлээд Баялагийн утасыг хүнээс олоод мотоцикль чинь манай гэрт байна ирж ав хулгайд алдчих гээд байна гэж хэлэхэд юун сайн юм бэ зөндөө хайгаад гэж хэлээд удалгүй цагдаагийн хүмүүстэй ирээд аваад явсан...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 70 дугаар хуудас/

9.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5 дугаар тал/

10. Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 14 дүгээр тал/

11.Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/

12.Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25, 73-74 дугаар хуудас/

 13.Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 70 дугаар тал/

14.Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын Бэлчир 2 дугаар багийн засан даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/

15.Шүүгдэгчийн Иргэний цахим үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-ийн 27 дугаар тал/

16.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/

17.Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2013 оны 08 сарын 01-ний өдрийн №96 шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 31-40 дүгээр хуудас/

18.Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2009 оны 03 сарын 11-ний өдрийн №31 шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 41-44 дүгээр хуудас/

19.Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2007 оны 06 сарын 06-ны өдрийн №62 шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/

20.Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2006 оны 06 сарын 27-ны өдрийн №99 шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 47-49 дүгээр хуудас/

21.Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2006 оны 04 сарын 13-ны өдрийн №61 шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 50-52 дугаар хуудас/

22.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн №109 ялаас өршөөн хэлтрүүлэх шүүгчийн захимаржийн хуулбар /хавтаст хэргийн 86 дугаар хуудас/

23.Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 06 сарын 19-ний өдрийн №433 тэнсэн сулласан шүүгчийн захирамж, сулласан тодорхойлолтын хуулбар /хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас/

24.Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2012 оны 02 сарын 13-ны өдрийн №30 тэнсэн суллах тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 90-93 дугаар хуудас/

25.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн №109 ялаас өршөөн хэлтрүүлэх шүүгчийн захирамжийн хуулбар /хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/

26. Шүүгдэгч Л.Энхнаадамын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр сэжигтнээр өгсөн”...Би 2016 оны 11 сарын 30-ны өглөө 09 цаг 30 минутын орчим Зүүнбүрэн сумаас Сүхбаатар суманд шилжүүлэг хийлгэхээр ирсэн. Манай хойд эцэг Машсайханы сүүлд суусан эхнэр Баялагийн 94166046 дугаарын утас руу нь би залгаад “Би Сэлэнгэд ирчихсэн явж байна. Өдөр гэртээ байх уу байх бол очиж цай уух гэсэн юм” гэж ярьсан. Гэтэл Баялаг “яг одоо хүрээд ир, хоол хийчихсэн байна нэг шил архи аваад хүрээд ир” гэсэн. Тэгээд Баялагийн хийсэн шөлтэй хоолноос 2 аягыг идээд бид хоёр архиа задалсан. Би уг архинаас 1 рүнкийг уусан. Бүгдийг нь дуустал нь Баялаг уучихсан. Тэгтэл Баялаг чи дахиад нэг шил архи аваад өгчих гэсэн. Тэгэхээр нь би мөнгө төгрөг муутай байгаагаа хэлсэн. Тэгээд би жижигхэн 100 граммын Ерөөл архи 1-ийг авч өгсөн. Тэгээд би үдээс хойш ирье, одоо нэг цонхны үйлчилгээ орлоо гээд явсан. Тэгээд би шилжүүлгээ хийчихээд орой 18 цагийн орчим Баялагийнд ирэхэд Баялагийн хоёр хүүхэд байсан. Би Баялагийг асуутал хүүхдүүд нь Баялагийг дэлгүүр орсон гэж байсан. Тэгээд би тэдний гэрээс 00-ын цаас аваад 00-д нь хүндээр бие засаж байхдаа амбаар түшүүлээд тавьсан байсан мотоциклийг хараад манай ээжийн хашаа байшинг Машсайхан, Баялаг хоёр зарсан юм чинь энэ мотоциклийг нь авчихъя гэж бодсон юм. Угаасаа манай ээжийн хашаа байшинг ч гэсэн надад хэлэлгүйгээр намайг хориход ял эдэлж байхад зарчихсан байсан юм чинь би яагаад юмыг нь авч болдоггүй юм гэж бодоод аваад явчихсан юм. Уг мотоцикль нь асдаггүй болохоор нь түрж явсаар байгаад Салхитын аманд байдаг Ганболд ахынд очоод тэднийд мотоциклээ үлдээсэн. Би Ганболд ах Оюунчимэг эгч хоёрт танайд байж байг ээ, тэгж байгаад ирээд авъя гэж хэлээд үлдээсэн юм. Ганболд ахынд 22 цагийн орчим орсон. Тэдний хоол болж байсан учир хоол идчихээд гараад явсан. Тэгээд би 2 дугаар сургуулийн ойролцоо байдаг хадам эгч Бооёогийндоо очиж хоносон. Тэгээд маргааш өглөө нь 09 цагийн орчим замын унаанд дайгдаад Зүүнбүрэн сум руу явсан...гэх мэдүүлэг  

/хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

27.Шүүгдэгч Л.Энхнаадамын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар өгсөн”.......гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад

 үндэслэн Шүүх дараахи дүгнэлт хийв.

                  

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Боржигон овогт Лхагвасүрэнгийн Энхнаадамыг хуулинд заасан ялтай байх хугацаандаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн, 4 дүгээр хэсэг 256 тоотод оршин суух иргэн Б.Байлаугийн хашаанд байсан мөн сумын иргэн Д.Машсайханы эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “ИЖ-8” маркийн 05-46 СЭЗ улсын дугаартай мотоциклийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар “Давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.   

             Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судалсан бөгөөд Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахи нотлох баримтуудад үндэслэн Шүүх дүгнэлт хийв. Учир нь эдгээр нотлох баримтууд хуулийн шаардлага хангасан үндэслэл бүхий, ач холбогдолтой баримт сэлтүүд мөн байна.

            Үүнд; Хохирогч Д.Машсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх 61-62/, гэрч Байлау /хх63-64/, А.Арунжаргал /хх65/, Л.Энхтайван /хх66-67/, Д.Машбат /хх68/, Б.Ганболд /хх 69/, Д.Оюунчимэг /хх70/ нарын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Саранзаяа /хх71/, Г.Одбаяр /хх72/ нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5 дугаар тал/, эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /хх14/, Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,/хх-24/ эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх73-74/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх28-95/ зэрэг болно.  

             Дээрхи нотлох баримтуудад үндэслэн Шүүгдэгч Л.Энхнаадамыг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуулинд заасан ялтай байх хугацаандаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн 4 дүгээр хэсэг 256 тоотод оршин суух иргэн Б.Байлаугийн хашаанд байсан мөн сумын иргэн өөрийн хойд эцэг болох Д.Машсайханы эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн “ИЖ-8” маркийн 05-46 СЭЗ улсын дугаартай мотоциклийг хулгайлан авч 600.000 төгрөгийн хохирол учруулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар “Давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж Шүүх дүгнэв.

             Учир нь: Хохирогч Д.Машсайханы мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн мэдүүлэг нь гэрч Д.Оюунчимэг, Б.Ганболд, Б.Байлау, насанд хүрээгүй гэрч Г.Саранзаяа, Г.Одбаяр нарын мэдүүлгүүдтэй тохирч, шүүгдэгч Л.Энхнаадамын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

             Хавтаст хэргийн 94 дүгээр  хуудсанд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 109 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Лхагвасүрэнгийн Энхнаадамын “Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлснийг, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн" байна.

             “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10-т зааснаар “...ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулна” гэж зааснаар Энхнаадамын эдлээгүй үлдсэн ялыг буюу илүү ашигтай, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийн зохицуулалтаар эдлээгүй үлдсэн ялыг өршөөлд нэг удаа хамруулсан бөгөөд ялтай байдал хэвээр байна. Иймээс урьд шүүхийн тогтоолоор оногдуулсан ялын ялтай байх хугацаа дуусаагүй байгаа тул Прокурорын газраас Л.Энхнаадамыг “давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэгт зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар 78.2.3-д зааснаар “...хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш 5 жилийн дотор шинээр гэмт хэрэг үйлдээгүй” бол ялгүйд тооцохоор заасан байна. Гэтэл шүүгдэгч Л.Энхнаадам нь биеэр эдлэх ялаас өршөөн хэлтрүүлж сулласнаас хойш 1 жил, 25 хоногийн дотор дахин гэмт хэрэг үйлдсэнийг ялтай байх үедээ дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

             Иймээс шүүгдэгч Лхагвасүрэнгийн Энхнаадамыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан “Давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулинд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзнэ.      

            Шүүгдэгч Л.Энхнаадамд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрхи нөхцөл байдлыг харгалзан үзэхээс гадна хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан үзсэн болно.  

              Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, 16 хоног цагдан хоригдсон   болохыг тус тус дурьдах нь зүйтэй. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294,295, 296. 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Боржигон овогт Лхагвасүрэнгийн Энхнаадамыг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан “Давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар  Лхагвасүрэнгийн Энхнаадамд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр  6 /зургаа/  сарын баривчлах ял шийтгэсүгэй.

3.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Энхнаадамын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцсугай.

5.Шүүгдэгч Л.Энхнаадамд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр  зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч болон хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  тогтоолын хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

        

 

                              ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Б.НАЦАГДОРЖ