Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2022/02388

 

 

 

 

 

   2022             07             20                                            184/ШШ2022/02388

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар давхар 0 тоот хаягт байрлах “Ц” ХХК /РД:0000000/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 00 дүгээр байр, 00 тоот хаягт оршин суух, Б овогт Д Н /РД:0000000/

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 31,711,256 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг 2022 оны 5–р сарын 27–ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч Д.Н холбогдуулан зээлийн гэрээний үүргээ зөрчснөөс учирсан хохиролд 31,711,256 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Д.Н нь тус ББСБ-аас 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хувийн хэрэгцээнд зориулж 12,000,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээл авсан. 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зээлийн 254/1 тоот нэмэлт гэрээ хийж 12 сарын хугацаагаар сунгуулсан.

...зээлийн үндсэн төлбөрт 519,266 төгрөг хүүнд 11,903,388 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 795,356 төгрөг төлсөн.

2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш одоог хүртэл нэг ч төгрөгийн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөөгүй.

Иймд Д.Н үндсэн зээл 11,480,734 төгрөг, үндсэн хүү 17,327,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,903,477 төгрөг нийт 31,711,256 төгрөгийг гаргуулж, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Арцат 0 дугаар гудамжны 00 тоот хаягт байршилтай 54 м.кв талбайтай хувийн орон сууц 00000000, Ү-0000000 мөн хаягт байршилтай 338 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар 000000000, Г-0000000000 нэгж талбарын дугаар 0000000000000 бүртгэлийн дугаартай газар, 0000 улсын дугаартай Toyota Mark-2 авто машинаар үүргийн гүйцэтгэлийн хангаж өгнө үү гэжээ.  

 Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч талаас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Д.Н нь 2017 оны 5 сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулаад сарын 4,5 хувийн хүүтэйгээр 12,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагчийн зүгээс нийтдээ 13,218,010 төгрөгийг төлсөн, Нэг жилийн хугацаатай байгуулсан зээлийн гэрээний дагуу Д.Н нь 16,398,550 төгрөгийг төлөхөөс 13,218,010 төгрөг төлсөн,  3,180,540 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй дээр талуудын хэн аль нь маргахгүй.

Талууд 2018 оны 5 сарын 18-ны өдөр зээлийн нэмэлт гэрээг байгуулсан гэдэг боловч уг нэмэлт гэрээг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь нэмэлт гэрээг нийтээр хүлээн зөвшөөрсөн хэмж хэмжээгээр байгуулаагүй. Анхны зээлийн гэрээн дээр зээлдүүлэгч талыг төлөөлж Ц ХХК-ийн захирал н.******* гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарсан байдаг тул уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Харин 2 дахь гэрээ буй 2018 оны 5 сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус юм.

Тухайн байгууллагыг төлөөлөх эрхтэй этгээд нь захирал н.Э гэж байхад зээлийн нэмэлт гэрээн дээр зээлдүүлэгч талаас н.Э, зээлдэгч талаас Д.Н гэх нэрс байгаа боловч зээлдүүлэгч талын захирлын гарын үсэг зурагдаагүй, тамга тэмдгээ дараагүй байдаг. Байгууллага гэрээ хэлцэл хийж байгаа бол заавал байгууллагынхаа тамга, тэмдэг, эрх бүхий албан тушаалтны гарын үсгээр тухайн гэрээ хүчин төгөлдөр болдог.

Компанийн тухай хуулийн 83.8, 83.1 дэх хэсгүүдэд компанийн төлөөлөх эрх бүхий этгээдэд хэн хамаарахыг тодорхой зааж өгсөн бөгөөд компанийн төлөөлөх эрх бүхий этгээдэд байгууллагын нягтлан орохгүй, гүйцэтгэх захирал ордог юм. Гэтэл гүйцэтгэх захирал нь зээлийн нэмэлт гэрээнд гарын үсгээ зураагүй байх тул гэрээг байгуулагдаагүй гэж үзнэ.

 Тийм учир хариуцагч нь хүчин төгөлдөр эхний гэрээний дагуу зээлийн үүрэгт 3,180,540 төгрөг төлөхөөр байна.

Энэ талаар тайлбар тодруулахад итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг гэрээн дээр нөхөөд гарын үсгээ зураад, тамгаа дарчихсан гэдгээ хэлсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримт дээр нөхөж гарын үсэг зурна гэсэн ойлголт байхгүй. Нэхэмжлэгч тал үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг гэрээг нотлох баримтын хэмжээнд үнэлэх ямар ч боломж байхгүй.

Мөн Ц ХХК-ийн тусгай зөвшөөрлийг 2020 оны 7 сарын 08-ны өдөр хүчингүй болгосон талаарх санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг хэрэгт авагдсан байхад нэхэмжлэгч талаас тусгай зөвшөөрлийг хугацаагүй болгосон мэтээр ярьж зөрүүтэй байдал үүсгэж байна.

Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргаагүй. Барьцаа хөрөнгөд эдгээр хөрөнгө байна гэсний төлөө шүүх тус барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах нь үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэдэг. Шшүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах ямар ч үндэслэлгүй.

2018.5.18-ны өдрийн нэмэлт гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбогдуулан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй яригдаж эхэлнэ. Зээлийн гэрээний хугацаа 3 жилийн хугацаатай, зээлийн гэрээний шаардах эрх дуусаж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Зээлийн нэмэлт гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төлөхөөр бол зээлийн гэрээний үүрэгт 3,180,540 төгрөгийг л төлөх ёстой гэв.

Хариуцагч Д.Н нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 254 дугаартай “зээлийн гэрээ” /хавтаст хэргийн 5-7 дугаар тал/, 2018 оны 5 дгуаар сарын 18-ны өдрийн 254/1 тоот “зээлийн нэмэлт гэрээ” /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал/, 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 254 тоот “Барьцааны гэрээ” /хавтаст хэргийн 10-12 дугаар тал/, зээлийн гүйлгээ хийх шийдвэр /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/, газрийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 17 дугаар тал/, иргэдийн зээлийн өргөдөл /хавтаст хэргийн 18 дугаар тал/, Д.Нарантуяагийн нэхэмжлэгч талд гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 19-21 дүгээр тал/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 44-46 дугаар тал/8 гэрэл зураг /хавтаст хэргийн 116 дугаар тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 117-118 дугаар тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

Хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар Санхүүгийн зохицуулах хороооны ажлын албаны 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “хариу хүргүүлэх тухай” 3/988 тоот албан бичиг /хавтаст хэргийн 65 дугаар тал/ нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна.

Үүнд: Д.Н нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хувийн хэрэгцээнд зориулж 12,000,000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зээлийн 254/1 тоот нэмэлт гэрээ хийж 12 сарын хугацаагаар сунгасан, эд хөрөнгө барьцаалсан, ...гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөөн хэлэлцэх дуусаагүй гэсэн агуулгаар тодорхойлсон.

 

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Үүнд: “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэмэлт гэрээ байгуулаагүй, гэрээг сунгаагүй, нэмэлт гэрээнд гүйцэтгэх удирдлага нь гарын үсэг зураагүй, тэмдэг дарагдаагүй байсан гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг нэмж бүрдүүлсэн тул гэрээг сунгаагүй гэж үзнэ, барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаагүй” гэж тайлбарлаж, маргажээ.

Хавтас хэргийн 8-14, 75-76 дүгээр талд авагдсан 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээ, энэ талаар яригдсан шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс үзэхэд уг гэрээг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан, гэрээг нөхөж хийсэн, гүйцэтгэх захирал Н.Э гарын үсэг зураагүй байсан гэх үндэслэл тогтоогдохгүй, хуульд зааснаар үнэлэх боломжтой баримт байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.М нараас нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд тодруулсан бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч Б.Э үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага байгаа тул барьцаагаар үүргийн хангуулахгүй гэж тайлбар нь үндэслэлгүй байна. Учир нь шүүхээс иргэний хэрэг үүсгэхдээ болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хураамж зэргээс үзэхэд нэхэмжлэгч 2 шаардлагыг гаргасан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Талуудын маргааны зүйл нь Зээлийн гэрээний хугацааг сунгасан эсэх, зээлийн нэмэлт гэрээ хийсэн эсэх, Н.Э гарын үсэг нөхөж зурсан, тэмдэг дарсан эсэх, тусгай зөвшөөрөл цуцлагдсан тул шаардах эрхтэй эсэх, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэх эсэх, хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаар маргаж байна.

Харин талууд ... 2017 оны 5-р сарын 17-ны өдөр 12,000,000 төгрөг шилжүүлсэн, хүлээн авсан, уг гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний хугацаанд хариуцагч 13,218,010 төгрөг төлсөн, зээлийн үлдэгдэл 3,180,540 төгрөг зэрэгт маргаагүй байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчийн хооронд бичгээр 2017 оны 5-р сарын 17-ны өдөр, №254 тоот “Зээлийн болон барьцааны гэрээ“, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр № 254/1 тоот Зээлийн нэмэлт гэрээ” тус тус байгуулсан,

-зээлдэгч Д.Н ... тоот дансанд 12,000,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар шилжүүлсэн /хх-15-16/,

- гэрээний хугацаанд зээлдэгч нийт 13,218,010 төгрөг буцаан төлсөн,

-Зээлдэгч үндсэн зээл 11,480,734 төгрөг, зээлийн хүү 17,327,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,903,477 төгрөг, нийт 31,711,256 төгрөгийн үлдэгдэлтэй,

-зээлдэгч эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй, үүргээ биелүүлээгүй,

- үүргийн гүйцэтгэлийн хангахаар зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Арцат 0 дугаар гудамжны 00 тоот хаягт байршилтай 54 м.кв талбайтай хувийн орон сууц 000000000, Ү-00000000 мөн хаягт байршилтай 338 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар 000000000, Г-0000000 нэгж талбарын дугаар 0000000000 бүртгэлийн дугаартай газар, 0000 улсын дугаартай Toyota Mark-2 тээврийн хэрэгслийг тус тус барьцаалуулсан /хх-17/,

-Д.А болон Н.Э нар нь 2017 оны 5-р сарын 17-ны өдрийн барьцааны гэрээнд өөрсдийн эд хөрөнгийг барьцаанд тавих зөвшөөрсөн, үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг тэдний барьцаа хөрөнгөөр хангахыг зөвшөөрч гарын үсэг зурсан /хх-10-12/,

-Зээлдэгч Л.Н 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 1 жилийн хугацаагаар сунгуулах, 2020 оны 8-р сарын 20-ны өдрөөс хойших зээлийн төлбөрийг эд хөрөнгө зарж төлж барагдуулахаар ажиллаж байгаагаа илэрхийлсэн, 2021 оны 8-р сарын 04-ны өдөр үлдэлдлийг төлж барагдуулахаа илэрхийлсэн,/хх-19-21/

-зээлийн гэрээний хугацаа 2019 оны 05-р сарын 17-ны өдөр дууссан байна. 

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар 2017, 2018 оны №254, 254/1 дугаартай “Зээлийн болон барьцааны гэрээ“, “Зээлийн нэмэлт гэрээ”-р зээлдэгчид 12,000,000 төгрөг шилжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд энэ үүргээ 2 удаагийн үйлдлээр биелүүлсэн,

-хариуцагч Д.Н дээрх гэрээгээр заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх хариу үүрэг хүлээсэн, үүргээ биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах үүргээ, мөн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгчийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос цуцласан нь хуулийн этгээдийн тухай цаг хугацаанд бусдад зээлдүүлсэн зээлийн гэрээний үүргээ шаардах эрхийг дууссан гэж үзэхгүй. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар “ Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно., мөн 2017, 2018 онд уг тусгай зөвшөөрөл хүчинтэй байсан, хуулийн этгээдийн лавлагаанаас үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй байх тул гэрээний дагуу шаардах эрхтэй.” /хх-107,108, 117/

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, Нэхэмжлэгч “Зээлийн гэрээ”, “зээлийн барьцааны гэрээ”-ний үүрэгт нийт 31,711,256 төгрөг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”

-энэ хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно.”, “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй”,

-энэ хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан.

Гэрээний 5.2.2, 3.2 дахь заалтыг зөрчилтэй гэж үзэхгүй бөгөөд зээлийн төлбөрийг хэсэгчлэн төлөх, давсан, зөрүү гарсан нөхцөлд зээлээс хасч тооцохоор байна. Үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн болон тооцооны алдаа гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

Хариуцагч тал төлбөрийн үлдэгдлээс 3,180,540 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэхэмжлэгч тал 2020 оны 07-р сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс 5,000,000 төгрөгийг хасч эвлэрч болно гэснийг хариуцагч тал зөвшөөрөөгүй болно.

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр, мөн Д.Н хүсэлтээс үзэхэд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Хэдийгээр өмнөх гэрээний хугацаа дууссан өдрийн 1 хоногийн дараа зээлийн гэрээнд нэмэлт оруулсан, хугацааг сунгасан нь нэмэлт, хугацаа гэрээгээр тохирсон хугацааг сунгаагүй гэж үзэх боломжгүй, богино хугацааны дотор талууд хүсэл зоригоо илэрхийлсэн. Тэдний дээрх хүсэлтээс үзэхэд хугацаа дуусахаас өмнө зээлийн гэрээнд нэмэлт оруулах, хугацааг сунгах хүсэл зориг харилцан илэрхийлэгдсэн байна.

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д зааснаар “...Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно.” Түүнчлэн зээлийн гэрээний үүргийг төлж дуусах хүртэл үүргийг шаардах эрхтэй байдаг ба энэ хоёр тохиолдлын аль ч хугацаа хөөн хэлэлцэх хугацааг тоолж үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Учир нь хариуцагч П.Н нь 2017, 2018, 2019, 2020, 2021 онууд гэрээний хугацааг сунгуулах, үлдэгдэл төлбөрийг төлнө гэсэн хүсэлт, амлалт болон Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.

Хариуцагч гэрээний 8.2-д зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан ч зээлийг төлж дуусах хүртэл зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй байхаар заасан тул зээлийн хүү болон үүргийн 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлтэй. /хх-6 тал/

Иймд дээрх хуульд заасан үндэслэл, баримтыг үндэслэн хариуцагч Д.Н үндсэн зээл 11,480,734 төгрөг, зээлийн хүү 17,327,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,903,477 төгрөг нийт 31,711,256 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

Иргэний хуулийн 1554 дүгээр зүйлийн 154.1, 154.2, 154.3-т зааснаар “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна. Хууль болон барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйл нь шаардах эрх байсан бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанаас өмнө гүйцэтгэсэн бол энэхүү гүйцэтгэл нь барьцааны зүйл болно. Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно.”

-энэ хуулийн  174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар “..Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй.” тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүрэн хангагдсан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Н 31,711,256 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгосугай.

2.Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар гудамжны 00 тоот хаягт байршилтай, улсын бүртгэл Ү-00000000, 000000000 дугаар гэрчилгээтэй, 54 м.кв талбайтай хувийн орон сууц, мөн хаягт байршилтай 338 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар 000000000, Г-00000000000 нэгж талбарын дугаар 000000000000 бүртгэлийн дугаартай газар, 0000 улсын дугаартай Toyota Mark-2 тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,000 төгрөгийн улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Н 387,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 В.АМАРТҮВШИН