Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2022/02347

 

 

 

                                                                                   

 

 

       2022          07             18                                             184/ШШ2022/02347

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0 дүгээр хороо, нисэх 00 дүгээр гудамж, 00 тоот хаягт оршин суух Х овогт А Н /РД:0000000000/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дүгээр гудамж, 0 тоот хаягт оршин суух Ш овогт Д Л /РД:00000000/,

Нэхэмжлэлийн шаардлага: Хадгалалтын гэрээний үүрэгт 46,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Д. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А.Н нь Д.Л холбогдуулан хадгалалтын гэрээний үүрэгт  46,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:  

Нэхэмжлэгч А.Н нь нөхөр Л.Т ярилцаж өөрсдийн амьдарч байсан хашаа байшингаа 2022 оны 03-р сарын 17-ны өдөр 46 000 000 төгрөгөөр зарсан. Бид хашаа байшин зарсан мөнгөөрөө байрны урьдчилгаа хийж 6 хувийн ипотекийн зээлд хамрагдаж байртай болох байсан юм.

Улмаар байраа хайж эхэлсэн бөгөөд тухайн үед хадам аав Д.Л нь миний 2 хүүхэд байраа олтлоо урьдчилгаа 46 000 000 төгрөгөө аавдаа хадгалуулчхаа та хоёр үрчихнэ гэсэн тул А.Н нь өөрийн данснаасаа 46 000 000 төгрөгийг 3 хувааж хадам аав Д.Л 000000000000 тоот данс руу шилжүүлж хадгалуулсан.

Байр хайж байх хугацаанд буюу 2022 оны 03-р сарын 25-ны өдөр нөхөр маань бурхан болсон бөгөөд талийгаачийг хөдөөлүүлсний дараа манай хадам аавын ах дүү нар нь над руу дайр ч элдэв хэл амаар доромжилж эхэлсэн. Ингээд би хоёр хүүхдээ аваад налайх руу өөрийн ээжийнх рүүгээ явсан.

Би хадам аав руугаа хадгалуулсан байрны урьдчилгаагаа авья 2 хүүхэдтэйгээ орох оронгүй байнаа байр лизингээр авч амьдрая гэхэд би өгөхгүй гэсэн. Улмаар би 2 хүүхэдтэйгээ ээжийндээ амьдарч байгаад 2022 оны 04-р сарын 22-ны өдөр налайхад 3 сарын хугацаатай байр түрээслэж амьдарч байна.

Иймд Иргэний хуулийн 425-р зүйлийн 425.1-д заасны дагуу Д.Л 46 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний хүү Л овогтой Т 1995 онд төрсөн, 27 настай сайхан хүү байсан. Гэтэл эхнэр А.Н зан харьцаа, дарамт шахалт, сэтгэл санааны хямралд оруулснаас болоод сайхан хүү маань 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр өөрийнхөө амь насыг егүүтгэж энэ хорвоогоос халиад дөнгөж 3 сар болж байна.

Миний хүүгийн үхэлд А.Н буруутай. Үүнийг манай ах дүүс ч цухуйлгаж хэлсэн. Үрээ алдсан бид тэр охиныг хэл амаар доромжлох биш, харамсаж харууссандаа даанч яавдаа гэж хэдэн хатуу үг хэлсэн юм. Миний хүү Н бусдын адил хайрлаж халамжилж явж чадсан бөгөөд юугаар ч дутаагаагүй. Даанч мунхаг эхнэр нь шунал нь дийлдэхгүй, элдэв юм нэхэж, зугаа цэнгэл хөөх нь хэрээс хэтэрч байсан. Хоёр нялх хүүхдээ эмээ, өвөө бидэнд харуулж орхиод хүний төрсөн өдөр, найр цэнгээнд алгасахгүй явж хүүгийн минь олсон, зовж зүдэрч ажилласан цалин мөнгийг нь юу ч бодохгүй гарын салаагаар урсгаж, байнгын мөнгө нэхэж, тансаг амьдрал шаардаж, хэрүүл уруул хийж байсныг өөрийнх нь 6 настай охин ч бидэнд хэлдэг, хүү маань ч үе үе ярьдаг болсон байсан. Байнга байранд ормоор байна, би хашаа байшинд амьдрахгүй, энэ байшин сав чинь чөтгөртэй гэх мэтээр илт дургүйцэж байнга зээл хийе гэж шамдуулдаг байхад нь миний хүү өртэй амьдарч чадахгүй би л ганцаараа зовно ш дээ гэж эрс дургүйцдэг байсан.

Эцэг эх, ах дүүс бид хүүгээ Н цаашид хамт амьдруулахгүй салгая гэж ярилцаад бэрийнхээ ах дүүс ээжийг нь дуудаж уулзсан. Тэр үед Н талынхан олигтой юм дугараагүй, бэр ч одоо би амьдралдаа өөр хандана гэж гуйж гувшаад, одоо би нөхрийгөө халамжилж чадна салахгүй гээд байсан болохоор бид хүчлээгүй орхисон юм.

Н хашаа байшингийн мөнгийг өөрийн эд хөрөнгө байсан юм шиг нэхэмжилжээ. Мөн мөнгийг хадгалуулна гэж өгсөн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хүү тэр хүнээс нүүрээ буруулсан байсан.

Хашаа байшинг би 2011 онд газрыг нь худалдаж аваад өөрийн хөрөнгөөр хашаа барьж, байшинг цалин хөлсөө цуглуулан байж барьсан. Ингээд би хүүдээ хөрөнгө болгож нэрийг нь шилжүүлж өгсөн. Энэ бол миний хүүгийн дангаар эзэмших эрхтэй хуваарьт хөрөнгө юм.

Хүү маань 2016 онд Н нийлж үр хүүхэдтэй болсон ч гэр бүлээ батлуул гэж хэлээд байхад батлуулдаггүй байсан. Гэтэл нас барсны дараа нь оршуулгын тэтгэмжийг нь авах гээд явахад хүүхдийн халамж тогтоолгож баримт бүрдүүлэх үед гэрлэлтээ батлуулсан байна гэдгийг мэдсэн. Миний хүү үхэхээсээ 10 хоногийн өмнө гэрлэлтээ батлуулсан байгаа нь үнэн зөв бүртгэл гэдэгт итгэхгүй байна. Тийм л гэрлэлтээ батлуулах байсан бол үхлийг сонгохгүй байх байсан.

Миний хүүгийн сүүлчийн хүсэл нь эцэг эхээсээ авсан зүйл хөрөнгөө буцааж өгөхийг хүссэн түүний хүсэлт байсан. Гэхдээ бид хүүгийнхээ хүүхдүүд ач нараа орох оронгүй болгон орхихыг хүсэх хүмүүс биш. Бид хүүгийнхээ хашаа байшингийн мөнгөөр ач нартаа байр захиалсан.

Харин үрэлгэн ээжид нь өвлүүлэх хүсэлгүй байгаа болно. Бид хүүгийнхээ хүүхдүүдийг орон байраар нь хангаад насанд хүрэхээр нь өөрсдөд нь өгөх хүсэлтэй байна. Энэ тухайгаа бэр Н захиалсан байранд ороод амьдарч болно шүү дээ гэж хэлээд байхад заавал мөнгийг нь авна тэр байранд чинь орохгүй гэж биднийг шүүхэд өгсөн байна.

Би хүүгийнхээ мөнгийг /хөрөнгийг/ Н дангаар өмчлөх эрхгүй гэж үзэж байна. Бид бас өв залгажлах эрхтэй. Өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгогдож бүртгэгдсэн байдлаар өмчлөлийн өв залгамжлалын байдлаа шийдвэрлүүлнэ.

Учир нь миний хүүгийн хоёр нялх үр нь түүний асрамжид үлдэж байгаа ба ач нарт маань ээжийнх нь дэргэд байхаас өөр жаргал байхгүй гэдгийг бодолцсон. Мөн бэрийгээ өөрийн охин мэт хайрлаж явсан сэтгэлээ шууд татаж чадаагүй юм. Гэтэл бэр бол харин миний сайхан сэтгэлийг ойлгож харилцахын оронд шүүхэд хандаж байна. Энэ бүхнийг тунгаан эцэг хүний үзсэн зовлонг хуваалцан ойлгож шударга шийдвэр гаргана уу гэж хүсэж байна.

Иймд А.Н нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болохыг тогтоож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс А.Н депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 5 дугаар тал/, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 38 дугаар тал/, Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолт /хавтаст хэргийн 39 дүгээр тал/, нас барсны гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 40 дүгээр тал/, Л.Т, А.Н нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 41 дүгээр тал/, Т.Ц төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 42 дугаар тал/, Т.М төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 43 дугаар тал/, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “Орон сууц хөлслөх гэрээ” /хавтаст хэргийн 44-46 дугаар тал/, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2524 тоот Тогтоол /хавтаст хэргийн 47-48 дугаар тал/, 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Мөнгө хэлээлцсэн акт /хавтаст хэргийн 49 дүгээр тал/, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хавтаст хэргийн 50 дугаар тал/ 

Хариуцагч Д.Л 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн “Орон сууц захиалгаар барих гэрээ” /хавтаст хэргийн 25-27 дугаар тал/, Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч А.Н нь Д.Л холбогдуулан, хадгалалтын гэрээний үүрэгт 46,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: А.Н нь өөрийн данснаасаа 46 000 000 төгрөгийг 3 хувааж хадам аав Д.Л 00000000 тоот данс руу шилжүүлж хадгалуулсан ...гэсэн агуулгаар тодорхойлсон.

 

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...Хашаа байшинг би 2011 онд газрыг нь худалдаж аваад өөрийн хөрөнгөөр байшин барьсан. ...хүүдээ хөрөнгө болгож шилжүүлсэн. Энэ бол миний хүүгийн дангаар эзэмших эрхтэй хуваарьт хөрөнгө, өв залгамжлах хөрөнгө” гэж тодорхойлж, маргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

-Нэхэмжлэгч А.Н нь 2022 оны 3 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд хадам аав Д.Л 0000000000 тоот дансаар 46,000,000 төгрөг шилжүүлсэн,

-А.Н нөхөр Л.Т 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Х70” шалтгаанаар нас барсан, А.Н гомдол мэдээллийг шалгаад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2524 дугаар тогтоолоор “...гадны ямар нэгэн нөлөөгүй, өөрийгөө боомилж нас барсан, гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан,

-Л.Т, А.Н нар нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний хамт амьдрах хугацаанд охин Т.Ц 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр охин М төрсөн,

-А.Н, Л.Т нар нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр СХД-ийн 0-р хороо, Ногоочин-0 гудамжны 6а тоот, 699 мкв талбайтай, гэр, орон сууцны хашааны газрыг иргэн В.Ч 300,000 төгрөгөөр худалдсан,

-А.Н нь 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай Налайх дүүргийн 0-р хороо, 0 дугаар байрны 0 тоот орон сууцыг хөлслөсөн,

-Д.Л 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Ч.И 3,500,000 төгрөгийг газрын төлбөрт хүлээлгэн өгсөн, 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэн Д.П “СХД-ийн 0-р хороо, Баянхошуу ногоочин 0-0 тоотод байрлах, 000 мкв талбай бүхий газрыг эрх шилжүүлэн авагчид үнэ төлбөргүй шилжүүлсэн,

-Д.Л нь Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 0-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “30 байлын орон сууц хотхон”-ны орон сууцнаас 3 давхарын 13 тоот орон сууцыг 45,000,000 төгрөгөөр захиалсан, төлбөрийг бэлнээр 100 хувь төлж барагдуулсан зэрэг баримт тогтоогдлоо. 

Дээрх хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд А.Н Д.Л шилжүүлсэн 46,000,000 төгрөгийг Л.Т хуваарьт хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй, харин Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасан “....гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” байна. Учир нь гэрлэлтийн баталгаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэргээс үзэхэд гэрлэгчид 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө буюу гэр бүл болсон, гэрлэгчдийн энэ хөрөнгийг харилцан тоиролцсоны үндсэн дээр өөрсдийн эд хөрөнгөө захиран зарцуулснаас олж авсан, үүссэн хөрөнгө гэж үзэхээр байна.

Хариуцагч Д.Л нь  “... газар, хашаа, байшин миний хөрөнгө байсныг ... хүүдээ шилжүүлсэн гэж нэхэмжлэлийг татгалзаж” байгаа боловч энэ хөрөнгө Гэр бүлийн 4 гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болжээ.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар “...Гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүд их засвар хийсэн, шинэчилсэн, өөрчлөн тоноглосны улмаас үнэ нь үлэмж нэмэгдсэн, эсхүл анх гэр бүл болоход нь зориулагдсан /орон сууц, гэр, хашаа, байшин зэрэг/ бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно.“ гэж заасан.

Өөрөөр хэлбэл, энэ хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө буюу А.Н, Л.Т, Т.Ц, Т.М нарын дундын хөрөнгө байна.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д зааснаар “...128.1.Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна.

Зохигч 46,000,000 төгрөг шилжүүлэн авсан, өгсөн, хүүхдүүдийн талаар болон орон сууц захиалсан, адил хэмжээгээр өвлөх, хадгалалтын хөлс зэрэг үйл баримтанд маргаагүй.

Харин хадгалуулсан, өвлөх хөрөнгө, хуваарьт хөрөнгө эсэх талаар маргаж байна.

Нэхэмжлэгч А.Н нэхэмжлэл, тайлбараас үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасан Хадгалалтын гэрээний дагуу шаардах эрхээ тодорхойлсон, энэ гэрээний шинжийг агуулсан, тэдний хооронд үүссэн эрх зүйн харилцааг хадгалалтын гэрээний харилцаа гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар “...Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно.

Энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “... Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ.

 

Энэхүү хадгалалтын гэрээг талууд хэлэлцэн тохиролцож амаар хийж болох бөгөөд хуульд заавал бичгээр хийх, гэрчлүүлэхээр заагаагүй, хадгалагч буюу Д.Л нь хадгалуулагч буюу А.Н шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэгтэй, нэхэмжлэгч үүнийг нэхэмжлэх буюу шаардах эрхтэй.

Энэ хуулийн 422.3-т зааснаар “....хадгалж байгаа эд хөрөнгийг хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх; хадгалуулсан эд хөрөнгийг зайлшгүй ашиглах шаардлагатай болсноос бусад тохиолдолд хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр түүнийг ашиглахгүй байх; шаардлагатай тохиолдолд хадгалуулагчид урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр хадгалж байгаа эд хөрөнгийн хадгалалтын журмыг өөрчлөх; хадгалуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахад шаардлагатай бүх арга хэмжээг авах” үүрэгтэй.  

Хадгалалтын гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болно. Тодорхой бус хугацаагаар байгуулсан гэрээг талууд хэдийд ч дуусгавар болгох эрхтэй боловч нөгөө талдаа үүрэг гүйцэтгэх боломжийн хугацаа олгох бөгөөд нэхэмжлэгчээс боломжийн хугацааг буюу 3 сар орчимын хугацааг хариуцагчид олгосон гэж үзэхээр байна.

 

Хариуцагчаас баримтаар гаргаж өгсөн, хэрэгт авагдсан 49,50 дугаар хуудсанд буй 2011 оны 6-р сарын мөнгө хүлээлцсэн акт, газар эзэмших эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэн авсан гэрээ зэрэг нь хэрэгт ач холбогдолгүй, нотлох бармитын шаардлага хангахгүй баримтууд байна. /хх-30, 33-34/

Хариуцагч Д.Л татгалзлын үндэслэлд дурдсан “... Н үхэлд буруутай, нас барсны дараа нүүрээ бууруулсан, 2011 онд газрыг өөрийн хөрөнгөө худалдаж авсан, хашаа байшин барьсан” гэх тайлбараа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох, өөрөө нотлох баримтыг цуглуулж, бүрдүүлж өгөх үүргээ биелүүлээгүй байна. /хх-11-13/

Иймд дээрх хуульд заасан үндэслэл, баримтуудаар нэхэмжлэгч А.Н нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Д.Л 46,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хангасан нөхцөлд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хариуцуулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Н нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Д.Л Хадгалалтын гэрээний үүрэгт 46,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 387,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардах авах үүрэгтэй, өөрөө гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 119.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүх хуралдаанд оролцоогүй хариуцагч Д.Л өмгөөлөгч М.Алтанцэцэгт шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд гардуулснаар, эсхүл баталгаат шуудан, шүүхийн ажилтнаар хүргүүлснээр давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         В.АМАРТҮВШИН