| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/0121/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/128 |
| Огноо | 2025-06-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундармаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр
Улсын яллагч Б.Ундармаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа
Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.А-т холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Говь-Алтай аймгийн *** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн /шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй/ *** регистрийн дугаартай, З овгийн Д-ийн А.
Шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.А нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хоёр худгийн ар гэх газарт 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр насанд хүрээгүй хохирогч Б.С-ийн нүүр рүү гараараа хоёр удаа цохиж биед нь дээд уруулд шарх, дээд үүдэн 1 шүдний хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
1.1. Насанд хүрээгүй хохирогч Б.С-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байхад аав зодуулчихлаа гээд хүрч ирээд цагдаа дуудсан. Би хонио эргүүлчхээд буцаад гэр рүүгээ явж байсан чинь аав, ээж хоёр Д гэх айл руу явж байсан. Би араас нь дагаад яваад очсон чинь А гэх хүн аавыг заамдчихан байж байхаар нь мөрөн дээрээс бариад авсан чинь аавыг тавьчхаад намайг заамдаж аваад хоёулаа халзарчих уу гэсэн. Тэгээд миний нүүр рүү гараараа цохихоор нь би зөрүүлээд нэг удаа цохисон. Тэгсэн чинь дахиад миний нүүр рүү цохисон чинь миний уруулаас цус гарсан. Тэгсэн чинь ээж намайг араас татаад хонь руугаа яв гэхээр нь би хонь руугаа явсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/
1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-ын хэрэг бүртгэлтэд өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 11-ний өглөө нэг ямаа самначихаад саахалтын айлд очсон. Тэгсэн чинь намайг хаваржааны доогуур хойд талын хөл дээр айл буучихсан байсан. Тэгээд би тухайн айлд дээр очоод Д ахыг сайн байна уу ах гэсэн чинь сайн сайн гэсэн. Ах ингэж хаваржаа шахаж бууж бууц гаргахгүй гэсэн чинь салаавч гаргаад хэл амаар доромжлоод намайг заамдаад авахар нь тавь гэсэн чинь хоёр хүүхэд ирээд хоёр мөрнөөс татаад мотоциклоос унагаад А араа өшиглөөд байсан. Тэгээд би босож ирээд ямааны сам аваад бариад зогссон чинь намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би мотоцикл унаад гэр рүүгээ явсан. Гэртээ ирээд цагдаа дуудчихаад эхнэрээ дагуулаад буцаад Д-ийн д очсон. Очоод эхнэр цагдаад дуудчихаад эхнэрээ дагуулаад буцаад Д-ийн д очсон. Очоод эхнэр буугаад та нар яахаараа хүн зоддог юм бэ гэсэн чинь том хүү би зодоогүй гэсэн. Тэгээд А нь гэртээ ямаа самнаад сууж байхаар нь чи яахаараа хүн зоддог юм наашаагаа гараад ир гээд татаад бид хоёр заамдалцаад гэрээс нь гараад ирсэн. Тэгсэн чинь манай хүү С ирээд чи яахаараа аав зоддог юм. Тавь гээд гараас татсан чинь намайг тавьчхаад С-ийг заамдаж аваад хоёулаа халзарчих уу банди минь гээд С-ийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон чинь С зөрүүлээд нэг цохисон. А нь дахиад нүүр рүү нь нэг удаа цохисон чинь Болормаа С ийн араас татаад хонь руугаа яв гэхэд С-ийн уруулаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,
1.3. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Даваахүүгийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “...Б.С-ийн бие дээд уруулд шарх, дээд үүдэн 1 шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүдээс дээд уруулд шарх, дээд үүдэн 1 шүдний хугарал гэмтэл нь тус бүрдээ хүний эрүүл мэндээд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх ГОА0725/211 дугаартай шинжэчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46-р хуудас/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.С , түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзсан хүсэлтийг гаргасан. Хохирогчийн эмчилгээ хийлгэсэнтэй холбогдож гарсан зардал болох 91,250 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.А ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн эмчилгээ хийлгэсэнтэй холбогдож гарсан зардал болох 91,250 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овгийн Д-ийн А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.А-т мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн эмчилгээ хийлгэсэнтэй холбогдож гарсан зардал болох 91,250 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ