Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 45

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, мөн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

            Улсын яллагч                       Л.Энхтайван                                               

            Шүүгдэгчийн өмгөөлөгч    Р.Атарцэцэг

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Урангоо нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1, 181.2.1, 181.2.2 дахь хэсгүүдэд заасан “Танхайрах, догшин авирлаж танхайрах, танхайрсан үйлдлийг  таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Цагаанчууд овгийн Сэсээрийн Сүхбатад холбогдох 201618000217 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

   

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт

            Монгол Улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 45 настай, бүрэн  дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа валютын арилжаа эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 2 дугаар хэсгийн 2-р байрны 17 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Цагаанчууд овогт Сэсээрийн Сүхбат /РД: МЮ72081079/

 

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч С.Сүхбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр, Монгол улсын хилийн боомт орчимд байрлах Вальют арилжааны цэгийн гадна үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн П.Мягмарт хүч хэрэглэн зодож нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан, мөн танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэн Д.Отгондавааг эсэргүүцэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрах гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч С.Сүхбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн …2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 2 найзтайгаа павилондоо сууж байтал Мягмар орж ирсэн. Тэгэхээр нь мөнгөө өгөх гэж байгаа юм болов уу гээд асууснаас болоод муудалцаж зодолдсон. Зодолдож байхад Отгондаваа хажуунаас орж ирээд “наадах чинь бие муутай, шоронд орох гээгүй бол наадхыгаа зодоод хэрэггүй” гэж хэлэхэд нь Отгондаваатай муудалцаад салсан гэв.

            2.Хохирогч П.Мягмарын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ... 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр байсан санагдаж байна. Энэ өдөр би хил дээрээс хүн тосохоор өглөөний 10 цагийн үед очсон. Хил ороод рубль зардаг павилоны тэр хавиар алхаж явахад С.Сүхбат ченж павилоныхоо гадна нарийн тамхи татсан хүмүүстэй юм ярьсан зогсож байсан ба намайг хараад тамхиа өгөөч гэхээр нь надад тамхи байхгүй чи мөнгөтэй хүн байж өөрөө тамхиа аваад татаач гэж хэлэхэд чи муу юу гээд байгаа юм гэж над руу гэнэт дайраад миний 2 гарнаас бариад авсан. Тухайн үед С.Сүхбатаас архи үнэртсэн согтуу байсан. Согтуудаа л над руу томорсон юм шиг байгаа юм. Миний хоёр бугуйнаас барьж аваад гараар маань миний нүүр рүү цохиулсан. Тухайн үед С.Сүхбат би чамайг өөрөө зодохгүй өөрийн чинь гараар өөрийг чинь зодуулна гэж над руу дайраад гараар нүүр рүү цохиулаад олон хүмүүсийн дэргэд дээрэлхэхээр нь гэнэт уур хүрээд өөдөөс нь эсэргүүцэж гараараа нүүр рүү нь цохиж харилцан зодолдсон. Энэ үед хүү Мөнх-Эрдэнэ нь нийлж намайг зодож газар унагаагаад С.Сүхбат миний дээрээс хөлөөрөө дэвссэн. Хүүтэйгээ нийлж толгой руу маш олон удаа цохисон. Одоо болтол толгой маань өвдөөд байна. Би пябор толгойтой бие муутай хүн. Ингэж хүүтэйгээ нийлж зодоод хүмүүс дундуур орж арай хийж салгасан тэрнээс намайг дээрээс Сүхбат хөлөөрөө дэвсээд алах гэж байсан. Би салаад зодуулсандаа уур хүрээд павилон дотроо Сүхбат зогсож байхад нь чулуу шидсэн гэтэл Сүхбат павилоноосоо гарч ирээд над руу дайраад машины дэргэд зогсож байхад миний нүүр рүү гаргаараа хүчтэй цохиж газар унагаагаад дээрээс өшиглөж мөн зодсон энэ үед хүү Мөнх-Эрдэнэ нь Сүхбатыг надаас салгаж хойш нь татах үед Сүхбат одоо хугарсан гээд байгаа зүүн хөлөө гадагш нь хөшиж эвгүй бүдэрч газарт унаад довжоон дээрээ хэсэг сууж байгаад павилон руугаа зүүн хөл нь доголоод орсон. Үүнийг олон хүмүүс харж байсан. Намайг цохиж зодох үед л би хариу үйлдэл хийж өөдөөс нь эсэргүүцэж биеэ хамгаалсан. Би Сүхбатад гэмтэл учруулахаар цохиж зодсон зүйл байхгүй. Харин намайг хүүхэдтэйгээ нийлж толгой түрийгүй цохисон. Намайг ингэж зодсоны дараа Отгондаваад хандаж “чи муу олон юм ярьлаа, Мягмарыг өмөөрлөө” гэж уурлан Отгондавааг заамдаж аваад нэг удаа цохиж байсан. Отгондаваа өөдөөс нь эсэргүүцэл үзүүлээгүй хүмүүс дундуур нь ороод Сүхбатыг болиулж байсан. Ингэж Отгондаваа руу дайрч цохиж байгааг нь хараад би цагдаад мэдэгдэхээр явсан. Дахин очоогүй сүүлд хүнээс сонсоход Отгондавааг Сүхбат пабилион дотроо оруулж байгаад хүүхэдтэйгээ нийлж зодсон нүднээс нь цус гаргасан хагалгаатай гэдэс рүү нь цохисон Отгондаваагийн бие муу байгаа гэж сонссон. Отгондаваа Сүхбатад зодуулаад хэдэн өдөр гэртээ хэвтсэн бие нь муу байсан гэж байсан. Би маш их гомдолтой байна.... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/

3.Хохирогч П.Мягмарын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би Сүхбатаас мөнгө зээлж аваад тал мөнгийг нь өгөөд үлдсэн мөнгийг өгч чадахгүй байхад С.Сүхбат  намайг шүүхэд өгөөд миний хамаг данс, хүүхдийн хадгаламжийн мөнгө, улсаас өгдөг мөнгө, хилээр гарах зөвшөөрлийг бүгдийг хаалгасан. Энэ асуудал ингээд шийдэгдсэн. Би төлдөг журмаараа төлөөд явж байгаа үүнтэй холбоотой маргаан бид 2-ын дунд байхгүй. Мөнгийг төлж дууссан тохиолдолд хаагдсан данс, хил гарах зөвшөөрөл нээгдэх байх одоо хэдэн төгрөг үлдснийг мэдэхгүй төлөөд явж байгаа удахгүй төлж дуусна гэж бодож байна. Энэ мөнгөний асуудал энэ хэрэгт ямар ч хамааралгүй.10.000.000 төгрөг зээлж аваад наймаа хийгээд шаталтанд ороод мөнгийг нь төлж чадахгүй болсон юм. Үүнийг Сүхбат өөрөө мэдэж байгаа... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 42 дугаар хуудас/

4.Хохирогч Д.Отгондаваагийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Алтанбулаг сумын хил дээр рубль зараад байж байхад өглөөний 8 цаг өнгөрч байхад ченж Сүхбат павилондоо 2 залуутай хамт архи уугаад сууж байсан. Дорнод нутгийн найзууд гэж ярьж байсан. Би Сүхбатын 2 найзтай мэнд мэдээд хамт суусан ба надад 1 рүнк архи хийж өгөхөөр нь би татчихаад гарч явсан ба гадуур рубль зарж байгаад дахин явж очиход архи нь дууссан гэсэн сууцгааж байхаар нь надад машинд шил архи байгаа би аваад ирье гэж хэлээд машин руугаа  гүйж 1 шил 0.75 граммын архи нэртэй архи аваачиж өгөөд өгсөн архинаасаа 1рүнк татаад гарч явсан ба гадуур явж хүмүүст рубль зарж борлуулж байгаад Сүхбатын павилон руу яваад очиход павилоныхоо гадна Сүхбат , шар Мягмартай тамхины хэрүүл хийж байсан. Би сонсоход Мягмар нь Сүхбатад хандаж “чи баян ченж байж өөрөө тамхи аваад татаач” гэж хэлэхэд нь Сүхбат, Мягмарыг барьж аваад чамайг өөрийн чинь гараар зодуулнаа гээд хоёр гарыг нь барьж байгаад өөрийнх нь гараар нүүр рүү нь цохиулаад байсан. Энэ байдлаас болж хэрүүл зодоон үүссэн. Мягмар гараа татаж аваад Сүхбатыг цохисон. Хоорондоо зодолдоод байхаар нь би ойроос наад Мягмар чинь хуванцар толгойтой бие муутай хүн Сүхбатаа чи битгий зодолд ингэж байж хүн амины хэрэгт оров гэж хэлэхэд ерөөсөө тоохгүй хэрүүл зодоон хийгээд байсан ба машины дэргэд зодолдож байхад нь Сүхбатын хүү Мөнх-Эрдэнэ гэх банди павилоноосоо гүйж гарч ирээд учир зүггүй аавтайгаа нийлээд Мягмарыг машины дунд унагааж толгой түрийгүй цохиж зодсон зодож байгаад хүү нь буцаад павилон руугаа орох гэхэд нь би хүүд нь хандаж “ахын дүү чи аавтайгаа нийлж бие муутай хүнийг ингэж зодож болохгүй салгах ёстой байтал ингэж зоддог нь яаж байгаа юм хүн амины хэрэгт оров” гэж хэлэхэд тоолгүй яваад орсон. Тухайн үед Тэгшээ гэж ченж залуу Сүхбат, Мягмар 2-ын дундуур орж салгахад Сүхбат надад хандаж “чи муу олон юм ярьж Мягмарын талд орлоо чамайг нам дарна шүү Алтанбулаг суманд явуулахгүй шүү” гэх зэргээр дарамталж хэлэхээр нь би чамд буруу зүйл хэлээгүй бие муутай хүнийг битгий хүүхэдтэйгээ нийлж зод, ингэж байгаад хэрэгт орвол яана гэхэд чамд хамаагүй гэж хэлээд над руу дайрч миний хоолойноос 2-3 удаа багалзуурдаж авсан ба цохих гэхээр нь би хааж цохиулаагүй. Ингээд хэсэг томорч байгаад павлион руугаа орсон. Мягмар газраас чулуу авч павилон руу нь шидсэн, жижиг чулуу хаалга руу шидэж байсан. Эд зүйлийг эвдэж сүйтгээгүй зодуулсандаа л уурлаад чулуу шидэж байсан. Тухайн үед Мягмарын чих хамар, амнаас цус гарсан байсан. Гэтэл Сүхбат дахин павилоноосоо гарч ирээд Мягмартай маргаж чулуу шидлээ гэж уурлаж, Мягмарыг нүүр рүү нь хүчтэй цохиж газарт унагаасан ба энэ үед хүү Мөнх-Эрдэнэ павилоноос гүйж гарч ирээд аавыгаа хойноос нь хүчтэй татаж зүүн хөлийг нь гадагш хөшиж нугалуулж, довжоонд тээглүүлж газарт их эвгүй унасан.  Гэтэл Сүхбат дээшээ босож чадахгүй довжоон дээрээ хэсэг суугаад өөрөө босож павилион руугаа зүүн хөл нь доголоод яваад орсон. Үүнийг тэнд байсан ченж нар харж байсан. Ингээд Мягмарт хандаж би “чи гайгүй юу толгой тархи чинь яаж байна” гэж асуухад толгой өвдөж байна. Цагдаад би мэдэгдэнэ гээд яваад өгсөн. Би рубль зарах гээд 1 дүгээр хаалга руу явсан, явчихаад буцаж ченж Ганаагийн павилон руу алхаж очиход ченж Хишгээ эгч байсан ба надад хандаж чиний машины толийг гадагш нугалсан байна лээ хугалчихаагүй байгаа очиж үзээч гэхээр нь машиныхаа толийг үзээд янзалчихаад эргэж явах гэхэд Сүхбат павилон дотроосоо “хөөе чи муу лаларын бизда наашаа хүрээд ир яахаараа Мягмарыг өмөөрч олон юм ярьдаг юм” гэж томорч хэлэхээр нь би “чи юу гээд байгаа юм” гэж уурлаж хэлээд павилон руу  нь ороход өөдөөс шууд зүүн нүд рүү маань цохисон. Тухайн үед нүд хамар 2-оос зэрэг цус гараад зүүн гараараа дараад баруун гараараа Сүхбатыг заамдаад авахад зөрүүлээд миний энгэрээс гинжээр хоолойг минь боож барьж аваад би боолтонд орох үед миний гэдэс рүү 1 удаа өвдөглөж цохиод хөлөөрөө миний үүргэвч цүнхний оосорыг тасдаад намайг шалан дээрээ унагаасан. Миний дээрээс дараад хоолойг маань гинжээр боогоод боолтонд оруулаад ерөөсөө тавихгүй байсан би арай хийж л амьсгалж байсан. Энэ үед хүү Мөнх-Эрдэнэ нь хойноос нуруу руу өшиглөөд түс тас гээд их л хүчтэй цохиод байсан. Хүүхэд байж бид 2-ыг салгахгүй аавтайгаа нийлээд намайг зодсон. Энэ үед гаднаас хүмүүс олноороо орж ирээд миний төрсөн дүү Баасан болон ченж Болороо, Мажигаа нар Сүхбатыг надаас арай гэж салгасан би боолтонд ороод ухаан алдах гэж байсан. Жаахан удсан бол амь насаа алдах байсан. Би өөдөөс нь эсэргүүцэл үзүүлж ганц ч удаа цохиогүй. Ингээд би тэндээс гараад Ганаагийн павилонд орж гар нүүрээ угаасан ба дахин Сүхбаттай уулзая гэж очиход хаалгаа дотроосоо цоожлоод оруулаагүй. Ингээд би харьж хэвсэн. Миний биед том том хөхрөлт улайлт үүссэн байсан. Би гэртээ 7-8 хоног хэвтсэн. Хэрэг асуудал болсноос хойш 8 хоногийн дараа шүүх эмчид үзүүлсэн... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/

5.Хохирогч Д.Отгондаваагийн 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.....Би Сүхбатад зодуулж биедээ гэмтэл аваад гэрээсээ гарахгүй 7 хоног хэвтсэн. Дахин биедээ гэмтэл авсан зүйл байхгүй гэртээ хэвтэж байгаад цагдаагаас дуудахад нь очиж шинжээч эмчид биеэ үзүүлж дүгнэлт гаргуулсан. Эмчид үзүүлэх үед миний учирсан гэмтлүүд идгэж хөхрөлт нь бүдгэрсэн байсан. Одоо миний зүүн талын нүд бүрэлзээд юм сайтар тод харж өгөхгүй байна. Цохиулснаас болж нөлөөлсөн байж магадгүй гэж бодоод байна. Урьд өмнө ингэдэггүй байсан. Хараа сайтай байсан гэтэл одоо бүрэлзээд сайтар харахгүй толгой хааяадаа эргэж өвддөг болсон толгой руугаа цохиулж зодуулснаас болж нөлөөлж байна гэж бодож байна....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 45 дугаар хуудас/

6.Гэрч М.Тэгшбаярын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....2016 оны 07 сарын 11-ний өдөр байсан юм би хил дээр ажилдаа 12 цагийн үед ирэхэд хүмүүс хоорондоо зодоон хийсэн байдалтай байж байсан харахад Мягмар, Сүхбат хоёр хоорондоо зууралдсан гадаа машинуудын дунд зогсож байсан хүмүүс ихээр овоорсон байдалтай байхаар нь би очиж больцгоо гэж хэлээд салгаад явсан. Би энэ ажил дээрээ хэсэг байж байгаад баяр наадам гээд яваад өгсөн. Хэсэг хил дээр ирэхгүй байж байгаад 2016 оны 07 сарын 21-ний өдөр хил дээр ирэхэд хүмүүс Сүхбат, Отгондаваа хоёр дахин зодолдсон цагдаагаар шалгуулж байгаа л гэж сонссон.... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 52 дугаар хуудас/

7.Гэрч Д.Мажигсүрэнгийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....2016 оны 07 сарын 11-ний өдөр байсан 11 цагийн үед Сэлэнгээс Алтанбулаг суманд ирсэн. Хил дээр буугаад рублээ зарах гээд явж байхад ченж Сүхбат, Мягмар гэх залуутай хэрүүл зодоон хийсэн байдалтай павилоныхоо гадаа зогсож байсан. Мягмарын чихнээс нь цус гарсан нүүр нь цус болсон зодуулсан байдалтай харагдсан. Тухайн үед би зодоон болж дээ гэж бодоод гадуур хэсэг явж байгаад ченж Ганаагийн павилион руу ороход ченж Отгондаваа юм ярьж сууж харагдсан хүнтэй зодоон хийсэн байдал ажиглагдаагүй. Ингээд Отгондаваа гарч рублээ заръя гээд Ганаагийн павилоноос гарч явсан ба би хойноос нь гарахад Сүхбатын павилон дотроос Отгондавааг “хөөш наашаа хүрээд ир” гэж дуудаж байсан. Отгондавааг павилон руу яваад ороход Сүхбат, Отгондавааг учир зүггүй нүүр рүү нь цохиод шалан дээр унагасан, хүзүүг нь гинжээр боосон байдалтай дээр нь гарсан байж байсан харахад Отгондаваагийн зүүн нүднээс нь цус гараад байсан. Би очиж бусад ченж нартайгаа нийлж байгаад арай хийж салгасан. Отгондавааг боож алах гэж байсан нүүр нь улайгаад аймаар харагдаж байсан. Хүзүү нь улаан эрээн болсон байсан. Тухайн үед Сүхбатын хүүхэд нь Отгондавааг араас нь өшиглөөд цохиж аваад байсан. Би болиоч чи наад 2-оо салгаач гэж хэлэхэд би салгах гэж байна шүү дээ гэж хэлээд дахин цохихоо больсон. Сүхбат нь Отгондавааг газарт боож унагаасан тавихгүй байсан арай хийж л хүмүүстэй нийлж салгасан... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/

8.Гэрч Д.Баасанжавын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....2016 оны 07 сарын 11-ний өдөр байсан. Би өөрийн төрсөн ах Отгондаваагийн барилга дээр Алтанбулаг суманд ажиллаж байсан юм. Энэ өдөр барилгын дээвэр дээр нь үртэс асгах ажилтай болоод шуудай авахуулахаар Отгондаваа ахтай хил дээр очиж уулзаж үртэс зөөх шуудай авахуулах үед шар Мягмар ах хүнд зодуулсан байдалтай байхаар нь “юу болсон юм бэ” гэж асуухад “ахыг нь сая Сүхбат зодоод алах гэж байна” гэсэн чих хамраас нь цус гарсан байдалтай байсан. Би шуудай авахуулаад барилга руу явчихаад буцаад ирэхэд Сүхбат ченжийн павилон дотор хүмүүс зодолдоод түжигнээд байхаар нь юу болоод байна гэж яваад ороход Сүхбат ах Отгондавааг гинжээр нь боогоод газарт унагасан харин хүүхэд нь ахын ар нуруу руу нь өшиглөж харагдахаар нь би чи болиоч гэж хэлээд холдуулсан ба Отгондаваа, Сүхбат 2 газраас босож ирээд зууралдаад байхаар нь боль гэж дундуур нь орж байж ченж Болороо эгчтэй нийлж арай хийж гадна гаргаж салгаад Отгондаваа ахын цүнхийг нь павилон дотроос авч Отгондаваа ахын машин дотор нь цүнхийг хийсэн. Тухайн үед Отгондаваа ахын нүднээс цус гарсан хүзүү нь нилэнхүйдээ улаан эрээн болсон байдалтай байсан. Ингээд би ус олж ирж ахын нүүр гарыг угаалгаад байж байхад сумын хэсгийн төлөөлөгч Энхжаргал ирээд Сүхбатыг аваад явсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 55 дугаар хуудас/

9.Гэрч Б.Болормаагийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр байсан. Энэ өдөр би павилон дотроо рубль зараад сууж байгаад павилоныхоо камер руу харахад гадна ченж Сүхбат хүнтэй маргалдаад байгаа нь харагдсан удалгүй тэр хүнтэйгээ зодолдоод эхлэхээр нь хэсэг камериар харж байгаад павилоноосоо гарч ирээд харахад Сүхбат, Мягмар гэх хүнтэй зодолдож байсан. Хүүхэд нь гэх банди павилоноосоо гарч ирээд Мягмарыг аавтайгаа нийлээд цохиод байсан ба хүмүүс салгахгүй хараад зогсоод байсан. Гэтэл хажуугаас нь Отгондаваа Сүхбатын хүүхдэд нь хандаж “наадах чинь пябор толгойтой бие муутай хүн шүү хэрэгт оров болиоч” гэж хэлж байсан гэтэл тоосон шинжгүй зодолдоод байсан. Ингээд ажлаа хийж байгаад хэсэг хугацааны дараа камер руугаа харахад Сүхбат, Отгондаваатай маргалдаад байх шиг харагдсан. Би юу болоод байгаа юм болоо гэж бодоод гарч харахад Отгондаваа, Сүхбат хоёр хоорондоо маргаад хүмүүс дундуур нь ороод салгасан. Хэсэг хугацааны дараа харахад Отгондаваа Сүхбатын павилон руу явж ороод зодоон болсон. Би павилон руу нь яваад очиход Отгондаваагийн дүү Баасанжав салгах гээд байж байсан ба би дундуур нь орж салгаад Отгондавааг авч гарсан. Тухайн үед намайг павилонд ороход Сүхбат, Отгондаваа нар хоорондоо заамдалцсан байдалтай Отгондаваагийн нүднээс нь цус гарсан зогсож байсан. Сүхбатын хүүхэд нь хүртэл салгах гээд дундуур нь орж  байсан намайг ороход хоорондоо зодолдоод дууссан зууралдсан байдалтай л байсан...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 56 дугаар хуудас/

10.Гэрч Д.Ганхуягийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....2016 оны 07 сарын 11-ний өдөр павилон дотроо сууж байхад гадаа хүмүүс зодолдоод байх шиг орилолдоод байхаар нь гарч харахад ченж Сүхбат, Мягмар гэх залуутай зодоон хийсэн байдалтай хүмүүс ихээр овоорсон салгасан байж байсан. Гэтэл Сүхбатын хүүхэд нь Сүхбатыг салгах гээд хойноос нь татахад павилоныхоо гадна гишгүүрийн орчимд хөлөөрөө тээглэж их эвгүй газарт нугадас хийж унаад зүүн хөлөө чирээд павилон руугаа орсон ба би 5 минут орчмын дараа Отгрондаваа манай павилонд орж ирээд баяр тэмдэглэх биш хүмүүс зодоон хийчих юм байна л даа гэж ярихаар нь юу болсон талаар асуухад тодорхой хариулт хэлээгүй. Хэсэг манай павилонд сууж байгаад гараад явсан. Удалгүй хүмүүс дахин орилолдоод салгаачээ гээд байхаар нь гарч харахад Отгондаваа, Сүхбат хоёр заамдалцсан харагдсан. Хүмүүс дундуур нь орж салгаад байхаар нь тоолгүй ажлаа хийгээд хэсэг сууж байхад дахин хүмүүс орилдоод байхаар нь гарч харахад Сүхбатын павилон дотор Отгондаваа орсон зодоон болоод байх шиг байсан. Хэн хэнийгээ цохиж зодсоныг мэдэхгүй. Хэсэг хугацааны дараа Отгондаваа манай павилонд цустай холилдсон орж ирсэн. Ингээд манай павилон  дотор гар нүүрээ угаагаад хэсэг сууж байгаад гарч явсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 57 дугаар хуудас/

11.Гэрч Л.Эрдэнэхишигийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....2016 оны 07 сарын 11-ний өдөр байсан. Би рубль зараад хил дээр наашаа цаашаа явж байхад ченж Сүхбат, Отгондаваа болон миний танихгүй 2 залуу нийлээд Сүхбатын павилон дотор архи уусан сууж харагдсан. Би хэсэг гадуур явж байгаад ирсэн чинь Сүхбат , Мягмар гэх залууг зодсон. Мягмарын хамар амнаас цус гарсан байдалтай байсан. Мягмар нь гартаа чулуу барьсан, хүмүүс дундуур нь орж салгасан байдалтай байсан. Харин Сүхбат павилоныхоо гадна зогсож байсан ба Отгондаваа руу Сүхбат хандаж чи муу яахаараа Мягмарыг өмөөрдөг юм чи юу юм бэ гэж авирлаж Отгондавааг Сүхбат заамдаж аваад нүүр рүү нь нэг удаа цохиод хүмүүс дундуур нь орж салгаж байсан. Ингээд би хэсэг рубль зарж байгаад буцаад очиход Отгондаваа Ганаагийн павилон дотор зогсож, байсан юу болсон талаар асуухад Мягмарыг өмөөрлөө гээд над руу Сүхбат дайраад намайг цохьчихлоо гэж байсан харахад биед нь харагдах гэмтэл харагдаагүй. Тухайн үед намайг алхаж очиход Отгондаваагийн машиных нь толь гадагш эргэсэн байдалтай байхаар нь Отгондаваад хандаж машины чинь толь сая эргэсэн байдалтай байна лээ хүн хугалаад хаячихсан юм биш байгаа гэхэд үзнэ гээд Ганаагийн павилоноос гарч өөрийн машин дээрээ очих үед Сүхбат павилон дотроосоо Отгодаваад хандаж “чи муу яасан одоо пизда минь наашаа хүрээд ир чамайг харнаа” гэж орилоход Отгондаваа алхаад павилон руу нь яваад ороход учир зүггүй зодоон болоод би араас нь яваад ороход Отгондавааг шалан дээр унагаасан хүзүүнээс нь боож багалзуурдсан Сүхбат дээр нь гарсан зогсож байсан. Ингээд бид нар орж салгасан.Тухайн үед Отгондаваагийн хүзүү нь нилэнхүйдээ улаан эрээн болсон нүднээс нь цус гарсан, нүүр нь улаа бутарсан хөл гар нь хөхөрсөн их л зодуулж биедээ гэмтэл авсан байдалтай байсан. Би цусаа арч гэж сальпетик өгсөн. Дүү нь ус хийж өгч гар нүүрийг нь угаалгасан.....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/

12.Гэрч Л.Батмөнхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....2016 оны 07 сарын 10-ны өдөр хотоос Алтанбулаг хилээр гарч Улан-Үдэ орохоор эхнэр хүүхдүүдтэйгээ гарсан. Тэгээд 07 сарын 11-ний өдөр оочер ихтэй байсан. Тэр үед найз Сүхбаттай тааралдаад удаан уулзаагүй гээд Сүхбатын валют арилжааны  газарт Ганхуяг, Сүхбат, бид 3 “Болор” нэртэй 750 граммын архи хувааж ууж байхад Сүхбатын танил гээд нэг ченж залуу орж ирээд бид нартай 1 шил архийг хувааж ууж дууссаны дараа тэр залуу буцаж гараад 1 шил архи авчирсан юм. Тэгээд бид нар ууж эхэлж байхад хаалга цоожтой байхад нэг залуу орж ирэх гээд байхаар нь Сүхбат оруулахгүй гээд хэрүүл хийж байгаад гараад явсан.  Тэгээд бид 3 дотор байж байхад хүмүүс зодоон болоод байна гэхээр нь гарсан. Тэр 2 ноцолдоод Сүхбат доор нь орсон нөгөө залуу дээр нь гарсан байсан. Тэгэхээр нь салгах гэж оролдсон чинь тэр 2 салахгүй байсан. Тэгээд цаанаас Сүхбатын хүүхэд нь ирж аавыгаа салгаад дотогшоо орсон. Тэр үед Ганхуяг бид хоёр гадаа байсан. Бид хоёрыг гадаа байхад Сүхбат нөгөө залуутай вальют арилжааны дотор зодолдоод байсан. Тэгэхээр нь Ганхуяг бид хоёр дотогшоо орсон чинь Сүхбат доор нь орсон нөгөө залуу дээр нь гарсан байдалтай зодолдож байсан. Тэгэхээр нь тэр хоёрыг салгасан чинь нөгөө ченж залуу босохдоо Сүхбатын хөлөн дээр дэвсчихсэн. Тэгээд Сүхбат хөл гээд орилоод байсан. Тэр үед цагдаа нар ирэхээр нь Ганхуяг бид хоёр яваад өгсөн....гэх мэдүүлэг

/хавтатс хэргийн 60-61 дүгээр хуудас/

13.Гэрч Т.Ганхуягийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”....2016 оны 07 сарын 10-ны өдөр хотоос Алтанбулаг хилээр гарч Улан-Үдэ орохоор эхнэр хүүхдүүдтэйгээ гарсан. Тэгээд 07 сарын 11-ний өдөр оочер ихтэй байхаар нь найз Батмөнхийн хамт Сүхбатын валют арилжааны газар орж 1 шил 0.75 граммын  архи ууж байхад Сүхбатын танил гээд нэг ченж залуу орж ирээд бид нартай 1 шил архийг хувааж ууж дууссаны дараа тэр залуу гараад ОХУ-аас архи аваад ороод ирсэн. Тэгээд яг уугаад сууж байхад хаалга нь цоожтой байсан чинь нэг залуу орно гээд байхаар нь Сүхбат оруулахгүй гээд байсан.Тэгээд тэр хоёр гадаа тамхи байна уу гэж бие биенээсээ асуугаад байх шиг байсан.Тэгээд тэр 2 ноцолдоод эхэлсэн. Сүхээгийн хүүхэд нь гүйгээд гарахаар нь бид хоёр араас нь гарахад хүүхэд нь салгаад зогсож байсан. Тэгээд Сүхээтэй анх зодолддог залуу цагдаа дуудна гээд яваад өгсөн. Тэрийг явсны дараа анх архи цуг уусан ченж залуу орж ирсэн чинь тэр ченж залуутай Сүхээ маргаад байсан яг юуны талаар маргасныг мэдэхгүй тэр хоёр Сүхээгийн вальют арилжаан дотор зодолдоод Сүхээгийн дээр нөгөө залуу гарсан байсан. Тэнд байсан хүмүүс зодооныг салгах үед нөгөө ченж залуу босохдоо гишгээд босчих шиг болсон. Тэгээд тэр хоёрыг салгаад байж байхад цагдаа ирсэн...гэх мэдүүлэг

/хавтатс хэргийн 62-63 дүгээр хуудас/

14.Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 314 тоот актанд:

1.Д.Отгондаваагийн биед бугалга, шуу, гуя, өвдгөнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.... гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 65 дугаар хуудас/

15.Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 318 тоот актанд:

1.П.Мягмарын биед гарын шуу зулгарсан, 1 шүд бага зэргийн хөдөлсөн, цус хуралтын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 67 дугаар хуудас/

16.Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 315 тоот актанд:

1.С.Сүхбатын биед шаант булуу ясны цөмөрч бяцарсан хугарал, чагтан холбоосны урагдал, хажуугийн холбоос сунасан, цээж, гуяанд цус хуралт зулгаралтын  зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна..... гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/

17.Шүүгдэгч С.Сүхбатын “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хавтаст хэргийн 72-77 дугаар хуудас/

18.Шинжээч эмч С.Бүрэнжаргалын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Д.Отгондаваа нь хэрэг асуудал болсноос хойш 8 хоногийн дараа ирж биеэ үзүүлэхэд биед учирсан гэмтлүүд нь 2016 оны 07 сарын 11-ний өдөр шинээр үүссэн байх боломжтой гэмтлүүд байсан. Учирсан гэмтлүүдийн хөхрөлт, зулгаралт, цус хуралтууд нь бүдгэрсэн байдалтай байсан. Надад асуумжийн дагуу хэлэхдээ 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүнд зодуулдаад эмчид огт үзүүлээгүй гэртээ хэвтэж байгаад ирж үзүүлж байна гэж ярьж байсан биедээ бол битүү хөхрөлт, цус хуралт зулгаралттай байсан. Биеийнхээ бугалга, шуу, гуя, өвдгөнд цус хуралт, зулгаралт  гэмтлүүд нийлэнхүйдээ байсан. гэмтлүүд нь 7-8 хоногийн өмнө авсан байх боломжтой гэмтлүүд байсан. Гэмтлийн талбай их байсан учир хөнгөн зэргийн гэмтэл тогтоосон уг гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Сүхбатын биед учирсан “Шант ясны цөмөрч бяцарсан хугарал, чагтан холбоосны урагдал, хажуугийн холбоос сунасан “гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа юм. Харин цээж гуяанд цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Сүхбатын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хөших, дээрээс нь дарах, эвгүй хөлөө нугалж унах зэргээс үүсэх боломжтой. Хөлийн өвдөгний үе орчим их эмзэг гэмтэл авахдаа хурдан байдаг Үзлэг хийх явцад С.Сүхбатын зүүн хөлийн өвдөг орчимд гаднаас үүссэн байх боломжтой гэмтэл зулгаралт байгаагүй.

Дээрх гэмтлүүд нь зодоон болох үед учирсан гэмтлүүд мөн гэвч шаант ясны цөмөрч бяцарсан хугарал, чагтан холбоосны урагдал, хажуугийн холбоос сунасан” гэмтэл нь гадны хүчин зүйлийн цохиулснаас учирсан эсэх, хөлөө эвгүй дарж хөшиж унаснаас болж учирсан эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Харин С.Сүхбатын биед учирсан цээж, гуяанд цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралт” бүхий гэмтэл нь цохиулснаас болж учирсан гэмтлүүд байсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 82 дугаар хуудас/

19.Шүүгдэгч С.Сүхбатын 2015 оны 08 дугаар  сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн”... 2016 оны 07 сарын 11-ний өдөр байсан юм. Энэ өдөр манай нутгийн хүмүүс болох Мөнхөө, Ганхуяг нар хил гарах гэж яваад надтай таараад бид 3 уулзалдсан гээд 1 шил 0.75 граммын архи  уухаар манай павилон дотор сууж байхад гаднаас ченж Отгондаваа орж ирэхээр нь 2 найзтайгаа танилцуулаад хамт 1 шил архиа хувааж ууж дуусахад Отгодаваа танилцсаных гээд машинаасаа 1 шил 0.75 граммын архи  авч орж ирээд архийг 4-лээ талд нь ортол уусан, архи дөнгөж ууж эхэлж байхад ганднаас Шар Мягмар гэх залуу  манай павилонд ороод ирэхээр нь Мягмарт хандаж найз нартайгаа сууж байнаа чи манайхаас гараад яваа гэж хэлэхэд чи намайг амбаараасаа хөөлөө гэж уурлахаар нь түлхээд гаргахад хаалга саваад ороод ирэхээр нь дахин түлхэж гаргаад павилоны гадна чи одоо явчихаа гэж хэлээд 2 гарнаас нь барьж байгаад түлхсэн гэтэл нүүрээ гараараа цохиод над руу уурлаж дайраад намайг цохиод авсан үүнээс үүдэн харилцан зодоон хийсэн. Зодоон хийж байх үед миний хүү Мөнх-Эрдэнэ гарч ирээд та хоёр болил доо гээд дундуур орж намайг татаж Мягмарыг цааш түлхэж салгасан. Тухайн үед Отгондаваа хөндлөнгөөс Мягмар пябор толгойтой наадахаа толгой руу нь цохиж байгаад шорондоо явна биз гэж манай хүүд хандаж хэлж байгааг би сонссон хажуугаас энэ байдлаар олон дахин хэлж яриад байсан Мягмараас салаад Отгондаваад хандаж чи битгий ингэж олон юм ярьж бай ингэж ярьхынхаа оронд бид 2-г салгахгүй яасан юм гэж хэлээд хальт маргаад л павилон руугаа орсон. Тухайн үед манай хоёр найз Мөнхөө, Ганхуяг нар хөндлөнгөөс холоос хараад зогсож байсан. Ингээд би павилон руугаа ороод байж байхад Мягмар над руу чулуу шидээд би павилоноосоо гарч Мягмартай маргасан ба чи яваа гэж хэлж гуйхад намайг ална, шулна гээд харааж зүхээд байхаар нь маргаад зогсож байхад хүү Мөнх-Эрдэнэ павилоноос гарч ирээд намайг татаж газарт унагаагаад павилон руу авч орсон. Би павилон дотроо ороод байж байхад гаднаас Отгондаваа ороод ирэхээр нь чи найз байж салгахгүй олон юм ярьлаа гэж хэлээд Отгондаваагийн нүүрэн тус газарт цохисон. Гэтэл намайг зөрүүлж цохиод би газарт унахад дээрээс дарж унаад намайг боосон байдалтай байхад хүү Мөнх-Эрдэнэ, Отгондаваагийн төрсөн дүү Баасанжав нар дундуур орж салгаж Отгондавааг миний дээрээс татаж босгох үед Отгондаваа миний зүүн хөлөн дээр гишгээд боссон ба боссоныхоо дараа дахин хөл рүү маань тийрч цохисон энэ үед би ёоё гэж хэлсэн. Ингэж надаас салаад Отгондаваа гараад явсан ба дахин павилон руу орж ирэх гэхээр нь хүү бид хоёр хаалгаа түгжээд оруулаагүй. Ингээд хэсгийн төлөөлөгч удалгүй ирээд намайг дагуулаад эмнэлэг явсан..гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас/

20.Шүүгдэгч С.Сүхбатын 2015 оны 08 дугаар  сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар  өгсөн”... 2016 оны 07 сарын 11-ний өдөр би өөрийн нутгийн Мөнхөө, Ганхуяг нартай Алтанбулаг хиийн боомт дээр таараад баярын өдөр байна гээд  1 шил архи  манай павилон дотор уугаад байж байхад ченж Отгодаваа орж ирээд хамт архи уугаад манай 2 найзтай танилцаад архи дуусахад Д.Отгондаваа би  машинаасаа архи аваад ирье гээд гарч яваад 1 шил архи аваад орж ирсэн ба Д.Отгондаваагийн араас П.Мягмар дагаад ороод ирэхээр нь Мягмарт хандаж найз нартайгаа сууж байнаа чи гараа гэхэд явахгүй байсан ба павилоноосоо түлхэж гаргаад гарнаас нь барьж аваад чи явчихаа гэж гарыг нь савахад өөрийгөө цохьчихсон юм. Гэтэл Мягмар түрүүлж цохиж бид 2 хоорондоо зодолдсон энэ үед манай хүү Мөнх-Эрдэнэ гарч ирээд бид хоёрыг салгасан өөр салгах хүн байгаагүй. Энэ үед Отгондаваа хөндлөнгөөс танай аав чинь толгой муутай хүнийг цохиж байгаад шоронд явна биз гэж хэлэхийг сонсоод Отгондаваад  хандаж “чи ингэж олон юм ярьж байхаар  дундуур ороод салгачихгүй яасан юм. гэж хэлэхэд өөдөөс юм хэлээгүй ба би уурандаа Д.Отгондавааг нэг удаа цохисон. Ингээд би павилон руугаа орсон гэтэл араас Д.Отгондаваа орж ирээд намайг заамдаж аваад доороо оруулаад дээрээс цохиж зодсон ба дээрээс босохдоо миний зүүн хөлөн дээр гишгээд тийрээд босож явсан. П.Мягмар нь зодоон болоод дууссаны дараа над руу дайрч павилоны гаднаас чулуу шидэж цээжин тус газарт оносон, над руу П.Мягмар, Д.Отгондаваа нар дайраад байхаар нь өөрийгөө хамгаалж хаалгаа хааж дотор талаасаа түгжсэн гадаа байсан хүмүүс болиулж байсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас/

            21.Шүүгдэгч С.Сүхбатын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 112 дугаар хуудас/ зэрэг болно.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг

үндэслэн Шүүх дараахи дүгнэлт хийв.

 

          Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Цагаанчууд овогт Сэсээрийн Сүхбатыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр, Монгол улсын хилийн боомт орчимд байрлах Вальют арилжааны цэгийн гадна бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн П.Мягмарт хүч хэрэглэн зодож нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан “Танхайрах” гэмт хэрэгт, иргэн Д.Отгондавааг “танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэснийх нь төлөө зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2-т заасан гэмт хэрэгт, Отгондаваагийн эсрэг “хэрцгийн хандсан” гэмт үйлдэлд нь мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан “Догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн хэлэлцээд Шүүхээс дараахи дүгнэлтийг хийв.  

           1.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас С.Сүхбатын гэм буруугийн талаар үйлдсэн яллах дүгнэлтэндээ энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон П.Мягмарын эсрэг “Бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн” үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д заасан “Танхайрах” гэмт хэрэгт буруутгажээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Сүхбат мэдүүлэхдээ: Би Мягмараас шүүхийн шийтвэрийн дагуу 5.6 сая төгрөгийн авлагатай байсан юм. Хэрэг болсон өдөр Мягмартай уулзаад “мөнгөө өгөх гэж ирээ юу” гэж асуухад тэр “Юун мөнгө өгөх, би тэр мөнгийг чинь өгч чадахгүй, чадвал аваарай” гэснээс “хэрүүл маргаан үүссэн” гэв.

       Хохирогч П.Мягмарын мөрдөн байцалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Сүхбаттай уулзахад “Тамхиа өгчих” гэхээр нь “чадахгүй, чи мөнгөтэй хүн тамхиа өөрөө аваад татахгүй юу” гэснээс “хэрүүл маргаан үүссэн” гэжээ. Энэ үгийг хохирогч Отгондаваа ч хэлжээ. Хавтаст хэргийн 146 дугаар хуудсанд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 411 дугаартай иргэний шүүх хуралдаанаас гарсан шийдвэрээр П.Мягмар, түүний эхнэр Батмөнхийн Отгонтуяа нараас 5.650.000 төгрөг гаргуулж С.Сүхбатад олгохоор, хэргийн 145 дугаар хуудсанд уг шийтвэрийг гүйцэтгүүлэхээр шүүхээс 271 дугаартай гүйцэтгэх хуудас бичиж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн ба 148 дугаар хуудсанд “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамж гарсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар 2014 оноос хойш Мягмар, Отгонтуяа нар нь 119.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 5.531.000 төгрөг төлөгдөөгүй байгаа талаар банкны материалын баримтанд тусгажээ. Шүүгдэгч С.Сүхбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: “Мягмар, Отгондаваа нар нь нэг сумын улсууд, харин хэрэгт гэрчээр асуугдсан Баасанжав гэдэг нь Отгондаваагийн төрсөн дүү, мөн гэрчээр асуугдсан Мажигсүрэн, Эрдэнэхишиг нар нь ч ойрын хамаатан бөгөөд өөрийнх нь ажилчид юм. Тэд нар зөвхөн тэр хоёрын талд л мэдүүлэг өгсөн, үүнээс гадна Мягмар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний гадаад улсад зорчих эрхийг хязгаарласан, үүнээс болоод ашиг орлого олох боломжоо алдсан, чамайг чадна” гэж ирээд намайг хараад их бухимдуу байдаг байсан, би Мягмарын эмчилгээнд 700.000 төгрөг төлөөд, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд байсан 5.531.000 төгрөгийн авлагаа төлж барагдуулснаар бүрэн хаалгасан гэжээ. Эдгээрээс харахад шүүгдэгч Сүхбатын мэдүүлгүүд үнэн зөв болох нь хэрэгт авагдсан дээрхи баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгчийн мэдүүлэг бусад баримтаар нотлогдвол нотолгооны эх сурвалж болно. Иймээс шүүх Сүхбатын үйлдлийг нь танхайн сэдэлтгүй, хувийн таарамжгүй харьцааны улмаас үүдэлтэй, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж дүгнэлээ.

         Хохирогч Мягмарын эрүүл мэндэд гэмтэл учраагүй, гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, тухайн газар байрлуулсан камерийн бичлэгээс харахад Мягмар нь Сүхбатын эсрэг чулуу чидсэн, Сүхбатын биед энэ үеэр хүндэвтэр гэмтэл учирсан, харилцан зодолдсон байдлууд тогтоогдож байна. Эдгээр байдлуудыг үндэслэн С.Сүхбатад холбогдуулан “Бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн” үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д заасан “Танхайрах” гэмт хэрэгт ялласан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          2.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас С.Сүхбатын гэм буруугийн талаар үйлдсэн яллах дүгнэлтэндээ “дээрхи танхайрах үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэн   Д.Отгондавааг эсэргүүцэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан, догшин авирлаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан” үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181 дүгээр зүйлийн 181.2.2-т заасан гэмт хэрэгт тус тус буруутгажээ. Гэрчүүдийн мэдүүлгүүд болон хэргийн газраас авсан камерийн бичлэг зэрэг баримтуудаас харахад хохирогч Отгодаваа нь Мягмар, Сүхбат нарын зодооныг буюу Сүхбатын танхайрах үйлдлийг таслан зогсоох гэсэн бодит үйлдэл хийсэн нь харагдахгүй, тийм байдал тогтоогдохгүй байна. Харин Сүхбаттай зодоон хийсний улмаас хөнгөн гэмтэл авсан нь тогтоогдож байгаа тул шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ. Учир нь: Уг гэмт хэрэг гарахад “нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн санаатай үйлдэл” эсвэл “танхайрах үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцсэн, догшин авирласан” идэвхтэй байдлууд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл харгис хэрцгий аргаар догшин авирласан гэх байдал, танхайрах үйлдлийг хориглон зогсоох талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулсан байдал, эсхүл бие махбодь, сэтгэл санааны аливаа хүчирхийлэл үйлдсэн байдлууд болон танхайрах гэмт хэргийн субьектив талын шинж байдлууд нь хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна. Иймээс шүүгдэгч С.Сүхбатыг Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181 дүгээр зүйлийн 181.2.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмт санаатай учруулах” гэмт хэрэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Сэсээрийн Сүхбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.Мягмарын /хх39-40/, хохирогч Д.Отгондаваагийн /хх42,43-44,45/ гэрч Тэгшбаяр /хх52/, Д.Мажигсүрэн /хх53-54/, Д.Ганхуяг /хх57/, Б.Болормаа /хх56/, Д.Баасанжав /хх55/ Д.Эрдэнэхишиг /хх 58-59/, нарын мэдүүлэг, шинжээч эмчийн  314, 315, 318 тоот дүгнэлтүүд /хх 69,70,67/ тухайн болсон үйл явдалд хийгдсэн камерийн бичлэгүүд, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт нэг бүрчлэн шинжлэн хэлэлцэв.

          Энэ хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдсан чулуу 1 /нэг/ ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгалд оруулахаар, хэргийн газраас бэхжүүлсэн камерийн бичлэгтэй диск 1 /нэг/ ширхэгийг мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч С.Сүхбат нь бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй, энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулах нь зүйтэй.

            С.Сүхбатын гадаад улсад зорчих эрх түдгэлзүүлсэн шийдвэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцлахыг эрх бүх албан тушаалтанд даалгавал зохино.

           Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд бусдын батлан даалтанд өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3,  294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Цагаанчууд овогт Сэсээрийн Сүхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д заасан “Танхайрах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн үйлдэл холбогдлыг  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар Сэсээрийн Сүхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан “Догшин авирлаж танхайрах” гэмт хэрэг, 181 дүгээр зүйлийн 181.2.2-т заасан “Танхайрах үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэх” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг болгон өөрчилсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Цагаанчууд овогт Сэсээрийн Сүхбатыг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-д заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр Сэсээрийн Сүхбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан чулуу 1 /нэг/ ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгалд оруулахаар, хэргийн газраас бэхжүүлсэн камерийн бичлэгтэй диск 1 /нэг/ ширхэгийг мөн хуулийн 88.1.7-д зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр тус тус шийдвэрлэсүгэй.

6.Шүүгдэгч С.Сүхбат нь бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй, энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шүүгдэгч С.Сүхбатын гадаад улсад зорчих эрх түдгэлзүүлсэн шийдвэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцлахыг эрх бүх албан тушаалтанд даалгасугай.

8.Шүүгдэгч С.Сүхбатад урд бусдын батлан даалтанд өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч болон хохирогч тэдгээрийн өмгөөлөгчид шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  тогтоолын хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

          

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.НАЦАГДОРЖ