Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/481

 

  

 

 

 

 

     2021           5              19                                      2021/ДШМ/481                                               

                                                                                                            

Ц.Тд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор Д.Ундармаа,

бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Ундармаагийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 14 дугаартай эсэргүүцлээр Ц.Тд холбогдох эрүүгийн 2111000000125 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Хунууд овогт Ц.Т, БНХАУ-ын иргэн, 1999 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Бүгд Найрамдах Хятад улсын Шилийн гол аймгийн Эрээн хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Тайван хотын Нанхуа их сургуулийн бизнесийн сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 2, эцгийн хамт

Шүүгдэгч Ц.Т нь 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Корпорэйшн таур /Corporation tower/” байрны 1202 тоотод иргэн Б.Өнүүрэн тус газарт аягаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хунууд овогт Ц.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг хагархай шаазан аягыг устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохиролд 1.628.000 төгрөг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Ундармаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж шүүгдэгч Ц.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуульд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх торгох ял оногдуулахдаа уг ялыг 2 сарын дотор төлүүлэхээр хугацаа тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан “Шийтгүүлсэн этгээд тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, өөрөөр хэлбэл шүүх торгууль төлөх хугацааг хуульд зааснаас багаар тогтоосон байх тул 2021 оны 3 дугаар сарын 23-ний өдрийн 2021/ШЦТ/186 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Ц.Т нь 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Корпорэйшн таур /Corporation tower/” байрны 1202 тоотод иргэн Б.Өнүүрэн тус газарт аягаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.Ө“...Мягмарнарангийн найз залуу гэх Тэргэл намайг газар унтаж байхад шаазан аяга аваад миний хацар дээр цохиж хагалсан. Тэгээд би сэрээд толинд хартал миний зүүн талын хацар хэсгээс цус гарч байсан, хацраа дараад Тэргэл рүү ойртоход нөгөө залуутай хамт явж байсан залуу намайг түлхээд тэр 3 залуу гараад зугтаачихсан. ...” /хх 15/,

гэрч Ж.М: “...Тэргэл гал тогооны өрөөний тавилга дээр байсан шаазан жижиг аягаар хацар луу нь 1 удаа цохисон. Нөгөө залуу Тэргэлтэй зууралдахаар нь би Тэргэлийг салгаад түлхсэн чинь Сайханбилэг түүнийг аваад гарсан. Нөгөө залуугийн хацар хэсгээс нь цус гарч байсан. ...” /хх 21/,

гэрч М.М“...Өнөмөнх босоод хувцсаа өмсөж байхад Тэргэл гал тогооны тавцан дээр байсан шаазан аягыг аваад Өнөмөнхийн хацар луу 1 удаа цохисон. ...” /хх 17/,

шүүгдэгч Ц.Тийн яллагдагчаар өгсөн: “...Энэ бүхэн хардалтын улмаас болсон. Манай найз охин М.Мгэрт нь Б.Өнөмөнх унтаж байсан. Тухайн үед Б.Өнөмөнхийг хараад миний уур хүрсэн. Түүнийг босгож ирээд түлхэлцэж байгаад гал тогооны тавилга дээр цагаан өнгөтэй  шаазан аяга байхыг хараад улмаар аягыг авч Б.Өтолгой руу цохисон. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна /хх 38/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 887 дугаартай “...“Б.Өбиед зүүн хацрын шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. ...” /хх 30-31/ гэсэн дүгнэлт, хохирлын баримт /хх 50, 53/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Ц.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялын хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгуулах, хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, хяналт тавих эрх бүхий этгээд уг ялыг ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр биелүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэгт чухал ач холбогдолтой.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухай шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй. ...” гэж заажээ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ... бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж тус тус заасан.

            Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоож, торгох ялын доод хэмжээг оногдуулсан бөгөөд уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон нь хуульд харшлаагүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй тул прокурор Д.Ундармаагийн “...шүүх торгох ялыг төлөх хугацааг хуульд зааснаас багаар тогтоосон байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн  эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Ундармаагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021  оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Ундармаагийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 14 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧ                                               Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ