Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2022/02132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б ХХК-ийн

 

Хариуцагч: Б.Э-т холбогдох

 

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 24.934.620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, мөн сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь Төв аймгийн Баянчандмань сум, Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянхангай жуулчны баазын аялал жуулчлалын амралтын газрыг эд хөрөнгийн хамт 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, 1 сарын 3.500.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөр Б.Э-тэй түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээ байгуулахын өмнө Б.Э нь өөрийн төрсөн дүү Б.Э-ын хамт амралтын газрыг ирж үзэж хэд хэдэн удаа уулзаж ярилцаж түрээслэхээр санал тавьсны дагуу Б.Э-ийн бэлдэж ирсэн түрээсийн гэрээгээр гэрээгээ байгуулж, гэрээгээ байгуулахаас өмнө 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр амралтын газрын эд хөрөнгийг Эд хөрөнгө хүлээлгэн өгсөн акт-аар хүлээлгэн өгсөн. Б.Э нь энэ жил бэлтгэл ажил, тохижилтод ямар ч гэсэн 30.000.000 төгрөг зарцуулна, гэрээний хугацаа дуусаж буцааж хүлээлгэн өгөхдөө сайхан болгоод өгнө гэхээр нь бэлтгэл ажлаа хийхэд чинь дэмжлэг болгож хамгийн эхний сарын түрээс буюу 2018 оны 04 сарын түрээсийн төлбөр 3.500.000 төгрөгийг авахгүй, чи тохижилтдоо хэрэглээрэй гээд авахгүй гэж хэлсэн. Ингээд Б.Э нь түрээсийн гэрээ хийсэн сараасаа ажиллаж эхэлсэн, би хуучин амарч байсан байнгын харилцаатай амрагчдаа зуны турш явуулж ашиг орлогыг нь дэмжиж байсан. Тэр ч байтугай зарим байнгын амрагчийг маань захиалга ихтэй, сул ор байхгүй хэмээн амраагаагүй тохиолдол ч байсан. Б.Э нь 2018 оны 07 дугаар сарын түрээсээ төлөх хугацаандаа төлөхгүй байсан тул 08 дугаар сарын 20-ны өдөр утасдаж түрээсээ төлөх тухай сануулахад дургүйцэж түрээслэхээ болилоо, 09 дүгээр сарын 25-ны өдөр юмаа буцааж хүлээж ав гэсэн. Миний бие 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Б.Э рүү залгаж хэлсэн ярьсан хугацаа нь болчихлоо маргааш хэдэн цагт очиж эд хөрөнгөө хүлээж авах вэ гэж асуухад би амрагч авах гээд захиалга авсан байгаа, тийм болохоор 10 сар гаргаж байгаад амралтыг чинь хүлээлгэж өгье гэсэн. Б.Э нь түрээсийн гэрээг хугацаанаасаа өмнө цуцалсан. Ингээд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Эд хөрөнгө хүлээлцэх акт-аар эд хөрөнгөө буцаан хүлээн автал миний хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг сүйтгэж заримыг нь устгаж байхгүй болгосон, зарим эд хөрөнгийг цаашид ашиглах ямар ч боломжгүй болгож маш их хохирол учруулсан. Б.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг байнга хугацаа хожимдуулж, зарим сард түрээсээ хагас өгч хохироосон. Иймд Б.Э-ээс 1.Төлөгдөөгүй түрээсийн үлдэгдэл төлбөр 6. 620.000 төгрөг, 2.Түрээсийн гэрээний 9.6 дугаар заалтын дагуу түрээс төлөгдөөгүй хоног тутамд тооцсон алданги 5.452.620 төгрөг, 3.Дутаасан эд хөрөнгийн үнэ 6.462.000 төгрөг, 4.Түрээсийн гэрээний 9.4 дүгээр заалтын дагуу түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан 1 сарын түрээсийн төлбөр 3.500.000 төгрөг, 5.Түлээний төлбөр 1.400.000 төгрөг, 6.Түрээсийн гэрээний 9.5 дахь заалтын дагуу өмгөөллийн үйл ажиллагааны зардал 1.500.000 төгрөг, нийт 24.934.620 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Б ХХК нь Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Баянхангай жуулчны баазын аялал жуулчлалын амралтын газрыг эд хөрөнгийн хамт 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр амралтын газрын эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн актаар Б.Э-т эд хөрөнгөө хүлээлгэн өгсөн. Б.Э түрээсийн гэрээ хийсэн цагаас эхлэн ажиллаж эхэлсэн. Хариуцагч талаас нэхэмжлэлийн бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүй байна. Түрээсийн гэрээ байгуулсныг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг. Түрээсийн гэрээг хугацаанаасаа өмнө цуцалсан талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдана. Эд хөрөнгө дутаасан болон эд хөрөнгө хүлээлгэн өгсөн акт, үнэлгээ хийгдсэн баримт зэргийг хэрэгт өгсөн байгаа. Түлээний төлбөр болон өмгөөлөгчийн ажлын зардал зэргийг түрээслэгч, түрээслүүлэгч тал нь гэрээнд тодорхой зааж өгсөн байдаг. Түрээсийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар алданги төлөх, түрээсийн гэрээний 9.4-т хугацаанаас өмнө гэрээг цуцалбал 1 сарын түрээсийн төлбөрийг төлөхөөр, түрээсийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.5-т өмгөөллийн үйл ажиллагааны зардлыг хариуцахаар тус тус гэрээнд заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь хангуулах хүсэлттэй байна. 2018 оны 04 дүгээр 09-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээгээр Б ХХК нь Б.Э-т үл хөдлөх хөрөнгө буюу газрыг түрээслээгүй. Иймд түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар зайлшгүй улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага байхгүй. Аж ахуй нэгж н.Э-тэй хийсэн хэлцлийг н.Э хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Эд зүйлийг хүлээж авсан тул дутаасан зүйл харгалзаж тухайн үеийн үнэ ханшаар тооцож нэхэмжлэл гаргасан. 7.296.500 төгрөгийн үнэлгээ гарсан боловч нэхэмжлэгч эргэж буцаж байгаа зүйл биш. Нэгэнт хэрэг удаашралтай байгаа тул нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлээд шүүхийн ажиллагааг удаашруулахгүй гэж үзэж анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Хариуцагч тал газрыг бусдад эзэмшүүлэхдээ зайлшгүй зөвшөөрөл авах ёстой гэж хэлээд байна. Газрыг Б ХХК нь Б.Э-т түрээслүүлэхдээ эзэмшүүлэхээр шилжүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлээгүй учир нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь дэмжиж байна гэв.

Хариуцагч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Б ХХК-ийн М.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хууль зүйн зөвлөгөө авч, өмгөөлөгч авмаар байна гэжээ. Талууд түрээсийн гэрээ байгуулсан. Тухайн үед Б ХХК нь жуулчны баазыг ашигтай үр өгөөжтэй сайн ажилладаг гэж хэлсний үндсэн дээр гэрээ байгуулсан. Бодит байдал дээр хуучирсан тавилга хогшил нь доголдол гэмтэлтэй үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалтай байсан. Засвар үйлчилгээ явуулах шаардлагатай нөхцөл байдал илэрсэн байсан тул Б ХХК-д хэлсэн. Б ХХК-ийн зүгээс засвар үйлчилгээний төлбөрийг эхний сарын түрээсийн төлбөрөөс хасна гэж хэлсэн. Талууд түрээсийн гэрээг байгуулахдаа өөрсдийн нөхцөлийг тусгаж өгсөн байдаг. Үүнээс тодруулж үзвэл 15 га газар бүхий 240 м.кв 6 ширхэг жижиг орон сууц, 11 ширхэг Монгол гэр улсын бүртгэлийн ..... дугаар бүртгэлтэй амралт жуулчлалын баазыг 1 жилийн хугацаатай сарын 3.500.000 төгрөгийн түрээс төлөх, төлөөгүй тохиолдолд 0,2 хувийн алданги тооцох тохиролцоо хийсэн. Амралтын газрын эд хогшил нь хэт хуучин байсан тул амарч буй хүмүүс нь маргаан үүсгэж ашигтай ажиллах боломжгүй байдал үүссэн. Эд зүйл дутаасан болон эвдрэл гэмтэлтэй холбоотой тайлбар өгвөл нэхэмжлэгчийн зүгээс тухайн эд хөрөнгүүдийг нэг бүрчлэн акт үйлдэж өгөөгүй. Бодит байдал дээр актад дурдагдсан эд хогшил нь бүтэн бус байдаг. Энэ талаар нэхэмжлэгчид хэлэхэд тухайн үед нь тооцооноос хасаж тооцож болно гэж хэлж акт үйлдсэн баримт дээр гарын үсэг зуруулсан байдаг. Түрээсийн гэрээний алданги, түрээсийн гэрээний хугацаанаас өмнө нэхсэн нэг сарын төлбөр, түлээний төлбөр, өмгөөлөгчийн зардал зэргийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломж байхгүй. Эд хөрөнгө дутаасан гэж 6.462.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэрэгт авагдсан баримтуудыг үзэхэд Баянхангай жуулчны бааз нь Б ХХК-ийн өмчлөлийнх эсэх нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс Засаг даргын тодорхойлолтыг өгсөн байдаг. Тодорхойлолтоор Б ХХК-ийн өмчлөл мөн юм уу гэдэг нь тодорхойгүй. Зөвхөн жуулчны баазыг Засаг даргын тодорхойлолтоор тодорхойлох боломжгүй байгаа. Түлээний мод хэрэглэсэн гэж 1.400.000 төгрөг нэхсэн байдаг. Гэтэл тухайн газарт 1.400.000 төгрөгийн түлээний мод байгаагүй. 7 хоног түлэх хэмжээний түлээний мод байсан. Нэхэмжлэгч тал 1.400.000 төгрөгийн түлээний мод байгаа талаараа нотлох баримтаар шүүхэд өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрээ хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ-хх1, 10, компанийн дүрэм-хх5-8, итгэмжлэл-хх9, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Баянхангай жуулчны бааз эд хөрөнгө хүлээлгэн өгсөн акт-хх11-20, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Баянхангай жуулчны бааз эд хөрөнгө хүлээлгэн өгсөн акт-хх21-30, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн огноотой Түрээсийн гэрээ-хх31-34, М.Т-ын Хаан банк ХХК-ийн .... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга-хх-35-43, 345, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн огноотой Хас үнэлгээ ХХК-ийн хөрөнгө, даатгалын 15 дугаартай үнэлгээ-хх111, 156-157, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1909 дугаартай архивын лавлагаа-хх112, 160-161, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн огноотой Ш.Б-ийн Тодорхойлолт-хх113, 145, фото зургийн үзүүлэлт-хх114, 147, 303-308, Ш.Б-ийн Хаан банк ХХК-ийн .... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга-хх115, 146, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн огноотой Д.Э-ны Тодорхойлолт-хх149, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой Н.Т, Б.Х, Ч.С нарын Тодорхойлолт-хх150-151, Бэлэн мөнгөний орлогын баримт-хх302, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Зуунмод түгээх төвийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн огноотой 34-06 дугаартай албан бичиг-хх342,Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 07/29 дугаартай албан бичиг-хх343, Баянхангай жуулчны баазын чанарын гэрчилгээ-хх346, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн огноотой Д.Б-ийн Тодорхойлолт-хх347-351, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн огноотой Б.М-ын Тодорхойлолт-хх348-348, 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн огноотой Ш.Б-ийн Тайлбар-хх349-350, 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн огноотой Х.М-ын Тайлбар-хх351-353 гэх зэрэг нотлох баримтуудыг,

Хариуцагч талаас хариу тайлбар, 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн огноотой Түрээсийн гэрээ-хх55-58, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Баянхангай жуулчны бааз эд хөрөнгө хүлээлгэн өгсөн акт-хх59-76, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Баянхангай жуулчны бааз эд хөрөнгө хүлээлгэн өгсөн акт-хх77-94, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн М.Т-д баталгаа гаргах нь гэх баримт-хх166, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн огноотой Б ХХК-ийн Баянхангай жуулчны баазаас 2018.03.30-2018.10.04 хугацаанд Б.Э-т түрээслэх явцад дутсан, эвдэрсэн хөрөнгийн жагсаалт-хх167, түрээсийн төлбөрийн тооцоо-хх194, Д.Б-ийн Хаан банк ХХК-ийн ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга-хх195, 200, Б.Э-ийн Хаан банк ХХК-ийн ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга-хх201-228 зэрэг баримтуудыг гарган өгсөн.

Шүүхийн журмаар Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 396 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөлтэй холбоотой 8 хуудас нотлох баримт-хх132-141, Б.Эийн өмчлөлд үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй талаар албан бичиг-хх183-184, Төв аймгийн Баянчандмань сумын газрын даамлаас Б ХХК-ийн 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн огноотой 0297188 дугаартай, нэгж талбарын 18602331906837 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ-хх192, Б ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн огноотой 000006193 дугаартай, нэгж талбарын 4116038361 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ-хх185, мөн сумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 13, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/288 дугаартай захирамжууд-хх185-186, 189, Б ХХК-ийн тус сумын Засаг даргад гаргасан өргөдөл-хх187, нэгж талбарын зураглал-хх188, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн огноотой иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 04137-2019/00596 дугаартай гэрээ-хх190-191, 234, Шинжээч Хас үнэлгээ ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан-хх318-328, 369, 370, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газраас нотлох баримт шаардсан албан бичгийн хариу-хх181-182 гэх зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт цугларсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Б.Э-т холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 6.620.000 төгрөг, түүнээс тооцсон алдангид 5.452.620 төгрөг, дутаасан эд хөрөнгийн үнэнд 6.462.000 төгрөг, гэрээ хугацаанаас өмнө цуцалсны хариуцлагад 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөрт 3.500.000 төгрөг, 7 портер 1 бүрийг 200.000 төгрөгөөр тооцон түлээний төлбөрт 1.400.000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн төлбөрт 1.500.000 төгрөг, нийт 24.934.620 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд алдангид нэхэмжилсэн 5.452.620 төгрөгийн шаардлагаа Иргэний хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцон 2.142.620 төгрөгөөр багасгаж алдангид 3.310.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нийт нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 22.792.000 төгрөг болгон багасгасан.

Нэхэмжлэгч тал талуудын хооронд байгуулсан гэрээний зохих заалтуудад үндэслэн нэхэмжлэлд дурдсан зардлуудыг төлөхөөр харилцан тохиролцсон учраас нэхэмжлэл үндэслэлтэй гэж, хариуцагч тал гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус төдийгүй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийгээ нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасан, түүнчлэн нэхэмжлэгч тал хангалттай ашиг олдог гэсэн боловч ямар ч ашиггүй ажилласан болохоор гэрээ цуцлах санал гаргаж, албан ёсоор 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрээний зүйлийг акт үйлдэн шилжүүлэн өгсөн, харин зохигч талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр үйлдэн нотариатаар баталгаажуулсан М.Т-д баталгаа гаргах нь гэх баримтад үндэслэн 1.000.000 төгрөгийн үлдэгдлээс төлөгдөөгүй 320.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой гэх бөгөөд Б.Э-ийн гаргасан түрээсийн төлбөрийн тооцооны 1.270.000 төгрөгийн үлдэгдлээс 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 200.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 300.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 250.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 200.000 төгрөг шилжүүлсэн тул хасаж тооцоод 320.000 төгрөгийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрөх боломжтой гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гарган мэтгэлцжээ./ХХ-ийн 166, 194 дүгээр тал/

Шүүх зохигч талуудын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Э, Д, Т хоорондын түрээсийн гэрээ гэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр Б ХХК нь Б.Эт Төв аймаг, Баянчандмань сум, Эрдэнэ багийн нутагт орших Баянхангай амралт, жуулчлалын байгууламж буюу аялал жуулчлалын зориулалттай улсын .... дугаар бүртгэлтэй 15 га газарт байрлах 240 м.кв талбайтай 6 ширхэг том, жижиг нийлсэн хувийн сууц байшин, 11 ширхэг Монгол гэр, түүнчлэн хавсралт №1-д заасан тавилга, зориулалтын дагуу ашиглахад шаардагдах дагалдах зүйлсийн хамт үйл ажиллагаа явуулах зориулалтаар ашиглуулахаар 1 жилийн хугацаатайгаар шилжүүлэх, Б.Э төлбөрт 1 сарын 3.500.000 төгрөгийг сар бүрийн 10-ны өдрийн дотор төлөх, талууд эхний сарын түрээсийн төлбөр авахгүй, газрын төлбөр, ус хэрэглээний татвар, үл хөдлөх эд хөрөнгийн татвараас бусад хэрэглээний зардлыг Б.Э хариуцахаар, мөн 1 сарын түрээстэй тэнцэх хэмжээний барьцаа төлбөр байршуулахаар харилцан тохиролцсон байна.

Гэрээний талууд уг гэрээний үүргийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний харилцааны зүйл заалт баримталсан байх боловч шүүх тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзлээ.

Төв аймаг, Баянчандмань сум, Эрдэнэ 3 дугаар баг, Замтын эх хаягт байршилтай нэгж талбарын .... дугаартай, 13.9828/14 га/ м.кв талбайтай аялал жуулчлалын баазын зориулалттай Э-1426000436 улсын бүртгэлийн дугаартай газрын эзэмших эрхтэй этгээд Б ХХК болох нь түүнчлэн тус газрыг 2011 оноос хойш эзэмшиж ашиглаж байгаа болох нь газар эзэмших эрхийн ....дугаартай гэрчилгээ, тус сумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 13, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/288 дугаартай захирамжууд, нэгж талбарын зураглал, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ зэргээр тогтоогдож байна./ХХ185-193 дугаар тал/

Зохигч талуудын хооронд дээрх эзэмших эрхтэй газар болон түүн дээр байрлах цайны газар, гал тогооны зориулалттай эд хөрөнгүүд, түлшний агуулах, цахилгаан хэрэглэлийн агуулахууд, заалны зориулалтаар ашиглах гэр заал, вагончик түлшний амбаар, хавсралт №1-д заасан тавилга, зориулалтын дагуу ашиглахад шаардагдах дагалдах зүйлсийн хамт 6 сууцны зориулалттай байшин, 11 гэрийг амрагч болон жуулчдад үйлчилгээ үзүүлэн ашиг олох зорилгоор түрээслэх, түрээслүүлэхээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 321 дүгээр зүйлийн 321.1 дэх хэсэгт заасан газрыг, газар дээрх хэрэглэгдэхүүний хамт ашиглуулахаар түрээслэх, түрээслүүлэх талаар харилцаа үүссэн гэж үзэх үндэстэй байна.

Гэвч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т түрээсийн гэрээг бичгээр байгуулах болон үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэхээр, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2, 84.3-т зааснаар газар үл хөдлөх хөрөнгөд хамаарахаар заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс үзэхэд талууд гэрээндээ гарын үсэг зурах, компанийн тамга тэмдэг дарах болон нотариатаар баталгаажуулсан байдалтай байх боловч маргаан бүхий гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байна.

Түүнчлэн аялал жуулчлал, амралтын газрын зориулалтаар газар эзэмших, ашиглахад аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл шаардагддаггүй, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны бааз, амралтын газрын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Нийслэлийн аялал жуулчлалын газраас авахаар, харин нэхэмжлэгч Б ХХК-ийн Баянхангай жуулчны бааз нь 1995 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ дүгнэлтийг цаг тухайд нь тогтмол хийлгэн үйл ажиллагаагаа явуулж байгаа болох нь Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын тодорхойлолтоор тогтоогддог./ХХ343 дугаар тал/

Иймд аялал жуулчлал, амралтын газрын зориулалтаар газрыг эзэмшин түрээслэн ашиг олох тохиолдолд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол тус гэрээ хүчин төгөлдөр бус байхаар заасан, энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлтэй тул талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Э, Д.Т хоорондын түрээсийн гэрээ гэх гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заахдаа хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлсээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөхөөр заасан.

Хэлцэл хийгч талууд хэлцлийн зүйлийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Б.Эт эд хөрөнгө хүлээлгэн өгсөн актаар хүлээлгэн өгч, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр буцаан Б ХХК хүлээн авч акт үйлдсэн байна./ХХ11-20, 21-30, 59-76, 77-94 дүгээр тал/

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд, үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг нь хожим хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг эд зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан, хэлцлийн зүйлийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр харилцан буцаасан талаар зохигчид маргаагүй.

Б ХХК болон Б.Э нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэгч Б ХХК-ийн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгүүд хариуцагч Б.Э-ийн эзэмшил, ашиглалтад 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 10 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд байсан төлбөр буюу хариуцагч бусдын өмчлөл эзэмшлийн хөрөнгийг үндэслэлгүй ашиглаж хөрөнгөжиж болохгүй тул нэхэмжлэгч өөрийн эзэмшил, өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг ашигласан хугацаагаар тооцож тохиролцсон хэмжээгээр төлбөрөө буцаан шаардах эрхтэй.

Иймд Б.Э 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 4 сар 26 хоногийн ашигласан хугацааны 13.533.316/4сар*3.500.000+26*116.666=17.033.316, 17.033.316-3.500.000=13.533.316/ төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч талд төлөх үндэслэлтэй байна. Тус тооцоололд талууд эхний сарын түрээсийн төлбөр төлөхөөс чөлөөлөхөөр тохиролцсон тул хасан тооцов.

 Тус хэрэгт авагдсан 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн огноотой М.Тэгшжаргалд баталгаа гаргах нь гэх баримтаас үзэхэд түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөрт 1.000.000 төгрөг үлдэгдэлтэй байсан талаар дурдсан, хариуцагч Б.Э гарын үсгээ зурж, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Тэгшжаргал иргэний үнэмлэх болон нотариатаар баталгаажуулсан баримт үйлдсэн байх ба уг баримтын хүчинтэй эсэх талаар талууд харилцан маргаагүйг дурдах нь зүйтэй./ХХ-ийн 165 дугаар тал/

Хариу төлбөрт Б.Э барьцаа төлбөрт 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 3.500.000 төгрөг, түрээсийн төлбөрүүдэд 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 800.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 30.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 400.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 200.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 300.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 250.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 200.000 төгрөг, нийт 13.680.000 төгрөг төлснийг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй төдийгүй 6.620.000 төгрөгийг түрээсийн үлдэгдлийн тооцоог нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тодорхой тайлбар гаргаж мэтгэлцээгүй.

Иймээс ашигласан хугацааны 13.533.316 төгрөгийн төлбөрийн үүрэг хүлээснийг хариуцагч 13.680.000 төгрөг болгон илүү төлсөн, төлбөрийн үлдэгдэлгүй байх тул 6.620.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн эхний шаардлагыг хангах үндэслэлгүй.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар буцаан шаардах шаардлагад шилжүүлсэн хөрөнгөөс гадна олсон орлого, түүний үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн бол нөхөн төлбөр шаардах эрхтэй гэжээ.

Нэхэмжлэгч тал дутаасан эд хөрөнгийн үнэнд 6.462.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа Хас үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд үндэслэн нэхэмжилдэг ба шүүх Хас үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилон дүгнэлт ирүүлэхэд хөдлөх хөрөнгийн зах зээлийн хандлагад үндэслэн дундаж үнийг 7.296.500 төгрөгөөр үнэлсэн байдаг./ХХ-ийн 318-327, 369, 370 дугаар тал/

Уг шинжээчийн дүгнэлтэд тусгагдсанаар 47 нэр төрлийн эд зүйлсийн үнэлгээг жагсаасан байх боловч зохигч талуудын хоорондын 2018 оны 03 дугаар сарын 30, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрүүдийн Баянхангай жуулчны бааз хөрөнгө хүлээлгэн өгсөн актуудтай харьцуулахад 12, 16, 22-24, 29-34, 40-45 гэх жагсаалтын эд хөрөнгүүд дутаасан гэх жагсаалтад дурдагдаагүй, мөн дутсан гэх тоо ширхгүүд хоорондоо зөрүүтэй, эд хөрөнгийн жагсаалтад нэмж гараар эд зүйл бичсэн байдалтай, хэн бичсэн нь тодорхойгүй, зохигч 2 талд олгогдсон эд хөрөнгө хүлээлцсэн актын хувиуд зөрүүтэй, цаашлаад анхнаасаа эд хөрөнгийн жагсаалтад үнэ болон эд зүйлийн шинэ, хуучин буюу элэгдэл хорогдол, чанар байдал, шил шаазан, төмөр материал гэх байдлаар тусгаагүй, гэрэл зургийн үзүүлэлтээр давхар баталгаажуулаагүй, уг эд хөрөнгүүд устсан эсэх, эргээд ашиглах боломжтой эсэх, засах боломжтой эсэх нь тодорхойгүй, түүнчлэн өөрийн ердийн элэгдлээр устаж үгүй болсон эсэх нь ч тодорхойлох боломжгүй. Гагцхүү нэхэмжлэгч талын хүсэлтэд дурдсан 47 нэр төрлийн жагсаалт тоо хэмжээнд үндэслэн үнэлгээг гаргуулсан байдаг.

Хавтаст хэргийн 166-167 дугаар талд авагдсан баримтаар 51 нэр төрлийн эд хөрөнгө жагсаасан байдалтай байх бөгөөд мөн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгө хүлээлцсэн актын жагсаалтаас зөрүүтэй байхын сацуу, шинжээч санхүүгийн анхан шатны баримтад үндэслээгүй, үнэлж буй хөрөнгийг анх ямар байдалтай байсан болон үнэлэх үед ямар бодит байдалтай байсан талаар дүгнээгүй, яг ижил эд хөрөнгөтэй харьцуулах байдлаар эсвэл гэрэл зураг харьцуулах байдлаар элэгдэл хорогдол тооцоогүй үнэлсэн, дутсан эсэх нь тодорхойгүй байхад шууд үнэлгээ тооцож гаргасан байх тул шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, уг хөрөнгийн үнэлгээ нь хариуцагчийн гэм бурууг тогтоосон болон нэхэмжлэгчид төлөх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон дүгнэлт гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.7-д зааснаар эд хөрөнгө олж авсан этгээд тухайн эд хөрөнгийг буцаан шилжүүлэх үед эвдэж гэмтээсэн буюу үрэгдүүлснээс үүссэн хохирлыг өөрөө гэм буруутай тохиолдолд нөхөн төлөхөөр заасан.

Дээрх байдлаас үзвэл нэхэмжлэгч талын хариуцагч Б.Э-ийг бусдын эд хөрөнгийг дутаасны улмаас эд хөрөнгийн 6.462.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх санхүүгийн анхан шатны баримт тооцоололд үндэслээгүй, түүний гэм буруутай эсэхийг нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгов.

Мөн Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т зааснаар шатааж түлсэн гэх модны үнийг төлүүлэхээр шаардах эрхтэй ч ойгоос бэлтгэсэн гэх 7 портер түлээний төлбөр 1.400.000 төгрөг гэж үнэлсэн үнэлгээ үндэслэлтэй эсэх нь тодорхойгүйн зэрэгцээ, тийм хэмжээний ойгоос бэлтгэсэн түлэх мод байсан эсэх, нэг бүр нь 200.000 төгрөгийн үнэтэй эсэх талаарх шаардлагаа бас нотлоогүй тул дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Мөн нэхэмжлэгчийн гэрээ хугацаанаас өмнө цуцалсны хариуцлагад 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөрт 3.500.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.3-д зааснаар эд хөрөнгө үндэслэлгүй олж авсан этгээд уг зүйлээ ашиглахдаа ашиг орлого олоогүй бол олох байсан орлого ашиг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй байх, түүнчлэн нэхэмжлэгч тал эд зүйлээ буцаан шилжүүлсэн авснаас хойших 1 сарын хугацааны ашиг орлогоор хохирсон гэх үндэслэл нотлогдоогүй тул энэ шаардлага мөн хангагдахгүй.

Мөн алдангид 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 300.000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдлээс 435 хоногийн 0,2 хувиар тооцон 261.120 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 3.500.000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдлээс 0,2 хувиар тооцон 377 хоногийн 2.639.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 2.800.000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдлээс 0,2 хувиар тооцон 330 хоногийн 1.848.000 төгрөг, нийт 4.748.120 төгрөгийн тооцоолол гарч байгаа боловч үндсэн төлбөрийн 50 хувиар тооцон багасгаж 3.310.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ашигласан хугацааны төлбөрийг барагдуулсан, түүнчлэн Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.9-д зааснаар буцаан шаардах шаардлагад Иргэний хуулийн 232 дугаар зүйл хамаарахгүй тул алданги шаардах эрхгүй учраас хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч талын өмгөөлөгчид төлсөн 1.500.000 төгрөгийн зардлаа хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөллийн хөлсөнд 1.500.000 төгрөг төлсөн нь тогтоогдсон боловч нэхэмжлэгч тал өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахад гарсан зардлыг хариуцагч бүрэн хариуцах буруутай үндэслэл тогтоогдоогүй тул мөн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.7, 493.9-д зааснаар хариуцагч Б.Э-ээс 22.792.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282.623 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

Хавтаст хэрэгт авагдсан нэр бүхий хүмүүсийн Тайлбар, Тодорхойлолт гэх баримтуудыг тэднийг Эрүүгийн хууль сануулан гэрчээр дуудан асуулгаагүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.7, 493.9 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Э-ээс 22.792.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282.623 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.Б