Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2022/00038

 

 

 

 

 

 

 

 

2021 12 24 182/ШШ2022/00038

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дурсамж ретро ХХК /РД:6067255/,

Чингэлтэй дүүрэг,*******,*******, 10-37 тоот хаягт байрлах,

 

Хариуцагч: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба-д холбогдох,

Чингэлтэй дүүрэг,*******, Хангарьд ордон 6 давхарт байрлах,

 

Хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол 115, 616, 993 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Номин-Эрдэнэ, өмгөөлөгч Б.Цэнгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Бадмаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, иргэдийн төлөөлөгч Ж.Дэюүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Дурсамж ретро ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итггэмжлэгдсэн төлөөдөгч А.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны даргаас 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Дурсамж ретро ХХК-д Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх 04/0288 тоот тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаатайгаар олгосон. Захиргааны эрх бүхий байгууллагаас олгосон уг хүчин төгөлдөр зөвшөөрлийг үндэслэн, манай байгууллага нь Дэсөн ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 6 жилийн хугацаатайгаар түрээсийн гэрээ байгуулж, Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Ви Ай Пи центр худалдаа үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт диско барны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан.

Гэтэл Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн гаргасан А/166 дугаар тушаалын 2 дугаар хавсралт дахь Нэр шилжүүлэх хэсгийн 11 зүйлд Тэхийн зоо ХХК /Дурсамж ретро ХХК-иас нэр шилжсэн/ гэх тодотголтойгоор тусгай зөвшөөрлийн эрхийг шилжүүлсэн байсан. Дурсамж ретро ХХК-иас тусгай зөвшөөрлийн нэр шилжүүлэх буюу хүчингүй болгуулах хүсэлт гаргаагүй байхад Тэхийн зоо ХХК-д шилжүүлсэн нь манай байгууллагын эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэн тухайн тушаалын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан билээ.

Улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0535 дугаар шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 заасныг баримтлан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дээрх тушаалаар Дурсамж ретро ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Тэхийн зоо ХХК-д шилжүүлж, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж дүгнэн захиргааны акт илт хууль бус болохыг тогтоосон байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-д Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна гэж хуульчилсан.

Дээрх хууль бус захиргааны актын улмаас манай байгууллага тусгай зөвшөөрлийн дагуу аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 7 сар 16 хоног ажиллагаагүй болно. Улмаар үйл ажиллагаа явуулахаар түрээсэлсэн объектын түрээсийн төлбөр их хэмжээгээр хуримтлагдаж цаашлаад 14 ажилчдын цалин, нийгмийн даатгал, холбогдох татвар хураамжийн төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн ба хүнсний бүтээгдэхүүнийн чанар байдал муудах зэрэг олон хохирол учирсан.

Дээрх хууль бус захиргааны актын улмаас 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 7 дугаар сарын 03-н хүртэлх түрээсийн төлбөрт 73,509,667 төгрөг, тус хугацаан дахь ажилчдын цалин, сул зогсолтын нөхөн олговорт 31,290,00 төгрөг, үйл ажиллагаа явуулахаар Голомт банкнаас 50,000,000 төгрөгийн зээл авсан ба үйл ажиллагаа доголдсоноос болж зээлээ хугацаанд төлж чадахгүй болж алдангид 817,326 төгрөг төлсөн, хууль зүйн зөвлөх үйлчилгээ, тусгай зөвшөөрөл цуцалсантай холбоотой өмгөөллийн хөлсөнд 10,000,000 төгрөг, олон сар үйл ажиллагаа хаагдсанаас болж үйлчлүүлэгчдээ алдаж хэвийн ажиллагаа алдагдсан. Үүнтэй холбогдуулан телевизийн реклам сурталчилгаанд 2,000,000 төгрөг, радиогоор 6 сарын хугацаанд сарын 600,000 хөлстэй зар сурталчилгаа явуулахад төлсөн 16,400,000 төгрөг, нийт хохирол 132,016,993 төгрөгийн хохирол учирсан байна.

Нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн үндэслэлийг дурдвал...Дэсон ХХК-тай түрээсийн гэрээний харилцаа үүсэж, тухайн компаний байранд үйл ажиллагаа явуулж, түрээсийн төлбөр төлж байсан талаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичсэн тул энэ нь тогтоогдсон үйл баримт гэж үзэж байна. Мөн Дэсөн ХХК нь манай компаниас түрээсийн төлбөр 50 сая төгрөг нэхэмжилж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд одоогоор уг хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа.

Тусгай зөвшөөрөл цуцлагдсаны улмаас манай компани нь 14 ажилчдадаа сул зогсолтын нөхөн олговор олгож байсан бөгөөд эдгээр нөхөн олговрыг бэлэн мөнгөөр олгож байсан мөн ажилтаныг хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулж байсан тул нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болно.

Захиргааны хууль бус актын талаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэргэжлийн хуульч зайлшгүй шаардлагатай байсан тул өмгөөлөгч Б.Баясгалантай гэрээ байгуулж, түүний ажлын хөлсөнд 10 сая төгрөг төлсөн, энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа.

Мөн энэ хугацаанд компани үйл ажиллагаа явуулаагүй улмаас банкнаас авсан зээлийн эргэн төлөлт хугацаандаа төлөгдөөгүй тул банкинд төлсөн нэмэгдүүлсэн хүү зэргийг тус тус нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас телевизийн реклам сурталчилгаанд 2,000,000 төгрөг, радиогоор 6 сарын хугацаанд сарын 600,000 хөлстэй зар сурталчилгаа явуулахад төлсөн 16,400,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж байгаа тул шүүхэд анх гаргасан 132,016,993 төгрөгийн шаардлагыг 115,616, 993 төгрөг болгон багасгаж байна.

Иймд хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол 115,616,993 төгрөгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий Өнөр хаус ХХК, Дурсамж ретро ХХК, Тэхийн зоо ХХК нарын тусгай зөвшөөрөл авах үндэслэл, тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлсэн баримтуудаас харахад Дурсамж ретро ХХК нь уг зөвшөөрлийг авах үндэслэл, шаардлагыг хангаагүй болох нь өөрсдийн тайлбар, тус албаны архивын сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас харагддаг.

Захиргааны хэргийн шүүхээс захиргааны актын талаар нэгэнт шиийдвэрлэсэн харин нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг зөвшөөрөхгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлдээ 2016 оны 12 сараас 2017 оны 07 сар хүртэл хугацааны түрээсийн төлбөр нэхэмжилсэн боловч тухайн байгууллагатай 2017 оны 03 сард түрээсийн гэрээ байгуулсан байдаг мөн 5 баримт хавсаргасан байх хэдий ч нэхэмжлэгчээс төлсөн гэх байдлаа нотлоогүй байна. Мөн тусгай зөвшөөрлийг нь шилжүүлээд байхад яагаад түрээсийн гэрээ байгуулж төлсөн төлбөрийг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

Ажилчдын сул зогсолтын нөхөн олговор нэхэмжилсэн, гэтэл тэдгээр ажилчидтай хийсэн хөдөлмөрийн гэрээ, цалин олгосон талаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх мөн санхүүгийн баримтаар нотлоогүй тул үнэхээр ажилчдад нөхөн олговор олгосон эсэх нь эргэлзээтэй байна.

Голомт банк, иргэн Шүр Оюунчимэг нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь нэхэмжлэлийн шаардлагаас хамааралгүй тул зөвшөөрөхгүй.

Өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эсэх нь өөрсдийн сонголтын асуудал бөгөөд энэ нь өөрийн эрхийг хамгаалсан асуудал гэж үзэж байна. Мөн төлбөр төлсөн баримтаар 6 000 000 төгрөг шилжүүлсэн гэж харагдаж байгаа. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Ж.Дэюүн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ... Нэхэмжлэгч Дурсамж ретро ХХК-д захиргааны хууль бус актын улмаас тодорхой хэмжээний хохирол учирсан байна, нотлох баримтын хүрээнд хариуцагчаас хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, зохигч талуудын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Дурсамж ретро ХХК хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд холбогдуулан Хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирол 132,016,993 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан.

Шүүх хуралдаан дээр телевиз, радиогийн зар сурталчилгаанд төлсөн 16,400,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж буюу нэхэмжлэлийн шаардлагыг энэхүү хэмжээгээр багасгаж 115,616,993 төгрөгийн шаардлагыг дэмжиж оролцсон болно.

 

Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Дурсамж ретро ХХК нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 2015 оны 12 сарын 14-ний өдөр олгосон 04/0288 дугаар бүхий Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх 2 жилийн хугацаатай тусгай зөвшөөрлийг үндэслэн Дэсөн ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Ви ай пи центр худалдаа үйлчилгээний төвийн 2 дугаар давхрын түрээсийн талбайд диско баарны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан байна.

 

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны 12 сарын 14-ний өдрийн А/166 дугаар тушаалаар Дурсамж ретро ХХК-д олгосон Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг нэр шилжүүлэх агуулгаар бусдад шилжүүлснийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0535 дугаар шийдвэрээр илт хууль бус болохыг тогтоосон бөгөөд уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх7-10, 99-102/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны даргын тушаалаар тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсний улмаас 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 07 сар хүртэл хугацаанд Дэсон ХХК-д төлсөн талбай түрээсийн төлбөр, ажилчдад олгосон сул зогсолтын нөхөн олговор, банкны нэмэгдүүлсэн хүү төлсөн төлбөр, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч төлбөр төлсөн зэргээр хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа ба хариуцагч тал захиргааны актын тухайд нэгэнт шүүхийн шийдвэр гарсан тул тайлбар байхгүй харин нэхэмжлэлийн шаардлага нь цаг хугацааны хувьд хамааралгүй мөн холбогдох нотлох баримтгүй, шаардах эрхгүй гэж бүхэлд нь татгалзаж байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хуулийн уг зохицуулалтын дагуу гэм хорыг арилгах үүрэг үүссэн эсэхийг тогтоохын тулд нэхэмжлэгчид гэм хор учирсан байдал, хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дугаар зүйлд Нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатар хотын захирагч байх бөгөөд тэрээр хотын аж ахуйг биечлэн зохион байгуулах, мэргэжлийн албадыг зохицуулан удирдах үүрэг бүхий хотын ерөнхий менежерийг томилон ажиллуулна...Хотын ерөнхий менежер нь Улаанбаатар хотын захирагчийн удирдлага дор ажиллана гэж тус тус заажээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 128/ШШ2017/0535 тоот шийдвэрээр ...Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5-д заасны дагуу согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох, хүчингүй болгох эрхтэй хэдий ч Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг эзэмшигч аж ахуйн нэгжийн нэр шилжүүлэх гэдэг ойлголт, журамд байхгүй ...мөн захиргааны байгууллага нь шийдвэр гаргахын өмнө захиргааны акт гаргах үйл ажиллагаа явуулаагүй... гэсэн үндэслэлээр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны 12 сарын 14-ний өдрийн А/166 тоот тушаалын 2 дугаар хавсралтын Тэхийн зоо ХХК-д холбогдох хэсэг буюу Дурсамж ретро ХХК-иас Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн нэр шилжүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоосон байна. /хх7-10/

Иймд Улаанбаатар хотын Ерөнхий менежер нь тушаал гаргахдаа холбогдох хууль болон дүрэм, журмын заалтыг баримтлаагүй хууль бус эс үйлдэл захирамж гаргасанд хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба буруутай гэж үзэхээр байна. /хх99-102/

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны даргын хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч Дурсамж ретро ХХК-д эд хөрөнгийн хохирол учирсан шалтгаант холбоотой байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй.

 Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хохирол гэдэг нь хохирогчоос зөрчигдсөн эрхээ сэргээхэд буюу эрх зөрчигдөхөөс өмнөх байдалд эргүүлж оруулахад шаардагдах зардал болон эрх зөрчигдсөний улмаас алдсан орлого гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь захиргааны актын улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй бөгөөд харин уг хууль бус актын улмаас учирсан дараах хохирлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2016 оны 12 сарын 14-ний өдрийн А/166 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Б.Баясгалангаас эрх зүйн туслалцаа авч, түүнд 10 000 000 төгрөгийн төлбөр болсон болох нь Дурсамж ретро ХХК, өмгөөлөгч Б.Баясгалан нарын хооронд байгуулсан 2017 оны 01 сарын 04-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, төлбөрийн баримт, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр зэрэг баримтаар тогтоогдож байгаа бөгөөд энэхүү хохирол нь захиргааны актын улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах нь зүйтэй байна. /хх69-71,7-10/

Захиргааны хууль бус актын улмаас үйл ажиллагаа явуулаагүйгээс учирсан хохирол болох банкны нэмэгдүүлсэн хүүнд 817 326 төгрөг төлсөн гэх хэдий ч Голомт банкны зээлийн дансны хуулга нь иргэн Н.Оюунчимэгтэй байгуулсан зээлийн гэрээний хуулга байх бөгөөд тухайн нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг нэхэмжлэгч хуулийн этгээд төлсөн гэх баримтгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй байна. /хх11-12/

Нэхэмжлэгчээс Дурсамж ретро ХХК, Дэсөн ХХК-тай байгуулсан 2017 оны 03 сарын 07-ны өдрийн талбай түрээслүүлэх гэрээ, 2017 сарын 03, 04, 06, 07 сард төлсөн түрээсийн 32 950 000 төгрөгийн баримт, Дэсон ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тооцоо нийлсэн гэрээ, Дурсамж ретро ХХК-иас 2016 оны 12 сар, 2017 оны 01, 02, 03 дугаар сард 14 ажилтанд олгосон цалингийн жагсаалтаар гаргасан нөхөн олговор, энэ талаар мэдүүлсэн гэрч А.Батхишигийн мэдүүлэг зэрэг баримтуудаар гаргасан 104 799 667 нийт төгрөгийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь хариуцагчийн дээрх захиргааны акттай шалтгаант холбоо тогтоогдохгүй байна./хх51-58,73-75, 82, 86-88, 104-110 /

Өөрөөр хэлбэл түрээсийн төлбөр болон нөхөн олговор нь уг актын улмаас учирсан эд хөрөнгөд учруулсан бодит хохирол эсхүл олох ёстой байсан орлого гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс Н.Сэргэлэн, Н.Оюунчимэг нарын иргэд хоорондын зээлийн гэрээ, Голомт банк, Н.Оюунчимэг, Г.Шүр нарын хооронд байгуулсан шуурхай зээлийн гэрээ зэргийг хэрэгт хавсарган өгсөн боловч тухайн баримтууд нь нэхэмжлэгч байгууллагатай ямар байдлаар хамаарч байгаа эсэх талаар нотлох баримтгүй байх тул шийдвэрийн үндэслэл болоогүй болохыг дурьдах нь зүйтэй. /хх68/

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан дүгнэлт болох хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирлоос нотлох баримтын хүрээнд гаргуулах нь зүйтэй гэснийг харгалзан үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дурсамж ретро ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 105,616, 993 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 818,040 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 174,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дурсамж ретро ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОЛМОН

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА

 

 

Н.БАЯРМАА