Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/139

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр

     Улсын яллагч Б.Ундармаа

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

     Шүүгдэгч Х.М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.М-т холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** оны 03 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн *** сумын төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэнд дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин ам бүл 3, ээж, аавын хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгуулж  байсан, *** регистрийн дугаартай, Х овгийн Х-ийн М.

Шүүгдэгч Х.М  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Х.М  нь согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 01 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант баг 6-1 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харицаатай хүн болох хамтран амьдрагч Б.Г-тэй маргалдаж, улмаар түүнийг хавсарч унагаан хамар руу гараараа нэг удаа зүүн талын хавирга руу хөлөөрөө нэг удаа өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Б.Г-ийн биед нь 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруу хэсэгт хавдар, цээжний зүүн талд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

1.1. Хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр намайг зах руу явж байхад хамтран амьдрагч  нь над руу гар утсаар залгаад би гэртээ ирчихлээ. Чи хаагуур тэнээд яваад байдаг юм гэхээр нь би зах руу явж байна гэсэн чинь надад өмд цамц аваад ир гэсэн. Зах дээр М  руу video call хийх гэсэн data дуусчихсан залгаж болохгүй байсан чинь миний дугаа руу залгаад худлаа яриад бай. Янхан минь чин янхандаад явж байгаа биз дээ гээд хэл амаар доромжлоод байхаар нь гар утсаа таслаад дахиад залгахаар нь аваагүй. Тэгээд охиноо цэцэрлэгээс нь авах гээд очсон чинь тэмцээнтэй байна. 18 цаг 30 минутад тарна гэхээр нь ойрхон хүргэнийдээ байж байгаад охиноо тарахаар нь аваад гэртээ очсон чинь М  гэртээ байхгүй байсан. Орой 22 цаг өнгөрч байхад М  гэртээ согтуу орж ирээд надтай хэрүүл маргаан хийж байгаад гараад явсан. Тэгээд шөнийн 01 цаг өнгөрч байхад гэртээ орж ирсэн. Би зүүн талын орон дээр унтаж байсан чинь намайг заамдаж босгоод чирээд баруун талын орны урд талд хавсарч унагаад хамар руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд босох гэсэн чинь зүүн талын хавирга руу хөлөөрөө нэг удаа өшиглөхөөр нь цааш нь түлхчээд босож ирээд гар утсаа аваад цагдаад дуудлага өгөх гэсэн чинь гар утас булааж аваад гэрээс гараад зугтсан. Би гэрээсээ гараад Мөст-Алтай караокены урд талд ирээд хүний утас гуйж яриад цагдаад дуудлага өгсөн. Миний хамтран амьдрагч Х.М  миний хамар руу гараад нэг удаа цохисон. Хөлөөрөө зүүн хавирга руу нэг удаа өшиглөсөн миний хамар болон зүүн хавирга өвчтэй байна. Тухайн гэмтлийг М  учруулсан.... тухайн үед би гэртээ ганцаараа унтаж байсан. Миний хажууд хүн байгаагүй. М  нь байнга л намайг хэл амаар доромжилж, ёс бус үгээр хэлж байдаг. Өмнө нь 2021 онд намайг зодож миний элэг бяцарч байсан. 2023 онд бас намайг зодож хөмсөг сэтэлж байсан. 2025 оны 04 дүгээр сард намайг зодож уруул сэд цохисон. Намайг байнга цохиж, зодож байдаг юм. М  нь тухайн үед дунд зэргийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/

1.2. Эрсдэлийн түвшин “өндөр” гэх аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас/,

1.3. Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын цахим системийн лавлагаа /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,

1.4. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2025 оны 04  дугаар сарын 21-ний өдрийн ГАО0725/160 дугаартай “...1. Б.Г-ийн биед 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруу хэсэгт хавдар, цээжний зүүн талд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа болон тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү нь энэ хуулийн буюу гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд хэмээн тодорхойлжээ.

Шүүгдэгч Х.М  нь Б.Г-тэй хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.М  нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.Г ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн.

Мөн Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ЗШ/246 дугаартай, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ЗШ/393 дугаартай шийтгэврээр тус тус Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.Г-ийг зодож, /

2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ЗШ/1733 дугаартай шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Б.Г тэй хэрүүл мараан үүсгэж танхайрах зөрчил үйлдэж шийтгүүлсэн хавтаст хэргийн 94-111 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодид 3 ба түүнээс дээш удаа халдах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

  Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Х.М  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

 Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй гэх хүсэлтийг ирүүлсэн, хохирогчийн эмчилгээ хийлгэсэнтэй холбогдож гарсан зардал болох 31,050 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Х.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Х.М-т хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Х.М-ыг хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн эмчилгээ хийлгэсэнтэй холбогдож гарсан зардал болох 31,050 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн болохыг тус тус дурдах зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Х.М-ыг мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 7 (долоон) сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд шүүгдэгч Х.М-т авсугай.  

4.  Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Х.М-т сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн эмчилгээ хийлгэсэнтэй холбогдож гарсан зардал болох 31,050 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Н.ОЮУНБИЛЭГ