2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар      2025/ШЦТ/1092

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2025       04          29                                         2025/ШЦТ/1092

 

                              

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сүххуяг,

улсын яллагч Я.Амарзаяа,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мундаг ургийн овогт Б-гийн Д-д холбогдох эрүүгийн .................дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В танхимд 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой  ажилгүй, ам бүл 2 эхийн хамт Баянзүрх дүүргийн .......... дүгээр хороо, бага дарь эх ............. дүгээр гудамж, ................ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

М ургийн овогт Б-ийн Д

 

Холбогдсон хэргийн товч утга:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 356 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзэхэд  Шүүгдэгч Б.Д нь  2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн.........дүгээр хороо, Бага дарь эх 11 дүгээр гудамж 1962 тоотын гадаа байрлуулсан тээврийн хэрэгсэл дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Б.М-ыг "хүүхэд дээрээ ирсэнгүй" гэж хэлсэнд нь дургүйцэн маргалдаж улмаар гараараа нүүр, толгой хэсэг рүү 4-5 удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, зүүн хөмсөг, зүүн мөр, бугалганд цус хуралт, баруун зулайн хуйх, зүүн дээд, доод зовхи, зүүн хөмсөг, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:

Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Машин дотор бид хоёр хоорондоо маргалдсан. Би хүүгээ хөхүүлээд сууж байхад Д машины арын суудлаас дахин хэрэлдэж байхдаа Д миний зүүн талаас толгой руу цохисон. Би машинаас буух гэтэл намайг хойш нь татаад суулгасан. Тухайн үед намайг чанга орилсон учраас хүүхэд маань уйлсан. Түүнээс хүүгийн маань биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Миний унаж явсан машин болон эд зүйлд учирсан гэмтэлгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 13-14/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ..................дугаартай  “...Б.М-ын биед зүүн дээд, доод зовхи, зүүн хөмсөг, зүүн мөр, бугалганд цус хуралт, баруун зулайн хуйх, зүүн дээд, доод зовхи, зүүн хөмсөг, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь  мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байх бөгөөд  хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 26-27/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тусгажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Б.Д, хохирогч Б.М нар нь хууль ёсны дагуу гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч дундаасаа нэг хүүхэдтэй, тусдаа амьдардаг байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байна.

 

Шүүгдэгч Б.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж хүндрүүлэх шинжээр хэргийг зүйлчилсэн нь зөв байна.

4. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Д нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж хохирогчийн биед халдсан байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж дүгнэлээ. 

 

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

6. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.М-ын “...Гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэх хүсэлт /хх 61/ авагдсан байх тул шүүгдэгч Б.Д-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан болно.

Шүүгдэгч Б.Д-ийг эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр нэхэмжлээгүй нь шүүгдэгчийг бусдад учруулсан төлбөрөө төлж барагдуулсан гэж үзэн хөнгөрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

Шүүхээс шүүгдэгч Б.Д-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, бага насны хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдсэн зэрэг нөхцөл байдал, олон удаа цохисон үйлдлийн шинж, гэм буруутай үйлдэл болон үр дагаварт хандаж буй хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 460 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч М ургийн овогт Б-гийн Д /РД:................./-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ийг 460 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

          5. Шүүгдэгч Б.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

         6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЧАНЦАЛНЯМ