| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 2006000001524 |
| Дугаар | 2021/ДШМ/543 |
| Огноо | 2021-05-27 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2021/ДШМ/543
2021 5 27 2021/ДШМ/543
Б.Мт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Оюунцэцэг,
хохирогч Д.Ртүүний өмгөөлөгч Т.Баярбат
иргэний нэхэмжлэгч Э.У,
шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Л.Хатанбаатар,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 388 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Ргийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Мт холбогдох эрүүгийн 2006000001524 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Бариач овогт Б.М, 1994 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт
Шүүгдэгч Б.М нь иргэн Б.Бат-Эрдэнэд “Засгийн газрын авто баазаас актанд гарч байгаа машин авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн “Хаан” банкны 5021441026 тоот дансаар 25 удаагийн шилжүүлгээр нийт 20.796.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Мөн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн хооронд иргэн Д.Р төрийн өмчөөс автомашин хямд үнээр авч өгнө, энэ мэдээлэл нь нууцын зэрэглэлтэй гэж хуурч, багш, шавь байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 45.650.000 төгрөгийг өөрийн 5005021441026 дугаартай банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бариач овогт Б.Мыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдэхдээ бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 20.000 нэгж буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.М нь шүүхээс оногдуулсан 20.000 нэгж буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Б.Маас 45.650.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ртус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Хохирогч Д.Р давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие тус хэрэгт хохирогчоор тогтоогдож. эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20.000 нэгж буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн /ял хөнгөдсөн/ гэж үзэж байна. Шударга ёсны зарчим нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар. хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэж тусгалаа олсон бөгөөд шүүхээс оногдуулж буй эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэгтний учруулсан хохирол, хохирлоо нөхөн төлж буй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн сэтгэлээр илэрхийлэгдсэн байх ёстой. Гэтэл шүүгдэгч Б.М нь их хэмжээний өрөнд орсноос болж, үргэлжилсэн үйлдлээр багш шавь байсан харилцаагаа ашиглан хохирогч надад 45.650.000 төгрөгийн хохирол учруулснаас хойш шүүх хурлын шийдвэр гарах хүртэл жил гарангийн хугацаанд нэг ч төгрөгийн хохирол төлж барагдуулаагүй. Шүүх Б.Мын хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ял оногдуулсан дүгнэлт хийж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Учир нь Б.М нь тодорхой эрхэлсэн ажилгүй бөгөөд иргэдэд их хэмжээний ор зээл тавьж, түүнийгээ төлөх боломжгүй байдалд хүрээд урьдын багш шавийн харилцаагаа ашиглан залилан мэхэлсэн үйлдэл хийсэн, хохирогч миний 45.650.000 төгрөгийн хохирлоос төлж барагдуулсан зүйлгүй, гэмшсэн байдалгүй байтал шүүх нэмж төлбөрийн чадваргүй этгээдэд 20.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын хувьд оновчгүй байна. Б.Мт шүүх хуралдаан болох хүртэл жил гарангийн хугацаанд ажил хийж хохирлоос төлж барагдуулах боломж байсан. Гэтэл цагдаа, шүүхээр хөөцөлдөж, ах, дүү нараасаа машин авч өгнө гэж хэлээд мөнгө аваад өгөөгүй, хамаатан садныхаа өмнө харах нүүргүй болоод байгаа хохирогч миний эрх ашиг маш ихээр зөрчигдөж байна. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж заасан. Гэтэл шүүхээс шүүх хуралдааны товыг надад огт мэдэгдээгүй бөгөөд хохирогч миний бие болон иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Д.Отгонсүрэн, Э.У, Ж.Ганбаатар. Д.Цогтбаатар, Т.Лхагвадаш нараас хэн ч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцоогүй, эрх ашгаа хамгаалан шүүх хуралдаанд оролцох боломжоор хангагдаагүй. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23 өдрийн 388 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зөвтгөж өгнө үү. ...” гэв. хохирогч Д.Ргийн өмгөөлөгч Т.Баярбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч талаас ял шийтгэлийг хөнгөдсөн гэж үзэж байна. Шүүгдэгч Б.М нь 45.650.000 төгрөгийг төлөөгүй байхад нэмж 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх байгаа нь миний хохирлыг төлөх нөхцөлийг бүрдүүлээгүй харин ял шийтгэлийг түрүүлж төлөх нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймд ял шийтгэл нь тохироогүй хөнгөдсөн гэж үзэж байна. Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын эрх ашгийг хамгаалах талаар шүүхээс ямар нэг байдлаар анхаараагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны товыг хохирогч талд мэдэгдээгүй. Хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар шүүх хуралдаан дээр ярилцсан зүйл байхгүй. Хохирогч талыг оролцуулах шаардлагатай эсэх талаар ямар нэг байдлаар шийдвэр гаргасан зүйл байхгүй. Иймд хохирогчийг давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
иргэний нэхэмжлэгч Э.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид Б.Мт мөнгө өгөхдөө хүнээс мөнгө зээлж аваад өгч байсан. Одоо болтол тэр зээлсэн мөнгөний хүүгээ өөрөө төлж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 1 сарын дараа 1.000.000 төгрөг өгсөн, 2-3 сарын хугацаанд яаж 60 гаран сая төгрөгийг барагдуулах гэж байгаа юм бэ. Бэлэн амаар барагдуулна гэж хэлж байгаад маш их гомдолтой байна. ...” гэв.
шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Л.Хатанбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралд хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, 45.650.000 төгрөгийг хохирлын хэмжээ нь эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд тохирохгүй байна гэсэн байр суурьтай оролцож байсан. Гэтэл анхан шатны шүүх зүйлчлэлийг хүндрүүлж шийдвэрлэсэн. Хохирогч Д.Р шүүх хуралд ирээгүй хүндэтгэн үзэх шалтгаан нь тогтоогдоогүй. Анхан шатны шүүх хурал дээр хуралдааны товыг мэдэгдсэн гэж шүүгчийн туслах тайлбарлаж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасны дагуу явагдсан. Шүүгдэгчийн зүгээс гэм буруу дээр маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Бат-Эрдэнэд 20.000.000 төгрөгийн хохирлын асуудлыг шийдвэрлэсэн. Хохирогч Д.Рдавж заалдах шатны шүүхэд хэрэг ирэхэд 2.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 9 дүгээр хуудсанд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжилж байгаа үнийн дүнг дурдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасныг хэрэгжүүлсэн. Хэрэв ял өгөөд шоронд явуулах юм бол хохирогч нарт хохирол төлөх цаг хугацаа хойшилно. Хэрэв улсад 20.000.000 төгрөгөө төлж чадахгүй бол эрүүгийн хуульд заасны дагуу цагдан хоригдох нь ойлгомжтой. Торгуулийн ял оногдуулж байгаа нь нийгэмд ашигтай, хохирогч нарын зөрчигдсөн эрхийг хамгаалж шийдвэрлэсэн. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эсэргүүцэл бичээгүй. Торгох ял оногдуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль болон үндсэн хуульд заасан хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм байгуулна гэсэн зарчимд нийцсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Үлдэгдэл хохирлыг хуульд заасан хугацаанд барагдуулна. Б.М одоо уурхайд ажиллаж байгаа цалингаасаа 2.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
прокурор Б.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид 4 жил хорих ял оногдуулах санал гаргаж байсан. Гэтэл анхан шатны шүүхээс торгох ял оногдуулсан. Улсын яллагчийн зүгээс 4 жил хорих ялын санал гаргаж байсан хэдий ч анхан шатны шүүх торгуулийн ял оногдуулсан дээр улсын яллагчийн зүгээс саналаа илэрхийлсэн. Шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдал, хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулах боломжит нөхцөл байдлыг харгалзаж торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй юм гэж үзэж эсэргүүцэл бичээгүй. Д.Ролгох хохирлын тухайд Д.Р хохирогчоор дамжуулж иргэний нэхэмжлэгч нарт хохирлыг барагдуулах бүрэн боломжтой гэж үзсэн шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос, шүүгдэгч Б.М нь иргэн Б.Б“Засгийн газрын авто баазаас актанд гарч байгаа машин авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд “Хаан” банкны 5021441026 тоот дансаар 25 удаагийн шилжүүлгээр нийт 20.796.000 төгрөгийг,
мөн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн хооронд иргэн Д.Ргоос төрийн өмчөөс автомашин хямд үнээр авч өгнө, энэ мэдээлэл нь нууцын зэрэглэлтэй гэж хуурч, багш, шавь байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 45.650.000 төгрөгийг өөрийн 5005021441026 дугаартай банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэж үзэж 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Б.Мыг 20.000 нэгж буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.М нь шүүхээс оногдуулсан 20.000 нэгж буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хохирогч Д.Р Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ. ...” гэж заасны дагуу шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаагаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг зөрчиж хохирогчийг шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж үзэхээр байна.
Мөн Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, түүний гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлын хэмжээ, хор уршгийн шинж чанарт хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр түүнд 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгчид тухайн зүйлд заасан торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо ялын зохистой харьцаа, ял шийтгэлийн биелэгдэх боломж зэрэг хүчин зүйлсийг оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна гэж дүгнэлээ. Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг. Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр ял оногдуулах нь шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдэхдээ бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 45.650.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Р олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгах боломж нь тухайн этгээдэд торгох ял оногдуулснаар бага болох нь хохирогчийн эрх ашгийг нэн тэргүүнд авч үзэх Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, зорилтод нийцэхгүй байна.
Мөн уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр нэр бүхий хүмүүс тогтоогдсон байхад хохирол төлөлтийг зөвхөн хохирогч Д.Ргийн нэр дээр гаргасан нь зөв эсэхэд анхаарвал зохино.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 388 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Мт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 388 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Мт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэх хүртэл Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ