Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ундармаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

Шүүгдэгч Х.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Б ид холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, *** оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын ***-ийн эх багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан, *** регистрийн дугаартай, Т овгийн Х-ийн Б.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.Б  нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Мааньт багийн нутаг дэвсгэрт 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 17 цаг 20 минутад улсын дугааргүй Бэрс жи-8 загварын тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гэм буруугийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Х.Б  нь Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Мааньт багийн нутаг дэвсгэрт 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 17 цаг 20 минутад улсын дугааргүй Бэрс жи-8 загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

1.1. Шүүгдэгч Х.Б  шүүх хуралдаанд өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

1.2. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “...утсаар гаргасан Төгрөг сумын Төгрөгийн эх багийн нутаг дэвсгэрт Х.Б  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх дуудлага мэдээллийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний 17 цаг 20 минутад гаргасан ...” гэх агуулга бүхий тэмдэглэл/хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/

1.3. Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Халзангийн Баасандоржийг драгер багаж ашиглан шалгахад 2,99% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх агуулга бүхий тэмдэглэл/хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,

1.4.Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/56 дугаартай “...шүүгдэгч Х.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахыг 6  сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн...” шийтгэх тогтоолын хуулбар/хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас/

1.5. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ЗШ/242 дугаартай шийтгэврээр Х.Б ийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгүүлсэн шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас/

1.6. Гэрч Б.Нямбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Төгрөг сумын төвд эргүүл хяналт шалгалтаар ажиллаж байхад Х овогтой Б нь улсын дугааргүй Бэрс жи-8 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахад нь зогсоон шалгасан. Ингэхэд жолооч Х.Б-оос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж, согтуу нь илт мэдэгдэж байсан тул цагдаагийн байранд тээврийн хэрэгслийн жолооч Х.Б-ийг авч ирэн 68.20 маркийн драгераар согтолтын зэргийг шалгахад 2.99 хувийн согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг журамлан, цагдаагийн байгууллагын бүртгэлт оруулж ажилласан...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.

 

Шүүхээс тогтоосон дээр дурдсан хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, бүрэн төгссөн гэмт хэрэг байна гэж үзнэ.

Прокуророос шүүгдэгч Х.Б-ийн үйлдлийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ... эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай эсэх болон түүний сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор шүүгдэгч Х.Б  “2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээж байна” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/, Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/56  дугаартай шийтгэх тогтоолын хуулбар./хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас/, шүүгдэгч Х.Б-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан.

Шүүгдэгч Х.Б  өмнө нь Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, ял оногдуулахыг 6(зургаа)  сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэжээ.

Гэвч шүүгдэгч Х.Б  шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байна.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Х.Б-д сүүлд үйлдсэн гэмт хэрэгт нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, өмнөх тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 20 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял дээр 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, нийт 550 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар хасах ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргаж оролцсон бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэсэн байдаг  ч түүний бусад тулгуур эрхийг хууль бусаар зөрчихгүй байх нь чухал бөгөөд шүүгдэгч Х.Б  нь Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Б ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг 6(зургаа)  сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсаны дараа дахин шинээр гэмт хэрэг үйлдсэн тул тус шийтгэх тогтоолын 2 дахь заалтын тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан хэсгийг хүчингүй болгож, 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин түүний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2 дахь удаагаа үйлдсэнийг 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, прокурор, өмгөөлөгчийн санал зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жил 6(зургаа) сарын хугацаагаар хасаж, 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүхээс үзлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жил 6(зургаа) сарын хугацаагаар хасах ял дээр, Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7(долоон) сар 20(хорь) хоногийн хугацаагаар хасах ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 2(хоёр) жил 1 сар 20(хорь) хоногийн хугацаагаар, 550 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус  тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Т овгийн Х-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан хэсгийг хүчингүй болгож, 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах ял дээр, Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1(нэг) жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7  сар 20 хоногийн хугацаагаар хасах ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 2(хоёр) жил 1 сар 20(хорь) хоногийн хугацаагаар, нийтэд ажил хийлгэх ялыг 550 цагаар тус тус  тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1(нэг) хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Б-д сануулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б  оногдуулсан 2(хоёр) жил 1(нэг) сар 20(хорь) хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгчид оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

8. Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүүгийн, Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатын прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ОЮУНБИЛЭГ