Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2022/02427

 

2022  08   04                                                       182/ШШ2022/02427

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 захад байрлах, Д ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар гудамж 0 тоот хаягт байрлах, Ц ХХК /РД:000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 74,530,635 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Нямсүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 74,530,635 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагч Ц ХХК нь манай компанитай 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 14 нэр төрлийн 49,190,000 төгрөгийн, 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 20 нэр төрлийн 50,497,090 төгрөгийн нийт 99,687,090 төгрөгийн хүнд машин, механизмын сэлбэг хэрэгслийг зээлээр худалдан авч төлбөр тооцоог 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс сар бүрийн 25-ны өдөр 20,000,000 төгрөг төлөх график гарган 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үлдсэн 19,687,090 төгрөгийг төлж дуусгах, хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон.

1.2. Хариуцагч 2021 оны 8 сарын 19-нд 20,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 19-нд 20,000,000 төгрөг, мөн өдрөө 10,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 49,687,090 төгрөгийг төлөөгүй тул алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, 24,843,545 төгрөг, нийт 74,530,635 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэхэмжлэлийн шаардлагаас алданги 24,843,545 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй. Учир нь талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ хуульд заасны дагуу бичгээр байгуулагдаагүй. Зарим төлбөрийг бэлэн мөнгөөр нэхэмжлэгчид өгсөн учраас манайд баримт байхгүй...” гэв.

 

Нэхэмжлэгч шаардлагатайгаа холбогдуулан 2022.04.07-ны өдөр Улсын тэмдэгтийн хураамжид 755,603 төгрөг төсөн баримт /хх-ийн 3 х/

-Улсын бүртгэлийн 0000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 4 х/

-Б.Г иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 5 х/

-2020.06.12-ны өдрийн Д ХХК-иас худалдан авсан машин механизмын сэлбэг хэрэгслийн үнийг төлж дуусгах хуваарь /хх-ийн 7 х/,

-2022.05.26-ны өдөр Ю.Нямсүрэнд олгосон итгэмжлэл /хх-ийн 38 х/,

-Д ХХК-ийн дүрэм /хх-ийн ...х/

-Д ХХК-ийн 2015.01.28-ны өдрийн 6/15 тоот “Гүйцэтгэх захирал томилох тухай шийдвэр /хх-ийн ... х/

-2015.01.28-ны өдрийн №05-2015 тоот “Хөдөлмөрийн гэрээ” /хх-ийн ...х /  зэрэг,

 

Хариуцагчаас 2022.05.24-ний өдөрийн 03/А тоот Б.Алтансүхэд олгосон итгэмжлэл /хх-ийн 23 х/

-Э.М Хаан банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” /хх-ийн 24-25 х/,

-Улсын бүртгэлийн 0000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 43 х/ зэрэг баримтуудыг өгсөн,

 

Хариуцагчийн хүсэлтээр шүүх Д ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хариуцагч Ц ХХК-иас гэрээний үүрэгт 49,687,090 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,843,545 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 79,687,090 төгрөг, алданги 39,843,545 төгрөг, нийт 119,530,635 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 184/ШЗ2022/08416 дугаартай “Хэрэг шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжаар энэхүү хэрэг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тус шүүхэд ирсэн.

 

2.1.Нэхэмжлэгч нь 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийн төлсөн 50,000,000 төгрөгийг хасч үлдэгдэл төлбөр 49,687,090 төгрөг, алданги 24,843,545 төгрөг, нийт 74,530,635 төгрөгийг Ц ХХК-иас гаргуулахаар багасгаж, шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д заасан “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Д ХХК-иас худалдан авсан машин механизмын сэлбэг хэрэгслийн үнийг төлж дуусгах хуваарь”-ийн дагуу зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийгдэж, бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээг тохиролцсон гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нь 49,190,000 төгрөгийн талаар маргаагүй, харин талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ хуульд заасны дагуу бичгээр байгуулагдаагүй учраас 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Д ХХК-иас худалдан авсан машин механизмын сэлбэг хэрэгслийн үнийг төлж дуусгах хуваарь”-ийн дагуу алданги шаардах эрхгүй гэж маргаж байна.

 

            4.Д ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 14 нэр төрлийн 49,190,000 төгрөгийн, 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 20 нэр төрлийн 50,497,090 төгрөгийн нийт 99,687,090 төгрөгийн хүнд машин, механизмын сэлбэг хэрэгслийг хариуцагч Ц ХХК-д нийлүүлсэн, хариуцагч нь дээрх төлбөрийг 2020 оны 6 дугаар сарын 10-наас 2020 оны 10 дугаар сарын 25-ны хооронд төлөхөөр 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Худалдан авсан машин механизмын сэлбэг хэрэгслийн үнийг төлж дуусгах хуваарь”-ийг тохиролцсон байх ба хариуцагч нь 2021 оны 8 дугаар сарын 19-нд 20,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 19-нд 30,000,000 /20,000,000+10,000,000/ төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг төлсөн, 49,687,090 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Э.М Хаан банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-аар тогтоогдож байна.  /хх-ийн 24-25 х/

 

5.Худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг гэрээг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж тодорхойлсон.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйл буюу зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний нэг төрөл бөгөөд худалдан авсан эд зүйлийн үнийг нэг дор биш, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх учраас талуудын хооронд хүү тохирох, ийнхүү тохирсноор гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь “эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ”-ээс нэмэгдсэн шинжтэй байдаг ба мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2.-т зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж, гэрээнд бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журмыг заавал тусгадаг.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Худалдан авсан машин механизмын сэлбэг хэрэгслийн үнийг төлж дуусгах хуваарь”-т Ц ХХК нь Д ХХК-с 2019.10.15-ны өдөр 14 нэр төрлийн 49,190,000 төгрөгийн, 2020.5.30-ны өдөр 20 нэр төрлийн 50,497,090 төгрөгийн бүгд 99,687,090 төгрөгийн хүнд машин, механизмын сэлбэг хэрэгслийг урьдчилан авч төлбөр тооцоог өнөөдрийг хүртэл хийгээгүй... Иймд 99,687,090 төгрөгийг доорх хуваарийн дагуу 2020.10.25-ны дотор бүрэн төлж дуусгахаар хоёр тал тохиролцов...

...3. Хэрвээ тохиролцсон графикийг зөрчсөн тохиолдолд 0,5 хувь тооцож нэхэмжлэнэ... гэсэн талуудын тохиролцоог үндэслэн Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээргүй байна гэж шүүх дүгнэв.

 

Учир нь зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний нэг төрөл бөгөөд худалдан авсан эд зүйлийн үнийг нэг дор биш тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх учраас талуудын хооронд хүү тохиролцож гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ нь шууд төлөх үнээс нэмэгдсэн шинжтэй байдаг.

 

Талуудын төлбөр төлөх хугацааны талаар тохиролцсон хүснэгтээс харвал хариуцагчийн худалдан авсан хүнд машин, механизмын сэлбэг хэрэгслийн үнэ нэмэгдээгүй 99,687,090 төгрөг байгаа нь эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн шинжийг агуулаагүй байна.

 

6.Мөн худалдах-худалдан авах гэрээнд худалдсан эд зүйлийн үнийг хэсэгчлэн төлөх хугацааг тохирч болдог бөгөөд энэ нь үнийг хэсэгчлэн төлөх хэмжээ, хугацааг тохирсон агуулга бөгөөд ийнхүү үнийг хэсэгчлэн төлснөөр эд хөрөнгийн үнэ нэмэгдэхгүй байдгаараа зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс ялгардаг учраас шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн.

 

Худалдах-худалдан авах гэрээг талууд заавал бичгээр байгуулах шаардлагагүй бөгөөд хариуцагч нь худалдан авсан хүнд машин, механизмын сэлбэг хэрэгслийн үнэд нийт 50,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба нэхэмжлэгч үлдэгдэл төлбөр болох 49,687,090 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

7.Худалдах-худалдан авах гэрээ болон зээлээр худалдах-худалдан авах гэрээний аль алинд нь Иргэний хуульд заасан анзыг тохирч болдог бөгөөд нэхэмжлэгч нь 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Худалдан авсан машин механизмын сэлбэг хэрэгслийн үнийг төлж дуусгах хуваарь”-ийн 3-т “Хэрвээ тохиролцсон графикийг зөрчсөн тохиолдолд 0,5 хувь тооцож нэхэмжлэнэ” гэж тохиролцсон тул алданги шаардах эрхтэй гэж тодорхойлж 24,843,545 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж заасан. Үүнээс үзвэл анз буюу алданги нь үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргийг тохирсон хугацаанд гүйцэтгээгүйгээс гэрээгээр тохирсон хэмжээгээр /хуульд заасан хэмжээнээс хэтрэхгүй/ төлөх мөнгөн төлбөр буюу хариуцлага гэж ойлгоно.

 

Энэхүү хариуцлага нь үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой болохыг Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-д заасан бөгөөд алдангийн гэрээг бичгээр хийсэн, хэмжээг нь хуульд зааснаас хэтрүүлэхгүйгээр тохирсон, үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн буруутай, үүрэг гүйцэтгүүлэгч шаардсан тохиолдолд алданги төлөх үүрэг үүсдэг.

 

2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Худалдан авсан машин механизмын сэлбэг хэрэгслийн үнийг төлж дуусгах хуваарь”-ийн 3-т заасан хэрвээ тохиролцсон графикийг зөрчсөн тохиолдолд 0,5 хувь тооцож нэхэмжлэнэ гэснийг талуудын тохиролцоог хуульд заасны дагуу алдангийн талаар тохиролцсон, гэрээг бичгээр хийсэн гэж үзэх боломжгүй тул хариуцагчаас алданги 24,843,545 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.  

 

Иймээс хуулийн дээрх үндэслэлүүдээр хариуцагч Ц ХХК-иас 49,687,090 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 24,843,545 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт болох 49,687,090 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 406,385 төгрөгийг Ц ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2022.04.07-ны өдөр төлсөн 755,603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээр нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ц ХХК-иас 49,687,090 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,843,545 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар Ц ХХК-иас 406,385 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2022.04.07-ны өдөр төлсөн 755,603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                  Х.ДАШДЭЧМАА