| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2025/0135/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/141 |
| Огноо | 2025-08-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Халиунгоо |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/141
2025 08 12 2025/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Саранзаяа
Улсын яллагч Б.Халиунгоо
Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн
шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.*******д холбогдох эрүүгийн 2504001670162 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, урианхай, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сум, Цагаандэвсэгийн 2-206 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй
******* овгийн *******ын ******* (РД:)
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Х.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Х.******* нь согтуугаар 2025 оны 4 дүгээр сарын 15-ны шөнө 02 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “М” бааранд үйлчлүүлж байхдаа Н.*******той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа 4-5 удаа цохиж, нүүрээ даран газар сууж байхад нь нүүр лүү нь өшиглөж түүний биед хамрын ясны шинэ хугарал, дээд уруулын язарсан шарх, дээд 21 дүгээр шүдний ганхалт, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Н.*******ын мэдүүлсэн мэдүүлэг (хх-ийн 12-13), гэрч О., М.Энхмөнх, Т.******* нарын мэдүүлсэн мэдүүлгүүд (хх-ийн 22-26, 28-29) шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн №149 дугаартай дүгнэлт (хх-ийн 37-38), согтуурал шалгасан тэмдэглэл (хх-н 102) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Х.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, уг ажиллагаанд “өөрийгөө өмгөөлөх” хүсэлтийг бичгээр гаргасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.6 дахь заалтад заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” үндэслэл тогтоогдоогүй байхаас гадна түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.*******оос “эмчилгээний зардалд 4.000.000 төгрөгийг авсан, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэсэн хүсэлтийг ирүүлсэн (хх-н 123, 132) бичгээр гаргасан ба хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан зардал 144.997 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаар дансанд төлсөн (хх-ийн 119) байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Прокурорын санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байх тул тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.*******д 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Х.*******д мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х.*******д мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Х.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Х.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА