Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/545

 

 

 

 

 

 

    2021           5               27                                     2021/ДШМ/545                                    

                                                                                                            

 

О.Дд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:        

прокурор П.Итгэл,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Итгэлийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцлээр О.Дд холбогдох эрүүгийн 2010014490275 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.    

Боржигон овогт О.Д, 1999 оны 3 дугаар сарын 29-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, гар утас засварын газарт ажилладаг, ам бүл 4, ээж, дүү нарын хамт,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 51 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 cap хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 259 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан,

Шүүгдэгч О.Д нь 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо,Булгийн 1 дүгээр гудамжинд Н.У маргалдан улмаар түүний нүүр лүү нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөг, зүүн мөр, баруун ташаанд зулгаралт, доод уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: О.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт О.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж, шүүгдэгч О.Д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Прокурор П.Итгэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх торгох ял оногдуулахдаа уг ялыг 1 сарын дотор төлүүлэхээр хугацааг тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэг заасан “Шийтгүүлсэн этгээд тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, өөрөөр хэлбэл шүүх торгууль төлөх хугацааг хуульд зааснаас багаар тогтоосон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.Д нь 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо,Булгийн 1 дүгээр гудамжинд Н.У маргалдан улмаар түүний нүүр лүү нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөг, зүүн мөр, баруун ташаанд зулгаралт, доод уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

                  хохирогч Н.У“...би найз Бүтэнбаяртай маргалдаад байж байхад гэнэт Даваахүү хажуунаас орж ирээд намайг шийдний хажуу тал руу намайг авч яваад ямар нэгэн шалтгаангүйгээр миний нүүр, хөмсөгний дээд хэсэг рүү удаа дараа гараараа цохиж зодоод намайг газар чирээд байсан. Тэгээд би нилээн согтуу байсан тул цаашаагаа юу болсон талаар санахгүй байгаа. Нэг сэрсэн би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байх Вива сити хорооллын хажууд Даваахүүгийн автомашин дотор сэрсэн. Тэгээд намайг сэрэхэд миний нүүр амнаас цус гоожсон би ганцаараа байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө гар утсыг өөрийн өмсөж байсан хувцасны халаасанд үзэхэд байхгүй байсан ба миний чихэндээ зүүсэн байсан 1 хос монетон ээмэг нар байхгүй байсан.Намайг Даваахүү зодож цохисон. Харин эд зүйлсийг хэн хэрхэн яаж авсан талаар би сайн мэдэхгүй санахгүй байна. ...” /хх 22-29/,

гэрч З.Б“...Даваахүү Уын нүүрэн тус газарт нь 2-3 удаа алгадсан. Баатар-Отгон над руу агсраад дайраад миний нүүр лүү 1-2 удаа цохисон. Уыг Даваахүү ямар нэгэн шалтгаангүйгээр гараараа 2-3 удаа цохиж зодсон. ...” /хх 31-32/,

гэрч Б.О“:...би нилээн муудаад согтоод тасарсан байсан ба юу болсон талаар сайн санахгүй, Уын нүүрнээс цус гарсан, хөмсөг нь сэтэрсэн байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад Яармагт ганцаараа голын эрэг дээр автомашинд сэрлээ, миний гар утас болон 1 хос чихэнд зүүлттэй байсан монетон ээмэг байхгүй байна, би юу болсныг санахгүй байна. ...” /хх 33-34/,

гэрч Г.А“...Даваахүү Уын нүүр лүү цохиод У, бас Даваахүүгийн нүүр лүү цохиод байсан. Уыг Даваахүүгээс өөр зодож цохисон хүн байхгүй. ...”  /хх 35-36/,

насанд хүрээгүй гэрч Э.Бямбацогтын “...Даваахүү ах Отэй маргалдаад зодолдсон. Утай зодолдож байхыг би хараагүй. ...” /хх 37-38/,

гэрч Б.Т“...Батчулуун манай найз Даваахүүгийн автомашиныг 2020 оны 8 дугаар сард худалдаж авсан. Тэгээд Батчулуун бид хоёр 2020 оны 9 дүгээр сард автомашиныг угаалгаж байсан автомашины арын суудлын хойд талын шалавчин доороос “LG Q-6” маркийн гар утас олсон юм. Тэгээд уг гар утсыг Батчулууны утас байна гэж бодоод өгсөн. Сүүлд Даваахүү цагдаа дээр шалгагдаж байхад Уын гар утас алга болсон гэхээр нь ямар утас байсан талаар асуухад “LG Q-6”  маркийн утас гэж байсан. Уын нүүр болон толгой руу Даваахүү 3-4 удаа цохьсон. ...”/хх 47-53/,

гэрч Э.Б“...2020 оны 11 дүгээр сарын үед уулзахад Даваахүү надад Уын гар утас алдагдсан гээд хэрэгт шалгагдаад байгаа гэхээр нь ямар утас билээ гээд асуусан чинь миний автомашин дотроос олсон гар утсыг хэлсэн. ..Надад байгаа, би гар утсыг өгөхөд татгалзах зүйлгүй. ...” /хх 57-58/,

Шүүгдэгч О.Дгийн яллагдагчаар өгсөн: “...О цэргээс халагдаж ирсэн талаараа ярьж байгаад би Отэй ам мурийгаад О бид хоёр муудалцахад У бид хоёрыг муудалцахаа боль гээд бид нар больцгоосон. У Бүтэнбаярыг дээрэлхээд агсраад байхаар нь би Бүтэнбаярыг өмөөрөөд Уын нүүр болон толгойн тус газарт 2-3 удаа алгадсан. Би өөрийн 22-09 УНП улсын дугаартай “тоёота марк-2” загварын автомашиндаа суугаад явах гэхэд У сагсны шийдний сандалны цаана хэвтэж байхаар нь бид гурав Уыг аваад явсан ба У тасарсан унтаад яваад байсан. Тэгээд тэнд очоод Уыг гэртээ аваад орох гэтэл сэрэхгүй, дийлээгүй тул автомашинд үлдээгээд орцгоосон. Өдөр сэрээд автомашиндаа очиход автомашиныг онгичоод миний автомашины бичиг баримтыг аваад явсан байсан ба У байгаагүй. ...” /хх 120-121/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 8489 дугаартай “Н.У биед тархи доргилт, баруун хөмсөг, зүүн мөр, баруун ташаанд зулгаралт, доод уруулын дотор салтсад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь дан дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” /хх 71-72/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд шүүгдэгчийг тэгш эрхтэй оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч О.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. 

Анхан шатны шүүх, шүүгдэгч О.Дгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Прокурор П.Итгэлийн “...Анхан шатны шүүх торгох ял оногдуулахдаа уг ялыг 1 сарын дотор төлүүлэхээр хугацааг тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэг заасан “Шийтгүүлсэн этгээд тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, өөрөөр хэлбэл шүүхээс торгууль төлөх хугацааг хуульд зааснаас богино байдлаар тогтоосон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ... бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж тус тус заасан.

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялын хугацааг шүүх тогтоох нь ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгуулах, хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, хяналт тавих эрх бүхий этгээд уг ялыг ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр биелүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой.

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч О.Дд оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэг “Шийтгүүлсэн этгээд тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй” гэж заасан тул прокурор П.Итгэлийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг даалгасугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ