Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0952

 

           

 

 

 

 

2022            12           15                                    128/ШШ2022/0952   

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Гомдол гаргагч:  ХБХГ

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н***

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч З.Г***

Гомдлын шаардлага: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч З.Г*** ын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0034*** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*** , хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч З.Г*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч З.Г*** ын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0034*** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.

2.Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч З.Г*** 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0034*** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан "*** дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хэсэгчилсэн талбай "ГХ-БЗД-07" багцын 9.4 га-д гэр хорооллыг дахин барилгажуулах "ГЭБЗ" ЗБН-ийн хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг зөрчин Хот байгуулалт, хөгжлийн газрын Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 12.5 зүйлийн 1.3-д заасны дагуу 10000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

2.2.Дээрх шийтгэлийн хуудсыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тус газрын Барилга, хот байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн О.Т*** гардуулсан.

2.3.Гомдол гаргагч 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн "Гомдол гаргах тухай" 10/2415 дугаартай албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 07/1480 дугаартай албан бичгээр хариу авсан.

2.4.Хот байгуулалт, хөгжлийн газраас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.Г*** ад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч З.Г*** ын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0034*** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг тус шүүх 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч,  2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 6328 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож шийдвэрлэсэн.

2.5.Тус шүүх Хот байгуулалт, хөгжлийн газрын гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.Г*** ын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0034*** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.Г*** ад холбогдуулан 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч нь “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч З.Г*** ын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0034*** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагаа тодруулсан.

            3.Гомдол гаргагч нь гомдлын үндэслэлээ:

            3.1.Гомдол гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  "Газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбар батлах тухай" Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр тогтоолоор *** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх газар шинэчлэн зохион байгуулах "ГЭБЗ" төслийн талбарыг тогтоож загвар зураг /эскиз/-ийг баталсан.

            Дээрх төслийн талбайд иргэн О.Б*** жийн 4 дүгээр гудамжны 211, 212, 212а, 213, 214, 215 тоот хаягтай, өмчлөх эрхтэй газарт 2021 оны М3Х2021/19-019 дугаартай, иргэн Я.Ч*** , Ү.О*** нарын 4 дүгээр гудамжны 297, 298 тоот хаягтай, өмчлөх эрхтэй газарт 2022 оны МЗХ2022/01-004 дугаартай, иргэн Н.Х*** , Ц.Б*** нарын 4 дүгээр гудамжны 209, 2096, 210 тоот хаягтай, өмчлөх эрхтэй газарт 2022 оны МЗХ2022/01-017 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар тус тус батлахдаа "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам" -ын 3.1 дэх заалт /Нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, ашиглалт, эзэмшлийн газарт барилга барих асуудлыг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн шийдвэрлэж, барилга барих зөвшөөрөл олгоно/-ыг баримтлан нийт эдэлбэр газрын 40 хувиас хэтрүүлэхгүй төлөвлөх төлөвлөлтийн талбайгаар олгосон бөгөөд барилгын хэлбэр, хэмжээ, давхар, орц гарцыг тодорхойлсон загвар зураг, ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй, 2016 онд батлагдсан загвар зураг /эскиз/-ийг зөрчөөгүй байхад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5 дахь хэсэг /холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх/-ийг зөрчсөн гэж үзэн шийтгэл оногдуулсан байна.

Газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбайг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/419 дүгээр захирамжаар Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл болгон өөрчилж төсөл хэрэгжүүлэгчээр "ГЭБЗ" ЗБН-ийг батламжилсан бөгөөд төсөл хэрэгжүүлэгч нь 2016 онд батлагдсан загвар зураг /эскиз/-ийг өөрчлүүлэх хүсэлт ирүүлж, хянагдах шатандаа байна.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/459 дүгээр захирамжийн 1 дэх хэсэг /Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршилд төсөл хэрэгжүүлэгч эрх бүхий хуулийн болон түүнтэй зөвшилцсөнөөс бусад иргэн, хуулийн этгээдэд барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэхтэй холбоотой зөвшөөрөл олгохгүй байх/-т заасны дагуу дээрх иргэд "ГЭБЗ" ЗБН-тэй зөвшилцсөн тохиолдолд барилгын загвар зураг батлуулах боломжтой бөгөөд загвар зураг эцэслэгдэн батлагдаагүй байхад шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2-д заасны дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0034*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэв.

 

4.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:  

4.1.*** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар хэсэгчилсэн талбай "ГХ-БЗД-07" багцын 9.4 га байршилд ГЭБЗ ББН-д НЗД-ын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/419 дүгээр захирамжаар батламжлагдсан төсөл хэрэгжүүлэх талбарт Хот байгуулалтын хөгжлийн газраас Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5 дахь заалт “холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх;”-ыг зөрчин Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/419 дүгээр захирамжаар батламжилсан *** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 хэсэгчилсэн талбай "ГХ-БЗД- 07" багцын 9.4 га байршилд иргэн О.Б*** жид 2021 оны М3Х2021/19-019 дугаартай. Я.Ч*** , Ү.О*** нарт 2022 оны M3X2022/01-004, Н.Х*** , Ц.Б*** нарт 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр М3Х2022/01-017 дугаартай орон сууцны зориулалттай архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон нь Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2202000128 дугаартай зөрчлийн хэрэг нээж гаргасан зөрчилд 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0034*** дугаартай шийтгэлийн хуудсаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэл ногдуулж, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.С-гаар хянуулж, Прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн. Үүнд:

Хот байгуулалт, хөгжлийн газраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн "Газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбар батлах тухай" 11 дүгээр тогтоолоор "ГЭБЗ" төслийн талбай 9.4 га-аар тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн A/419 дүгээр захирамжаар *** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 хэсэгчилсэн талбай "ГХ-БЗД-07" багцын 9.4 га байршилд хуучнаар Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ET-06/2016 дугаартай "*** дүүргийн 13 дугаар хороо, ГЭБЗ нөхөрлөлийн төслийн талбарын газар шинэчлэн зохион байгуулах ажлын даалгавар" өгч, 2016 онд эскиз зургийг баталсан ба тус талбарт иргэн О.Б*** жид 2021 оны M3X2021/19-019 дугаартай, Я.Ч*** , Ү.О*** нарт 2022 оны M3X2022/01-004, Н.Х*** , Ц.Б*** нарт 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр M3X2022/01-017 дугаартай орон сууцны зориулалттай архитектур төлөвлөлтийн Даалгавар олгосноос ГЭБЗ ЗБН болон иргэн Н.Х*** нараас өргөдөл гомдол ирүүлснээр зөрчлийн хэрэг бүртгэлийн нээх шаардлагатай болсон.

Тус 2016 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөөний зурагт тусгагдсан эдэлбэр газарт иргэн О.Б*** жийн 2021 оны МЗХ2021/19-019 дугаартай, Я.Ч*** , Ү.О*** нарын 2022 оны М3Х2022/01-004, Н.Х*** , Ц.Б*** нарын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр М3Х2022/01-017 дугаартай архитектур төлөвлөлтийн Даалгаврын эдэлбэр газар багтсан ба дээрх олгогдсон архитектур төлөвлөлтийн Даалгаврууд нь барилгын зориулалт, барилгажих талбайн хэмжээ, төлөвлөлтийн хязгаарын схем, давхрын өндрийг тусгасан тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулсан, тамга тэмдэг бүхий гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар үүсгэх захиргааны акт болно. Дээрх дугаар бүхий архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсоноор 2016 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөөний зургийг мөрдөх боломжгүй болж байгаа бөгөөд нэгдсэн төлөвлөлтгүй болж, улмаар архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсон иргэдийн эрх ашиг үүсэж байх тул тухайн даалгаврыг үндэслэн загвар зураг болон ажлын зураг хийлгэх, техникийн нөхцөл авах гэх мэт эрх бүрдэж, батлагдаагүй тохиолдолд тухайн иргэд эдийн засгаар хохирч (Архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсон иргэн Н.Х*** гийн гэрчийн мэдүүлгээр зураг төслийн байгууллагаар барилгын зургаа хийлгэсэн гэх) байгаа юм.

Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэн О.Б*** жид 2021 оны МЗХ2021/19-019 дугаартай, Я.Ч*** , Ү.О*** нарт 2022 оны М3Х2022/01-004, Н.Х*** , Ц.Б*** нарт 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр М3Х2022/01-017 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгохдоо Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-ын 3.1 дэх заалтыг баримталсан гэх бөгөөд уг заалт нь нэгэнт барилгын ажлын зөвшөөрөл олгохоор чиглэсэн байх ба архитектур төлөвлөлтийн Даалгавар нь эхний бүрдэл хэсэг юм. Энэ нь барилгын эскиз зураг батлах эсэхээс үл хамаарч батлагдсан ерөнхий төлөвлөгөөг зөрчиж байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1-4/2126 тоот албан бичгээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн албан бичигт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам батлах тухай” тогтоол нь захиргааны хэм хэмжээний актад бүртгэгдээгүй тул хүчин төгөлдөр бус гэсэн хариу ирүүлсэн болно.

Хот байгуулалт, хөгжлийн газраас Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн A/419 дүгээр захирамжаар *** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 хэсэгчилсэн талбай “ГХ-БЗД-07” багцын 9.4 га байршилд иргэн О.Б*** жид 2021 оны M3X2021/19-019 дугаартай, Я.Ч*** , Ү.О*** нарт 2022 оны М3Х2022/01-004, Н.Х*** , Ц.Б*** нарт 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр МЗХ2022/01-017 дугаартай орон сууцны зориулалттай архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон нь Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг зөрчсөн, Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0034*** дугаартай шийтгэлийн хуудсаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Гомдол гаргагч ХБХГ “Газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбайг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/419 дүгээр захирамжаар Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл болгон өөрчилж төсөл хэрэгжүүлэгчээр "ГЭБЗ" ЗБН-ийг батламжилсан бөгөөд төсөл хэрэгжүүлэгч нь 2016 онд батлагдсан загвар зураг /эскиз/-ийг өөрчлүүлэх хүсэлт ирүүлж, хянагдах шатандаа байна. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/459 дүгээр захирамжийн 1 дэх хэсэг /Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршилд төсөл хэрэгжүүлэгч эрх бүхий хуулийн этгээд болон түүнтэй зөвшилцсөнөөс бусад иргэн, хуулийн этгээдэд барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэхтэй холбоотой зөвшөөрөл олгохгүй байх/-т заасны дагуу дээрх иргэд "ГЭБЗ" ЗБН-тэй зөвшилцсөн тохиолдолд барилгын загвар зураг батлуулах боломжтой бөгөөд загвар зураг эцэслэгдэн батлагдаагүй байхад шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1.3 дах заалт нь 10000 нэгжээр торгоно гэж заасан хэсэг байхгүй, барилгын ажлын зураг төсөлтэй холбоотой заалт бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газраас зураг төслийг баталсан зүйл байхгүй тул үндэслэлгүй байна.” гэж, хариуцагчаас “Тус 2016 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөөний зурагт тусгагдсан эдэлбэр газарт иргэн О.Б*** жийн 2021 оны МЗХ2021/19-019 дугаартай, Я.Ч*** , Ү.О*** нарын 2022 оны М3Х2022/01-004, Н.Х*** , Ц.Б*** нарын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр М3Х2022/01-017 дугаартай архитектур төлөвлөлтийн Даалгаврын эдэлбэр газар багтсан ба дээрх олгогдсон архитектур төлөвлөлтийн Даалгаврууд нь барилгын зориулалт, барилгажих талбайн хэмжээ, төлөвлөлтийн хязгаарын схем, давхрын өндрийг тусгасан тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулсан, тамга тэмдэг бүхий гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар үүсгэх захиргааны акт болно” гэж тус тус маргасан.

3.Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч З.Г*** нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” 2202000128 дугаар эрх бүхий албан тушаалтны тогтоолоор гомдол гаргагч ХБХГ т холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1.3, 2.5 дахь заалтуудыг зөрчиж байгаа гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээжээ.

4.Маргаан бүхий Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0034*** дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч Хот байгуулалт, хөгжлийн газрыг *** дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хэсэгчилсэн талбай “ГХ-БЗД-07” багцын 9.4 га газарт гэр хорооллыг дахин барилгажуулах “ГЭБЗ” ЗБН-ийн хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг зөрчиж Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон зөрчлийг гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 12.5 зүйлийн 1.3-д заасныг үндэслэн 10000 нэгж буюу 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

5.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Газар шинэчлэл зохион байгуулах төслийн талбар батлах тухай” 11 дүгээр тогтоолоор “ГЭБЗ” төслийн талбай 9.4 га газар байхаар тогтоожээ.

6.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” А/419 дүгээр захирамжаар *** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, “ГХ-БЗД-07” багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 9.4 га “3” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг “ГЭБЗ” ЗБН-д олгож гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан байна.

7.Хариуцагч ХБХГ нь 2016 онд батлагдсан нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний зурагт тусгагдсан эдэлбэр газар буюу *** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 хэсэгчилсэн талбай “ГХ-БЗД-07” багцын 9.4 га байршилд иргэн О.Б*** жид 2021 оны МЗХ2021/19-019 дугаартай, Я.Ч*** , Ү.О*** нарт 2022 оны М3Х2022/01-004 дугаартай, Н.Х*** , Ц.Б*** нарт 2022 оны М3Х2022/01-017 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавруудыг олгосон байх бөгөөд энэ үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

8.Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 05  дугаар сарын 09-ний өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” 02/06/1603 дугаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн албан бичигт: “*** дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 14 дүгээр сургуулийн урд талд “ГЭБЗ нөхөрлөл” төслийн талбайд олгосон Архитектур төлөвлөлтийн даалгаврын талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч үр дүнд хүрсэн тухай дараах тайлбарыг хүргүүлж байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29 дүгээр тогтоолоор “Орон сууцны XIY хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гадаад дотоодын бизнесийн байгууллагад танилцуулж, хамтран ажиллах”-ыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр тогтоолоор Газар шинэчлэн зохион байгуулах “ГЭБЗ” төслийн талбар 9.4 га газрыг тогтоосон. Тус төслийн талбарт 2016 онд тухайн үеийн “Нийслэлийн Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ-ын захиалгаар хийгдсэн “ГЭБЗ нөхөрлөл” хотхоны загвар зураг /эскиз/-ыг баталсан боловч 2021 оныг хүртэл 5 жилийн хугацаанд 2 барилгын суурийн ажил эхлүүлсэн.

Тухайн газарт барилга барих хүсэлтүүд ирүүлснийг газар шинэчлэн зохион байгуулах төсөл хэрэгжих эсэх талаарх тодорхойгүй нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд дараах Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан болно.

Үүнд: иргэн О.Б*** жийн 4 дүгээр гудамжны 211, 212, 212а, 213, 214, 215 тоот хаягтай, өмчлөх эрхтэй газарт 2022 оны МЗХ2021/19-019 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, иргэн Я.Ч*** , Ү.О*** нарын 4 дүгээр гудамжны 297, 298 тоот хаягтай, өмчлөх эрхтэй газарт 2022 оны M3X2022/01-004 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, иргэн Н.Х*** , Ц.Б*** нарын 4 дүгээр гудамжны 209, 2096, 210 тоот хаягтай өмчлөх эрхтэй газарт 2022 оны М3Х2022/01-017 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар тус тус батлагдсан.

Уг асуудлаар тус газраас нийт 4 удаагийн 3 талт албан уулзалтыг зохион байгуулж, Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн боловч харилцан зөвшилцсөний дараа хурлаар хэлэлцүүлэх санал гарсны дагуу хойшлуулсан.

Мөн “ГЭБЗ” нөхөрлөлөөс албан тушаалтанд холбогдуулан Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан тул хянан шийдвэрлэгдсэний дараа эцэслэн шийдвэрлэх боломжтой болно.” гэжээ.

9.Хэрэгт нотлох баримтаар иргэн О.Б*** жид олгосон 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн МЗХ2021/19-019 дугаар, иргэн Я.Ч*** , Ү.О*** нарт 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн М3Х2022/01-004 дугаар, иргэн Н.Х*** , Ц.Б*** нарт 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн М3Х2022/01-017 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврууд хавсралт төлөвлөлтийн хязгаарын схем зургуудын хамт авагджээ.

10.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл гомдол гаргагч ХБХГ нь Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний газартай давхцуулах иргэдэд архитектур төлөвлөлтийн даалгавруудыг олгосон гэх үйл баримт тогтоогдож байна.

11.Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйл.“Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хориглох зүйл”, 24.1.“Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараахь зүйлийг хориглоно:”, 24.1.5.холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх;” гэж заажээ.

12.Хуулийн дээрх заалтаас үзвэл хот, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх хориотой байна.

13.Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйл. “Хот байгуулалтын тухай хууль зөрчих”, 1.“Хот байгуулалтын тухай хуульд заасан:”, 1.3.“барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх;”, 1.4.“... хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж тус тус заажээ.

14.Дээрх хуулийн заалтуудаас үзвэл барилга байгууламжийн зураг төсөл нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөгөөр олгогдсон газартай уялдсан байхаар байх бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд хуулийн этгээдийг 10 000 000 төгрөгөөр торгох зохицуулалттай байна.

15.Архитектур төлөвлөлтийн даалгавар гэж хаана, ямар байршилд, ямар стандарт хэмжээтэй барилга байгууламж барих талаар эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичиг тул барилга байгууламжийн зураг төсөл гэж үзэх үндэслэлтэй.

16.Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, гомдол гаргагч Хот байгуулалт, хөгжлийн газрыг Хот байгуулалтын тухай хуульд заасан хориглолтыг зөрчиж, хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр олгогдсон газартай уялдуулалгүйгээр давхцуулан барилга байгууламжийн зураг төсөл баталсан гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

17.Иймд дээрх үндэслэлээр гомдол гаргагч Хот байгуулалт, хөгжлийн газрын “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0034*** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5, Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1.3, 1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хот байгуулалт, хөгжлийн газрын “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0034*** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ГАНБАТ