Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 46

 

           Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, шүүгч Х.Санжидмаа, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Иргэдийн төлөөлөгч А.Ганцэцэг,

Улсын яллагч Н.Эрдэмбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

  Хохирогч нарын өмгөөлөгч Ж.Цээсүрэн, 

Шүүгдэгч Б.Буджав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллагдагч Б.Буджавт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201617000357 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн харьяат, 1970 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар сумын 2 дугаар баг Гандангийн 2-4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2008.05.02-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар ЛЗ70021472, Буурал овгийн Бухаагийн Буджав.

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр /:

     

Шүүгдэгч Б.Буджав нь Сүхбаатар сумын 4-р багийн нутаг “Цав” гэх газарт байх хадлан дээр 2016 оны 12 сарын 01-ний өдөр 21 цагийн үед Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Лиу Чинг Еэ, Яа Гуо Ганг нарыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэсний улмаас Лиу Чинг Еэгийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулж, галт зэвсэг хэрэглэж догшин авирлаж танхайрсан,

мөн танхайрах явцдаа Лиу Чинг Еэгийн гагнуурын аппарат, 25 килограммаар савласан 2 шуудай гурил, 25 килограммаар савласан БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 шуудай гурил, 25 килограммаар савласан 1 шуудай цагаан будаа, 20 литрийн тосол 1 ширхэг, гидрийн шингэн 17 литр 1 ширхэг, масло 18 литр 1 ширхэг, Яа Гуо Гангаас 20000 төгрөг, 600 юань зэргийг дээрэмдэн авч бусдад 1.153.844 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

  - Шүүгдэгч Б.Буджав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 12 сарын 01-ний өдөр 15 цаг орчимын үед би хуурай дүү Амраа, Ганзориг нартай найз Буджавынх руу идэшний үхэрт явсан. Замдаа 2 пиво, 2 шил архи уусан. Тэгээд Буджавынд очиход эхнэр нь Буджавыг машинтайгаа Сүхбаатар сум руу явсан, хэзээ ирэхийг нь мэдэхгүй гэж хэлсэн. Тэр үед манай сумын Дугараа гэдэг ах хадлан хариуцаад байж байгаа гэж сонссон байсан. Тэгээд Дугараа ахын хадлан хаана байна гэж асуухад Буджавын эхнэр эндээс ойрхон байгаа та хэд олохгүй байх гэж хэлсэн. Тэгээд Буджавынхаас гараад Дугараа ахын хадланг олохгүй төөрсөн. Төөрөөд явж байхад машины гэрэл гарахаар нь дохиод тэр машины хүнтэй уулзсан. Тэр хүн нэг нүд нь жаахан эвгүй хүн байсан, би нэрийг нь мэдэхгүй. Тэр хүн би утасны сүлжээ хайгаад явж байна, та нар намайг дагаад яв гээд Дугараагийн хадлан дээр очсон. Бид нарыг очиход нэг хятад хүн мантуу жигнээд, мах хуураад хоол хийж байсан. Хоол болоод бид хоол идэх гэтэл хоол хийсэн мах нь зээрийн мах байсан. Би та нар хүний нутагт өвсийг нь хадаж байж зээрийг нь аллаа гэж уурлаад зээрийг хөөж алсан уу? буудаж алсан уу гэж асуухад хятад хүн толгой сэгсрээд байсан. Би буудаж алсан уу гэж үзүүлэх гэж би буудсан. Миний халаасанд сум байсан. Тэгээд байж байхад нэг хятад залуу ирсэн. Би бас тэр залууг алгадсан. Гэтэл тэр хоёр хятад хүн машин дээр өөрсдөө будаа гурил ачаад байсан. Бас надад мөнгө өгөхөөр нь авахгүй гэхэд миний халаасанд хийсэн. Тэгээд тэр хоёр хятад хүн зугтаад алга болсон. Тэр оройдоо Буджавынд очиж хоноод маргааш нь Сүхбаатар сум руу явсан. Сүхбаатар суманд очоод Дугараа ахтай уулзаад танай хадлан дээр байгаа хятадууд зээрийн мах идэж байна би жаахан айлгаад орхисон. Гэтэл тэр хятадууд чинь будаа гурил ачсан авах уу гэхэд би яаруу явж байна. Ирээд авъя гэж хэлсэн. Би сумын захиргаанд хүлээлгэж өгөх үү гэж асуусан. Дугараа ах асуудал үүсгээд яах вэ би явж ирээд авъя гэж хэлсэн. Ийм л зүйл болсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Би эрүүл мэндийн хувьд сахарын өвчнөөс болж хөлд маань үхжилт явагдаж байгаа. Яаралтай явж эмчлүүлэхгүй бол хөлгүй болох магадлалтай. Энэ бүгдийг харгалзан хөнгөн ял шийтгэж өгнө үү... гэв. 

 

  - Хохирогч Лиу Чинг Еэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би  өмгөөлөгч Ж.Цээсүрэн, орчуулагч Ө.Энхболд нарыг оролцуулан байцаалт өгч байна. Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хадлан дээр ажиллаж байгаа юм. 2016.12.01-ний өдөр манай хадлангийн Дугараа гэх хүнийг Сүхбаатар сумын төв рүү хүргэж өгөхөөр Яа Гуо Ганг явсан. Би ганцаараа хадлангийн сендвичэн сууцанд сууж байтал манай урд хадлангийн нэг нүд нь сохор юм шиг залуу хар жийп машинтай, нөгөө гурван залуу нь ногоон ачааны машинтай ирсэн. Хаалгаа нээхэд “ яагаад гэрэлгүй байгаа юм бэ, гэрлээ асаахгүй яасан юм “ гээд байсныг би хэл мэдэхгүй ч гэсэн дохио зангаагаар ойлгоод байсан. Тэгээд урд хадлангийн хүний мотороор гэрэл гаргасан. Тэд дөрвүүлээ манай сууц руу орсон. Тэгснээ өндөг идье гэхээр нь өндөг гаргаж өгсөн. Мөн үхрийн махтай өндөгтэй хоол хийж өгсөн. Хоол идэж дуусаад халзан, эрүүндээ урт сахалтай биерхүү хүн юм хэлээд хэд хэдэн удаа намайг цохисон. Яах гэж цохисон талаар мэдэхгүй байна. Учир нь би хэлийг нь ойлгохгүй, надад юм хэлээд л байсан. Тэгснээ гаднаас 1 залуу нь буу оруулаад ирсэн. Сахалтай залуу нь буугаа бариад надад харуулаад заагаад юм яриад байсан. Тэгснээ дээш нь харуулж байгаад сумаа хийгээд буудчихсан. Тэгээд бууг нь нэг залуу нь аваад гарсан. Гэтэл гаднаас Яа Гуо Ганг ороод ирсэн чинь намайг цохидог залуу цохисон. Тэгээд юм авах гээд байгаа юм болов уу гэж бодоод 3 шуудай гурил, 1 шуудай будаа, гидрийн шингэн, тосол, масло, гагнуурын аппарат зэргийг ачсан. Яа Гуо Ганг бид хоёр машиндаа суугаад зугтаасан. Яа Гуо Ганг нөгөө залууд мөнгө гаргаж өгч байсан. Хэдэн төгрөг өгсөнийг мэдэхгүй. Юм хэлээд байхаар нь юм авах гээд байна гэж бодоод л ачсан. Бид хоёрыг юм ач гээд ачуулсан зүйл байхгүй. Эмнэлэгт үзүүлсэн төлбөр болон шуудай будааныхаа үнийг нэхэмжилж байна. Эд зүйлсээ будаанаас бусдыг нь авсан. Би Буджавыг хутга барьсан талаар хараагүй. Намайг алхаар цохиогүй гараа атгаж байгаад цээж рүү цохисон. Би хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаанд суухгүй. Өмгөөлөгч Ж.Цээсүрэнг цаашид бусад ажиллагаанд оролцуулна...гэжээ. /хх-24-26 /

 

           - Хохирогч Яа Гуо Ганг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би   байцаалтандаа өмгөөлөгч Ж.Цээсүрэнг оролцуулан байцаалт өгч байна. Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хадлан дээр ажиллаж байгаа юм.  2016.12.01-ний өдөр манай хадлангийн Дугараа гэх хүнийг Сүхбаатар сумын төв рүү хүргэж өгөхөөр явсан. Тэгээд Лиу Чинг Еэ хадлан дээрээ үлдсэн. Сумаас 20 цаг өнгөрч байхад хадлан дээрээ ирээд амьдарч байсан сууц руугаа орсон чинь намайг нэг сахалтай биерхүү хүн шууд цохисон. Тэгээд миний ойлгосноор мөнгө гээд байх шиг байхаар нь 600 юань, 20000 төгрөг өгсөн. Тэгээд машин дээр нь 3 шуудай гурил, 1 шуудай будаа, 3 савтай тос, гагнуурын аппарат зэргийг ачаад дараа нь мотор ачих гэж байгаад дийлэхгүй болохоор нь Лиу Чинг Еэ бид хоёр машиндаа суугаад зугтаасан. Эхлээд би 1000 орчим юань байсан гэж бодоод байсан чинь сүүлд санаад байхад 600 юань байсан байна лээ. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Би хэлийг нь мэдэхгүй учраас намайг цохихоор нь юм авах гэж байна гэж бодоод ачсан, мөн мөнгө өгсөн. Би 600 юань, 20000 төгрөгөө авсан болохоор надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Би хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаанд суухгүй. Өмгөөлөгч Ж.Цээсүрэнг цаашид хэргийн материалтай танилцах бусад ажиллагаанд Лиу Чинг Еэ бид хоёрыг төлөөлж оролцоно...гэжээ /хх- 29-30 /

 

- Гэрч Э.Ганзориг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016.12.01-ний өдөр Амартайваны 43-99 СБА улсын дугаартай ачааны ногоон өнгийн машинтай Амартайван машинаа бариад Буджав ах бид хоёр хамт суугаад сумаас урагш Асгатын нутагт байдаг Буджавын гэдэг айл руу үхэр авна гэж явсан. Сумаас гарахдаа 0.75 литрийн Улаанбаатар архи 1 шил, Титэм нэртэй архи 1 шилийг, 2 том савтай Боргио аваад гарсан. Замдаа 2 савтай Боргиогоо бид 3 хувааж уусан. Тэгээд 15 цаг өнгөрөөгөөд Буджавын гэдэг айл дээр очиход Буджав гэх хүн байхгүй байсан. Тэгээд хүлээж байгаад ирэхгүй болохоор нь Буджав ах манай сумын Дугараа ах ойрхон хадлан дээр байгаа гэсэн очиж уулзая гээд хайж явсаар орой болсон. Тэгтэл Ланд-200 тай нэг нүд нь сохор юм шиг ах таараад зам зааж өгч бид нар хадлан дээр очиход тэнд Дугараа ах байхгүй, нэг хятад иргэн гэрэлгүй сендвичэн чиргүүлнээс гарч ирсэн. Тэгээд дөрвүүлээ дотогшоо ортол хоол хийж байсан. Тэгээд Буджав ах нөгөө хятад иргэнээс Дугараа ах байгаа юу гэж асуугаад байхад нөгөөх нь ойлгохгүй байсан. Тэгээд Буджав ах гаднаас 1 шил архи аваад ир гээд Амартайванг гаргаж байсан. Тэгээд архийг би тойруулаад хятад иргэн болон зам зааж өгсөн хүнд өгөхөд уухгүй байсан. Амартайван бид хоёр архинаас гурав гурав татсан. Үлдсэнийг нь Буджав ах уусан. Тэгээд хоол хийж өгөхөөр нь идсэн чинь зээрийн мах байсан. Тэгээд Буджав ах уурлаад та нар Монголд ирээд өвсийг нь хадна, бас зээрийг нь алж идээд даварч байгаа юм биш үү гэхэд нөгөө хятад нь ойлгохгүй байсан. Тэгээд буу аваад ир жаахан айлгаадахая гээд надад хэлэхээр нь Амартайвангийн машинд байсан бууг авчирсан. Амартайван хөдөө гарахдаа Мөнхбат гэдэг хүнээс бууг авсан. Буджав ах сууж байсан газраа бууг барьчихаад энийг мэдэх үү гээд байсан. Тэгснээ Буджав ах дээшээ буудсан. Тэгээд бууг нь булааж аваад гаргаж машинд хийгээд ороод иртэл Буджав ах хятад иргэнийг цохиж байсан. Тэгээд боль гэсэн чинь бид хоёрыг хятад иргэний талд орлоо гээд загнаад байсан. Гаднаас нэг хятад иргэн орж ирсэнийг мөн нэг удаа цохисон. Тэгээд зам зааж өгсөн ах яваад өгсөн. Гэтэл нөгөө хоёр хятад нь 3 шуудай гурил, 1 шуудай будаа, 3 савтай шингэн зүйл, гагнуурын аппарат зэргийг ачаад гүйгээд байснаас машиндаа суугаад зугтаачихсан. Тэгээд машиндаа суугаад Буджав гэдэг айл руу явж байхад Буджав ах мөнгө гаргаж ирээд байсан. Хэзээ авсаныг мэдэхгүй байна. Тэгээд маргааш нь үхрээ аваад суман дээр ирээд наад юмнуудаа манайд буулгачихаарай зээр алсан төлбөрт нь суманд тушаана гээд байсан. Тэгээд гэрт нь буулгасан. Харин нэг шуудай будаа нь гадаа хаягдсан байсан. Амартайван бид хоёр эд зүйл болон мөнгөнөөс авсан зүйл байхгүй. Буджав ах хутга барьсан зүйл байхгүй, харин гартаа савх шиг зүйл барьсан байсан ... гэжээ /хх-33-34 /

 

  - Гэрч Т.Амартайван мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2016 оны 12 дугаар сарын 01-ний 12 цагийн үед Сүхбаатар сумаас өөрийн эзэмшлийн 43-99 СБА улсын дугаартай ногоон Дина гэсэн машинаа унаад Буджав ах, Ганзориг нарын хамт Асгатын Буджав гэх айл руу “Цав” гэх газар луу яваад 15 цагийн үед очсон. Очиход Буджав гэх хүн нь гэртээ байхгүй байсан ба хүлээж байгаад Буджав ах хадлан дээр байгаа Дугараа ахтай очиж уулзая гээд явсан. Тэгээд хадлан байгаа газрыг нь хайж явж байгаад олохгүй харанхуй болсон. Тэгээд хар өнгийн Ланд-200 маркийн машинтай нэг нүд нь сохор юм шиг хүнтэй таараад зам заалгаж очсон. Тэгэхэд сэндвичэн чиргүүл дотроос нэг Хятад иргэн гарч ирэхээр нь дотогшоо орсон чинь хоол хийж байсан. Тэгээд Буджав ах намайг машинаас архиа аваад ир гэхээр нь гарч 0,75 литрийн Улаанбаатар архи авчирч өгсөн. Тэрийг Ганзориг тойруулаад зам зааж өгдөг ах, Хятад иргэн хоёрт хийж өгсөн чинь уухгүй гэсэн. Ганзориг бид хоёр гурав гурав татсан ба үлдсэнийг нь Буджав ах уусан. Тэгээд хоол идсэн чинь хоол нь зээрийн махаар хийсэн байсан. Буджав ах та нар Монголын нутагт өвсийг нь хадаад болоогүй зээрийг нь идэж байна гэж хэлсэнээ, энийг жаахан айлгачихая гээд байсан. Би бие засчихаад ороод иртэл машинд байсан бууг оруулж ирээд Буджав ах сууж байсан газраа барьчихсан байж байсан. Хэн оруулж ирсэнийг мэдэхгүй байна. Тэгээд буугаа бариад Хятад руу заагаад чи энийг мэдэх үү гэсэн чинь ойлгохгүй байсан. Тэгээд Буджав ах нэг шанаадаж байсан тэгээд буугаа барьж байгаад кармаанаасаа 2 сум гаргаж ирээд нэгийг нь хийж цэнэглээд дээшээ буудсан. Тэгтэл гаднаас бас нэг Хятад ороод ирэхэд тэрийг нь Буджав ах нэг удаа цохисон. Тэгсэн чинь наадуул чинь зээр алсан байна төлбөрийг нь суманд аваачиж хийнэ гээд 3 шуудай гурил, 3 савтай шингэн зүйл, нэг гагнуурын аппарат, нэг шуудай будаа зэргийг 2 Хятад иргэн нь өөрсдөө ачаад байсан. Буджав ах бид 3 бол юм ач гэж хэлээгүй. Тэгтэл 2 Хятад нь гараад машинтайгаа зугтаасан. Тэгээд бид нар яваад Буджав гэх айлд очоод унтсан ... гэжээ. /хх-43/

 

- Гэрч Б.Хүрэлбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн юм. Миний бие нутаг орондоо эрхэлсэн тодорхой ажил байхгүй юм. Миний бие Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд ирсэн учир нь 2016 оны 08 дугаар сард би Улаанбаатар хотод явж байтал Сүхбаатар аймагт хадлангийн тогооч ажилд авна гэхээр нь зарын дагуу хүнтэй уулзаж ажилд орсон юм. Ингээд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт Цагаанхүү гэх хүн хариуцаж ажиллаж байсан хадланд 2016 оны 08-р сарын 25-наас эхлэн тогоочоор ажилласан юм. Миний ажиллаж байсан хадлангийн газарт БНХАУ-ын  иргэд байгаагүй. Манай хадлангаас зүүн хойд зүгт ойролцоо Сүхбаатар сумын Дугарбаярын хадлан гэх хадлан байдаг байсан. Миний хувьд Дугараа гэдгээр нь таньдаг учир Дугараагийн хадлан гэдэг байсан. 2016 оны 12-р сарын 01-ний орой харанхуй болчихсон байсан үед хүний ланд-200 маркын авто машинтай гар утсаар ярих гээд арай өндөрлөг газар дээр гараад гар утасны сүлжээ хайгаад явж байтал авто машины гэрэл дохиод байхаар нь зөрүүлээд дохьсон чинь хүрээд ирсэн. Ирсэн машин нь гэвэл ачааны бага оврын авто машин байсан бөгөөд авто машинаас махлагдуу сахалтай залуу болох Буджав /сүүлд нэрийг нь мэдсэн/ бууж ирээд Дугараагийн хадлан хаана байна вэ төөрчихөөд байна гэхээр би гар утасны сүлжээ хайгаад явж байна Дугараагийн хадлангийн зүүн хойноос гар утасны сүлжээ барьдаг юм би утсаар ярих гэж явж байна миний явах зам Дугараагийн хадланг дайрч гарна гэж хэлээд дагуулаад газарчилаад явсан. Дугараагийн хадлан дээр ирсэн чинь Дугараа байхгүй арай залуувтар хятад иргэн нь байхгүй, харин туранхай биетэй настайдуу хятад иргэн нь ганцаараа зүүн талынхаа вагончикт байж байсан. Миний бие хятад иргэнд хандаж мотороо асааж гэрэл гаргахгүй яасан юм гэхэд тухайн иргэн өөрийнхөө моторыг зааж татах багажийг заагаад асахгүй байгаа гэсэн дохио үзүүлэхээр нь миний машинд гэрэл гаргадаг мотор байсан учир тухайн Хятад иргэнд үзүүлсэн чинь толгойгоо дохихоор нь моторыг буулгаж асааж гэрэл гаргасан. Буджавын машинаас Буджаваас гадна 2 залуу байсан. Бид нар бүгд хятад иргэний байрлаж байсан воганчикт орж сууцгаасан. Урдаасаа ордог хаалгатай бөгөөд хаалганы баруун хэсэгтэй урд хойд талын ханыг налуулж давхар 2 төмөр ор тавьчихсан голоор нь явах зайтай хаалганы зүүн талаар гал тогоо, зуухны хажуугаар авто машины тос, масло зэрэг савтайгаа, 2 орны завсарт буюу баруун хана тулгаад гурил будаа хураачихсан байсан.Буджав нь зээрийн махаар хоол хийсэн байна гэж Монгол хэлээр хэлж уурлаад байсан. Хятад иргэнд хандаж та нар өвсийг хадна дээрээс нь зээр агнаж хоол хийлээ гэж хэлсэн чинь хятад иргэн толгойгоо сэгсэрээд байсан.Тэгтэл Буджав нь буу аваад ир гэж хэлтэл өмнө архи авчирч байсан залуу нь гарч калибрь маркийн буу гаднаас оруулаад ирсэн. Буджав нь бууг аваад ингэж буудсан уу гээд буугаа үзүүлээд байсан. Буугаар зээр буудсан уу гээд л гараараа бууг зааж байгаад бууг дээшээ буудсан. Буу дуугарахаар нь буугаа далд хий гэсэн чинь Буджавтай хамт ирсэн 2 залуу нь бууг аваад гараад явчихсан. Буджав Хятад иргэн бид 3 үлдээд байж байтал Буджав нь зээр яаж алсан бэ гээд л уурлаж байгаад 2 орны голд босоод зогсчихсон байхад Буджав нь баруун гараараа хацар луу нь нэг удаа алгадсан чинь ор луу ойчоод өгсөн. Босч ирэх үедээ хамарнаас нь цус гарчихсан байсан. Хутга бол огт бариагүй ... гэх мэдүүлэг. / хх-100-101/ 

 

  - Гэрч Д.Дугарбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “.... 2016 оны 11 дүгээр сараас эхлэн БНХАУ-ын иргэн хүн Сүхбаатар сумын Засаг Даргын Тамгын Газартай хамтарсан гэрээ байгуулж Сүхбаатар сумын төвөөс урд зүгт 50 орчим км-т уулын тал, “Цав” гэх газар хадлан хадсан юм. Миний бие Монгол галаасаа хариуцаж ажиллаж байсан юм. Тэрнээс биш хөрөнгө оруулж хадлан хадуулж байсан зүйл байхгүй. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хадлангаа хадаж дуусчихаад хадсан өвсөө нуруулдчихсан өвсөө манаад БНХАУ-ын 2 иргэний хамт 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байж байгаад 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг өнгөрч байхад надтай хамт байсан 2 хятад иргэний настайвтар хятад иргэн нь үлдээд арай залуухан хятад иргэнээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын төвд байх гэртээ авто машинаар хүргүүлчихээд буцаагаад Хятад иргэнийг хадлангийн газарлуугаа явуулчихсан юм. Хэзээ очсоныг мэдэхгүй. 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн орчимд байх Буджав нь Сүхбаатар сумын төвд байх манай гэрт Амартайван, Ганзориг нарын хамт ногоон өнгийн бага оврын ачааны авто машинтай ирээд би танай хадланруу өчигдөр очиж таньтай уулзах гэсэн чинь та байхгүй харин танай ажлын хятад иргэд хоол хийж өгсөн чинь зээрийн махаар хоол хийхээр нь зодчихоод юмыг нь аваад ирсэн та эд зүйлээ ав гэхээр нь ямар эд зүйл аваад ирвээ гэхэд манай гэрт байгаа та очиж үз гэхээр нь Буджавын гэрт очиж үзэхэд гагнуурын аппарат, ууттай 3 ширхэг гурил, 3 ширхэг савтай зүйл байсан. Миний хувьд тухайн өдөр хөдөө идшиндээ явах гэж байсан бөгөөд одоо авахгүй би хөдөө идшиндээ явлаа ирээд авъя гэж хэлээд Буджавтай нийлж 1 пиво уучихаад яваад өгсөн Буджав нь эд зүйлийг захиргаанд өгчих үү гэж асууж байсан. Болсон асуудлын талаар сайн асуугаагүй ... гэжээ./хх-107/ 

 

- Гэрч А.Нэргүйн мөрдөн байцаалтанд өгсөн: Уг бууг Батсайхан овогтой Мөнхбат гэх хүнд 2004 онд зарж байсан. Одоо уг буу Мөнхбат гэх хүн байгаа. Нэрийг нь бол шилжүүлээгүй. Буугаа өгөхдөө бичиг баримтаа хамт өгсөн гэх мэдүүлэг./хх-46/

 

- 2004 онд Нэргүй гэх хүнээс уг бууг авч байсан. Уг буу нь над дээр бүртгэлтэй байгаа. Уг бууг 2016.12.01-ний өдөр хотод байхад манай сумын Амартайван над руу яриад таны буу хаана байгаа вэ? Хөдөө явах гэж байна буугаа өгчих гэхээр нь гэр байгаа байх гэж хэлсэн. Гэхдээ аваарай гэж бол хэлээгүй. Тэгсэн манай гэрээс очоод аваад явсан байсан. Одоо уг буу нь цагдаад хураалгасан байгаа гэж Амартайван надад хэлсэн гэх мэдүүлэг /хх-45/

 

- Шүүхийн шинжилгээний албаны 2016.12.08-ны өдрийн 517 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Лиу Чинг Еэгийн биед тархи доргилт, баруун нүдний алминд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, эрүүний баруун доор цус хуралт, зөөлөн эдийн язрал, зүүн доор цус хуралт, зүүн чихний дэлбээнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэргийн тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэжээ /хх- 50/.        

      

- Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 516 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Яа Гуо Гангийн биед 1 шүдний эмтрэл, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ.

 

-  Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10610 дугаартай дүгнэлтэнд: 1.Шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн АЕН1466 дугаартай замагны 1466 дугаартай буугаар буудлага үйлдсэн байна. 2.2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр буудлага үйлдсэн эсэхийг тогтоох буюу цаг хугацаа тогтох  шинжилгээ хийх боломжгүй гэжээ.

-  Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 7227 дугаартай дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ОХУ-д ан агнуур, спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн гол төмөр 5.6 миллметр калибрьтай ТОЗ-8.01 загварын галт зэвсэг ирүүлжээ. 2. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэгээр буудлага үйлдэх боломжтой гэжээ.

 

           - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем, гэрэл зураг /хх-3-7/    

-   Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх- 08-15/      

-   Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. 2016.12.13 /хх-16/

-   Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол /хх-17/

-  Ө.Энхбатын D200817279 дугаартай бакалаврын дипломын хуулбар/хх-32/

-  Б.Буджавын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-83/

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2008.05.02-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-84-86/

-  Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-92-93/

-  Эд зүйлийн үнэлгээ. 2016 оны 12 сар /хх-113/ 

- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017.03.24-ний өдрийн 49 тоот тодорхойлолт /хх- 115/

-  Сүхбаатар аймаг дахь Монгол банкны салбарын 2017.03.22-ны өдрийн А/32 тоот албан бичиг /хх- 117/

- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын хэв журам хамгаалах тасгийн  2017.03.24-ний өдрийн 4/122 тоот албан бичиг /хх- 119/

- Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын магдлагааны акт. 2017.04.28 /хх-137-139/

-  Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. 2017.05.04 / хх- 145-147/ 

-  Цагдаагийн ерөнхий газрын 2017.04.28-ны өдрийн 8б/1100 дугаартай албан бичиг /хх-153/

-  Хил хамгаалах ерөнхий газрын хилийн 0146 дугаар ангийн 2017.05.12-ны өдрийн 1/91 дугаартай албан бичиг /хх-155/

-  Баруун-Урт сумын эд зүйлийн үнэлгээ. 2017.05.03 /хх-168/...зэрэг болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Буджавыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар сумын 4-р багийн нутаг “Цав” гэх газарт байх хадлан дээр ямар ч шалтаг шалтгаангүйгээр бусдыг зодож улмаар зэвсгийн чанартай зүйл болох хутга, буу зэргийг хэрэглэж БНХАУ-ын иргэн Лиу Чинг Еэгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан танхайрсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3,

мөн танхайрах явцдаа Лиу Чинг Еэгийн гагнуурын аппарат, 25 килограммаар савласан 2 шуудай гурил, 25 килограммаар савласан БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 шуудай гурил, 25 килограммаар савласан 1 шуудай цагаан будаа, 20 литрийн тосол 1 ширхэг, 17 литр гидрийн шингэн 1 ширхэг, 18 литр масло 1 ширхэг, БНХАУ-ын иргэн иргэн Яа Гуо Гангаас 20000 төгрөг, 600 юань зэргийг дээрэмдэн авч бусдад 1.153.844 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ ” гэж заасан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй хөнгөн хууль гэдэгт гэмт хэргийн шинжийг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл агуулгад орж буй өөрчлөлт, хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлсэн эрүүгийн хуулийн зохицуулалтын хэм хэмжээнүүд хамаарахаар байна.

 

Иймд шүүгдэгч Б.Буджавын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар сумын 4-р багийн нутаг “Цав” гэх газарт байх хадлан дээр ямар ч шалтаг шалтгаангүйгээр бусдыг зодож улмаар зэвсгийн чанартай зүйл болох буу  хэрэглэж БНХАУ-ын иргэн Лиу Чинг Еэгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан танхайрсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлж байсан “ танхайрах ” гэмт хэрэг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд байхгүй болсон, түүний дээрх үйлдлийн улмаас бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх, 

мөн Б.Буджавын холбогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “ бусдын эд хөрөнгийг дээрэмдэх “ гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан, шинэчлэн найруулсан энэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ял хөнгөрсөн байх тул Б.Буджавын уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Дээрэмдэх “ гэмт хэргээр тус тус зүйлчилсэн нь үндэслэлтэй байх бөгөөд энэ нь гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтанд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Б.Буджав нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн үед Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн нутаг “Цав” гэх газарт байх хадлан дээр БНХАУ-ын иргэн Лиу Чинг Еэг зодож эрүүл мэндэд нь “ тархи доргилт, баруун нүдний алминд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, эрүүний баруун доор цус хуралт, зөөлөн эдийн язрал, зүүн доор цус хуралт, зүүн чихний дэлбээнд цус хуралт ” бүхий хөнгөн хохирол учруулсан, 

мөн БНХАУ-ын иргэн Лиу Чинг Еэгийн гагнуурын аппарат, 25 килограммаар савласан 2 шуудай гурил, 25 килограммаар савласан БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 шуудай гурил, 25 килограммаар савласан 1 шуудай цагаан будаа, 20 литрийн тосол 1 ширхэг, гидрийн шингэн 17 литр 1 ширхэг, масло 18 литр 1 ширхэг, Яа Гуо Гангаас 20000 төгрөг, 600 юань зэрэг эд хөрөнгийг авч бусдад 1.153.844 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтууд болох өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгч Б.Буджав, хохирогч Лиу Чинг Еэ, Яа Гуо Ган, гэрч нарын мэдүүлгүүд болон Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 516, 517 тоот, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7227, 10610 тоот дүгнэлтүүд, шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааны акт, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Иймээс шүүгдэгч Б.Буджавыг БНХАУ-ын иргэн Лиу Чинг Еэг зодож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах ”, мөн БНХАУ-ын иргэн Лиу Чинг Еэг гагнуурын аппарат, 25 килограммаар савласан 2 шуудай гурил, 25 килограммаар савласан БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 шуудай гурил, 25 килограммаар савласан 1 шуудай цагаан будаа, 20 литрийн тосол 1 ширхэг, гидрийн шингэн 17 литр 1 ширхэг, масло 18 литр 1 ширхэг, Яа Гуо Гангаас 20.000 төгрөг, 600 юань зэрэг эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Дээрэмдэх “ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хэргийн баримтаас үндэслэхэд шүүгдэгч Б.Буджав БНХАУ-ын иргэн Лиу Чинг Еэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг зээрийн махаар хоол хийлээ гэдгээр шалтаглан хувийн сэдэлтээр, харин  Лиу Чинг Еэ, Яа Гуо Ганг нарын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг тус тус санаатайгаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатарын шүүгдэгч Б.Буджавын гэм буруугийн талаар маргаж буй “ 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд Бусдын амгалан тайван байдлыг бүлэглэн зөрчиж гэж заасан. Б.Буджавын үйлдэлд бүлэглэн үйлдсэн зүйл байхгүй. Иймээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна. Танхайрсан үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Хөнгөн гэмтэл гэж үзэж байгаа бол энэ хэргийн хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа дууссан. Иймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б.Буджав дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй. Дээрэмдэх гэдэг нь довтолсон, амь биед аюултайгаар хүч хэрэглэсэн, эд зүйлийг нь авах гэж эргэлт буцалтгүйгээр довтолж байгааг ойлгодог. Хятад улсын иргэд өөрсдөө гурил будаа ачиж, мөнгийг өөрсдөө өгсөн байдаг. Хятад иргэд өөрсдөө эд зүйл ачсан гэж мэдүүлсэн. Миний үйлчлүүлэгч нутаг орноо хамгаалах зорилгоор хятад иргэдийг зодсон болохоос дээрэмдэх санаа зорилго байгаагүй. Дугарбаярт сумын захиргаанд эд зүйлийг өгөх үү гэж асуухад Дугарбаяр асуудал болгоод яах вэ би идшиндээ явж ирээд авна гэж хэлсэн байдаг. Мөнгө халаасанд нь хийсэн асуудал бол архи уучихаад согтуу байсан учраас ойлгоогүй байх боломжтой. Иймээс хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Дээрмийн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэх тайлбарыг шүүх үндэслэлгүй, хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд танхайрах гэмт хэрэг гэсэн ойлголт байхгүй болсон ч түүний үйлдлээс бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан“ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байгаа тул энэ зүйл ангиар зүйлчлэгдэх юм.

 

  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн ”-т гэж зааснаар тодорхойлогдох ба өөрөөр хэлбэл, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг биш бөгөөд уг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй болно.

 

Мөн хэрэгт авагдсан баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Б.Буджав нь Лиу Чинг Еэ, Яа Гуо Ганг нарын эд хөрөнгийг дээрэмдэхдээ амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон нөхцөл байдал үгүйсгэгдэх бөгөөд харин бусдын өмнө илээр, хүч хэрэглэхгүйгээр өөрсдөөр нь ачуулж, тэдгээрийн өмчлөх эрхэд хууль бусаар халдсан нөхцөл байдал хэрэгт тогтоогдсон байна. Энэ нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан, энэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ял хөнгөрсөн байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн болно. 

 

Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, бусад хууль тогтоомжоор хүний өмчлөх эрх хамгаалагдсан бөгөөд бусдын өмчлөлийн эд хөрөнгийг мэдсээр байж, ямар нэгэн гэрээ, хэлцэл, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр машинд ачиж явсан шүүгдэгч Б.Буджавын дээрх хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан  өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж үзнэ.

Иймд шинэ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж зүйлчлэлүүдийг хөнгөрүүлэн өөрчилж шүүгдэгч Б.Буджавыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах ”, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Дээрэмдэх “ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

Б.Буджав нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус заасан шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болох ба харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Буджавын үйлдсэн “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах ” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Дээрэмдэх ” гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь түүний согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл болсон, мөн гэмт хэрэг үйлдэхдээ бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор галт зэвсэг хэрэглэсэн нь хэрэгт нотлогдсон тул хуульд заасан дээрх хязгаарлалтыг тогтоосон болно.

 

Түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас БНХАУ-ын иргэн Лиу Чинг Еэд хөнгөн гэмтэл учирсан боловч хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, иргэн Лиу Чинг Еэгийн гагнуурын аппарат, 25 килограммаар савласан 2 шуудай гурил, 25 килограммаар савласан БНХАУ-д үйлдвэрлэсэн 1 шуудай гурил, 25 килограммаар савласан 1 шуудай цагаан будаа, 20 литрийн тосол 1 ширхэг, гидрийн шингэн 17 литр 1 ширхэг, масло 18 литр 1 ширхэг, мөн иргэн Яа Гуо Гангын  20.000 төгрөг, 600 юань зэрэг эд хөрөнгө буцаан олгогдсон, хохирогч нар хохиролгүй болсон нь тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч нарын өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Б.Буджав нь авсан будаа, гурил, гагнуурын аппарат зэргийг буцааж өгсөн. Хохирогч нарт учирсан хохирлыг бүгдийг төлсөн ” гэх талбар мэдүүлгээр тогтоогдсон байх ба Б.Буджав нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болсон байна.

 

Харин түүний гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн ОХУ-д ан агнуур, спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн, гол төмөр 5.6 мм калибрьтай ТОЗ-8.01 загварын бууны эзэмшлийн талаар гэрч Б.Мөнхбат “ 2004 онд Нэргүй гэдэг хүнээс авч байсан. Уг бууг 2016 оны 12 сарын 01-ний өдөр хотод байхад манай сумын  Амартайван над руу яриад таны буу хаана байгаа вэ, хөдөө явах гэж байна, буугаа өгөөч гэхэд гэрт байгаа гэж хэлсэн. Гэхдээ аваарай гэж хэлээгүй ” гэж мэдүүлэх боловч уг буу нь улсын нэгдсэн бүртгэлийн санд бүртгэгдээгүй болохыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын 2017.03.24-ний өдрийн 4/122 албан бичгээр тодорхойлжээ. Иймд хэрэгт хураагдсан эд мөрийн баримт болох дээрх бууны эзэмшлийн маргааныг иргэний журмаар шийдвэрлэх хүртэл бууг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, хадгалахаар тогтоов.   

 

Шүүгдэгч Б.Буджавын мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдсон 13 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож хуульд заасаны дагуу эдлэх ялаас хасах нь зүйтэй байна. 

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй  бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар иштэй хутга 1 ширхэг, сум 1 ширхэг, зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгана. 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан  Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Буурал овогт Бухаагийн Буджавт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилж зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Б.Буджавыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Б.Буджавыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1-ийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3-ын 3.2, 3.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авсугай. 

 

4. 2015 оны Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Буджавт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авсан тэнсэх, албадлагын арга хэмжээнээс тусад нь эдлүүлсүгэй.

 

5. 2015 оны Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Буджав торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Буджавын цагдан хоригдсон 13 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 195.000 төгрөгөөр тооцож эдлэх торгох ялаас хассугай. 

 

7. Ялтан Б.Буджав нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 21.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар иштэй хутга 1 ширхэг, сум 1 ширхэг, зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, ОХУ-д ан агнуур, спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн гол төмөр 5.6 мм калибрьтай ТОЗ-8.01 загварын галт зэвсэг 1 ширхэгийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, хадгалсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Б.Буджавт энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйл, 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.НАСАНБУЯН 

 

             ШҮҮГЧИД                           Д.ГАНЗОРИГ

                 

                                                             Х.САНЖИДМАА