Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар прокурор Ө.Манзушир,

Шүүгдэгч шүүгдэгч А.С , Т.О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г овогт А-ийн С, Ж овогт Т-ын О нарт холбогдох ***дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 10 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн *** сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уурхай ашиглалтын технологич мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *** регистрийн дугаартай, Г овгийн А-ийн С.

 Монгол Улсын иргэн, ** оны 12 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн *** сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүүгийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *** регистрийн дугаартай, Ж овгийн Т-ын О.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.С , Т.О  нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн нутаг Шаврын гол гэх газарт 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмал олборлохоор хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль экологид 567,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч А.С , Т.О  нар нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн нутаг Шаврын гол гэх газарт 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмал олборлохоор хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль экологид 567,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Дээрх үйл баримт нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч А.С , Т.О  нар гэм буруутай болох нь:

Шүүгдэгч А.С-ын шүүх хуралдаанд өгсөн “2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Т.О  бид хоёр Шаврын голд алт гарч байна гэх сургаар Шаврын гол руу явсан. Ойр зуурын мөнгө олъё гээд явсан. Очиж байж байгаад баригдсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Шүүгдэгч Т.О-ийн шүүх хуралдаанд өгсөн: А.С  ах бид хоёр 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хөдөөнөөс орж ирээд Шаврын гол гайгүй гарч байна гэхээр нь ойр зуурын мөнгө олохоор явсан. Очоод удаагүй хөөлөг ирээд баригдсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-11/,

 

2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол, мөрдөгчийн тайлбар, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 12-16/,

 

2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Байгаль орчны зөвлөх “Нуман- Алтай” ХХК-ийн 13/061 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-62/,

 

“Ашид Билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Б.Хөхөөгийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-725-912626 дугаартай үнэлгээний тайлан дүгнэлт /хх-ийн 49-54/,

 

Хураан авч, хүчинтэйд тооцсон эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 17/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсч байдаг.

Шүүгдэгч нарын тухайд хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрсдийн үйлдлээс учирч болох хохирол хор уршгийг хүсч, санаатайгаар хийсэн байх тул шүүх тэднийг гэмт хэрэг "бүлэглэн” үйлдсэн гэж үзлээ.

Иймд шүүгдэгч А.С , Т.О  нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч А.С , Т.О  нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.С , Т.О  нарт мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг баримтлан тэнссэн хугацаанд шүүгдэгч А.С , Т.О  нарын ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахыг хориглох хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэлээ.

Шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт санууллаа.

3.     Гэм хор, хохирлын талаар:

Шүүгдэгч нар шинжээчийн зардалд 1,000,000 (нэг сая) төгрөгийг “Нуман-Алтай” ХХК-д, байгаль экологид учруулсан хохиролд  567,000 (таван зуун жаран долоон мянга)төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд шүүхээс хохирол төлөх завсарлага авах хугацаанд төлсөн байх тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй байна.

 4.    Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч А.С , Т.О  нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Gold monester-100 гэх бичиглэлтэй жижиг тавагтай металл хайгч 1 ширхэг, цагаан саванд хийсэн шаргал өнгийн 1,8 грамм металл зэргийг улсын орлого болгох, модон иштэй хүрз 1 ширхэг, илжгэн чих 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлүүлэх комисст даалгасныг тус тус дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Г овогт А-ийн С, Ж овогт Т-ын О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.С , Т.О  нарыг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг баримтлан тэнссэн хугацаанд шүүгдэгч А.С , Т.О  нарын ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахыг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт сануулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч А.С , Т.О  нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Gold monester-100 гэх бичиглэлтэй жижиг тавагтай металл хайгч 1 ширхэг, цагаан саванд хийсэн шаргал өнгийн 1,8 грамм металл зэргийг улсын орлого болгох, модон иштэй хүрз 1 ширхэг, илжгэн чих 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлүүлэх комисст даалгасугай. 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нар шинжээчийн зардалд 1,000,000 (нэг сая) төгрөгийг “Нуман-Алтай” ХХК-д, байгаль экологид учруулсан хохиролд  567,000 (таван зуун жаран долоон мянга)төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар болон хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Н.ОЮУНБИЛЭГ