Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
Хэргийн индекс | 143/2018/00069/И |
Дугаар | 224 |
Огноо | 2018-05-16 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 224
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т...ХХК
Хариуцагч: ...аймаг...сум...баг...тоотод оршин суух, овогт О.Б/регистрийн дугаар: КВ/
Хариуцагч: ...аймаг...сум...баг...тоотод оршин суух, овогт О.Ям /регистрийн дугаар: КВ/
30.414.990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ц, , хариуцагч О.Б, нарийн бичгийн дарга Ж.Мухлай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т...ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээнүүдийг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд зээлдэгч О.Б, хамтран зээлдэгч О.Янар гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан тул зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр юм. Зээлдэгч О.Б, хамтран зээлдэгч О.Янар 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 800 хоног хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Зээл буцаан төлөх хуваарь-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.1-р зүйлийг зөрчиж байна. Зээлээ хугацаандаа төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах болох талаар удаа дараа сануулсан, мэдэгдсэн болно. Зээлдэгч О.Б, хамтран зээлдэгч О.Янар нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 20.012.652 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 9.052.881 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1.349.457 төгрөг, нийт 30.414.990,95 төгрөг байна. Зээлдэгч О.Б, хамтран зээлдэгч О.Янараас үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 30.414.990 төгрөгийг гаргуулж Т...ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын гаргасан тайлбар дээр зээлийн хугацаа сунгах хүсэлт утсаар ярьж мэдэгдсэн боловч сунгаагүй гэсэн асуудал ярьсан. Зээлийн гэрээний 8.3 дээр тодорхой заасан байгаа. Энэ нь зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлтийг зөвхөн бичгээр хийх бөгөөд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж тамга даруулж баталгаажуулна гэж заасан байгаа. Энэ зээлийн гэрээг анх зээлдэгч болон хамтран зээлдэгч нар нь харилцан тохиролцож баталгаажуулсан учраас хариуцагч зээлдэгч нар нь мэдэж байх ёстой. Хугацааны хувьд бол сунгах боломжгүй байгаа. Хариуцагч хэлэхдээ утсаар ярьсан гэж хэлдэг. Хэн рүү хаашаа ярьсан талаар нотлох баримт байхгүй байгаа. Энэ гэрээнд зааснаар утсаар ярьж сунгана гэсэн заалт байхгүй зөвхөн бичгээр сунгана гэсэн заалт байгаа. Мөн зээлийн хугацаа дууссан байхад зээлийн хүүгийн нэмэгдүүлсэн хүүг нэхэж байна гэсэн. Энэ талаар зээлийн гэрээний 2.2.5 дахь хэсэгт заасан байгаа. Мөн хамтран зээлдэгчийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан байгаа. Энэ тал дээр зээлийн гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээнэ гэж заасан байгаа. Зээлийн хүүг нь ямар байдлаар тооцсон нь тодорхойгүй байна гэсэн байгаа. Энэ талаар бас зээлийн гэрээнд тусгасан байгаа. Зээлийн гэрээний 2.1.5 дахь хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувиар бодно гэж заасан байгаа. Энэ талаар бүх заалтуудыг зээлийн гэрээнд тусгаж оруулж өгсөн байгаа. Энэ 20 хувиар тооцно гэсэн заалтыг манай банкнаас тогтоогоогүй Монгол банкнаас тогтоож өгсөн байгаа. Энэ тогтоож өгсөн журмын дагуу зээлийн гэрээнд оруулсан байгаа. Та утсаар ярьж хэлсэн гэсэн. Энэ талаар гэрээнд заасны дагуу энэ хүсэлтээ заавал бичгээр гаргах ёстой байсан. Бичгээр хүсэлтээ гаргасан бол бас энэ байдал өөр байх боломжтой байсан. Үнэндээ та 2015 оноос хойш 2 жилийн турш ямарч мэдээлэл холбоогүй байсан. Та гадагшаа явахаасаа өмнө хүсэлтээ бичгээр гаргаад явах боломж байсан уу гэхээр байсан. Таны гаргасан хүсэлтийг хүлээж аваад энэ байдал өөр байхаар байсан. Гэрээний үүрэг даалгаврыг заавал биелүүлэх ёстой. Хүүний тал дээр ямар нэгэн байдлаар хасах боломж байхгүй гэв.
Хариуцагч О.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Төрийн банкны Өмнөговь аймгийн Булган салбараас 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 40.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 19.2 хувийн хүүтэй зээл авсан нь үнэн. Миний бие нь тус банкнаас авсан зээлээ төлөхийн тулд Турк улсад очиж ажилласан бөгөөд тус улсаас Т...руу утсаар ярьж Турк улсад ажил хийж мөнгө олоход хэцүү байна. Олсон хэдэн төгрөг маань хоол унаанд яваад дуусаад байна. Иймд зээлийн хүүг зогсоож өгөөч гэсэн хүсэлтийг 2017 онд гаргаж байсан боловч миний хүсэлтийг хүлээж аваагүй болно. Зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дууссан байтал 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн тус шүүхэд нэхэмжлэл гарахдаа зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна гэжээ.
Хариуцагч О.Яын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О.Б нь Төрийн банкны Өмнөговь аймгийн Булган салбараас 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 40.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 19.2 хувийн хүүтэй зээл авсан нь үнэн. О.Б нь тус банкнаас авсан зээлээ төлөхийн тулд Турк улсад очиж ажилласан бөгөөд тус улсаас Т...руу утсаар ярьж Турк улсад ажил хийж мөнгө олоход хэцүү байна. Олсон хэдэн төгрөг маань хоол унаанд яваад дуусаад байна. Иймд зээлийн хүүг зогсоож өгөөч гэсэн хүсэлтийг 2017 онд гаргаж байсан боловч миний хүсэлтийг хүлээж аваагүй болно. Зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дууссан байтал 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. О.Янь банкнаас зээл авахад хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан бөгөөд уг мөнгөнөөс нэг ч төгрөгийг нь авч хэрэглээгүй болно. Банкны зүгээс хамтран зээлдэгч хэрэгтэй тийм хүн олж ир гэсний дагуу очиж гарын үсэг зурсан. Хамтран зээлдэгч нь ямар эрх үүрэг хүлээдэг болон гарах үр дагаварынх нь талаар огт тайлбарлаж өгөөгүй. Эгч чинь зээл авч байгаа гарын үсгээ зур л гэж хэлсэн. Иймд би банкнаас нэхэмжилж байгаа мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Т...ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ц би иргэн О овогтой Бийн шүүхэд гаргасан тайлбартай танилцаад хариу тайлбар гаргах нь: 0.Бийн тайлбар 1-т ...Минйи бие нь тус банкнаас авсан зээлээ төлөхийн тулд Турк улсад очиж ажиласан бөгөөд тус улсаас Т...руу утсаар ярьж Турк улсад ажил хийж мөнгө олоход хэцүү байна. Олсон хэдэн төгрөг маань хоол унаанд яваад, дуусаад байна Иймд зээлийн хүүг зогсоож өгөөч гэсэн хүсэлтийг 2017 онд гаргаж байсан боловч миний хүсэлтийг хүлээн аваагүй болно... ,3ээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дууссан байтал 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна , Мөн тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна... гэжээ. Хариу тайлбар: 1. 2017 онд манай банкинд ямар нэг хүсэлт, тайлбар албан ёсоор бичгээр ирээгүй, нотлох баримт байхгүй. 2. Зээлийн гэрээний 8.3-т Гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг зөвхөн бичгээр хийх бөгөөд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр гэж тооцогдоно. Ийнхүү оруулсан нэмэлт, өөрчлөлт нь энэхүү гэрээний нэгэн адил хуулийн хүчинтэй байж, гэрээний салшгүй хэсэг байна гэсэн заалтын дагуу зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах санал бичгээр ирээгүй болно. 3. Зээлийн гэрээний 2.2.5-д Гэрээний хугацаа дууссан боловч Зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа үргэлжилнэ. Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй Зээлдэгчийг зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасны дагуу төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг нэхэмжилсэн. 4. Зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 (Хорин) хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэсэн заалтын дагуу нэмэгдүүлсэн хүү тооцсон болно. 5. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бодсон хүснэгт мөн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлсөн тооцооллыг хавсралтаар хүргүүлэв. Иймд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэл нь хууль журамд нийцсэн, үндэслэл бүхий нэхэмжлэл мөн гэдгийг нотолж тайлбар, баримтыг хүргүүлж байна гэжээ.
Хариуцагч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ зээлийг аваад арилжаа наймаа муу байсан учраас зээлээ төлж чадаагүй. Тэгээд би зээлээ төлөх гээд Турк улсруу явсан. Тэнд очоод ажил хийж мөнгө олж чадаагүй. Олсон мөнгө нь хоол ундандаа зарцуулагдаад дууссан. Нэгэнт би зээл авсан нь үнэн төлөх нь үнэн учраас хүүг нь багасгаж өгөх боломж байна уу? гэж бодож байна. Банк талаас ийм шийдвэртэй байгаа юм бол шүүх талаас энэ талаар шийдэж өгөх боломж байгаа болов уу? гэж бодож байна гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/5772 дугаартай итгэмжлэл, Т...ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, О.Бийн 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн өргөдөлийн хуулбар, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дугаартай зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, №2 дугаартай мэдэгдэлийн хуулбар, О.Бийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн өргөдөлийн хуулбар, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн О.Бтэй уулзсан тухай тэмдэглэлийн хуулбар, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэл, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн харуицагч О.Бийн хариу тайлбар, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Цын тайлбар, зээл, зээлийн хүүний тооцооны хуудас, хүү тооцооллын хүснэгт, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батчимэгийн хариу тайлбар, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн О.Бийн хүсэлт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т...ХХК нь хариуцагч О.Б, О.Янараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 30.414.990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
О.Б, О.Янар нь 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Т...ХХК-ийн Өмнөговь аймаг Булган сум тооцооны төв нар харилцан тохиролцож 164 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээг тус тус байгуулж, 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг сарын 1.6 хувь, жилийн 19.2 хувь байхаар 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулсан болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан гэрээнүүдээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар бичгээр байгуулж, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж гэрээг хуульд нийцүүлж хийсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч Т...ХХК нь О.Б, О.Янарыг зээлийн гэрээний 2.2.2-т зааснаар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй нь гэрээний үүргийн зөрчил гэж үзэж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30.414.990 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч О.Б нь ...Нэгэнт би зээл авсан нь үнэн төлөх нь үнэн учраас хүүг нь багасгаж өгөх боломж байна уу? гэж бодож байна... гэсэн тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөр 19.987.348 төгрөг 58 мөнгө, зээлийн хүү 10.192.500 төгрөг 84 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 23.080 төгрөг 58 мөнгө нийт 30.202.930 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар болон хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож, зохигчид энэ талаар маргахгүй байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь зээлдэгч гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй хэдий ч зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон гэрээний хавсралт зээлийн эргэн төлөлтийн хувиараар зээлдэгч нар гэрээний хугацаа буюу 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үндсэн зээл 40.000.000 төгрөг 19.987.348 төгрөг 58 мөнгө /төлсөн зээл/ = 20.012.652 төгрөг, хүүгийн төлбөр 12.382.778 төгрөг 09 мөнгө 10.192.500 төгрөг 84 мөнгө /төлсөн хүү/ = 2.190.277 төгрөг 25 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 1.349.457 төгрөг нийт 23.552.386 төгрөг 25 мөнгийг хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардах эрхтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь зээлийн үндсэн хүүгийн төлбөр 9.052.881 төгрөгийн нэхэмжлэлийн шаарлагаас 9.052.881 төгрөг - 2.190.277 төгрөг 25 мөнгө = 6.862.603 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Учир нь: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, мөн хуулийн 232.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан ба нэхэмжлэгч нь бичгээр тохиролцоогүй хүүгийн төлбөрийг шаардах эрхгүй болно.
Хариуцагч О.Яын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бнь ...О.Янь банкнаас зээл авахад хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан бөгөөд мөнгөнөөс нэг ч төгрөгийг хэрэглээгүй болно... гэсэн тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна, мөн хуулийн 242.11 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.3-т Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасныг хамтран үүрэг гүйцэтгэгч О.Янь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул хариуцагч О.Яыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч О.Б, О.Янараас үндсэн зээл 20.012.652 төгрөг, хүүгийн төлбөр 2.190.500 төгрөг 84 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 1.349.457 төгрөг нийт 23.552.386 төгрөг 25 мөнгийг тэнцүү хэмжээнд хувааж гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 6.862.603 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч О.Яын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батчимэгт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба талуудын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/5772 дугаартай итгэмжлэл, Т...ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, О.Бийн 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн өргөдлийн хуулбар, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дугаартай зээлийн гэрээний хуулбар,үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, №2 дугаартай мэдэгдэлийн хуулбар, О.Бийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн өргөдлийн хуулбар, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн О.Бтэй уулзсан тухай тэмдэглэлийн хуулбар, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэл, зээл, зээлийн хүүний тооцооны хуудас, хүү тооцооллын хүснэгт зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт хамааралтай байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 242 дугаар зүйлийн 242.3, 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүлйин 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Б, О.Янараас тус бүр 11.776.193 төгрөг 13 мөнгийг гаргуулан гаргуулан нэхэмжлэгч Т...ХХК-д олгосугай.
2. Нэхэмжлэгч Т...ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 6.862.603 төгрөг 75 мөнгөний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т...ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310.025 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б, О.Янараас 275.711 төгрөг 94 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Т...ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР